Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Булангууд
2021.07.04 10:07

Т.Отгонбаяр: Монголын анхны “Очирт”, “Соёмбот” маркуудыг “Марзан” Шарав зурсан гэдэг ч хоёр өөр хүн зурсан байх магадлалтай

Зураач Тодын ОтгонбаяртайМонгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үүсэдвээр ярилцлаа. Тэрээр 1983-1987, 1997-2003 онуудад Монгол маркийн ерөнхий зураачаар ажиллаж байсан бөгөөд одоо Лондон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.


-Зураач Ч.Хишигчулуунтай энэ сэдвээр өнгөрсөн жил ярилцлага хийсэн юм. Гэтэл та бүр тэс хөндлөн зүйл бичсэн байх юм?

-Би, Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн эсэхийг эртнээс сонирхож байсан. Гэвч энэ цаг үе хүртэл дуугарсангүй. Учир нь энэ бол урлаг судлаачдын хийх ажил гэж боддог байсан. Энэ сэдвийг хөндсөн ямар нэг нийтлэл тэмдэглэл өдий болтол олж харсангүй. Эсхүл би мэдээгүй өнгөрсөн байх.


-Би ч олж хараагүй, өмнө хийсэн ярилцлагынхаа хэмжээнд л ойлголттой яваа. Ер нь монголчууд бид таны хэлсэнчлэн нийтээрээ шахуу тийм л ойлголттой яваа байх?

-Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав гэдэг зураач зурсан гэдэг ойлголт нэвт явчихсан, бүгд итгэчихсэн. Тэгэлгүй ч яахав, угаасаа эхнээс нь бодлогоор системтэй тасралтгүй давтамжтай тэгээд ойлгуулчихсан юм чинь. Хүмүүсийн буруу биш.

“Монголын нэг өдөр” алдарт уран зургийг Шарав зурсан, Монголын анхны маркийг Шарав зурсан, анхны мөнгөн тэмдэгтийг бас Шарав зурсан. Богд Хаан, Ленин багшийн хөргийг тэр бас зурсан. Сонин сэтгүүл, ном судар, хувьсгалын ухуулах хуудсууд…ер нь тэр үеийн бүх зургуудыг тэр л зурсан. Бүтэн 100 жил завсар зайгүй ингэж ухуулсаар зуугаад жилийн өмнө түүнээс өөр зураач Монголд байгаагүй ч юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн юм биш үү. Дүрслэх урлагаас хол хөндий хүмүүсээс асуугаад үзээрэй, түүнийг л нэрлэх вий. Тэр байтугай манай зарим зураачид ч тийм ойлголттой байгаа нь ёстой гайхмаар. Тухайлбал, өөртэй чинь ярилцлага хийсэн Хишигчулуун зураач бүр үгчлэн тэгж хэлсэн байх юм. Уг нь тэр үед Монголд нэр алдартай олон зураач байсан юмсан.

-Байсан л байдаг

-Тийм, Их Хүрээнд шавилан сууж Богд болон шашины мяндагтнуудын болон жирийн ард иргэдийн тааллаар бурхан шүтээн болон тухайн цагийн жирийн амьдралыг дүрслэн бүтээдэг Цагаан Жамба, Гэндэндамба, Сономцэрэн, Данжин, Цэнд, Балдангомбо, Пунцаг-Осор, Хасгомбо зэрэг дээд зиндааны зураач урчуудаас гадна ахуйн хэрэглээний авдар сав хээлдэг доод зиндааны гарын уртай монгол, төвөд, хятад урчууд ч цөөнгүй байсан.

-Та түрүүн манай анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү. гэдэг сэдвийг их эртнээс сонирхсон гэж хэлсэн?

-Би 1983 онд маркийн зураач болон болтлоо манай анхны маркуудыг мань эр зурсан гэдэг ойлголттой тууж явсан. Маркийн зураач болоод л тэр маркуудыг анхааралтай харж эхэлсэн. Надад төрсөн хамгийн анхны эргэлзээ бол Шаравын зурсан гэх 1924 онд хэвлэгдсэн Монголын анхны марк болох “Очирт”-ын дизайн 1926 онд гарсан манай хоёр дахь марк “Соёмбот“-оос илт өөр байсан явдал юм. Ганц хоёрхон жилийн зөрүүтэй нэг хүн зурсан гээд байдаг. Гэтэл тэр хоёр маркийг харьцуулаад харахад хоёр өөр хүн зурсан гэдэг нь илэрхий. Очирт марк бол төвөд маягийн хийцтэй нөгөөх нь арай монголжуу гэмээр юм уу даа. Зураачийн хувьд бодлоо хэлэхэд жишээ нь, "Очирт" марк “Монголын нэг өдөр” уран зурагтай гэхээсээ илүүтэй авдар савны хээ угалзтай илүү төрөлсөнө. Тэгвэл эндээс уг маркийг авдар сав хээлдэг төвөд зураач зурсан байх магадлалтай гэсэн таамаг урган гарна, миний л бодол шүү дээ.

