Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Нийгэм
2022.11.25 04:11

Түндэвийн Цэнд: Аав нь өөрийнхөө үед Монгол Улсынхаа гал голомтыг нэр төртэй сахиж чадсан гэж хүүхдүүддээ хэлдэг юм DNN.mn


Түндэвийн Цэнд хэмээх эрхэм хүмүүнтэй ярилцлаа. Т.Цэнд гуайг Монголын уул уурхайн хөгжлийн түүхэн товчоон гэж хэлж болохоор юм. Уулын инженер, цахилгааны механик мэргэжлээр Эрхүүд дээд сургууль дүүргэж ирсэн залуухан мэргэжилтэн дөрвөн сар уурхайд хар бор ажлыг хийж эхэлсэн тэр цагаас салбарынхаа дэд сайд хүртэл тасралтгүй 40-өөд жил уул уурхайн салбарт зүтгэжээ. Түүний амьдрал бол их бүтээн байгуулалт, нөр их ажлын түүх ажээ. Ахмад уурхайчин Монгол Улсын зөвлөх инженер,Уул-Олхонууд овогт Т.Цэндийн ярилцлагыг хүргэе.


-Та аль нутгийн хүн бэ. Нутаг ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье?

-Би чинь 1945 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн хүн. Анх нэгдүгээр ангид ороход сумын төв дээр ганцхан цагаан байшин байсан нь сургууль. Манай ангид 18, 19-тэй хэд хэдэн хүн, хамгийн бага нь би найман настай байсан. Нэг хэсэг хүмүүс хүүхдүүдээ сургуульд өгдөггүй, зугтаадаг үе байлаа.

-1953 он гэхэд сургуульд сурах талаар жигдрээгүй л байж дээ...

-Жигдрээгүй байсан. Манай ангид том том залуучууд сурч байсан. Дөрөв төгсөхөд над шиг багачууд л үлдээд томчууд бүгд хөдөө гараад явчихсан. Уншиж, бичдэг болоод гарчихаж байгаа юм.1963 онд аравдугаар ангиа төгсөөд Иркутскийн Политехникийн дээд сургуулийн хуваарь авсан. Тэр зунаа хотод ирээд дахиж шалгалт өгч сургуульдаа тэнцээд найман сарын эхээр хойшоо явсан. Тэгэхэд хичнээн ч вагон байсан юм, долоо, найман зуугаад хүүхэд дүүрэн явж байсан. Наушик дээр зөвшөөрсөн 10 рублиэ солиулж аваад Иркутскт бууж байлаа. Тэр үед хэлний бэлтгэл ч байгаагүй, шууд л хичээлдээ орсон. Мөн л насаараа ч, биеэрээ ч ангидаа хамгийн бага нь би. Манай ангид 13 жил уурхайд ажилласан 35 настай залуу байлаа. Ангийнхны ихэнх нь цэрэгт явсан, гэр бүлтэй хүмүүс. Ийм л ангид орж, таван жил сурч 1968 онд уулын инженер, цахилгаан механикч мэргэжлээр төгсөж ирсэн дээ.

-Та нарыг ирэхэд шууд л ажилд хуваарилдаг байсан үе биз?

-Тэгсэн. Төв аймгийн Зоргол хайрханы уурхай буюу Их хайрханы уулын үйлдвэрт хуваарилсан. Бавуугийн Лхагвасүрэн гуайн нутаг даа.

-Юуны уурхай вэ?

-Вольфрамын гүний уурхай. Гадаадад мэргэжлийн сургуулийг нь дүүргээд, яамны томилолтоор очсон намайг дөрвөн сар орчим вагон түрэгч, цахилгаанчин, гагнуурчин гээд юу л байна бүгдийг хийлгэсэн. Одооныхтой адил шууд инженерээрээ ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгж л хаана нь юу байдаг, яаж ажилладаг гээд ажлын байртай танилцуулж байж. Эхнээсээ ажлаа сайн эзэмш гэсэн санаа байж л дээ. Дөрвөн сарын дараа би ерөнхий механикаар томилогдсон. Гүний уурхайн дор байгаа бүхий л зүйлийг хариуцахаас гадна газрын дээрх дизель станц, авто гараж, агааржуулалтын систем гээд техникийн холбогдолтой бүхий л тоног төхөөрөмжийг ерөнхий механик хариуцдаг байсан.

-Хэр том уурхай байсан вэ?

