Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
Улс төр
2021.10.27 09:10

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна

“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг удахгүй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг энэ намар УИХ-аар хэлэлцэнэ. Уг хуулийн төсөл бүхэлдээ эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэлээ гэх шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар та байр сууриа хуваалцахгүй юу?

-Манай төрийн бодлого ардчилсан нийгмийг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийг “солонгоруулах”-ад чиглэдэг гэж ойлгодог. Гэтэл УИХ-д өргөн баригдсан “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” яг үүний эсрэг байдлыг бий болгоход чиглэсэн гэж үзэж байна.Зах зээлийн эдийн засаг гэдэг чинь аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлддөг, чөлөөт өрсөлдөөний үндсэнд өөрсдөө хөгжиж, бэхжиж байдаг зарчимтай.Сүүлийн 30-аад жил аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод хэн ч байсан зах зээл, бизнесийн орчинд тулгарч буй асуудлаар дуу хоолойгоо илэрхийлдэг, чөлөөтэй хэлэлцэж санал бодлоо солилцож шийдвэрт хүрдэг ийм л нийгмийг байгуулж байна гэж бид бодож ирсэн. Харамсалтай нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байгаа “Худалдаа, аж үйлдэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” нь аж ахуйн нэгжүүдийн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боогдуулах эхлэлийг тавих гэж байна.

Эдийн засаг, бизнест учирсан ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр бүх талуудын оролцоотой хэлэлцэхэд мэргэжлийн холбоод нь мэргэжлийн өнцгөөс,ТББ, танхимууд нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулах талаас нь, төрийн байгууллагууд улс орны бодлогын чиглэлийн өнцгөөс харж, олон талаас нь хэлэлцэж байж бид тухайн асуудлыг шийдэх хамгийн зөв арга замыг олдог. Гэтэл энэ хуулийн төслөөр ингэж нээлттэй санал бодлоо хэлж хэлэлцдэг байдлыг үгүй хийж хувийн хэвшлийнхнийг бүгдийг нь нэг хүний гараар удирдуулдаг хэт төвлөрсөн бас нэгэн “Засгийн газар”-ыг бий болгох гэж байна.

Ингээд харахаар Монгол Улс үнэхээр ардчилсан нийгмийг бэхжүүлэх гээд байгаа юм уу, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх гэж байна уу, эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руу буцаад шилжих гээд байгаа юм уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Хэрвээ “Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” яг энэ хэвээрээ батлагдвал ардчилсан үзэл санаа, зах зээлийн зарчмууд, нөгөө чөлөөт өрсөлдөөн бүгд байхгүй болох хамгийн анхны том алхам болох болно.Статистикаас харахад арваад жилийн өмнө ДНБ-нд эзлэх хувийн хэвшлийн оролцоо 80-аас дээш хувьтай байсан бол одоо 70 орчим хувьтай л болсон байна.Энэ нь төр өөрөө бизнес хийгээд, бизнес, зах зээлд оролцох оролцоо нэмэгдсэнийг илэрхийлж байна. Ийм данхар бүтэцтэй, мөнгөтэй, хүчтэй төр гэдэг бизнес эрхлэгчтэй хувийн хэвшлийнхэн яаж өрсөлдөх юм бэ.Ийм байдлаар тэртэй тэргүй чөлөөт өрсөлдөөн аль хэдийнэ хумигдаад байгаа энэ үед бас нэг төвлөрсөн удирдлагыг бий болгох хууль батлагдвал бид цаашид ардчилал, зах зээлийн эдийн засгийн талаар яриад ч хэрэггүй болох болно. Иргэд, аж ахуйн нэгжүүд“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль” гэдэг нэрнээс нь хараад “надад хамаагүй, танхим гэдэг байгууллагуудад л хамаатай юм байна. Тиймээс тэр танхимууд, мэргэжлийн холбоод нь л хоорондоо ярина биз” гэж ойлгоод анзаарахгүй байх шиг. Яг үнэн хэрэг дээрээ энэ хуулиар чинь дамжуулаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн алдаж болохгүй эрх болох өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд чинь халдах гэж байна. Энэ хуулийн төслийн дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнийг ганцхан МҮХАҮТ-ын дор нэгтгэж удирдуулна, хувийн хэвшлийн хөгжлийн асуудал, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ганцхан МҮХАҮТ л төртэй харилцана, эдийн засгийн салбар бүрт байгуулагдах “дагнасан” “мэргэжлийн” гэж нэрлээд байгаа танхимууд нь МҮХАҮТ-ын харъяанд ажиллаж, дарга нарынхаа удирдлагаар ажиллах болно. Ийм тогтолцооны хамгийн том сул тал болМҮХАҮТ-ын дарга хэн болохоос хамаарч түүний эрх ашиг, тэр хүний талынхны төлөө Монголын 70, 80 мянган аж ахуйн нэгжийн нэрийг барьж дуугарадаг, тухайн даргын эрх ашигт нийцсэн асуудлуудаар төр засагтай “ханцуйндаа наймаалцдаг” болгох аюул байж болох юм. Тэгэхээр энэ бол ардчиллаас ухарсан хамгийн том алхам болохоос гадна магадгүй авлига хээл хахууль, чөлөөт бус “дарга нарын” эдийн засгийг бий болгох аюулыг бий болгож ч болох юм.

