Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ханзат хотын туурь Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Ханзат хотын туурь Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа
2021.08.20 11:08

Улсын харцага Б.Бат-Өлзий: Ард түмэн маань арслан цолтон төрлөө л гэх юм. Төр цолыг минь өгөх байлгүй дээ

Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ


Ардын хувьсгалын 100 жилийн ой, МЗХ-ны 100 жилийн ой, МҮБХ-ны 30 жилийн баярт зориулсан хүчит 512 бөхийн барилдааны түрүү хүчтэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Хамаг Монголын хүчтэнүүд цугласан наадамд түрүүллээ, танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдал амар биш байгааг хаа хаанаа л ойлгож байгаа. Ийм хүнд үед МҮБХ-ны зүгээс бөхчүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хичээл зүтгэл гаргаж сайхан барилдаануудыг зохион байгууллаа. МҮБХ-ны удирдлагуудад эхлээд талархал илэрхийлье. Таны хэлж байгаагаар хамаг Монголын хүчтэнүүд Хүй долоон худгийн дэнжид чуулж хоёр өдөр сайхан наадамлалаа. Санасан бодсондоо тултал барилдаж түрүүллээ. Ховд нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэлээ. Сэтгэл дүүрэн сайхан байна.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлэх тухай олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн байх. Ард түмэн аль эртнээс л таныг наадмын түрүү бөхийн тааварт нэрлэж байсан нь ёсоор боллоо. Үүний ард олон жилийн хөдөлмөр яригдах байх.

-Би 2009 онд Ховд аймгаас Улаанбаатар хот руу бөх болохоор ирж байлаа. Үеийнхнээсээ намхан нуруутай жаахан хүүхэд цүнхээ үүрээд танил ахындаа бууж байсан маань санаанд тод үлдэж. Тэр цагаас хойш зөвхөн үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж тууштай зүтгэсний үр дүн өнөөдөр гарлаа. Улсын харцага цол хүртээд заан цолны даваанд боссоноос хойш наадмын дэвжээнд дээшээ барилдаж болох сэтгэл орсон. Заал танхимын барилдаануудад ч аварга, арслан ах нартайгаа эн тэнцүүхэн барилдаад ирэхээр бөхийн хүрээнийхэн наадмын түрүү бөхийн тааварт оруулах болсон. Ард түмнийхээ тэр их хүслийг гүйцэлдүүлж төрийн наадамд түрүүлэх хүсэл их байсан ч болж өгөхгүй л яваад байлаа. Шантралгүй зүтгэсэн хүнийг бөхийн дэвжээ ивээдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ. Манайхан ч амны бэлгэтэй, бөхөө таньдаг, мэдэрдэг хүмүүс юм.

-Наадмын барилдаанууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам боллоо шүү дээ. Баяр наадмын барилдаануудынхаа талаар уншигчидтай хуваалцахгүй юу?

-Урьд өмнө нь болж байгаагүй өндөр чансаатай бөхийн барилдаан боллоо гэж хувьдаа үзэж байна. Улсын цолтой 100 гаруй бөх зодоглолоо. Аймгийн арслангууд ч олон бүртгүүлсэн байна. Аварга, арслангуудын аманд цэрэг юм уу, залуу бөх гарч барилддаг жишиг бий. Сая бол сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд Монгол үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн аймгийн начингууд аманд гарч байх жишээтэй. Ийм л өндөр чансаатай барилдаан болж өндөрлөлөө. Бөхчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж сайхан өрсөлдүүллээ. Ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, баяр наадмын барилдаанаа дэг журамтай сайхан зохион байгууллаа. Манайхан бүтэн хоёр өдөр л бөхөөр амьсгалах шиг боллоо. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай туллаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүллээ.

-Цар тахлын нөхцөл байдалд баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав. Таны тухайд Сүүж ууланд бэлтгэлдээ гарсан сураг дуулдаж байсан?

-“Ховд” дэвжээний залуустайгаа Сүүж ууланд баяр наадмын бэлтгэлээ базаасан. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч нарынхаа гаргасан төлөвлөгөөний дагуу л базаасан. Их сайхан таарсан шүү. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн их ой тохиож байна. Ийм онцгой цаг үед барилдаж байдаг бид их сайхан хувь зохиолтой улс юм.

Бөхчүүд ч энэ их ойд зориулж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн байна. Аймгийн цолтнуудын бэлтгэл ч онцгой сайн байгаа нь анзаарагдлаа. Манай залуу бөхчүүд цолтой нь биш, биетэй барилддаг болж. Том цолтой бөхчүүдээс сүрдэж, биеэ барьдаг цаг ард үлдсэн байна шүү.

-Наадмын барилдааны өмнөхөн Сутай хайрханы тахилга наадамдаа түрүүлээд ирсэн байна лээ.