-200-гаад метрийн гүнд олборлолт явуулдаг боломжийн уурхай байсан. Их хайрханы уурхай бол хаагдан хаагдталаа тухайн жилийнхээ вольфрамын төлөвлөгөөг биелүүлсэн. 1972 онд нөөц нь дуусаад хаагдсан. Уурхайн суурин дээр хожим нь Баян-Өнжүүл сум байгуулагдсан юм. Дараа нь Дорноговь Хэнтийн зааг дээр байдаг Хажуу улааны жоншны далд уурхайд томилогдсон.

-Та жоншны уурхайд удсан уу?

-Хоёр жил ажилласан. Нэг өдөр уурхайн дарга дуудаад “Чамайг яамнаас дуудаж байна” гэдэг юм. Ингээд яаманд мэргэжилтэн боллоо.

-Яагаад гэнэт яамнаас дуудсан юм бол...

-Яагаад дуудсаныг тэр үедээ гайхаад л өнгөрсөн. Тэгтэл яг тэр үеэр “Монросцветмет” байгуулагдаж, миний ажиллаж байсан уурхай харьяанд нь очсон юм билээ. Намайг “Монросцветмет”-д өгөхгүй л гэж яам руу татсан гэдгийг бүүр сүүлд нь мэдсэн. Яаманд салбарынхаа гадаад захиалган дээр суусан. Хойшоо явж гэрээ хийнэ. Тэр оныхоо 12 сар болоход “төлөвлөгөө биелэхээ болилоо. Хариугүй тасарчих гээд байна” гээд Пэлжээ сайд намайг хоёр маркшейдэртай хамт Хар айргийн жоншны уурхай руу томилолтоор явууллаа. Очоод гурвуулаа гурван хэсэгт ажиллалаа. Арванхоёрдугаар сарын 31 гэхэд хамгийн сүүлийн вагоныг ачаад хилээр гаргаж байлаа. Ямар ч байсан хойшоо явуулах төлөвлөгөөг таслалгүй биелүүлсэн дээ.

-Яамнаас мэргэжилтнүүд томилох хүртэл төлөвлөгөө тасрах гээд байж дээ...

-Одоотой харьцуулахад орчин нөхцөл огт өөр л дөө. Одоо бол техник, технологи, ажиллах мэргэжилтнүүд нь бүгд бэлэн байна, бүгд атаархмаар гоё болжээ. Намайг анх уурхайд очиж байхад уурхайчид гээд морь унасан залуучууд л байсан. Өрөмддөг хүн нь, малтдаг нь ч, тэрэг түрдэг нь адилхан ажил дуусахаар мориндоо мордоод л давхичихдаг. Ямар ч слесарь байхгүй. Уурхай усанд авахуулчих гээд байхад тэнд очих хүнгүй, бүр яахыгаа ч мэдэхгүй. Ийм л байсан. Шаварт унасан шарын эзэн гэгчээр тэр бүгдэд явж янзална, засна, сэлбэнэ. Ямар сайндаа инженер-механикчийг муу хайнаг гэж байхав дээ.


-Муу хайнаг аа?

-Хайнаг бол хамгийн хүчтэй, хамгийн их ачааг үүрдэг амьтан. Механик гэдэг үгээ тэр утгаар нь муу хайнаг гэж нэрлэж байхгүй юу. Ер нь механикч хүн бол бүх зүйлийг түүчээлж явдаг. Хичнээн баатар байлаа ч ажиллах техникийг нь бэлдэж өгөхгүй бол юу ч хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас хаа газар инженер-механик хүн бол өглөөнөөс орой хүртэл зүтгэж л байдаг. Яаж ч илүү цагаар ажилласан илүү цагийн мөнгө боддоггүй, ингэж л ажиллах ёстой гэдэг байдлаар явдаг байсан. Нэг ёсны нэргүй зарц нар байсан юм. Олон уурхайд урт, богино хугацаанд ажиллаж байлаа. Анх Их Хайрханы уурхайд очиход толгойн гэрэл гэж ч юм байгаагүй. Карбит кальциар ажилладаг гүц хэлбэртэй дэнлүү барьж явна. Жаахан ус хийгээд шүдэнз зурахад маягтай гоё гэрэлтэнэ. Түүнийгээ доошоо гүн рүү барьж ороод, нэг газар тавьчихаад өрөмдөх ухах ажлаа хийдэг.

