2021.05.21 12:05

“Тээгч сарууд” яруу найргийн түүврээс онцлох таван шүлэг

Нийтлэлч: Өдрийн сонин


Зуны тэргүүн сар айлчлаад удаагүйн зэрэгцээ, яруу найрагч Э.Төгсжаргалын “Тээгч сарууд” ном ч басхүү хэвлэгдээд удаагүй байна. Уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн “өнгийг” бий болгож буй “ГҮН УТГА” уран бүтээлийн нэгдэл байгуулагдаад цөөнгүй жилүүдийг үдсэн билээ.

Нэгдлийн гишүүдийн шилмэл шүлгийн түүврийг 2019 онд “Гүн утга – I” нэртэйгээр уншигчдад хүргэж байсан нь саяхан мэт. Тэгвэл тус нэгдэл энэ оноос, орчин цагийн уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг содон, шилдэг бүтээлүүд гаргах, уран зохиолын чанар чансааг дээшлүүлэх, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор уран зохиолын “ҮҮДЭЛ” цувралыг эхлүүлээд байгаа аж. Цаашид энэхүү цувралын хүрээнд яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол, орчуулга зэрэг олон төрлийн шинэ содон номууд гарахаас, ийнхүү эхний бүтээл нь, өнөөдөр онцолж буй шүлгүүдийн зохиогч Э.Төгсжаргалын “ТЭЭГЧ САРУУД” шүлгийн ном юм.

No description available.

Э.Төгсжаргал нь 1991 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. Дээрх түүвэр түүний анхны ном гэнэ.

*********

Тэр өдрөөс хойш

Татсан тамхины тань иш

үнсний саванд нэмэгдсэнгүй.

Аавыгаа хэзээ ирэх бол гэж

Гэрийн хаалга онголзох бүрд

нүдний харцаа хавчуулнам.

Үнэхээр их санаж байна аа.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 11-р тал/

*********

Тоорын мод нүцгэрчээ.

Цаг хугацаа идчихжээ, үр минь.

Чамд өөр зүйл бий, битгий уйл.

Чиний сонголт

цэнхэр алим ч байж болно.

Гагцхүү аав нь чамайг

Амт голдоггүй амьдралаас л

харамлана.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 15-р тал/

*********

Гэрийн минь өрхийг нөмөргөж

Гэнэт намайг ижийгүй болгож зүсэрсэн

Үйлийн үрийн нэрмэл тэр бороо

Миний зүрхний өвдөлт юм.

Эвдэрхий цаг хугацааны

Энхэл донхолтой замаар өгсөж уруудахдаа

Элэг бүтэн амьдралын тухай мөрөөдлийг

Аргал шиг газраас түүх гэж хичээсэн

Нялх балчир нас минь

Ээжгүй өссөн хүүгийн тухай

үлгэр зохиожээ.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 46-р тал/

*********

Сонин юм гэж юу вэ?

Тув тунгалаг өглөөний агаар дунд ганц тоос.

Сонин юм гэж юу вэ?

Хүмүүс цаг үргэлжжаргаж буйгаа мэдрэхгүй

Зовлон тоочдог.

Сонин юм гэж юу вэ?

Загас нүдээ аньдаггүй ч нэг л өдөр нүдээ анина,

Хэзээ бол гэдэг нь л сонин.

Сонин юм гэж юу?

Өвөл цасан дороос ургадаг цэцэгс,

Сүүдрийг минь хүртэл өргөж ургах өвсний амь

Хүнийхтэй нэгэн ижил.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 69-р тал/

*********

1.

Хамгийн гоё бороо манай нутагт ордог

Сүүлчийн бороон дусалтай анхны цас унадаг

Тэнд л тэнцвэр оршиж, бид мэндэлдэг.

2.

Хамгийн гоё цас манай нутагт ордог

Хөлийнхөө мөрөөр хүүхдүүд

мөрөөдлөө зурж тоглодог.

Чаргаар гулгаж, усаа зөөж, түлээндээ явж

Галаа түлж, цай хоолоо үйдэг.

3.

Хамгийн гоё дурсамжаа

нутагтаа бид үлдээсэн,

Худгийн ах усаа зүгээр л бэлэглэж

Мөсөн гулгуурын талбай дээр

хөлсөө гартал гулгаж

Нууцхан, дулаахан харцаараа

бээрсэн охидыг хайрлаад л...

4.

Суурингийн гудамжинд жавар үгүй санагдах

Хамгийн гоё салхины амь

манай нутагт хөлд ордог.

Уулсын тоононоос өлгөсөн

Хамгийн гоё, сүүдэр үгүй сар

Манай нутгийг ширтдэг.

5.

Хамгийн эгэл амьдрал манай нутагт байдаг

Амьдралыг амталсаар, амталсаар

Өөрийгөө голж үзээгүй нутгийн минь

Хамаг бүхэн нь аз жаргал байдаг.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 79-80-р тал/