-Тэгсэн. Нутгийнхаа төрийн тахилгатай улсын наадамд амжилттай барилдаж түрүүлсэн. Дараахан нь Ховдод баруун бүсийн том уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан. Энэ үеэр ч улс аймгийн цолтнуудын барилдааныг бөхчүүдээ шинжилгээнд хамруулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амжилттай явуулсан. Аймгийн цолтой залуу бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс цол чимэг олгож, эрэмбэ тогтоох барилдааныг ч тусад нь явуулсан. Ховд аймгаас энэ цаг үед сайн барилдаж байгаа Ганбаатарын Ганхуяг гэж залуу гайхамшигтай уран барилдаан үзүүлж түрүүллээ. “Ховд” дэвжээнээс өсөх ирээдүйтэй залуу хүчтэн тодорч байгааг нь хараад баярлаж л суулаа. Их спортоор хичээллэдэг, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог Ганхуяг дүүгээсээ том амжилт хүлээж байна даа. Нутгийн зон олон маань ч дээлнийх нь захыг мушгиж л суугаа байх.

-Ховд нугтгаас 81 жилийн өмнө Шаравын Ванчинхүү арслан төрийн наадамд түрүүлж байлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн түрүү бөх Ховдын хязгаараас тодорлоо. Баруун хязгаар нутгийн зон олон баяр жаргалаар бялхаж л суугаа байх.

-Мэдээж шүү дээ. Нутгийн зон олноо баясгах гэж бид их хөдөлмөрлөлөө. Энэ их ойд Ховдын бөхчүүд ч сайн барилдлаа. Шөвгийн найман бөхийн дөрөв нь “Ховд” дэвжээний хүчтэнүүд байлаа шүү дээ. Улсын харцага Н.Батзаяа, Г.Алтангэрэл гээд багш нарын маань хөдөлмөрийн үр дүн, залуусын хичээл зүтгэл нь энд гарч байна.

-Үенч сумын Б.Уртнасан гэж залуу баяр наадмын таавар эвдэж улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан нь 100 жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.

-“Ховд” дэвжээний арслан, заанууд маань гялалзтал сайхан барилдлаа. Улсын том цолтнуудтай айж бэргэлгүй эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж өндөр даваанд гарч ирлээ. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж яваа аймгийн арслан Н.Батсайхан ах маань чансаа өндөр наадамд зургаа давлаа. Хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг Ц.Адьяа арслан маань сайхан барилдаж зааны даваанд бослоо. Б.Уртнасан заан ч энэ цагийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийг өвдөг шороодуулж дээшээ гарч ирлээ. Нутгийн зон олныхоо итгэлийг эвдсэнгүй. Бидэнд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх билээ. Манайханд ямар их нөөц бололцоо байгаа нь сая тодорхой харагдлаа. Цаашид илүү хөдөлмөрлөж, үзүүлсэн амжилтдаа эзэн болж ахиулах даалгавар бидний өмнө байна.

-Долоогийн даваанд зүүний манлайд босч цолоо дуудуулсан. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар зүүний манлайд гарч цол дуудуулна гэдэг ховор хувь зохиол юм даа. Аварга, арслангууд зодоглосон наадмын зүүний манлайд босоод ирэхээр өөртөө ч итгэж өгөхгүй байсан шүү. Жингүйдээд л ирж байгаа юм (инээв).

-Аймгийн хурц арслан Э.Ууганбаяртай хийсэн барилдааны талаар асуумаар байна. Өмнө нь ч хэд хэд барилдаж байсан шүү дээ. Түрүү, үзүүрийн барилдаан ямар болов?

-Э.Ууганбаяр анх намайг хаяж улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж байлаа. Үеийн аймгийн арслангуудаасаа тодорч сайн барилдаж байгаа залуу. Бид үндэсний бөхийн оргил руу хамт зүтгэж яваа нэг үеийн тамирчид. Наадмын түрүү байрын төлөө харгүй сайхан хүч үзсэн. Миний тухайд төлөвлөж байснаараа барилдаад л даваа авсан.

-Баяр наадмын бөхийн барилдаан МҮБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдлаа. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Бүх баяр наадам шинэчлэн баталсан дүрмийн дагуу явагдаж байна. Над шиг нуруу намтай бөхчүүдэд ашигтай юм уу гэж би анзаарлаа. Цаашид илүү тэвчээртэй бөхчүүд л сайн барилдах юм билээ. Үндэсний бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсэнээр үзэгчдийн хүлээдэг уран хурц барилдаанууд олон гарах байх. Хүлээж тулж зогсож байгаад л барьц сонгодог явдал байхгүй болсон. Өмнө нь тулж зогсоод л ганц хоёр золгож шоо шидээд нэг нь араас нь тэвэрч аваад чулууддаг байлаа. Дүрэмтэйгээ уялдаад бөхчүүдийн бэлтгэл сургуулилт ч өөрчлөгдөж байна.

