ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.06.11 08:06

Улсын начин Бямба-Очирын аав Б.Цогбадрах: Миний хүү хүнд бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ нуугаагүй


Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Ц.Бямба-Очирын аав Б.Цогбадрахтай ярилцлаа.


-Баяр наадмын тухай хуульд улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулах тухай заасан байдаг. 2018 оны наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад шинээр начин цолны болзол хангасан Ц.Бямба-Очироос хориотой бэлдмэл илэрсэн. Ямар бодис хэрэглэсэн юм бэ. Шалтгаан нь юу байв?

-Миний хүү үндэсний бөхөд бүтэн 20 жилийн хөлс хөдөлмөрөө зарцуулсан л даа. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийж энэ зэрэгт хүрсэн. Тамирчин хүний хамгийн хэцүү өрсөлдөгч нь бэртэл гэмтэл байдаг. Энэ том дайсан миний хүүг тойроогүй. Солонгост хоёр удаа, Монголд нэг удаа мэс засалд орсон. Тогтмол л эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэж ирсэн л дээ. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлийн найрлагаас л хортой бодис илэрсэн бололтой.

-Та бүхэн бэртэлдээ хэрэглэсэн эм тарианыхаа нэрийг допингийн эсрэг үндэсний төв болон МҮБХ-нд тухай бүрт нь мэдэгдэж байсан уу?

-Допингийн шинжилгээнд хамрагдахдаа тамирчид тест бөглөдөг шүү дээ. Тухайн тестэн дээр бэртэлдээ хэрэглэсэн эм, тарианыхаа нэрийг тодорхой тэмдэглэж шинжилгээ авч буй эмчдээ өгсөн юм билээ. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ нуун дарагдуулаагүй, эмчдээ мэдэгдсэн гэдгийг онцолмоор байна. Тухай бүртээ холбогдох газруудад нь мэдэгдээд явах байсан юм билээ. Энэ асуудал дээр ойлголтын зөрүү гарчихсан.

-Ц.Бямба-Очир бэртэлдээ хэрэглэж буй эм бэлмэл нь допингийн жагсаалтад орсон гэдгийг мэдээгүй хэрэг үү?

-Мэдэгдэх аргагүй юм билээ. Өвчин намдаах эмийн найрлагад л допингийн төрлийн бодис багтдаг юм билээ. Хүнд бэртэл авсан. Арга мухардаад л эмчилгээ хийлгэсэн шүү дээ.

-Ц.Бямба-Очир хэзээ, ямар бэртэл авсан юм бэ?

-Үе мөчний чагтан холбоос нь тасарсан юм билээ. Нэг их анзааралгүй явж байхад нь үе хоорондын жийргэвч эд нь устчихсан. Ингээд л хүнд мэс засалд орсон юм. Үүнээс үүдээд судас нь дээш 30 орчим см бөглөрчихсөн байсан. Эмч нар “Эмчилгээгүй боллоо. Хөлийг нь тайрахаас өөр аргагүй боллоо” гэх хэцүү мэдээг бидэнд дуулгасан. Бөглөрсөн судасны булингар нь уушги руу, цаашлаад зүрхэнд ороод л болохоо больдог юм билээ. Ингээд л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байхад эмч маань БНСУ-руу яаралтай явж эмчлүүлэхийг зөвлөсөн юм. Очиж эмчлүүлэхэд бөглөрсөн судасных нь 50 хувийг л нээж өгдөг юм билээ. Үргэлжлүүлээд цус шингэлэх гэх мэт эмчилгээ хийх шаардлагатай болж байгаа юм. Энэ эмчилгээ чинь олгой авах шиг нэг удаа л хийгээд болчихдог эд биш л дээ. Тогтмол эмчийн хяналтад байна л гэсэн үг.

-Олон улсын жишигт эмчийн хяналтад байдаг ч допингийн шинжилгээнд хамрагдаад цэвэр явдаг тамирчид олон байдаг шүү дээ?