-Тэгэхэээр таны бодож байгаагаар хоёр дахь буюу "Соёмбот" маркийг нь хэн зурсан болж таарч байна?

-Ёстой мэдэхгүй. Зөвхөн энэ хоёр марк төдийгүй бусад анхны маркуудыг хэн зурсан юм бол гэдэг асуулт одоо ч, өмнө нь ч миний толгой тархинаас салдаггүй юм. Гэсэн мөртөө тухайн цагт нь түүнийгээ цааш нь ухаж түнхье ч гэж бодож байсангүй. Мөн ч тэнэг байж дээ. Тэр үед уг нь нөгөө гайхамшигт алтан үеийн урлагийн ахмад мастерууд, ахмад марк цуглуулагчид олонх нь болон цөөн боловч лам хуврагууд амьд сэрүүн байсансан. Асуугаад тэмдэглээд авах минь ч яав даа гээд одоо хар толгойгоо шааж сууна. Би л лав холдож ойртоод 20 жил монгол марктай нэр холбогдож явахдаа Марзан Шарав гэдэг зураач, эсхүл өөр хэн нэгэн зураач анхны маркуудыг зурсан гэдэг тодорхой албан ёсны баримт олж хараагүй. Гэхдээ тийм баримт улсын архивт байж магадгүй л юм. Ур хийц гүйцэтгэлийн талаасаа "Очирт" нь "Соёмбот"-оосоо илүү. "Соёмбот"-ын ур хийц тааруу, муруй сарий зураас, эв хавгүй бичээс гээд өөлөх юм бий. Хоёр өөр зураач зурсан. Үүнийг олж харахын тулд заавал зураач байх албагүй л дээ. Уншигч та өөрөө харьцуулаад хараарай.

-Та, Марзан Шарав гэдэг зураачийн бүтээлүүдэд их эргэлздэг хүн юм аа даа?

-Бүгдийг нь нэг хүн ганцаараа зурсан гэдэгт итгэх арга алга даа. Цааш нь ухаад бодохоор хэрэв Шарав зураач урлаг уран сайхны маш өндөр түвшинд бүтээсэн өнөөх алдарт “Монголын нэг өдөр”-ийг зурсан нь үнэн юм бол, хувьсгалын гэдэг нэрээр алдаршсан тэр аймаар ухуулах хуудсууд, ном сэтгүүлийн зургуудыг хэн зурсан байх вэ? Аймаар гэдэг нь зургуудын ур чадварыг хэлж байна. Маш тааруухан зураачид ур чадвар дорой зурсан байдаг. Гэтэл ийм ур чадварын хувьд илэрхий зөрүүтэй зургуудыг Шарав гэдэг нэг л хүн зурсан гээд овоолоод байдаг. Эндээс улбаалаад надад юу бодогддог гэхээр, манай улаан хувьсгалчид Зөвлөлт Орос, Коментерний заавраар ядуу малчин ард гаралтай, ойр зуурын гарын дүйтэй, доорд зиндааны лам байгаад Ардын хувьсгалын үзэл санааг талархан дэмжсэн зураг зурдаг нэгэн товарищыг гайхамшигт дүрээр тодруулчихсан юм биш биз дээ гэх эргэлзээ төрдөг! Коммунист-большевикууд пионер Павел Морозов, цэрэг Александр Матрасов, уурхайчин Стаханов… гээд олон хиймэл баатрууд төрүүлсэн байдаг. Тэд аллага хядлагын их мастер Ленин, Сталиныг ариун явдалт их багш болгож хувиргаж чаддаг хүмүүс шүү дээ. Тиймдээ ч коммунистууд бол гарамгай химичид. Тэд алтыг баас болгож чадна, баасыг ч алт болгож чадна гэсэн онигоо гарсан биз.

