Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Улс төр
2021.11.24 09:11

Т.Доржханд: Сонгуулийн холимог тогтолцоонд шилжихгүй бол олон Богд Зонхов бүтээгдэж байна, цаашид ч бүтээгдсээр байх болно

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Ирэх оны төсөв дээр таны байр суурь ямар байна вэ?

-Сүүлийн гучин жилийн хугацаанд Монгол Улсын төсөв жил бүр тэлсээр байгаа. Гучин жилийн өмнөхтэй харьцуулбал манай улсын төсөв 70 дахин томорсон талаарх судалгаа бий. Тухайлбал, 2018 онд 11.6 их наядын төсөв баталж байсан бол 2020 онд 13 их наяд, 2021 онд 18.2 их наядын төсөв баталлаа. Эдгээр тоо баримтуудаас төсөв хэрхэн томорч, тэлснийг харж болно. Төсөв урсгал болон хөрөнгийн зардал гэсэн хоёр үндсэн бүтэцтэй байдаг. Гэтэл урсгал зардлын хэмжээ улам бүр нэмэгдэж, хөрөнгийн зардлын хэмжээ улам багассаар байна.

Энэ хоёр зардлын талаар багахан ойлголт өгье л дөө. Урсгал зардалд цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж, байшин барилгын цахилгаан дулаан, халаалтын төлбөр гэх мэт зардлууд багтдаг гээд ойлгочихож болно. Энэхүү урсгал зардлаас бид ямар нэгэн хөрөнгө оруулалтын өгөөж хардаггүй.

Харин удаахь зардал болох хөрөнгийн зардал буюу хөрөнгө оруулалтын зардал нь түлхүү эдийн засгийн бүтцийг санхүүжүүлдэг, эргээд тодорхой хугацааны дараа эдийн засгийн үр өгөөжөө өгдөг зардлууд юм. Энгийнээр хэлбэл, газар доорх дулаан, цахилгааны шугамууд, цэвэр бохирын хоолой, төмөр болон авто зам, цахилгаан станц, хил гаалийн боомтын дэд бүтэц гэх мэт зардлуудыг хөрөнгийн зардал хэмээн нэрлэдэг. Эдгээр хөрөнгийн зардлуудыг хувийн секторууд хийдэггүй. Нэг бол төр хийдэг. Эсвэл төр болон хувийн секторууд хамтраад концессын гэрээгээр хийдэг.

-Тэгвэл төсөвт хөрөнгийн зардал хэдий хэмжээнд суулгаснаас тухайн төсвийн үр өгөөж ямар байгааг харж болох юм байна, тийм үү?

-Тийм л дээ. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд газар доорх дэд бүтцийн асуудал буюу цахилгаан дулаан, цэвэр бохирын асуудлаа шийдэх ёстой. Гэтэл эдгээр асуудлаа шийдэх бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийдэггүй учраас нийслэл Улаанбаатар хотын төвд хэт их нягтаршил үүсч, дэд бүтэцдээ холбогдсон байршилд газар олдохгүй хэмжээнд хүрчихсэн байгааг бид бүгдээрээ харж байна. Ийм л бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой мөнгөөр юу хийж байна гэхээр 330 суманд соёлын төв, хөшөө дурсгал, үр өгөөжгүй конторын барилгууд барьж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жил бид төсвийн мөнгөөрөө цемент шавар зуурч ирсэн. Сүүлдээ бүр иргэдийн татварын мөнгөөр улсынхаа нийслэлд 32 тэрбум төгрөгөөр цемент, шавар зуурч Богд Зонхов бурханы хөшөө барина хэмээн тусгасан байна. Уг төсөлтэй холбоотой шүүмжлэл нийгэмд идэвхтэй өрнөж, асуудал үүсэхээр Засгийн газрын гишүүд нь ч оруулж ирсэн юм шиг, УИХ-ын гишүүд нь ч оруулж ирсэн юм шиг бөмбөг тоглож байгаа юм шиг бие бие рүүгээ чихдэг хариуцлагагүй байдал үүсчихээд байна.