-Эмчийн заавраар эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг, олимп тив дэлхийн тэмцээнд амжилт үзүүлдэг тамирчид олон байдаг гэсэн. Үүнийгээ сар орчмын өмнө мэдэгдэж байх ёстой. Үүнийг зөвшөөрдөг юм билээ.

-Допингийн шинжилгээнд нэгэнт бүдэрчээ. Ц.Бямба-Очир начинд ямар хариуцлага хүлээлгэх бол. Барилдах эрхийг нь түдгэлзүүлэх үү, цолыг нь хураах уу?

-Цолыг нь хураагаад барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэрийг Баяр наадмын зохион байгуулах комисс гаргаад байгаа. Юм хаашаа шийдэгдэх нь тодорхойгүй байна л даа. Миний хүүгийн нас одоо 30 гарч байна. Спорт гэдэг залуу насны ажил. 20 гаруй жилийн ачаалалтай бэлтгэлийн ард гарч ийм амжилт үзүүлсэн шүү дээ. Бага зэргийн л үл ойлгох явдлаас болж хүүгийнхээ хөлс хөдөлмөрийг баллуурдуулна гэхэд харамсалтай байна. Холбогдох байгууллагууд допингийн хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл түгээдэг ч бэртэл гэмтэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ яаж мэдэгдэх, хаана ямар байгууллагад хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь анзаарагддаг.

-Та бүхэн Допингийн эсрэг үндэсний төвд хандсан уу. Ямар байр суурьтай байна?

-Допингийн эсрэг үндэсний төвд хандахад Баяр наадмын комисс зөвшөөрвөл дэвжээндээ гараад барилдахад асуудалгүй гэж мэдэгдсэн байгаа. Монгол наадам, монгол дотроо юм чинь үүнийг уучилж болдоггүй юм уу. Бид допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэж маргалдаагүй. Гагцхүү мэдэгдэх хугацаа л хэтэрсэн юм байна. Эмчилгээнд хэрэглэсэн эм бэлдмэлээ нуугаагүй шүү дээ. Олон улсын жишигт ч үүнийг хуулиар зөвшөөрдөг юм байна. Хаана хаанаа ойлголцмоор байна даа.

-Ц.Бямба-Очир начингаас ямар төрлийн бодис илэрсэн юм бэ?

-Хүний дархлааг л дэмждэг бодис юм билээ. Нэрийг нь сайн мэдэхгүй юм.

-Начин хүнд бэртэл авсан юм байна шүү дээ. Гам барилгүй барилдаж болдог юм уу?

-БНСУ-ын эмч нар сайн хөдөлгөөн хийж цусны эргэлтийг түргэсгэж байхыг зөвлөсөн л дөө. Хөдөлгөөн хориглодог бэртэл биш.

“Баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйл:

14.1.Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

14.1.1.Тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

14.1.2.Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

14.1.3.Баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах” гэж заасан байдаг. Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхөд дээрх гурван заалтын аль нэгийг нь л хүлээлгэдэг. Гэтэл Ц.Бямба-Очирын цолыг хураагаад зогсохгүй, барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасахад ойрхон байгаа юм. Өмнө нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд дээрх хоёр шийтгэлийн аль нэгийг л оногдуулж байсан. Энэ жилийн тухайд давхар шийтгэл оногдуулахад ойрхон байгаа юм.

Ц.Бямба-Очир начингийн аав “Би ямар нэгэн албан байгууллага, хувь хүнийг буруутгамааргүй байна. Бидний ойлголт шинжилгээ өгөхдөө эмчилгээгээ бичдэг л гэсэн ойлголттой байсан нь хугацаа хэтрэхэд хүргэлээ. Үндэсний бөхийн спорт гэдэг хатуу. Бэртэл гэмтэлтэй залуус олон бий. Бэртлээ эмчлэхдээ эм бэлдмэлээ холбогдох байгууллагуудад хугацаанд нь мэдэгдэж байх зайлшгүй шаардлагатайг анхааруулмаар байна” гэж хэлж байлаа.


Онцлох нийтлэлүүд