-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д ийм нөхцөл байдлыг бий болгох яг ямар заалтууд орсон байна вэ?

-Хуулийн хувьд нэлээд олон шинэ зохицуулалт орж байгаа. Тухайлбал, хуулийн төслийн5.7-д “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд зөвхөн МҮХАҮТ-ын гишүүн болно”, 5.4-т “Монгол Улсад Үндэсний танхим нэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбар тус бүрт дагнасан танхим нэг байна”, “эдгээр дагнасан танхимууд нь МҮХАҮТ-ын харьяанд байна” гэж заасан байна. Ингэж захиргаадалтын аргаар “базах” гэсэн иймэрхүү заалтууд нэлээд орсон байгаа.Өөрөөр хэлбэл, ноос ноолуурын салбарт нэг танхим, арьс ширний салбарт нэг танхим, худалдааны салбарт нэг танхим гээд бүгд одоогийн МҮХАҮТ-ын харьяанд байгуулагдан ажиллах болно гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй эдгээр танхимууд нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд бүгд МҮХАҮТ-аас хараат байхаар хуульчилсан байна. Жишээлбэл, ноос ноолуурын салбарт олон мэргэжлийн холбоод бий. Гэтэл энэ хуулийн төслөөр эдгээр ноос, ноолуурын салбарын компаниуд МҮХАҮТ-ын харьяаны “Ноос ноолуурын танхим” гэж байгуулж өнөөг хүртэл хөгжиж, тодорхой амжилтад хүрээд байгаа ноос, ноолуурын мэргэжлийн холбоод цаашид оршин тогтнож өөрийн салбараа хөгжүүлэх чиглэлээр ажиллах, салбарын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй болж, хаалгаа барина гэсэн үг. Ингэхээр тухайн “дагнасан” “мэргэжлийн” танхим нь МҮХАҮТ-ын үгээр ажиллахгүй “үгнээс нь зөрөөд байвал” МҮХАҮТ өөрийн хуваарилах ёстой санхүүжилтээ зогсооно гэж дарамтлах эрхтэй болох болно. Үүнийг Улаанбаатар хотын худалдааны танхим болон бусад мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байна.

-Одоо бол салбар бүр асуудлаа мэргэжлийн холбоо дотроо ярилцаж шийдвэрлээд саналаа холбогдох төрийн дээд байгууллагад гаргадаг. Тэгэхээр эдгээр ажлыг дагнасан танхим гүйцэтгэдэг болоод холбоод байхгүй болно гэж ойлголоо. Зөв үү?

