Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn “Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn "Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn “Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn "Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn
Нийгэм
2022.07.04 10:07

Төрийн есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ DNN.mn


Өнгөрсөн амралтын өдөр Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг зориод ирлээ. Энд төрийн есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүд бэлтгэлээ базааж байна.

Төрийн есөн хөлт цагаан тугийг залан цэнгүүлэх ёслолыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч буюу Монгол Төрийн хонжин ахалж, Их тугчийн удирдлагад бие бялдар, авхаалж самбаагаар шалгарсан найман тугчин болон 22 торгон цэргийн хамт тодорхой ёс, журмын дагуу үүрэг гүйцэтгэснээр Үндэсний их баяр наадам эхэлдэг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа мадаггүй сайн хийж гүйцэтгэх нь торгон цэргүүдийн хувьд хамгийн гол зүйл нь.

Биднийг очиход бие бүрэлдэхүүн хэдийнэ бэлтгэлээ жигдрүүлчихсэн харагдлаа. Дасгал сургуулилтаа хийж буй байдлаас ажвал туйлын эмх цэгцтэй, зохион байгуулалттай аж. 032 дугаар ангийн хошууч Д.Хашхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2015 оны долдугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр зарлигийн дагуу бид төрийн ёслолын бүх арга хэмжээнд оролцох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр Богдхан уулын Шажин хурахын аманд бэлтгэлээ базаадаг. Есөн хөлт цагаан тугийн их туг нь 30 гаруй кг, харин бусад тугууд нь 27-28 кг жинтэй. Төрийн тугийн хүндийн цэг нь оройдоо байдаг учраас багахан хөдөлгөхөд дайвалзан тэнцвэр алдах аюултай. Энэхүү ёслолын үеэр алдаа гаргах эрхгүй, асар хариуцлагатай байх ёстой” хэмээн нухацтайгаар ярьж байлаа.

Зэвсэгт хүчний нэгдсэн найрал хөгжмийнхөн ирчихсэн бэлтгэлээ хамтдаа хийх гэж байв. Хээрийн ангиа тойруулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй дүйцэхүйц том тойрог татчихжээ. 15:00 цагт эхлэх бэлтгэлийнхээ өмнө цэргүүд морьдоо барьж байлаа. Эдгээр адуу төрийн торгон сүрэгт байдаг. Тэр бүр унаж, эдлээд байдаггүй болохоор ихэнх нь ааштай талдаа юм. Цөөн хэд хоног л бэлтгэл хийж байгаа болохоор тэр хугацаанд багтаж мориндоо дасна гэдэг цэргүүдээс багагүй хичээл зүтгэл шаарддаг ажээ. Тиймээс бэлтгэл дууссан үед ч мориндоо дасахыг хичээсээр овоо үр дүнд хүрч байгаа тухай цэргүүд хэлж байна.


Ёслолын үйл ажиллагаанд төрийн хонжин, их тугч болон найман тугчаас гадна морь баригч, шилжүүлэгчийн үүргийг хүлээх Төрийн торгон цэргүүдийг 032 дугаар ангийн түрүүч, байлдагчдын бие бүрэлдэхүүнээс сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулахдаа өндөр цэргүүдийг сонгохоос татгалздаг талаар хошууч Д.Хашхүү онцолсон юм. Учир нь өндөр цэргүүд жин ихтэй учраас моринд тээртэй байдаг ажээ. Анх удаагаа төрийн хамгийн том баяр, ёслолд оролцох гэж буй 18-22 насны залууст сэтгэл зүйн бэлтгэлээс эхлээд зааж сургах юм их. Гэхдээ адуутай бэлтгэл хийхэд төвөгшөөх зүйл байдаггүй гэдгийг бэлтгэлд гарсан хугацаат албаны дайчид дуу нэгтэй хэлж байна.


Тэдгээр жавхаалаг торгон цэргүүдийн нэг нь байлдагч Б.Батмагнай. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та хаанаас цэргийн албанд татагдсан бэ. Адуутай ойрхон өссөн үү?

-Би Ховд аймгаас цэргийн албанд татагдсан. Миний аавыг Т.Батцоож гэдэг. Улсын тод манлай уяач цолтой хүн. Би тэр ч утгаараа багаасаа л адуутай ойрхон өссөн. Цэргийн албанд татагдахдаа есөн хөлт цагаан тугийг залах хүндтэй үүрэг надад ирнэ гэж төсөөлөөгүй шүү. Тэр дундаа Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг мартагдахааргүй дурсамж үлдэх нь. Бэлтгэлээ базаагаад хоног тоолоод наадмаа хүлээж байна. Аав маань улсын наадамд морьдоо сойж байгаа. Айрагдахаар морьд хэд хэд бий. Магадгүй Цэнгэлдэхэд аавтайгаа уулзах болов уу гэж горьдож байна. Туг залах ажиллагаанд оролцох болсон талаараа гэр бүлийнхэндээ хэлэхэд бараг итгэж ч өгөхгүй байна лээ (инээв).

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?

-Морьтойгоо бол өдөрт зургаан цагийн л бэлтгэл хийдэг. Мөн хувийн бэлтгэлээ сайтар базаах ёстой. Гар дээрээ суниахаас өгсүүлээд дасгал сургуулилтаа сайн хийж байгаа. Туг залах морьдыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас авчирсан.

Цэнгэлдэх рүү ороход дуу шуугиантай байх болов уу гэхээс жаахан болгоомжилж байлаа. Бүрээ, бөмбөрийн дуунаас морьд үргээд байвал хэцүү. Үүнд дасгах зорилгоор найр хөгжимчидтэй бэлтгэл хийсэн. Морьд анх ирэхдээ жаахан дошгин байсан. Одоо л зүгээр болсон.

-Хот руу хэзээ орох вэ?

-Долдугаар сарын 4-нд орох байх. Очоод Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо байрлах юм билээ. Наадмаас өмнө морьдоо усанд сойж өнгийг нь сэргээх ажил бий.

-Цэргийн алба хаах ямар байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байгаа шүү. Энд ирснээс хойш цаашдаа цэргийн албанд ажиллах бодол ч үе үе төрөх болсон. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд шийдвэрээ гаргах бодолтой байгаа” гэв.

Ийн ярилцаад үдээс хойшхи нэгдсэн бэлтгэл эхлэв. Яг л Цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэтээр хүндэтгэлийн ая эгшиглэж шарга зүсмийн морьтой есөн баатар эр түрүүлээд орж ирэв. Араас нь цагаан морьтой хонжин буюу ангийн захирагч, залгуулаад туг орж ирэх ажээ. Хээр талд хэдий ч Төв цэнгэлдэх хүрээлэнд туг орж ирж буй мэтээр бэлтгэлээ хийж байв. Торгон цэргүүдийн нүүрний хувирал, биеэ авч яваа байдал яг л наадмын нээлт үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Нэг гараараа мориныхоо цулбуурыг бариад, нөгөө гараа ташаандаа тулаад толгой өөдөө баатар эрсийн ихэмсэг дүрд хувиран өдрийн хоёр удаагийн бэлтгэл хийдэг юм байна.

Торгон цэргүүд өглөө 06:00 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Гурваас дөрвөн км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө биеийг ингэж бэлтгээд морьтой бэлтгэлдээ гарна. Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг болон хоёрдугаар хоол хийж өгнө. Үргэлжлүүлээд мөн л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлээ гурван цаг орчим л хийдэг юм билээ. Үүнээс удаан хугацаагаар хийвэл морьд нь залхуураад байх төлөвтэй. Олон жилийн турш туг залж яваа морьд ч үүргээ маш сайн ойлгодог болчихож. Бэлтгэлийн үеэр өвс зулгаагаад зогсчихгүй. Цэргүүдийн зүгээс зарим морьддоо витамин өгдөг юм билээ. Харин наадмын өдөр бол хоолыг нь сойгоод гэдсийг нь татчихдаг гэсэн. Наадмын өглөө Цэнгэлдэх ороод бааж, шээгээд зогсчих эрсдэлтэй гэж үздэг аж. Олон жилийн турш туг залах ёслолын ажиллагаанд оролцсон морьд энэ мэтийн асуудал гаргадаггүй. Шинэ морьд харин наадамчдын өмнө янз бүр болох магадлалтай учраас хоолыг нь сойж учирч болох эрсдэлээс сэргийлдэг юм байна.

Морьд шороон замаар явахад ядарч сульдах нь гайгүй юм билээ. Харин засмал замаар явахад халтирчих эрсдэлтэйг торгон цэргүүд онцолж байв. Нэг морь багаар бодоход 120 гаруй кг ачаатай явах учраас хол замд цуцах магадлалтайг ч хэлэв. Туг залах хүн дунджаар 70-80 кг жинтэй. Үүн дээр морьдоо 15 кг жинтэй мөнгөн чимэглэлээр тоноглодог аж. Есөн хөлт цагаан тугийг залах хүлэг морьдыг таван жилийн өмнөөс сэлгэж эхэлжээ. Харин энэ жилийн тухайд шинэ морьд орж ирээгүй гэнэ. Шинэ морьдыг сургахад амар биш ч нас яваад ирэхээр солихоос өөр аргагүй байдаг аж. Их тугийг залдаг том шарга морь л гэхэд ёслолын ажиллагаанд 12 жил оролцоод халаагаа өгсөн байна. Гэсэн ч зун уяандаа ирээд зогсчихдог гэнэ лээ. Бэлтгэлийн үеэр ч дагаад алхаад байдаг аж.

032 дугаар ангийнхан наадам болохоос тав хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын талбайд байрлаж бэлтгэлээ хийх гэнэ. Гэхдээ Шажин хурхын аманд байрладаг шиг олон цагийн бэлтгэл хийхгүй, цомхон хийдэг аж. Мөн наадмын өмнөхөн Туул голд морьдоо усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэнэ. Энэхүү ажлуудыг дэс дарааллаар нь гүйцэтгээд долдугаар сарын 10-ны өглөө төв талбай орж есөн хөлт цагаан тугаа цэнгүүлээд маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог ажээ.



ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.МӨНХТҮВШИН

Онцлох нийтлэлүүд