Юмаа жаахан мэддэг болоод ирэхээр хамт олон жигдрээд ажил ч урагштай болж ирсэн. Хамт олны зүг чигийг нь олохгүй “хийх ёстой” гээд зандраад байх юм бол юу хийхээ мэдэхгүй хүмүүс ажиллаж чадахгүй. Жишээ нь, слесарь хийдэг хэдэн хүнд л гэхэд тухайн тоног төхөөрөмжийг нь өөрөөр нь задлуулна. Үүнийг нь ингэнэ, ингэж ажиллана, энэ байхгүй бол сорохгүй шүү гэх мэтээр нэгбүрчлэн хэлж тайлбарлана. Аргыг нь зааж өгнө. Тэгж байж л гайгүй хэдэн мэргэжилтэнтэй болно. Түүнээс биш цаасан дээр зураг зурж тайлбарлаад ойлгохгүй, яг л бодит байдал дээрээ ноцолдож байж толгойд нь суулгаж өгдөг. Ингэж ажил эхэлж байлаа.

-Яаманд дуудагдаж ирээд хэр удаан ажилласан бэ?

-Яаманд хоёр жил хэртэй ажиллаж байхад буюу 1975 онд Пэлжээ сайд дуудлаа. “Налайхын уурхай их бүтэлгүй байна аа. Хэдэн техник нь байсхийгээд л эвдрээд болохгүй юм. Яаж ч шахаж шаардаад ажил олигтой болж өгөхгүй байна. Чамайг л явуулна даа” гэж байна. Тэгээд сайдын тушаалаар 1975 оны наймдугаар сард Налайхын уурхайд ерөнхий механикаар очсон.

-Налайх таныг очиход ямархуу байв?

-Монголын уурхайн түүхийг 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхыг улсын үйлдвэр болгосноор тоолдог. 1957 онд өргөтгөл хийж, Налайхын их уурхай гэж нэрлэдэг болсон байсан. 1400-гаад ажиллагсадтай, 25 гаруй хэсэг цехтэй, гүний уурхай. Анх очоод танилцахад хэцүү хүнд зүйлүүд их байсан. Эцсийн эцэст хаана ч ялгаа байхгүй үр дүн бол хүнтэй л холбоотой байдаг юм. Өмнөх жижиг уурхайнуудыг бодвол инженер техникийнхэн олон, гүнд ажиллаж байгаа уурхайчид нь мэргэшсэн байсан болохоор ажил хийх урамтай.

-Налайхын уурхайд хэр удаан ажилласан билээ?

-1981 оны аравдугаар сар хүртэл ажилласан. Сүүлийн хоёр жил үйлдвэр эрхэлсэн орлогч дарга болсон. Налайх бас л чанга байсан. Хуучин малталтууд нь шатаж, зарим үед угаарт цохиулчих гээд хэцүү зүйлүүд бишгүй. Гэхдээ яахав тэр олон хүн, ажлын хамт олонтой сайхан л ажилласан.Налайх бол тухайн үедээ гүний нүүрсний ганц том уурхай байсан юм.

-Налайхын үйлдвэрийн ерөнхий механикийн нэг өдрийн ажлыг зураглаж хэлээч. Юу юу хийдэг байв гэх мэтээр...

-Өглөө очоод бүх хэсэг, цехийнхээ ажилтай танилцана. Ер нь хувцсаа өмсөөд л доошоо орно. Ямар байдалтай байна, өөрчлөгдсөн юм юу байна гэдгийг нэг бүрчлэн шалгана. Дараа нь тэр бүгдийг ажиллуулах хүмүүст нь үүрэг даалгавар өгнө. Ингэхэд багадаа тал өдөр болно. Заримдаа гэмтэл гарсан хэсгийг засч явсаар байтал бүтэн өдөржингөө гүнд ажиллана. Үнэхээр болохгүй болсон зүйлийг дээш нь гаргаж, засварын цехэд өгнө. Оройны ээлж өнгөртөл байна. Ээлж эхлээд ажил жигдрээд иртэл явахгүй. Ингэсээр байтал шөнийн 12 цагт л гэрийн бараа хардаг байлаа. Заримдаа дөнгөж гэртээ орж ирэхэд араас дуудлагын машин давхиад ирнэ. Шөнө орой ялгаагүй дуудлага л ирсэн бол дуугүй явах ёстой. Юм болгонд л механик явна даа.