-Энэ хууль батлагдвал мэргэжлийн холбоод цаашдаа ажиллах нөхцөлгүй, боломжгүй болно.Би ноос, ноолуурын нэг компани байлаа гэж бодъё. Миний үйл ажиллагаа, эрх ашгийг хөндсөн хууль гарлаа гэхэд би эхлээд Ноос, ноолуурын дагнасан танхимдаа хандана. Гэтэл тухайн дагнасан танхим нь бие даан шууд Засгийн газар, холбогдох яам руугаа хандаж салбарынхаа эрх ашгийг хамгаалах эрхгүй, заавал МҮХАҮТ-д хандаж, Үндэсний танхим нь Засгийн газарт хандаж ярилцдаг болох болно. Одоо бол мэргэжлийн холбоод дээрээ мэдээлэл ирээд, холбоод нь салбарын хөгжил, аж ахуй нэгжүүдийн тулгамдаж байгаа асуудлыг ярьж хэлэлцээд Засгийн газарт хандан мэргэжлийн үүднээс ярилцаж шийдүүлдэг. Аж ахуйн нэгжүүд хамтрах, нэгдэхийг буруу гээгүй шүү. Хамгийн гол нь захиргаадалтын аргаар нэг л байгууллагын дор төвлөрүүлэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна.

-Танай Улаанбаатар хотын худалдааны танхимаас өөр нэг асуудлыг эсэргүүцэж байгаа. Үүнийг илүү доторхой тайлбарлаач?

-Үүнээс гадна энэ хуулиар орон нутгийн засаг захиргааны түвшинд бие даасан танхимууд байгуулж ажиллуулахыг хааж байгааг Улаанбаатар хотын худалдааны танхим эсэргүүцэж байна. Энэ хуулийн 5.5-д “Үндэсний танхим нь Монгол Улсын нэг ба хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамарсан салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно”,6 дугаар зүйлд “танхим” гэдэг нэрийг хамгаалалтад авах заалтууд орсон байна. Өөрөөр хэлбэл, бие даасан “танхим” байгуулагдаж ажиллах боломжгүй, зөвхөн МҮХАҮТ-ын салбар нэгж л аймаг, орон нутаг, хотуудад байгуулагдан ажиллана гэсэн үг. Жишээ нь, Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын худалдааны танхим” гэсэн манайх шиг байгууллага бие дааж ажиллах боломжгүй болж байна. Бид нэгт танхим нэрийг ашиглах боломжгүй. Хоёрт хэрвээ цаашдаа нийслэлийн нутаг дэсвгэрийн хүрээнд үйл ажиллагаагаа хариуцаж ажиллана гэвэл энэ хуулийнхаа дагуу МҮХАҮТ-ын салбар нэгж болох шаардлага үүснэ.

-Бие даасан бус МҮХАҮТ-ын салбар нэгж болох гол үр дагавар нь юу байх вэ?

-Одоогийн байдлаар 21 аймагт МҮХАҮТ-ын салбар танхимууд ажиллаж байгаа.Иргэний хуулийн дагуу салбар нэгж гэж юуг хэлдэг вэ гэхээр тухайн орон нутагтаа төв байгууллагынхаа үйл ажиллагааг хэсэгчилэн юм уу, бүхлээр нь хэрэгжүүлдэг нэгжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл аймаг, хотуудад ажиллах салбар танхимууд нь бие даан ажиллахгүй, зөвхөн төвлөрсөн удирдлагаар л ажиллана гэсэн үг. Өнөөг хүртэл энэ тогтолцоо хөдөө, орон нутгийн бизнесийн орчныг сайжруулах, тухайн орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр амжилттай ажиллаж чадахгүй байгааг харж л байна. Би МҮХАҮТ-д 10 жил ажиллахдаа Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж ихэнх аймгуудад өөрийн гараар салбар танхимуудыг байгуулж байсан. Тухайн үеийн МҮХАҮТ-ын удирдлагууд ирээдүйд тухайн аймаг, бүс нутгуудад хүчтэй бие даасан ХАҮТ-ууд бий болгох анхны үндэс суурь болгож орон нутгийн салбар танхимуудыг байгуулж байсан юм. Эхлээд салбар танхим болж ажиллаж байгаад яваандаа хөгжөөд ирэхээрээ бие даасан танхимууд болж өөрийн аймаг, бүс нутгийн эдийн засаг, зах зээлээ хөгжүүлэх гарц гаргалгаагаа тодорхойлон аймгийнхаа удирдлагуудад зоригтой тавьж шахаж шаарддаг, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг орон нутгийн түвшинд хамгаалдаг, хөгжүүлдэг, хүчтэй байгууллагууд болгох л зорилготой байсан. Гэтэл одоогийн МҮХАҮТ-ын дарга Амартүвшингийн хувьд эдгээр орон нутгийн танхимуудын хөгжлийн асуудал чухал биш, харин эд нарыг өөрийн гартаа үргэлжлүүлэн төвлөрүүлж байхыг л зорьж байх шиг харагдаж байна.

