ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2020.01.10 10:01

"Утгын чимэг" наадмын шилдэг өгүүллэгүүд

Нийтлэлч: Өдрийн сонин


МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Намсрайн нэрэмжит “Утгын чимэг 2019” богино өгүүллэгийн наадмын Тэргүүн байрт Төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норов “Хэрээний нулимс” өгүүллэгээрээ шалгарлаа. Тэрээр энэ наадамд гурав дахь удаагаа түрүүлж буй юм.


ХЭРЭЭНИЙ НУЛИМС /Өгүүллэг/

-Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана. Хэзээ хойно,
Тэгвэл наад хоёр улцнаа эмчлээч гэх тохуутай дуун гарав. Тэгтэл тэр дуугарагчтай өрсөлдөх мэт
Хүүе, Баярт гуай, Баярт аа, нааш ир, энд суугаад сайхан ярь гэж тоглоомын талбайн нөгөө захаас хоёр эмгэн зэрэг зэрэг дуудахад өвгөн тэдэнрүү хазганасхийн зүглэв.
Энэ бол манай хорооллын "орилоо шар" өвгөдтэй нийлж даалуудаж хөзөрдөхгүй атлаа өдөржин энэ талбайгаар сандлаа чирэн холхиж, хөгшин залуу, таних танихгүй хэнийг ч болов "хөөе хө, сайн уу. Чи дуулсан уу" хэмээн тэртээ холоос дуудан ямар нэг сонин содон юм хэлнэ. Улс төр, хүүхдийн сахилга, тамхины хор, телевизийн шинэ мэдээ, ер ярихгүй сэдэв байхгүй. Харин эндхийнхэн бүгд түүнээс дайжин холдоно. Тэгэвч өвгөн гомдоно гэж үгүй. Заримын нь хойноос даган гэлдэрч, мөнөөхөө ярин залхаана. Түүний жонгиносон шингэн дуу талбайн хаана ч тод сонсогдоно. "орилоо шар" гэх хогийн ерийн нэршилээс илүү нэг л зэвүүн хүйтэн өнгө сонсогдоно.
Учир нь “энэ орилоо шар чинь насаараа эмнэлэгийн хүүр задалдаг ажил хийсэн юм гэнэ лээ” гэсэн яриа тархаснаас хойш хүмүүс түүнээс дайжих болсон юм. Өвгөн ч үүнийг нь анзаардаг бололтой, цэцэрлэгт талбайн сандлуудад налайж суугаа хүмүүстэй суудал булаалдахгүй, өөрийн сандлаа чирч ирээд ойролцоохон суугаад жонгинон ярьж гарах. Бүсгүйчүүд хүүхэддээ /энэ өвгөнд битгий ойрт. Чихэр өгвөл сэмхэн хаячихаж бай. Идэж болохгүй шүү. Муухай хүн байгаа юм/ гэхчилэн захиж, өөрсдөө холуур дөлж явна. Тэгсэн атлаа чихэр өгөхөд нь авахгүй байж чадахгүй. Ярвайсхийн авч баярлаж гялайснаа хэлэх мөртлөө холдмогц хогийн савруу чихрийг нь хаяад гараа арчин "тфү тфү, муу юм цаагуур" гэх. Авахгүй байхаас айна. Авсан хойно айна. Чихрээс айж байгаа нь тэр.
Би өвдсөн нүдэнд юу сайныг сонсох санаатай тэрүүхэнд саатан суутал өндөр туранхай өвгөн бас ирж зэрэгцэн суух зуур,
-За манай хөгшин хэрээ өнөөдөр юу гэж гуаглаж байна гэв?
Энэ бол бас манай хорооллын “зангиа”. Өдөр шөнө, өвөл зунгүй зангианаас салдаггүй хүн. Тиймээс эндхийн авгай нар түүнийг зангиатайгаа унтдаг гэж баталцгаадаг юм.
- Одоо л сонсоё гэж би товч хариулав
-Энэ хэрээ мөд үхэхгүй, олон жил гуаглах байх шүү гээд “зангиа” шүлсээ годхийлгэн хаяв.
Энэ өвгөн олон үггүй юм шиг атлаа дандаа тэр энэ хүн болон үйл хэргийн сүүдрийг гоочилсон зэвүүн үг хэлдэг болохоор нь эндхийнхэн бас түүнд дургүй. Гэвч нэг их айж дайжаад байдаггүй юм. Харин "зангиа"- т нь "орилоо шар"-ыгаа бол дандаа үзэн ядсан нэг юм хэлж явдаг ажээ.
За тэгээд юу сайн гэнэ. Хаанаас мэдэв хэмээн хоёр эмгэн зэрэг зэрэг асуун дэргэдээ суудал зайчлан саймшрах нь энэ удаад өвгөнөөс зэнзийлэх цээрийг нь сонсох хүсэл нь дийлэв бололтой.
Гэвч Баярт гуай өмнөхөн нь сандлаа тавин сууж тухлаад хэлж байна.
- Хэрээний нулимс... Хэрээний нулимс нүдний ямар ч өвчинийг хойш урагшгүй нам болгодог гэнэ шүү хө. Хэрээ нөгөө дандаа нүд иддэг амьтан болхоор тэр гэнэ ээ.
- Тэр олон нүднээс чинь аль хэрэгтэйг нь сороод залгичихдаг болохоор нулимс нь тунгаасан эм бололгүй яахав.
- Хүүе ер, нээрэн тийм ш дээ. Үгүй тэгээд тэр хэрээний чинь нулимсыг яаж олдог байна.
- Амархан гэнэ ээ. Согтоож байгаад авчихдаг юм гэнэ.
согтоож ий. Нүгэл байгаа даа, тэгээд хар хэрээтэй архи уух хэрэг үү?
- Уусан ч яадаг юм. Зах дээрээс хонины толгой худалдаж аваад хоёр нүдэнд нь шпирицээр архи шахаад гадаа хаячихгүй юу даа.
- Өө хөөрхий тэгээд тэрийг нь тоншоод нөгөөх нь согтчихдог байх нь.
- Тэгэлгүй дээ. Тэгээд нисч чадахаа байчихаад, хэдэн зуун жил улай зовлон үзсэн амьтан болохоороо тэрийгээ санадаг биз. Уйлаад бөмбөрөөд байдаг юм байх аа.
- Ээ чааваас гэж. Үгүй тэгээд үнэн л байдаг байгаа даа, айн. Тэгж үзсэн хүн байна гэнэ үү? Байна аа байна. Хаа сайгүй л.