Уурхайн гүн дэх том том комплексүүдийг зөв л ажиллуулахгүй бол уулын даралт дээрээс дараад л байна шүү дээ. Туузан конвейр гээд манайхан яриад байдаг даа, ойролцоогоор гурван зуугаас гурван зуун хорь орчим метрийн уртаар конвейруудыг манайхан монтажлаад хос гинжтэй конвейрыг (80-100м урт нь) лаавынхаа аманд тулгаж монтажлаад ажил үргэлжилнэ. Нөгөө хэдэн конвейрүүдийг алсын удирдлагатай болгон, хамгийн эхний конвейрын толгойноос удирддаг болгосон гэх мэтээр юм юм л сэтгэж амжилттай л ажиллаж байлаа.

-Ажил нүргэлж байж дээ...

-Ёстой нүргэлнэ. Өдөр шөнөгүй л бужигнана. Өглөөний 06:00 цагаас эхлээд нэгдүгээр ээлж хүртэл засварын бригад ажиллана.

-Таны ажил бас 06:00 цагт эхлэх үү?

-Тэгэлгүй яахав. Би бүр хэсэг, цехийн дарга нарыг өрөө өрөөнд нь тэр үеийн 200-гийн цагаан ор засуулж байлаа. “Та нарыг араас чинь дуудах машин хүрэхгүй байна, эндээ хонож ажлаа дуусга” гээд хонуулж байлаа.

-Ямар тохиолдолд тэгж хонодог вэ?

-Нүүрс хүрэлцэхгүй, Улаанбаатар хот хөлдчих гээд хэцүү байсан үе. Хотын дарга Алтангэрэл, хотын намын хорооны дарга Лантуу нар “хот хөлдчих гээд байна” гээд

үстэй дээл, эсгий гуталтай ирээд биднийг манаад суучихна. Тэдний дэргэд сууж байхаар гээд манайхан бүгд доошоо орчихно. Тэгж л ажлаа явуулдаг, хэцүү үе байсан. Улаанбаатарыг тавьж туучих гээд хэцүү байсан шүү.

-Нүүрсний олборлолт хүрэлцэхгүй байсан гэсэн үг үү?

-Гаргаад байгаа нүүрс нь хүрэлцэхгүй, хүчин чадал нь тийм л байсан.

-Өвөл бүр ийм байсан уу?

-Яг миний ажиллаж байсан жилүүд буюу 1980, 1981, 1982 онд маш хүнд байсан. Улаанбаатарыг Шарын гол, Налайх хоёр нүүрсээр хангадаг байсан юм. 1980-аад оны үед Дархан, Эрдэнэт хот байгуулагдаж, Шарын голоос ирдэг нүүрсний нэлээд хувь нь Дархан, Эрдэнэт рүү явдаг болсноос ийм хомсдол үүсээд байсан хэрэг. Хүрэлцэхгүй байх тусам хүний толгой их ажилладаг юм. Юм ховор байх тусам “Одоо яах билээ” гэж үргэлж бодож шийдэл гаргаж байдаг. Дараа нь дөрөвдүгээр станц, Багануурын уурхай хоёр нэг төслөөр байгуулагдаж байж л хот хөлдөх аюулгүй болсон юм даа.

-Та Налайхын уурхайд долоо орчим жил ажиллажээ. Би үүнийг хийсэн юм даа гэсэн бахархал юу вэ?

-Наад зах нь Монголд анх удаа суналтаараа1000 метрийн урттай лаавыг монтажлаад ажиллуулж байлаа даа. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ нь сайжирч тасралтгүй ажиллаад ирэхээр гардаг нүүрс нь ч нэмэгдээд ажил жигдрээд ирж байгаа юм. Бидний ажил бол нэр байдаггүй. Бүх юмыг нь засч бэлдэж өгөөд ажиллуулахад бэлэн болгоно. Түүгээр ажилласан хүмүүс нь алдар гавьяаг нь авдаг. Тэгэх ч ёстой юм. Уурхайн бүхий л тоног төхөөрөмжийг нь тасралтгүй ажиллагаатай байлгаж, зохион байгуулж удирдаж байх нь миний ажил. Хамгийн чухал нь

уурхайн аюулгүй ажиллагааг хангах. Би бүтэн сайн өдөр амарч үзээгүй. Нойр хоолгүй явах өдрүүд ч гарна. Ээлжийн амралт авч үзээгүй долоон жил ажилласан. Гэр орондоо ч үзэгдэж харагдах нь ховор байлаа. Нэг удаа уурхайд хонон өнжин ажиллаад гараад ирэхэд манай хөгшин хоёр жаахнаа дагуулчихсан хоол цай авчраад хүлээж байж. Тэднийгээ хараад инээхэд зөвхөн нүд, шүд хоёр нь л гялалзаж байсан гэж ярьдаг юм.