-Тэгэхээр мэргэжлийн холбоод энэ хуулийн нээлттэй хэлэлцүүлгээр ямар шийдвэрт хүрсэн бэ. Аж ахуй нэгжүүдийн зүгээс ямар саналтай байгаа вэ?

-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” нээлттэй хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын худалдааны танхим”, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл”-ийн 56 мэргэжлийн холбоод болон гадаад, дотоодын ХАҮТ-ууд, төрийн бус байгууллагууд оролцсон. Бид энэ хуулийн төслийг мэргэжлийн холбоод, ТББ-уудын саналыг авч сайжруулах ёстой эсвэл хуулийг буцаан татах ёстой, гэсэн байр суурь дээр нэгдээд байна.

-Та бүхэн хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн дагуу зохих газруудад саналаа хүргүүлсэн үү?

-Бид мэдэгдлээ гаргачихсан. Одоо саналаа нэгтгээд УИХ-ын гишүүд рүү, ялангуяа Эдийн засгийн байнгын хорооны бүх гишүүд рүү саналаа явуулна. Дээр нь энэ хуулийн төсөл нь манай дотоодын олон хууль эрх зүйн актууд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын олон гэрээ конвенцуудыг зөрчиж байгаа тул өөрчлөх шаардлагатай. Жишээлбэл, Худалдаа, аж үйлдвэрийн танхим өөрөө төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагын тухай хуулиар Монголд ажиллаж буй бүх төрийн бус байгууллын үйл ажиллагааг зохицуулж байдаг. Гэтэл хуулийн төслийн 17.4-т “Үндэсний танхимын гишүүнчлэлийн хураамжийн 10 хувийг гишүүн хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий санд төвлөрүүлнэ” гэж заасан байгаа нь ТББ-ын тухай хуулийг зөрчиж байна. Дээр нь 17.7-д “Үндэсний танхим нь дагнасан танхимын үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор гишүүний төлсөн хураамжийн 30-аас доошгүй хувийг түүний харьяалагдах нэг, эсхүл хэд хэдэн дагнасан танхимд шилжүүлж болно” гэж байгаа. Хэрвээ ноос ноолуурын танхим “Та нар ингэж болохгүй, буруу ажиллаж байна” гээд Үндэсний танхимын эсрэг дуугарч дургүйг нь хүргээд байх юм бол санхүүжилт олгохгүй. Харин аль нэг аймгийн салбар танхим “Үндэсний танхимаа та нарын зөв шүү” гээд өөрийнх нь дурыг хөдөлгөөд байвал тийш нь мөнгө, санхүүжилтийг нь өгнө л гэсэн үг. Миний эсрэг дуугараад байвал нөхдүүдээ та нарт санхүүжилт олгохгүй шүү, миний талд дуугараарай л гэж байгаа үг. Энэ ардчилсан тогтолцоо мөн үү. Ингэж санхүүгийн хувьд ч нэг гартаа төвлөрүүлээд, үйл ажиллагааг нь ч зааж өгөөд байвал ямар юмных нь ардчилсан тогтолцоо байх юм бэ. Тийм биз дээ.