-Төсөв тэлэхийн хэрээр төсвийн алдагдал дагаад нэмэгдэж байна. Жил бүр алдагдалтай төсөв баталдаг байдал уламжлал болох нь. Ирэх оны төсвийн алдагдлыг 2.3 их наяд байхаар тооцсон нь хэр бодит тоо вэ?

-Бид ирэх онд 18.2 их наяд төгрөг зарцуулахаар төсвөө баталсан. Үүнээс төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ алдагдлыг нөхөхийн тулд хаанаас, юунаас санхүүжилт босгох вэ гэхээр Засгийн газар гадаадаас зээл авна. Энэ бол Монгол Улсын өр. Бодит байдал дээр 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан гэж байгаа боловч энэ тоо бодит бус. Миний бие Сангийн яаманд ажиллаж байсан, төсөв зохиож байсан мэргэжилтэн хүний хувьд хэлж байгаа юм шүү. Ирэх онд хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Угтаа Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан төсвийн орлогоос тусдаа байдаг. Гэтэл энэ удаа Ирээдүйн өв сангийн мөнгийг төсвийнхөө орлогодоо тусгасан. Тиймээс төсвийн орлого 1.4 их наядаас өсчихнө шүү дээ. Хэрэв тусдаа тооцсон бол дээрх 2.3 их наяд төгрөгийн алдагдал дээр Ирээдүйн өв сангийн 1.4 тэрбум нэмэгдээд нийт 3.7 их наяд төгрөгийн буюу төсвийн бодит алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 8.3 хувьд хүрэхээр байна. Энэ бол ирэх оны төсвийн бодит алдагдал. Тэгэхээр энэ алдагдлыг эргээд өрөөр санхүүжүүлнэ. Монгол Улс нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа. Монгол Улсын гадаад өр 2021 оны жилийн эцсийн байдлаар 31.1 их наяд төгрөг буюу өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 61.2 хувь байна. Үүний 12 хувь нь дотоод өр, 82 хувь нь гадаад өр байна. Бидний олж байгаа мөнгөний 62 хувь нь өр байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл бид нэг төгрөгийн орлого оллоо гэхэд 62 мөнгө нь бидний төлөх ёстой өр гэсэн үг.

-Манай улсын эдийн засаг тогтворжоогүй эмзэг хэвээр байна. Ийм үед өрийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байвал ямар эрсдэлтэй вэ?