-Налайхаасаа яамны орлогч сайд болтлоо дэвшжээ. Таныг шууд л дуудаад сайд болгочихов уу?

-Үгүй юм аа. Өдөр шөнөгүй, амралтгүй олон жил ажиллахаар хүн бас ядардаг юм билээ. Тэгээд өөр ажилд оръё гэж бодоод Намын дээд

сургуульд шалгалт өглөө. Шалгалт өгсөн хүмүүсийг Хотын намын хороо хуваарилдаг юм байна. Нэг өдөр намайг дуудлаа. Хотын намын хорооны дарга Алтангэрэл гуай “Чи чинь яамнаасаа зугтаж яваа хүн үү. Очирбат сайд чинь чамайг дуудаад байна. Оч” гэлээ. Яаман дээрээ очиход П.Очирбат “Чи чинь хаагуур яваад байнаа. Юу гэж чамайг бид тавьж явуулах вэ дээ. Чи жаахан л тэвч” гэж байна. Тэгээд яахав, уурхайдаа ажиллаж байгаад 1981 оны арваннэгдүгээр сард Төв хорооны хурлаар орж Түлш эрчим хүчний яамны орлогч сайд болж байлаа.

-Албан тушаал дээшлэх тусам ажил хөнгөрдөг гэдэг. Орлогч сайдын алба ямархуу байв даа?

-Бас л нүсэр их ажил угтсан. Өвлийг давна гэдэг чанга байлаа шүү дээ. Би түлш эрхэлсэн орлогч сайд, Пүрэвдорж болохоор эрчим хүч эрхэлсэн орлогч сайд. Бид хоёр л Улаанбаатарыг хөлдөөх үү, гүй юү гэдгийг шийддэг хоёр хүн. Нүүрсээ Налайхаас гадна Таван толгой, Баян тээгээс ч татаж байсан. Шарын голын нүүрсээрээ Эрдэнэт, Дарханыг хөлдөөчихгүйхэн шиг байлгана. Өдөр болгон л Паавангийн Дамдин гуай саарал ордонд дуудаж, юу болж байгааг асууна.

Болохгүй бол өөрөө шууд л хөдөө уурхайнууд руугаа давхина. Шөнийн 03 цагт Шарын голын уурхай дээр очоод дарга нарыг нь бүгдийг нь цуглуулж, ажил төлөвлөж явлаа. Би хүн загнаж чаддаггүй хүн л дээ. Ер нь болохгүй байгаа юмыг загнаад ч яахав дээ. “Одоо яахав, ямар арга байна” гээд хоёр гурав хоног зөвлөлдөнө. Газар дээр нь очиж танилцана. Сайд гээд л тэрийг тэг, энийг ингэ гээд дураараа бужигнуулж болохгүйг би уурхайд олон жил ажилласан хүний хувьд мэдэлгүй яахав. Ярьж зөвлөж, зөвлөж нэг гарц гаргалгаа олоод л түүнийгээ биелүүлэхээр пижигнэж өгнө дөө. Шарын голын уурхай дээр очсоны гурав дахь өдрөөс нь Улаанбаатар руу 100 вагон нүүрс ороход Төв хорооноос надад утсаар баяр хүргэж байлаа шүү дээ. Үнэхээр хөлдөх хөлдөхгүйн тухай л ярьдаг байсан үе. Хот хөлдөөчихвөл ямар их хор хохирол гарах билээ. Пүрэвдорж бид хоёр л зэрэгцээд явдаг байлаа. 1982 онд Багануурын уурхай, дөрөвдүгээр станц ашиглалтад орж, хот юу юугүй хөлдчих гээд байдаг аюулаас холдсон түүхтэй.

-Та Москвад ажиллаж байсан гэсэн. Хэдийд тэнд байсан юм бэ?

-1985 онд би Москвад Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөхөөр явсан. Тэнд би зөвхөн Монголоо хариуцахгүй. Бүхий л байнгын комиссын юмыг бэлдэж өгнө. Би тэнд Таван толгойгоо л урдаа барина. Хөрөнгө оруулалт олчих санаатай их үзнэ ээ. Жилдээ 20 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай уурхай байгуулах төсөл ч хийлгэж үзсэн. Таван толгойд Их том хөрөнгө оруулалт шаардаж байсан л даа. Хаана ч ажилласан өөрийнхөө хэмжээнд шударга, нөхөрсөг, ямар ч хүнтэй харилцаж чаддаг байхад ажил

бүтээд л байдаг юм. Байнгын комиссын хурлаар Европоор ч их явсан. Энэ тоолондоо өнөө Таван толгойгоо яриад явдаг. Гэхдээ том хөрөнгө оруулалт гараагүй л юм. Орос, Польш, Герман тэр чигээрээ нүүрсний орон л доо.Москвад би таван жил ажилласан. 1990 онд нийгэм өөрчлөгдөж, би нутаг буцсан.