-Одоогоор тухайлбал, Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагаа ямар системээр явдаг вэ. Дундын сан гэж байна уу?

-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль”-иар бол бид ямар нэг санд мөнгө төвлөрүүлдэггүй. Улаанбаатар хотын худалдааны танхимын хувьд ямар нэг сан байхгүй. Бид гишүүдийнхээ хураамжаар өөрсдийгөө санхүүжүүлээд Улаанбаатар хотын хүрээнд бизнесийн орчныг нь яаж сайжруулах вэ, гишүүдийнхээ үйл ажиллагааг яаж дэмжих вэ гэдэгт дуу хоолой нь болоод ажиллаж байна. Манай гишүүн биш байсан ч хамаагүй, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ гэдэг тал дээр мөн ажиллаж байна. Манайх бие даасан танхим. Одоогийн хуулиар бүх танхимууд сайн дурын гишүүнчлэлтэй. Манайд одоогоор 250 гаруй гишүүн бий. Цөөхөн юм шиг харагдах боловч чанарын асуудал байна. Жишээлбэл, Үндэсний танхим 21 аймгуудынхаа салбар танхимуудыг нэгтгээд, энд байгаагаа нэмээд явахаар харьцуулахад их тоо гарна л даа. Гэхдээ манайд сүүлийн жилүүдэд гишүүнээр элсэж байгаа аж ахуйн нэгжүүд “Үндэсний танхимд гишүүнээр элсээд нэг жил, хоёр жил боллоо. Тэнд манай эрх ашгийг бодох, биднийг хөгжүүлэх ямар ч ажил байхгүй, ямар ч үр дүн гараагүй. Тиймээс миний үйл ажиллагаа Улаанбаатар хотод явагдаж байгаа учраас танайд элсэх хүсэлтэй байна” гэж ирж нэгддэг. Хэрвээ миний үйл ажиллагааны эрх ашиг яригдаад, ямар нэг асуудал хөндөгдвөл “Улаанбаатар хотын худалдаа, аж үйлдвэрийн танхим”-аар дамжуулж хотын захиргаанд хандаж эрхээ хамгаалуулмаар байна гэдэг. Ийм эрэлт хэрэгцээтэй аж ахуйн нэгжүүд аймгуудад зөндөө бий. Аймгуудад байгаа аж ахуй нэгжүүд аймгийнхаа салбар танхимуудад хандаад эрхээ хамгаалуулах хүсэлтэй байгаа. Гэтэл одоо хуулийн шинэчлэлээр аймгуудын аж ахуйн нэгжүүд орон нутаг дахь салбар танхимуудад эрх ашгаа хамгаалуулах гээд хандвал салбар танхим нь Үндэсний танхим руугаа хандаад, Үндэсний танхим нь эргээд хотоос аймаг руу хандах юм уу. Ийм ойлгомжгүй нөхцөлд ордог. Харин нийслэлийн аж ахуйн нэгжүүд бизнесийн орчноо сайжруулах талаар “Улаанбаатар хотын худалдааны танхим”-д хандахад бид шууд хотын захиргаанд хандаж хамтран ажилладаг. Ийм л бие даасан танхимуудыг аймгуудад бий болгох нь зүйтэй юм.