-Наадмын гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж үнэн хүчийг үзсэн нь наадамчдыг цэнгүүллээ. Энэ асуудал дээр түрүү бөхийн байр суурийг сонсъё.

-Тухайн үед бөхийн эрэмбэ гэж зүйлийг харуулж байна л гэж бодсон. Миний хувьд бага цолтой залуу хүн. Тэр нь тийм, энэ ийм гэж дүгнэх нь зохимжгүй байх. Ямартаа ч энэ цагийн шилдэг хүчтэнүүд шударга сайхан өрсөлдөж наадамчдыг баярлуулсан. Наадмын нэг чимэг нь байлаа шүү дээ.

-Хоёр өдөр наадам үзэж суулаа. Бөхчүүд ёс зүйтэй болсон юм болов уу гэж анзаарлаа. Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энх-Амгалан гэж залуу зургаа давлаа. Энэ үеэр гаргаж буй бөхчүүдийн хандлага сайхан л санагдаж байлаа.

-Сайн муу нийлж сав дүүрдэг. Зарим нэг асуудал байгаа л байх. Энх-Амгаланг сайн барилдахад нь их баярласан. Ер нь улсын цолны дүүрэн эрэмбэтэй сайхан бөх гэж дотроо үнэлдэг юм.

-Наадам хойшлох шийдвэр гарахад яаж хүлээж авав?

-Уул нь бид өв соёл, эрийн гурван наадмаараа ондоошдог ард түмэн. Эрийн гурван наадам бол монгол үндэстний дархлаа шүү дээ. Баяр наадмаараа л сэтгэлийн дархлаагаа тогтоодог ард түмэн. Дайны бэрх цагт тасалдаагүй монгол наадам 100 жилийнхээ босгон дээр тасалдахад сэтгэл гонсгор л байлаа. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч төсвөөс зардал гаргалгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлаад баяр наадмаа тэмдэглэчих боломж байсан ч хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч хойшилсон. “Тэвчээр тасарлаа” гээд л лоозон бариад хүмүүс яваад байсан. Үнэндээ бөхчүүдийн ч тэвчээр тасарч байлаа шүү дээ. Бөхийн барилдаан гэдэг бидний ажил, амьдрал.

-Тэмцээн уралдаан хоригдсон үед амар байгаагүй л болов уу...

-Нуугаад яах вэ, тэмцээн уралдаан хоригдсон үед хүндхэн л байлаа. Сайхан бизнес хийгээд яваа бөхчүүд байгаа л байх. Гэхдээ ар амьдралаа орхиж бөхийн спортод чин сэтгэлээ зориулж байж л олноос онцгойрч амжилт гаргадаг. Цар тахлын улмаас бизнес зогссон үед энд тэндээс цалинжуулаад байх боломж хомс. Ивээн тэтгэгч нарын маань ч бизнес орлого зогсчихсон хүнд үе байлаа. Гэхдээ эрүүл байхад учир нь олдож л байгаа юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн. Сая баяр наадамдаа түрүүллээ. Түрүүлж үзээгүй ямар барилдаан байна вэ?

-Байгаа байх аа. Ямартаа ч төрийн хэмжээний том хоёр барилдаанд түрүүлчихлээ. Малчин айлын 17-хон настай хүү хотод анх ирж байлаа. Улсын цол чимэг гэдэг бол айхавтар хол л санагддаг байж. 12 жил хөдөлмөрлөсний үр шимийг үзлээ. Үнэхээр сайхан байна. Ганцаараа зүтгээд өнөөдрийн Бат-Өлзий бий болчихсон юм биш. Миний ард бат зогсдог аав, ээждээ гүнээ талархаж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн “Мон тед” констракшн, “Импраль кастл” компанийн хамт олонд талархал илэрхийлье. Намайг дэмждэг олон байгууллага, хүмүүс бий. Тэр бүрийг дурдана гэхлээр та бид хоёрын ярилцлага дуусахгүй үргэлжлэх байх. Намайг ойлгож дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж явдаг аа “Өдрийн сонин”-оороо уламжилъя.

-Энэ наадамд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох тухай асуудал яг одоогоор бол бүрхэг байна.

-Ард түмэн минь арслан Бат-Өлзий л гэж дуудах юм. Төр улс минь харж цол чимгийг олгох болов уу гэж хүлээж сууна. Ганц миний эрх ашиг ч биш л дээ. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Уяачдын тухайд улсын чанартай уралдаануудаа явуулчихлаа. Бөхчүүд ч аймаг аймагтаа барилдаад цол чимгээ авчихлаа. Сая бол улсын наадмаас дутуугүй өргөн цар хүрээтэй барилдаан боллоо. Хүмүүс нэг жилийн хөдөлмөр гэж ярьдаг. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөдөг. Үүний үнэ цэнийг орхигдуулахгүй байх. Цол чимэг олгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.