-Ирээд юу хийв?

-Улаанбаатарт ирээд 1991 оны нэг сараас 2006 онд тэтгэвэрт гартлаа яамандаа тэргүүлэх мэргэжилтнээр ажилласан. Голдуу захиргаа удирдлагын хэлтэст ахлах мэргэжилтэн хийсэн. Энэ хэлтэс бол яамны дотоод бүх ажлыг зангидаж удирдаж байдаг хэсэг. Наад зах нь сайдын зөвлөлийн хурлын протокол бичнэ. Бүх хэлтэсийн ажлын гүйцэтгэлийг авна.

Яамны төдийгүй салбарын хэмжээний бүх мэдээллийг барьж байдаг алба.

-Та гурван уурхайд ажиллаж, дэд сайд болж, гадаадад томилогдож, мэргэжилтэн болж, зай завгүй л ажиллаж. Одоо эргээд бодоход сэтгэлд хамгийн ойр нь аль нь вэ?

-Яамны ажил бол төрийн л ажил. Хичнээн ч ажиллалаа гэхэд хийх ёстойгоо хийлээ л гэдэг. Уурхайд бол өөр. Ажил жигдрээд, бүтэмжтэй, үр дүнтэй байхад бүх хүний нүүрэнд инээмсэглэл тодроод ирдэг дээ. Урам зориг, бахархлыг тэндээс мэдэрч авдаг байсан. Тэгж мэрийж, хамаг хүчээрээ ажиллаж байгаа хүмүүстээ урам зориг өгөхийн тулд шагнахгүй яах юм, дэмжихгүй яах юм. Тийм биз дээ. Ганцаараа амжилттай ажиллана, ганцаараа гавьяа байгуулна гэж хаана ч байхгүй. Нэг баг болж, нэг цул болж л ажил явдаг, амжилт ирдэг. Миний зарчим энэ.

-1968 онд сургуулиа төгсөж ирээд ажиллаж байсан тэр үеэс өнөөг хүртэл хагас зуун жил Монголын уул уурхай асар өөрчлөгджээ. Үүнд таны хувь нэмэр чамлахааргүй их байгаа даа...

-Энэ салбарт анх би дөрвөн сар малтагч хийжээ. Үүнээс хойших хагас зуун жил орчим хугацаанд ямар ч байсан би хамт олноо удирдан чиглүүлж явсан байна. Яаманд мэргэжилтнээр ажиллахдаа ч ямар ч мэдээллийг сонгож авч боловсруулж, бодлого гаргах түвшинд бэлтгэж өгдөг байж. Миний ажил салбарын өнөө хүртэлх хөгжилд ямар нэгэн хэмжээгээр нэмэр болсон л байлгүй дээ. Байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч сарын цалингаар шагнуулж л байлаа. Бодвол сайн ажилласан гэж дүгнээд л тэр байлгүй.

Түлш эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үйлсэд миний оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг үнэлж төр засгаас одон медалиар шагнаж байсан. Тухайлбал, Монголын уурхайчдын 50 жилийн ойгоор МХЗЭ-ийн Төв хорооны хүндэт үнэмлэх, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тэргүүний уурхайчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байлаа.

Би ханьтайгаа 1968 онд учирч тэр маань дөрвөн хүүхдийн ээж, ач зээ, гуч гээд 10 гаруй хүүхдийн хамгаас хайртай эмээ нь байж энэ хорвоод жаргаж амьдарсан хүн дээ.

Би хүүхдүүддээ хэлдэг юм, “Аав нь Монгол Улсын гал голомтыг сахиж явсан хүн. Ямартаа ч улсынхаа гал голомтыг өөрийнхөө үед сахиж чадсан гэж боддог” гэж. Одоо миний хүүхдүүдийн зарим нь төрд зүтгэж, зарим нь Монгол Улсыг хүнсээр хангахад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж газар тариалангийн салбарт ажиллаж байна даа.

Ингээд ярилцлагынхаа төгсгөлд Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндийг Монголын Түлш Эрчим Хүчний салбарын хамт олон, уурхайчиддаа хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.

Онцлох нийтлэлүүд