Харин эдгээр бие даасан танхимууд нэгдээд Үндэсний танхимаа байгуулж болно. Үндэсний танхим нь Монгол Улсын бизнесийн орчныг яаж сайжруулах, үндэсний бизнесийн орчны судалгаа хийх гээд илүү бодлогын түвшинд ажилладаг, ярьдаг байх хэрэгтэй. Яг бизнесээ дэмжих ажлуудыг орон нутгийн танхимууд нь хийх хэрэгтэй. Тэгж байж орон нутгийн танхимууд хоорондоо эрүүл өрсөлдөх замаар нэг нэгнээсээ суралцана, хөгжинө. Нэг зүйлийг хэлэхэд, МҮХАҮТ-тай тэрсэлдсэн, ажлыг нь үгүйсгэсэн зүйл энд огт байхгүй. Би өөрөө 60 жилийн түүхтэй энэ том бүтцийн нэг эд эс болоод олон жил ажиллаж бодлогыг нь хүртэл гаргалцаж байсан хүн. Гол нь энэ шинэчилсэн хуулиар аж ахуйн нэгжүүдийнхээ эрх ашгийг боомилохоос гадна улс төрийн намуудын энэ муухай “попрол”-ын систем чинь хувийн хэвшлүүд рүү орж ирэх гэж байгаа учраас ХАҮТ-уудын эрүүл, олон улсын жишигт нийцсэн тогтолцоог л бий болгох ёстой гэж бодож байна.

-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг өргөн барихдаа мэргэжлийн холбоодоос, ТББ-аас санал, хүсэлт авсан уу?

-Үгүй. Энэ бол МҮХАҮТ өөрсдөө нэг хуулийн фирм хөлслөөд захиалж хийлгэсэн хуулийн төсөл. Анхны хувилбарыг нь харахад надад бол нэг байгууллагын дүрмийг хууль болгож оруулж ирсэн харагдаж байсан. Харин УИХ-д өргөн барьсан хувилбарт өмнө байсан зарим нэг заалтыг хассан байна лээ. Нэг байгууллагын дүрмийг хууль болгоно гэдэг хэрээс хэтэрсэн хэрэг. Дээр нь Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа солонгоруулна гэж хичнээн жил ярьж байна. Одоо яг солонгорч байна уу. Бүс нутгаа хөгжүүлмээр байна, аймгуудаа дэмжмээр байна, хот хөдөөгийн ялгааг арилгамаар байна гэдэг. Гэтэл энэ хууль батлагдвал түрүүн хэлсэнчлэн энэ байдал улам дордоно. Улам л хот руу тэмүүлнэ, аймгууд эзгүйрнэ, тэнд ямар ч бизнесийн орчин, зах зээл байхгүй болно. Хот өнөөдөр хэт их төвлөрлөчихсөн, ачааллаа дийлэхгүй болчихсон. Энэ их ачааллыг яаж багасгах вэ? Хотын энэ хэт төвлөрлийг задлах ганц арга нь аймаг, сумдаа хөгжүүлэх. Бүс нутгаа хөгжүүлэх. УИХ-аас бүсэлчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдаад олон жил болж байна.

Аймагт хөгжил бий болж байж энд байгаа компаниуд тийшээ явна. Тэнд зах зээл бий болж байж иргэд нүүдэллэнэ. Тэрнээс захиргааны аргаар арьс ширний үйлдвэрүүдийг бүгдийг гарга, тийм газруудыг бүгдийг хотоос гарга гээд шийдэгдэх асуудал биш. Харин бүс бүрийг тодорхой салбараар нь төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, баруун бүсийг махны чиглэлээр нь түлхүү хөгжүүлэх бодлого баримталбал тэнд энэ чиглэлийн үйлдвэрүүд бий болж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх сургуулиуд нь тэнд нь төвлөрч хөгжинө. Энэ мэтчилэн өөрсдийн онцлогоор нь бүсчилэн хөгжүүлээд хооронд нь ложистикийн хөгжүүлэлтийг хийгээд өгчихөөр бие биендээ худалдаагаа хийгээд, зах зээл нь хөгжөөд улмаар ажлын байр нь илүү ихээр бий болно. Ажлын байр хайж байсан хүмүүс чинь эргээд нутагтаа ажлын байраа дагаад очих юм. Эдийн засгийн утгаар нь төвлөрлийг задлах чухал болчихоод байна. Ингэж хөгжүүлэхэд энэ яриад байгаа “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль” ч чухал нөлөөтэй.

Онцлох нийтлэлүүд