Улс төр
2015.02.22 01:02

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад айлчилна

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр маргааш Улаанбаатараас мордоно. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхах юм.

Мөн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс" компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.

Түүнчлэн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай" машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцана.

Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс" эвслийн бүлгийн дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар багтсан байна. Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна.

Онцлох нийтлэлүүд