-Өр нэмэгдэхийн хэрээр түүнийгээ дарахын тулд гаднаас зээл авна. Өрийн хэмжээ өндөр байх нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулдаг. Дэлхийн улс орнуудын эдийн засагт үнэлгээ хийдэг дөрвөн байгууллага бий. Тэд улс орнуудын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийдэг. Тус байгууллага манай улсын эдийн засгийг үнэлээд гадаадын зээл ихтэй учраас үнэлгээг нь бууруулчихдаг. Үүнээс үүдэн манай улс гадаадаас зээл авахдаа өндөр хүүтэй зээл авдаг. Энгийн жишээгээр тайлбарлая л даа. Монгол Улс 2012 онд анх удаа Засгийн газрын Чингис бондоо олон улсад 4.5 хувийн хүүтэй арилжиж, 1.5 тэрбум доллар дэлхийн зах зээл дээрээс босгосон. Үүнээс жил хагасын дараа дахин дөрвөн төрлийн бонд гаргасан. Энэ үед эхнийх нь 7.9 гээд хамгийн сүүлийн бондоо 10.8 хувийн хүүтэй гаргасан. Өөрөөр хэлбэл зээлийн хүү, зардал өсөөд байна гэсэн үг. Цаашлаад манай улсад зээл олгох уу, үгүй юү гэдэг асуудал үүснэ. Зээл олгох юм бол 10, 15, 20 хувь, түүнээс дээш хүүтэй л зээл олгоно. Яг ийм байдал 1970-аад оны үед Аргентин улсад тохиолдож байсан. Тухайн улсын эдийн засаг хөгжиж эхэлж байх үед гарч ирсэн Засгийн газар нь хэт их популизм хийж төсвийнхөө зардлыг тэлж, алдагдлаа гадны эх үүсвэрээс санхүүжүүлж эхэлсэн. Анх дөрвөн хувьтай эхэлж байсан бол 2020 оны байдлаар тус улсад 20 хувийн хүүтэй ч зээл өгөх газар олдохоо больчихсон. Үүний үр дүнд цагаан туг өргөөд зээлээ төлж чадахааргүй болсноо зарласан. Ингээд асуудал хуулийн байгууллагад шилжсэнээр “махчин шувууд” гэх тодотголтой сангууд тус улсад орж, хамгийн үнэ цэнэтэй хөрөнгүүдийг нь царцааж өөрсдийн болгодог.Тухайлбал, Грект иргэд нь өөрийнхөө данснаас мөнгө авахаар АТМ-д уншуулахад мөнгө гардаггүй. Түүнийг нь өнөөх “махчин шувууд” зогсоочихож байгаа юм. Грек бол дэлхийд өрийн хэмжээгээр толгой цохиж яваа манайхтай л ижилхэн улс. Үүгээр юу хэлэхийг хүсээд байна гэхээр төсвийн алдагдал өндөртэй төсөв баталсаар байвал ийм эрсдэл биднийг бодитоор хүлээж байгаа. Гэтэл манай улс өрөө нэмэгдүүлж, төсвийн зардлаа нэмэгдүүлсээр байна.

-Тэгвэл зүй нь ямар байх ёстой вэ?

-2021,2022 он сонгуулийн жил байхаас гадна цар тахал дэлхий дахинд дэгдсэнтэй холбоотойгоор төсвийн зардал нэмэгдсэн. Сонгуулийн жилд төсвийн зардал тэлж, алдагдал нэмэгддэг л дээ. Гэтэл ирэх оны буюу 2022 оны төсөв илүү хөрсөн дээрээ буусан, бүсээ чангалсан төсөв байх учиртай. Төсвийнхөө сахилга батад илүү анхаарсан, зардлаа хэмнэсэн, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг царцаасан, орлогоо бодитоор тооцсон байх ёстой. Ийм л төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан ч эсрэгээрээ өндөр тэлэлттэй төсөв орж ирсэн. Тийм учраас ирэх оны төсвийг би эдийн засагч хүний хувьд анхнаас нь дэмжээгүй. Хоёрдугаарт, хүмүүс хүүхдүүддээ өв үлдээдэг болхоос өр үлдээдэг байж болохгүй. Гэтэл 2030 он хүртэл зарцуулах ёсгүй Ирээдүйн өв сангийн хөрөнгийг зарцуулах төсөв оруулж ирсэн. Миний бие Сангийн яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байхдаа уг сангийн техникийн ажлын хэсгийг ахалж байсан. Би уг хуулийн үр өгөөж, ямар чухал болохыг гишүүдэд ойлгуулж, батлуулахын тулд бараг л таван жил ноцолдсон. Үе үеийн Засгийн газар үргэлж уг сангийн мөнгө рүү дайрдаг. Учир нь өөрийнх нь Засгийн газар их ажил хийсэн болж, иргэдээс өндөр үнэлгээ авч л байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар ханддаг. Гэтэл бодит байдал тийм биш шүү дээ. Бид үр хүүхдүүддээ өв үлдээх ёстой. Тэр өв нь дотоод болон гадаадад хөрөнгө оруулалт болж үржих учиртай. Харамсалтай нь энэ мөнгийг ингээд үрэн таран хийчихлээ. Эцэст нь базаад хэлэхэд 2022 оны төсөв маш их тэлсэн, асар өндөр алдагдалтай муу төсөв болсон. Төсөв батлагдаад хэдхэн хонож байхад л төсвийн үргүй зарцуулалтын талаар иргэд эхнээс нь ухаад гаргаад ирлээ. Энэ бол эхнийх нь. Үүний цаана 1300 орчим Богд Зонховтой адил бүтээн байгуулалтын ажил бий. Сайн ухаад үзвэл гоё нэрээр халхавчилчихсан үр ашиггүй, цемент зуурдаг төслүүд олон бий.