-Тэгэхээр та, коммунистууд, гарын дүйтэй ядуу лам Шарав гэдэг хүнийг Ардын хувьсгалын ачаар шашны мунхралаас ангижирч хувьсгалч зураач болон төлөвшиж тухайн цагийн шинэ хувьсгалт Монголын урлаг соёлын үндэс суурийг тавигчдын нэгний дүрд тоглуулж, тэр үеийн дүрслэх урлаг, зурагтай холбоотой бүхнийг сайнтай муутай нь хамаад мань эр дээр овоолчихсон хиймэл дүр гэж үздэг байх нь, тийм үү?

-Тийм.

-За яахав, маркин дээр ийм эргэлзээ байдаг байх нь. Тэгвэл алдартМонголын нэг өдөрзургийг хэн зурсан юм бол?

-Маш хүнд асуулт байна. Би байтугай нь хариулж чадахгүй асуулт юм биш үү. Дүрслэх урлагийн музейд байгаа эх зураг дээр түүний гарын үсэг байхгүй шиг санах юм. Зураачид, урлаг судлаачид, дүрслэх урлагт ойр болон тэнд ажиллаж байсан зарим хүмүүсээс асуухад бас олж хараагүй байдаг. Шашны гүн сүсэг бишрэлтэй бурхан бүтээдэг зураачид нүгэл хэмээн цээрлэж зурган дээрээ нэрээ бичдэггүй хатуу дэгтэй байсан. Ганц манай Монголд биш, Европ дахинд ч ийм байсан. Сэргэн мандалтын үеэс хойш буюу ХҮI-ХҮII зууны үеэс шашны мухар сүсгээс ангижирсан “эсэргүү” зураачид бүтээл дээрээ нэрээ ил тод бичиж эхэлжээ. Гэхдээ манай Монголд энэ ёсыг зураачид нь ХХ зууны эхэн үед ч үнэнчээр сахиж байсан бололтой. Харин зургийнхаа ард хувийн тамгаа дардаг байсан. Тэр нь байдаг бол Марзан Шарав зурсан гээд яг хэлчихсэн хүн одоохондоо алга даа.

-Ардын зураач, Төрийн шагналт, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм гуай болон Оросын эрдэмтэн доктор Ломакина нар 1970-аад ондИскусство Монголийбил үү дээ, нэг ном гаргасан гэж та бичсэн байсан. Түүн дээр дээрх нэрт зургийг Марзан Шарав зурсан гэж нотолсон байдаг юм биш үү?

-Тэр эрхэм хүндэт хүмүүс тийм ном гаргасан. Гэхдээ тэд яг үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үү, үзэл суртлын хатуу харгис дарамтан дор тэр номыг бичсэн үү гэдэг нэг том асуудал бий. Зураач Саруулбуян бол Цүлтэм гуай эргэлздэг байсан гэх. Чимэдийн Энхээ бол Шарав нэрний хойно асуултын тэмдэгтэй (?) бичсэн гэж хэлсэн санагдана. Тэр ном надад уг нь байсан, алга болсон. Тэрнийг нь ч бас тухайн цагт нь анхаарч харж байсангүй дээ, би гэдэг хүн.

-Тэгвэл тэр ухуулах хуудаснуудыг хэн зурсан болж байна?

-Бас тодорхойгүй юм их байдаг. Хэрэв тэр аймаар хувьсгалын ухуулах хуудаснуудыг зурсан зураач нь Шарав мөн юм бол ур чадвар тун тааруухан зураач байж. Эсрэгээрээ, хэрэв алдарт “Монголын нэг өдөр“-ийг зурсан бол тэр ёстой тасархай зураач байж! Одоо хүртэл нийгмийн болон хувь хүмүүсийн ой санамжид амь бөхтөй байсаар байгаа “Марзан хэмээх Шарав” гэдэг зураачийн ийм хоёрдмол дүр миний хувьд тодроод байна л даа. Нэг талаас "Тэмцэл” кинон дээр нэг гайхамшигтай дүр бий. Үнэхээр Шарав гэдэг ядуу лам зураач Ленин багшийн хөргийг Сүхбаатар жанжны хүсэлтээр зурж өгсөн гоё дүр монголчууд бидний ой санамжид бат суусан, маш үнэмшилтэй. Коммунистууд ийм хиймэл товарищ-баатрууд тодруулахдаа гарамгай! Энд би кино бүтээгчдийг гоочлох гээгүй. Харин ч магтмаар. Нөгөө талаас Шаравын “албан ёсны” гэх намтар түүхийг уншиж эргэцүүлэн бодоход зураач урчуудын зиндааг холин бантагнуулсанд л хамаг будлианы эх байгаа юм. Гэхдээ энд гайхах зүйлгүй, бидний үеийнхэн ийм будлиантай хуурамч түүхээр цэнэглэгдэж өсөж төлөвшсөн.