- Ишш баярт минь. Чи эрх биш эр юм байна даа, нэг арга бодооч. Хоёулаа дуран шиг нүдтэй болчихъё л доо гэцгээж биесээ нудралцан инээлдэв.
Энэ өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа "хэнгэрэг хагарна" гэгч болов. Орой ажил тараад иртэл манай байрны өмнөх ганц аврага том улиасны орчимд эхнэр хүүхэн голцуу хоёр гурваараа зогсоод шивэр авир гэлцэж мод өөд заацгааж, хар хэрээд бархиралдан, мод тойрон нисэж заримдаа газар шүргэн алдан доош шунган дайрч, хүүхдүүд тэдэнрүү чулуу шидлэн "яваач, зайлаач" гэж хашгиралдан байв.
Есөн давхар байшинтай жацуу энэ аварга улиас бол манайхны ганц бахархал юм. Навчис дундаа шувууны нэг лут сайхан үүртэй юм. Би юу болсоныг сониучирхан мөнөөх горзгор "зангиат"-д ойртон очвол тэр толгой дохин мэндлээд
- Одоо нөгөө хөгшин "хэрээ" хэрэгтэй байна санж гэж дуугарав. Би гайхасхийн асууж харвал
- Энэ хавьд явдаг нэг муу шар муур дээш авирч очоод үүрэнд байсан хэдэн ангайхайг нь бариад ирчихсэн л дээ. Тэгээд л энэ хоёр хэрээ галзуурч өдөржин бархирч модонд ойртсон бүхэнрүү дайрч байгаа юм гэв.
- Хөөрхийс үрт амьтан гэгч. Энэ хоёр эцэг эх нь байхдаа гэвэл өндөр өвгөн ийш тийш өлөдзөн
- Нөгөө "орилоо шар" хайчив аа. Хэрээний нулимсанд дуртай юмсан. Энэ хоёрыг барьж авбал одоо ч нэг асгаруулж өгнө дөө. Яг хэрэгтэй үед нь алга болчих юм. Бас тэр шар муурыг олж орилоогоор төхөөрүүлмээр байна. Тэрэнд айдас хүйдэс, эрээ цээр гэж байх биш гээд хямсайн инээмхийлэв. Тэгтэл ард зогсож байсан нэг охин "Орилоо өвөө" нулимсаа арчаад зогсож байсан. Харьсан байх аа гэж "зангиат"-руу зэвүүцэнгүй хялбалзан хэлээд эргэн одов.
Миний сэтгэл зэхийрч, дотор хүйт оргиход би гэртээ оров. Гэвч тохитой сууж чадсангүй. Гадаа хэрээ зогсоо чөлөөгүй бархирах, эх хүүхдээ дуудан зандрах, зайлаач яваач гэж багачууд хашгиралдах дуулдсаар бүтэн оройг түгшүүрээр дүүргэж орхив.
Золоор маргааш нь амралтын өдөр тул аажуу босож гадагш гарвал өчигдрийн түгшүүр нилээд намжсан бололтой. Мөнөөх хоёр хэрээ тамираа барсан, цөхөрсөн ч юм уу, шонгийн модны оройд сууж хааяа «гон гон» хийн гоншигонож байв.
Харин хүүхдээ салхилуулсан, нарласан эхнэр хүүхнүүд бөөгнөрөн нэгэн зүйлийг шогшрон хүүрнэлдэхийг сонсвол "орилоо шар" гуай хөлөө хугалж, хавиргаа гэмтээсэн, эмнэлэгт хүндхэн байгаа гэлцэнэ. Учрыг асуувал ангайхай идсэн муурыг «зангиат» гуай шийтгэхээр шийдэж, хүүхдүүдээр бариулаад ойролцоох траншиний худагт хийгээд таглачихсан юмсанж. Мөнөөх жаалуудаас үүнийг сонссон "орилоо шар" амьтан тамлав гэж ихэд уурсан мөнөөх худгаас муурыг гаргах гэж байгаад дотогшоо унаж тийн хэмхэрсэн ажээ.
Худагт орж муурыг гаргах зоригтой жаалууд олон байсан боловч өвгөн тэднийг хавьтуулаагүй гэнэ. Нөгөө хэрээний нулимс авах ч хаа байхав. Хэн нь хэрээ, хэн нь муур юм бэ дээ гэмээр юм болоод дотор зэгийлгэсээр өнгөрөв. Бид ч мартагнав. Гэтэл сар гаруйн дараа эхэн намрын нэгэн налгар сайхан өдөр хүүхдийн талбай дунд тэргэнцэрт суусан «орилоо шар» гэх Баярт гуайтай тааралдав. Хөл муут хүний тэргэнцэр дээр суугаад дугуйг гараар өнхрүүлэн
"Хөөе сайн уу хө, өнөөдөр чинь ялалтын өдөр, баярын мэнд хүргье" гээд улам цээл болсон жонгинуур дуугаар холоос мэндлэв. Ойртон очвол давхар эмжээртэй морин хүрэмнийхээ энгэрт "Халхин гол 1939" гэж латинаар бичсэн "дайнд оролцсон ахмад дайчин" гэсэн хоёр тэмдэг зүүжээ. Би өвгөнтэй мэндлээд тэсэлгүй мөнөөх хэрээний нулимсыг асууж орхив. Өвгөн инээж,
Надад хэрэггүй ээ хө. Тэр авгайчуулын нүдэнд л гээд хар шилээ авбал ухархайдаа цийгээд цайчихсан хоёр нүд хөдөлгөөнгүй бүлтийж харагдав. Харин чихний нүхнээс сонсголын жижиг хэрэгсэл хар нүд мэт бултайж байлаа. Өвгөн
«Хөөе та минь ээ. Өнөөдөр чинь Халхын голын ялалтын өдөр. Та нар мартаагүй биздээ» гэж жонгинон орилсоор сэхээвчинд суугаад даалууны гуншин уянгалуулж байгаа хөгшидийн зүг дугуйгаа өнхрүүлсээр одов.
Харин мөнөөх аварга улиасны мөчир дээр нулимсаа ширгээсэн хоёр хэрээ таг дуугүй нэвсийн суугаад доор нь нүүр буруулан зогсоод талхны булан дээр архи цутган, хүн харчих вий хэмээн ийш тийш хялалзан, тэднээс нулимс авах аргаа хийж байгаа "зангиат" өвгөнийг уйтгартайяа ширтэн байлаа.

2019 оны 12 сарын 14 өдөр

Тус наадмын дэд байранд МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуяг “Цаггүй газар” өгүүллэгээрээ шалгарсан юм. П.Батхуяг “Утгын чимэг” наадамд дөрөв дэх удаагаа дэд байрт шалгарч байгаа юм.


ЦАГГҮЙ ГАЗАР /Өгүүллэг/

Цаг тэр үед одооныхоос арай хурдан урагшилдаг байсан ч байж мэдэх юм. Заримдаа тэдэнд цаг хэмээх хачин зүйл огт байхгүй болчихсон мэт санагддаг байжээ. Гагцхүү өглөө нар мандаж, орой жаргана. Он жилийн уртад хэн ч анзаарахааа байсан хуучин байшингийн дээвэр дээр суугаад дуулалдана. Гэхдээ хэн нь ч дуучин болно гэж бодож байсангүй. Хаанаас ч юм бэ, дуулмаар санагдах мэдрэмж төрж, тэгээд л хэн нэгнийхээ хоолойг давах гэж орилолдож гарна. Хавь орчны хүмүүст заримдаа тээртэй санагддаг байсан уу, хөвгүүд голдуу чулуу нүүлгэж тэднийг дээвэр дээрээс хөөж буулгана. Ийм үед хашааны буланд тойрон суугаад ирээдүйнгэрэлт амьдралынхаа тухаймөрөөдөл ихтэй яриандаа умбацгаана.