-Сүүлийн жилүүдэд улсынхаа төсвийг цемент зуурсан барилга байгууламж, хөшөө дурсгалд зарцуулдаг болоод удлаа. Андлалын хөшөөтэй холбоотой шүүмжлэл одоо ч намжаагүй байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?

-Манай улсын сонгуулийн системд гажуудал үүссэний хамгийн том илрэл энэ. УИХ-ын 76 гишүүн дахин тойргоосоо сонгогдохын тулд тойрогтоо очдог, тууз хайчилдаг. Хэрэв та бүхэн анзаарсан бол өнгөрсөн долоо хоног цахим орчинд УИХ-ын гишүүд 2022 онд тойрогтоо ийм ажил хийхээр төсвөө амжилттай батлууллаа хэмээн бахархалтайгаар нийтэлсэн. Үүний үр дүнд гишүүд тойрогтоо ажил хийсэн болж харагдаад ирэх 2024 оны сонгуулиар дахин сонгогдох болно. УИХ-ын гишүүдийг дахин гишүүн болгохын тулд Монгол Улс нийт хүн амын эрх ашиг, эрэмбэ зөрчигдөж, үр өгөөжтэй төслүүдээ санхүүжүүлэх ёстой төсвөөрөө өнөөх 76 гишүүний лоббидсон жижиг төслүүдийг санхүүжүүлж байна. Энэ байдал үргэлжилсээр байвал Монгол Улсын төсөв цаашид ч алдагдалтай батлагдсаар байна. Үр ашиггүй цемент, урсгал зардлуудыг дийлэхгүй. Өнөөх Африкийн орнуудын араас, дээр дурдсан орнуудын араас орох нь тодорхой. Ийм учраас энэ гажуудлыг засах ёстой. Би адилхан УИХ-ын гишүүн болчихоод бусад гишүүдээ муулаад байгаа юм биш ээ. Гишүүдэд бас зовлон бий. Тойргийнх нь сонгогчдоос “Та манай тойргоос сонгогдчихоод энд ч нэг гэрэлтүүлэг, тэнд ч нэг зам, байшингийн фасат засварлаж өг” гэдэг захиалга байнга ирдэг. Тиймээс тойргийнхоо сонгогчдын санал санаачилгыг аль болох төсөвт суулгуулахыг төлөөх уралдаан болдог. Жилийн жилд ийм байдаг. Одоо ч хэвээрээ. Энэ байдал үргэлжилсээр байвал манай улс хөгжихгүй.

