ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.14 02:05

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2014.05.14/ үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар тус салбарын сайдуудын төсвийн багцын өөрчлөлтийн талаар товч танилцуулсан юм.

 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны төсвийн нийт багц 74 тэрбум 939,7 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 62 тэрбум 591 сая төгрөг нь урсгал зардал, 12 тэрбум 348,7 сая төгрөг нь хөрөнгийн зардал байна. 2014 оны төсвийн хуульд тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газраас урсгал зардлыг 10-30 хувиар багасгах чиглэл өгсний дагуу сайдын 2014 оны төсвийн урсгал зардлаас 938,9 сая төгрөг тодотголоор хасагдахаар болж байна. Энэ хасагдаж буй мөнгөн дүнд бичиг хэрэг, тээвэр шатахуун, мэдээлэл сурталчилгааны зардал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал, гадаад болон дотоод томилолт, төвлөрсөн арга хэмжээ зэрэг 16 зардлын ангиллаас хасагдаж, зардлын ангилал бүрээс 2,0-20,7 хүртэл хувиар буюу 2,6 саяас 451,1 сая төгрөгөөр багасах тооцоо гарчээ.

 Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал зардлыг 128,1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлыг 57,7 тэрбум төгрөг нийт 185,8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар урсгал зардлыг 100,0 хүртэл тэрбум төгрөгөөр бууруулахаар хэлэлцэж, урсгал зардлыг 6,0 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд хийгдсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан танилцуулга хийв.

Мэдээлэлд дурдагдсанаар, “Ноос, ноолуур боловсруулах салбар Монгол Улсын боловсруулах аж үйлдвэрийн голлох салбарын нэг бөгөөд 2013 оны байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 19 хувийг эзэлж байгаа бөгөөд ноолуур боловсруулах 130 гаруй үйлдвэрт 8000 гаруй хүн ажиллаж байна. Ноос, ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд 2011-2012 онуудад ноос, ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч 65 компанид 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газрын бонд арилжаалсан хөрөнгөнөөс санхүүжүүлэн 5 жилийн хугацаатайгаар олгосон. Үр дүнд нь 2012 онд үндэсний үйлдвэрүүд 2168 тн ноолуур худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30 хувиар өссөн. Мөн Чингис бондоос 68,0 сая ам.долларын зээл олгох асуудал шийдэгдэж, өнөөдрийн байдлаар нийтдээ 65 төсөл дэмжигдэж банкинд шилжүүлснээс 34 төсөлд 58,1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарч 32,1 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 280 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкны санхүүжилтээр олгох шийдвэр гарч, 22 үйлдвэрийн хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлээд байна. Ноолуур барьцаалан зээл олгох ажил эхлэлтийн байдалтай байгаа” гэсэн юм. Түүнчлэн тус салбарын хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэлд дурдагдсан. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээлийг удаа дараалан олгох шийдвэр гарч байгаа хэдий ч барьцаа хөрөнгөгүйгээс арилжааны банкны шалгуурыг хангаж чадахгүй зээлээ цаг хугацаанд нь авч чадахгүй байгаа. Иймд нийт ноолуурыг 100 хувь худалдан авахад 360-400 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Мөн 2012 оны байдлаар ноос, ноолуур угаах суурилагдсан хүчин чадал түүхий эдийн нөөцөөсөө 1,5 дахин их байгаа бол ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадал нөөцөөсөө 2 дахин бага байгаа. Ингэснээр түүхий эдийн нөөц, боловсруулах хүчин чадлын зохистой харьцаа алдагдаж, ноолуурын 30 орчим хувийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан тул ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Чингис бондоос зээл олгож байгаа боловч худалдан авч байгаа тоног төхөөрөмжийг барьцаалах боломжгүйгээс зээлийн хэмжээ бага, салбарын хэмжээнд хүчин чадлыг шаардагдах хэмжээнд нэмэгдүүлэх боломжгүй байдалд байгаа гэв.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан нар асуулт асууж санал хэлсэн.

 Тухайлбал, Б.Гарамгайбаатар гишүүн, хавтгайруулсан зээл өгч байгаа нь дэмжлэг биш. Зөвхөн зээл олгосноор бодлого хэрэгжихгүй. Хамгийн гол нь яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа болон өмнөх яамны үйл ажиллагаатай харьцуулахад ямар дэвшилд хүрэв гэдгийг тайлагнах хэрэгтэй гэлээ. Г.Баярсайхан гишүүн хэлэхдээ, ноос ноолуурын салбар чухал салбар. Үе үеийн засгийн газар энэ салбарт асар их анхаарал тавьж ирсэн. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам энэ салбарыг шинэ шатанд гаргах талаар санаачилга гарган ажиллаж байгаа ч цаашид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бодлогын хувьд шинэчилж эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна гэв.

Ингээд хуралдаанаар ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж Ажлын хэсгийн ахлагчаар тус Байнгын хорооны дарга Г.Баярсайханыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд