ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.04 11:10

Т.Аюурсайхан: Үе үеийн сайд нар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг өндөр албан тушаалд томилж ирсэн байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.


-Польш улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэх 69 хүний нэрийг зарласан. Эдгээр хүмүүс дипломат алба хашиж байсан гэхээр энэ мэтийн хэрэг зөрчлүүд дипломат албанд үүрлэчихсэн байсан юм биш үү?

-Гадаад харилцааны яаманд 2009 оноос хар тамхины болон бусад хэрэг зөрчлүүд байсан юм байна. Үе үеийн сайд, төрийн нарийн бичгийн дарга нар мэдэж байсан ч, хэрэг зөрчилд холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг удаа дараа, Элчин сайд хүртэлх албан тушаалд томилж ирсэн байна. Би энэ материалыг Гадаад харилцааны яамнаас шаардаж байж олж авсан. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор нас барсан хүмүүс байна лээ. Энэ мэт хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох үүднээс ил гаргаж, олон нийтэд нэрсийг зарласан. Эдгээр асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд явж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд миний хийх ёстой, таслан зогсоох ёстой асуудал мөн биз дээ.

-Үе үеийн сайд, дарга нар эдгээр хэрэг зөрчлийг мэдсээр байж томилгоо хийсээр байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Д.Цогтбаатар сайд ч энэ талаар мэдэж байсан. Би байнгын хорооны даргын хувьд чиглэл, үүрэг өгч байж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Яагаад энэ хүмүүс өнөөдрийг хүртэл зүгээр байгаад байгаа юм бэ. Албан тушаалаас нь чөлөөл, хариуцлага тооц гэдгийг хэлсэн. Д.Цогтбаатар сайдаас би яагаад зарим хүмүүсийг нь дахин дахин томилсон юм бэ гэдгийг ч асуусан. Зүгээр нэг янжуур тамхины ганц, хоёр удаагийн тээвэрлэлт гээд орхиж болохгүй. Үүний цаана дипломат алба, Монгол Улсын нэр хүнд явж байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын дипломат албаны нэр хүнд шалдаа унаж, цаана нь улсын нэр унаж байна. Дипломат эрх ямба эдэлж байгаа хүмүүс Монгол Улсын дипломат шууданг тээвэрлэхдээ Венийн конвенцийн дагуу халдашгүй явах байтал үл итгэсэн байдалтай байнга шалгаж байна. Төрийн нэр хүндийн асуудал энд яригдана. Зүгээр нэг янжуур тамхи гэдгээр нь орхиж, өөгшүүлээд хариуцлага тооцохгүй, нам нь далдлаад яваад байхаар эцэстээ хар тамхины хэрэг зөрчил болж хувирч байна. Янжуур тамхины сүлжээн дээр суурилж хэрэг зөрчил гарсаар байна. Илүү их орлого олъё гэх үүднээс хар тамхи руу орж байна. Ял завшаад яваад байж болдог юм байна гэх ойлголттой болчихсон учраас хар тамхийг илүү далайцтай гэж үзээд энэ чиглэл рүү орчихсон байна. Үүнийг таслан зогсоох нь миний хийх ажил.

Би байнгын хорооны даргын ажлыг өнгөрсөн тавдугаар сард аваад ханцуй шамлан орсон эхний ажил энэ. Тухайн үед Герман улсын нутаг дэвсгэр дээр их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгааг илрүүлсэн хэрэг гарч байсан биз дээ. Энэ бол ганц удаагийн, ганц хоёр хүний ажил биш. Маш өргөн хүрээг хамарчихсан, газар авчихсан байгаа. Иймэрхүү хэрэг зөрчлийг нийтээрээ хамтарч байж л арилгана. Польш улсад эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүний материалыг танилцуулснаас хойш сэтгүүлчид маань их идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг харж байна. Би шаардаад тэдгээр хүмүүсийг албан ажлаас нь чөлөөлүүлж, хариуцлага тооцуулж чадахгүй байна.

-Эрэн сурвалжлагдаж байгаа 69 иргэн хар тамхи зөөвөрлөснөөс өөр ямар хэрэгт холбогдчихсон байна вэ?