-Төсвийг үр дүнтэй зарцуулдаг болохын тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой байх л даа. Тогтолцоогоо сууриар нь өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улс 76 жижиг тойрог бус, нэг том тойрог л баймаар байна. Нэг том тойргоос 76 гишүүн сонгогддог болсон цагт Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдарч байгаа иргэдийн төлөө ажиллана. Асуудлыг томоор харж 3.4 сая иргэний төлөөх асуудлыг нэг номерт тавьдаг болно. Гэтэл одоо 20-30 мянган сонгогч намайг сонгодог гээд зөвхөн тэдгээр сонгогчид руугаа чиглэсэн бодлого явуулж байна. Хоёрдугаарт, Монгол төрийн бодлого эрэмбэ дараатай баймаар байна. Үүний тулд пропорцианаль тогтолцоонд шилжих ёстой. Уг тогтолцоонд шилжих гэхээр манай улс цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай учраас төр нь иргэдээ орхигдуулж, хөдөө орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэдэг шалтгаанаар хөдөө орон нутгаас сонгогддог гишүүд эсэргүүцсээр ирсэн. Одоогийн эрх барьж байгаа нам ч мажоритор тогтолцоог хамгаалсаар ирсэн. АН-ынхан ч хамгаалсан. Эхний ээлжинд 100 хувь пропорцианаль тогтолцоонд шилжинэ гэхээс илүүтэй 76 гишүүний тал нь буюу 38 нь нэг тойргоос пропорцианаль тогтолцоогоор сонгогдог л дээ. Ядаж УИХ-ын гишүүдийн тал нь нийгмийн асуудлыг шийдээд явдаг ийм балансаар улсын төсвийг тэнцвэржүүлэхгүй бол олон Богд Зонховууд бүтээгдэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоонд шилжихгүй бол олон Богд Зонховууд бүтээгдэж байна, цаашид ч бүтээгдсээр байх болно.

-Ирэх жилд олох орлогынхоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэх шүүмжлэл бий. Төлөвлөсөн орлого олж чадахгүй бол өр тавихын цондон байх л даа?

-Энэ жилийн тухайд бид 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 10 гаруй сая тонн нүүрс гаргасан байна. Оны төгсгөл гэхэд 15 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Сангийн яамнаас төсөв оруулж ирэхээр УИХ дээр танигдахаа больтол нь өөрчилчихдөг. Энэ байдлыг саармагжуулахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр өөрчлөлт хийж болох талаар тусгасан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан өөрчлөлт бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч чадахгүй байна гэж харж байна. Учир нь Сангийн яамнаас оруулж ирж байгаа төсөв хэтэрхий өөдрөг байна. Орлогоо хэт өөдрөг төсөөлж байна. Ганцхан жишээ дурдахад, өнөөх 36 сая тонн нүүрсээ ирэх жил дахиад л экспортолно хэмээн оруулж ирсэн. Гэтэл манай улсын бодит байдал ямар байна вэ. Маргааш энэ байдал өөрчлөгдөх үү. БНХАУ бүхий л хөрш орнууддаа хилээ хаачихсан ирэх оны хоёрдугаар сарыг дуустал хилээ нээхгүй нь. Тус улс том зах зээлтэй, өөрөө өөрийгөө тэжээх боломжтой. Гэтэл манайд тийм боломж байхгүй. Хоёрдугаарт, бодит нөхцөл байдал ийм байхад хэт өөдрөг орлогын төсөөлөл хийсэн. Өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр орлогоо хэт өөдрөг төсөөлсөн байгаа асуудалд шүүмжлэлтэй хандахад эдийн засаг огцом өсчихнө гэж байсан. Хаа байна тэр өсөлт нь. Тиймээс мэргэжлийн эдийн засагчид, мэргэжилтнүүдийнхээ байр суурийг сонсож орлого, зарлагаа бодитой төлөвлөхгүй бол УИХ, Засгийн газрын гишүүд, миний бие юугаа хийж төрийн ордонд суух вэ. Төсөв баталж байгаа хүмүүс нь ч бас хариуцлага хүлээдэг баймаар байна. Өмнөх жилийнхээ алдааг засахгүйгээр ирэх оны төсөв орж ирж байна. Орлогоо өөдрөг төсөөлөхийн хэрээр түүнийг дагаад зардлын хэмжээ өсдөг. Зардал Монгол Улсын холбогдох хууль дүрмийн дагуу тусгагдсан хэмжээгээрээ батлагддаг. Түүгээрээ санхүүжих учиртай. Гэтэл төсөөлсөн орлого нь буурчихаар дахиад л зээлээр санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн 2.4 их наядын алдагдал, бодит байдал дээр 3.7 их наядын алдагдалтай төсвийн хэмжээ дахиад нэмэгдэж 6,7 их наядад хүрэх нь.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд