Улс төр
2015.02.18 06:02

Урт нэртэй хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.18/ нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийгүргэлжлүүлэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжлэг аваагүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болсон бөгөөд тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлдэг байна.

Байнгын хорооноос Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн хэмээн А.Бакей гишүүн танилцуулсан. Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг байнгын хороо дэмжсэн ажээ. Нэгдсэн хуралдаанаар байнгын хороогоор дэмжигдсэн дээрх гурван нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдлоо. Түүнчлэн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гарсан бөгөөд энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Дараа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дараагийн асуудал нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тавьсан юм.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгаа аж.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм байна.

Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ.

Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн сайд танилцуулсан юм.

Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ хэмээн сайд онцолсон.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж сонсгосон.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Онцлох нийтлэлүүд