-Энэ талаар мэдээлэхдээ тэрхүү мэдээллийг харах цагдаагийн байгууллагын албан ёсны сайтыг нь зааж өгснөөс гадна польш хэл дээр гарч байгаа мэдээллийг яаж англи хэл дээр харахыг ч зааж өгсөн. Ямар гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа талаар хүн нэг бүрээр нь харж болно. Энэ дотроос дийлэнх нь бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэдэг эрүүгийн хэргийн зүйл заалттай холбогдуулж эрэн сурвалжилж байна гэх мэдээллүүд байгаа юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгааар шийдэх шийдэлд хүрсэн ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавьж байгаа шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүсэхгүй байна гэж харж байна. Олон дэвшилттэй зүйл нэмэлт, өөрчлөлтөд орж байна. Байгалийн баялаг дээр нэлээд ярьж байж ахиц дэвшилтэй зүйл заалт оруулсан. Их хурлыг хариуцлагажуулж байгаа заалтуудад чуулганы хуралдаанаар гишүүдийг эргүүлэн татах, төсвийн хараат бус байдлыг арилгах, гишүүд тойргийн зарчмаар төсөвт мөнгө тусгаж улс орны нэгдсэн бодлого алдагдаад байгааг зогсоох. Түүнчлэн зарлага нь ихдээд үүнийгээ дагаад Монгол Улсын өр нэмэгддэг. Энэ байдлыг таслан зогсоож байгаа юм. Хотуудын асуудал байна. Дархан, Эрдэнэт, Дорнодын төв Чойбалсан хот, Архангай, Цэцэрлэг гээд бүгд хотоос өөр статустай явж байгаа. Ингэхээр төв суурин газрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хотын эрх зүйн байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө тусгаад өгчихсөн. Хотыг бий болгоно гэдэг суурин хөгжил болоод хотын бие даасан асуудлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Суурин хөгжлийг бий болгох ач холбогдолтой олон жилийн гацааг арилгаж байна гэсэн үг. Шүүхийн шинэчлэл ч зорьж байсан зорилгынхоо 60 хувийг хангасан гэж бодож байгаа. Ерөнхийлөгч шүүгчдийг томилж чөлөөлдөг. Энэ эрх нь хэвээрээ үлдэж байгаа ч шүүхийн ерөнхий зөвлөл харьцангуй хараат бусаар ажиллах, шүүхийн ерөнхий зөвлөл ямар шүүгч томилуулахыг санал болгох, шүүгчид хариуцлага тооцдог зэрэг зүйл заалтыг оруулсан. Жишээ нь гэхэд, Салхитын мөнгөний ордтой нэр холбогдож байсан шүүгчдийг Ерөнхийлөгч зарлиг гаргаад чөлөөлөхөд миний гаргасан шийдвэртэй холбогдуулж хэн ч шалгах эрхгүй гээд яриад сууж байгаа шүүгчид байна. Тэгэхээр шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж ноцтой зөрчил, авлига авсан байвал шалгуулдаг, эргүүлэн татдаг шүүхийн сахилгын хороог батлаад өгсөн. Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр органик хуулиараа зохицуулж болох гарцтайгаар оруулж өгсөн. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар заасан эрхүүдтэй боловч органик хуулиараа үндсэн хуульд заагаагүй 70 гаруй эрх эдэлдэг. Эдгээр эрхийг нь болиулах ёстой гэж заасан. Үе үеийн Ерөнхийлөгчид шүүхийг өөрөөсөө хараат байлгахыг хүссээр ирсэн нь нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавьж байна гэж үзэж байна. Гэвч хуулиараа хоригийг хүлээж авах, эс авах шийдвэрийг Их хурал гаргана. Хоригийг хүлээж авахгүй бол мэдээж ард нийтийн санал асуулга явуулна. Гэхдээ хэзээ явуулах товыг одоохондоо тогтоогоогүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулна гэдэг УИХ-ын шийдвэрт хориг тавьсан. Хоригийг хүлээж авахгүй гэвэл товоо тогтооно, санхүү мөнгөө ч тогтооно. УИХ-ын дараагийн жилийн сонгуультай нэгтгэж ард нийтийн санал асуулга явуулах уу, түүндээ зориулж тодорхой төсөв гаргах уу гэдгээ шийднэ. Хоригийг хүлээж авбал мэдээж ард нийтийн санал асуулга явуулахгүй болчихоор гуравдугаар хэлэлцүүлгээ Их хурал дээр хийнэ.

-АНСА явуулахгүй бол Үндсэн хууль задарчих юм биш үү. Үндсэн хууль батлагдах найдлага бага болж байна гэх зүйл яригдаж байна л даа?

-АНСА явуулахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэхгүй, зогсоно гэж би бодож байна.

-Яагаад?

-Яагаад гэхээр ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол нэмэлт, өөрчлөлт тэр чигээрээ унана. Дэмжвэл Цэц ямар ч шийдвэр гаргах эрхгүй төдийгүй Ерөнхийлөгч ямар ч хориг тавихгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжээд эхэлнэ. АНСА явуулахгүй гуравдугаар хэлэлцүүлэг явах юм бол Цэц хориг тавьж болно. Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хориг тавьж болно ш дээ. Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг хараад байхад хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлэг орсон ч гэсэн хориг дээр дурдсан үндэслэл нь арилахгүй юм билээ.

-УИХ-ын чуулган дээр та "Оюу толгойн гэрээг хууль бусаар хийсэн. Үүнийг АТГ нотолсон” гэж мэдэгдсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ талаар удахгүй тайлбар өгнө.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байгаа. Тэгэхээр манайх Оюу толгойн гэрээний 34 хувиа нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд зориулагдана гэсэн үг. Үр өгөөжийн дийлэнх гэдэг 50-иас дээш хувь эзэмшиж байхдаа ямар эдийн засгийн хувилбараар хувь хүртэж болох вэ зэрэг олон хувилбар байгаа. Түүнтэй дүйцэхүйц рояалти татвар байж болно. Тэр нь 15 хувь ч байж болно шүү дээ. Хөрөнгө оруулахгүйгээр шууд татварыг нь авдаг. Гэхдээ 50-иас дээш хувийн ногдол ашиг авч байгаатай дүйцэхүйц байна гэсэн үг.


Онцлох нийтлэлүүд