ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2020.01.12 02:01

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк санхүүжүүлнэ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк санхүүжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл 4 жилийн хугацаанд, 10 сая долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам хоолойг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хангамжийн хамрах хүрээг тэлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “3.8 км магистралын шугамыг өргөтгөнө. Ингэснээр 1, 3, 4, 10 дугаар хороолол, Хан-Уул дүүргийн 11, 15, Баянзүрх дүүргийн зарим хорооллын дулаан хангамжийг сайжруулах боломж бүрдэж байгаа. Үүнээс гадна 7.6 км дулааны шугам татсанаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан орчим, 3, 4 дүгээр хорооллын эцэс, 6 дугаар бичил хороолол, Толгойтод шинээр орон сууц барих боломжуудыг бүрдүүлж өгч байгаа”

УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Бид энэ гэрээг хэрэгжүүлснээр 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын томоохон шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх мөн шинээр суурьшлын бүсүүд рүү шугам татах ажлууд хийгдэнэ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошник “Энэ бол бидний дулаан хангамжийн салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Төслийн санхүүжилтээр одоо байгаа дулааны шугам сүлжээг сэргээн засварлаж, шинэ дүүргүүдийг төвийн шугамд холбох ажлууд хийгдэнэ. Энэ төсөл нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, Улаанбаатар хотыг цэвэр агаартай болгох үр дагавартай тул энэ чиглэлийн хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Түүнчлэн бид хөдөө орон нутагт төсөл хэрэгжүүлэхээр Сангийн яамтай үргэлжлүүлэн ажиллах болно. Ингэхдээ дэд бүтэц, дулаан, усны хангамж, нийтийн тээврийн салбарыг анхаарч ажиллана.

Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Техник хамтын ажиллагааны хүрээнд 1.5 сая долларыг компанийн чадавхыг хэмжих, сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Онцлох нийтлэлүүд