-Тэгвэл анхны мөнгөн тэмдэгтүүд мөн адил эргэлзээтэй юү?

-Бас л бөөн эргэлзээ. Марзан Шарав гэдэг нэр дээр бөөн овоолго хийчихсэн байдаг, одоо үүнийг ялгаж салгах гэхээр түүхэн баримт байдаг ч юм уу үгүй ч юм уу, бүү мэд.

-Та яагаад ийм оройтож дуугарч эхлэв?

-Ирэх 2024 онд Монгол маркийн 100 жилийн ой болно. Гэтэл ХХI зууны бидний монголчууд нөгөө л нүүдэлчний хэнэггүй зан, сэтгэлгээгээрээ анхныхаа маркуудыг зурсан зураачаа яг албан ёсоор тодруулаагүй явж байдаг. Би ч ялгаагүй! Тэр ч байтугай харьцангуй ойрхон 1960-аад оны маркуудаа ч хэн зурсан эсэхийг яг олж тогтоогоогүй л тууж явна даа. Энэ мэт хоосон цагаан зай манай монгол маркинд маш их бий.

Саяхан миний найз, нэрт нийтлэлч, дипломатч Дашдоржийн Баярхүү анд ХХI зууны монгол хүний дотор ХIII зууны “Монгол хүн бас байна” гэсэн утгатай нийтлэл бичсэн байсан. Бодууштай. Заавал тийм үг сонсож байж дуугардаг би ч гэж би. Нөгөө л ам дамжсан яриагаараа яваастай. Хүссэн ч хүсээгүй ч 20 жилийн түүхтэй нь холбоотой юм болохоор маркинд ажиллаж байсан үеэ дурсамж маягаар бичиж хойч үедээ үлдээхгүй бол түүх муухай гуйвдаг юм байна гэдгийг яг энэ мэтээр нүдээрээ харж чихээрээ сонсож байна. Тэгээд бичээд эхэлтэл гараан дээрээ зогсчихдоггүй юм гэхэд хий эргээд эхэллээ. Түүх бичлэгийн тал дээр амьдран сууж буй Англи орноороо жишээлэхэд 160 гаруй жилийн тэртээ анхны маркаа зурсан хүн байтугай, тэр маркинд юу дүрслэн зурахыг санал болгосон хүнээ ч тэмдэглэн үлдээсэн байх юм. Манайхан бол огт тоохгүй шүү дээ, "Аан нэг юм хэлж л байсан" гэх маягтай үл тоомсорлон өнгөрөөнө. Бүр түүнээс ч жижиг зүйлийг ч тэмдэглээд үлдээчихсэн байдаг юм билээ. Төгсгөлд хэлэхэд, өчүүхэн би Шарав гэдэг зураач анхны маркийг зураагүй гэж хэлээгүй. “Монголын нэг өдөр“-ийг ч бусад нэрлээд байгаа бүтээлүүдийг зураагүй гэж хэлээгүй. Магадгүй тэр аль нэгнийг нь зурсан байх. Гэхдээ түүнийг яг алийг нь зурсан юм бэ гэдэг дээр л эргэлзээ байгаа юм.

Хэрэв хэн нэгэн залуу судлаач энэ сэдвийг зориглон барьж авбал Урлаг судлалын ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах бэлэн маш сайхан сэдэв эзнээ хүлээгээд байж л байна даа. Бүр цааш нь ухвал Орчин үеийн Монголын Дүрслэх Урлагийн түүхэнд ч өөрчлөлт гарч ирж мэдэх л юм. Архив ухаж түнхдэг, түүх шастир судалдаг хүмүүс бидний энэ ярилцлагыг уншаад мэдсэн, сонссон, уншсан зүйлсээ хуваалцаж санал бодлоо солилцвол би их баяртай байх болно.

Онцлох нийтлэлүүд