Богинодсон цэнхэр даашинзтай өвдөг тохойнь зузаан сайр болсон бор охин “Би хэзээ ч эндээс нөхөр авахгүй. Холоос бүр өөр газраас нөхөртэй болно” гэхэд түүний үгийг өлгөн авч онгож хуучраад ямар хээтэй байсан нь мэдэгдэхгүйболсон даавуун өмд цамцтай шар охин “ Би ч гэсэн эндээс л лав нөхөр авахгүй. Том болоод гадаадад амьдарна. Бүр олон давхар байшинд амьдарна” гэж хэлээд өндийн босоод эргэн тойронд нь дэггүй хөвгүүдийн аюул бийг тандах мэт ийш тийшээ сэрэмжлэн харахадөтгөн хар үснийхээ үзүүрийг өм цөм хайчилчихсан, цоохор нүүртэй охин ”Манай гудамж ч уйтгартай шүү дээ?” гэж хэлээд уртаар санаа алдана. Охид яг энэ насан дээрээ юунд ч юм бэ их л догдлон яардаг. Тэд хурдан сайн сайхантай учрахсан гэж эргэн тойронднь юу болж байгааг ч үл анзааран цаг хугацаанд тэмүүлдэг билээ. Харин үеийнх нь хөвгүүд нохойн гөлөг тамлах, дээврийн хөндийгөөс тагтааны өндөг түүгээд шарж идэх, чулуугаар байлдахаас өөр зүйл бодохгүй. Одоохондоо их л эртнээс яс маханд нь шингээд олон үеийг даван ирсэн ан ав, дайн тулааны тухай л бодож гүйлдэнэ.

Хачирхмаар нь энэ бор, шар, цоохор гурван охин яг нэг өдөр, нэг цагт, нэг амаржих газар, нэг эхээс уван цуван төрцгөөжээ. Итгэхэд хэцүү л дээ. Гэхдээ царай зүс, бие галбир тэс ондоо төрсөн ч яах аргагүй ихрүүд байлаа. Аав нь гэх лужир том цээжтэй, үс сахалдаа баригдсан эр нилээд халамцуу “гурван ихэр охинтой болсоон” хэмээн орилж явснаас хойш арван дөрвөн жил цаггүй юм шиг харван өнгөрчээ. Тэд гурван өөр газраас энд ирснийг хэн ч мэдэхгүй. Туранхай шар охин”Би л лав эндээс явахдаа ээжийгээ аваад явна. Аав яахав дээ, шовгортоо л үлдэнэ биз” гэхэд бүдүүн бор нүд амаа эргэлдүүлж ” Би ч гэсэн ээжийгээ л авч явна”. Цоохор нүүрт тэднээс дутах вий гэсэн мэт сандран”Би ч гэсэн” гэв. Энэ үед бүдүүн бор бусдыгаа дурамжхан харснаа ”бид чинь дундаа ганц ээжтэй шүү дээ? Тэгэхээр хэн нь ээжийгээ эндээс явчявахаа одоо шийдчихье” хэмээн зоримог хэлэв. Цоохор нүүрт “Яаж? ” гэж асууснаа энгэр задгай цагаан цамцныхаа ханцуйгаар нүүрээ арчлаа. Бүдүүн бор”алга тэнгэрээ үзэх үү?” хэмээн хэлж дуусаагүй байхад”миний охид хаа байна” гэх ээжийнх нь цангинасан дуу гарчээ. Туранхай шар зальжин байдлаар нүдээ ирмээд” тэгвэл хэн түрүүлж ээж дээр очсон нь...” гэж хэлээд гэр рүүгээ гүйлээ. Үлдсэн хоёр нь ч араас нь ухасхийв. Даанч хэн нь ч ээж дээрээ түрүүлж очсонгүй, аахилж уухилан гурван зэрэг байшингийнхаа хаалгаар чихцэлдэн оров. Тэдний ээж болох онигор нүдтэй, бор хүрэн үстэй намхан эмэгтэй”яаав та нар чинь чоно нохойд хөөгдөө юү?” хэмээн инээмсэглэн угтав. Гартаа барьсан боодолтой зүйлээ сарвайж” Май аавын чинь өдрийн хоол. Миний гурван охин хүргэж өгчихөөд буцаад гүйгээд ир” гэжээ. Харин бүдүүн бор даашинзныхаа хормойг сэгсэрснээ” Өдөр бүхэн л бид нар тийшээ явах юм. Ингэхэд та хүргээд өгч болдоггүй юм уу? Яршигтай юм” гэсэнд бусад нь дэмжиж “Харин тийн” гэж амандаа бувтнав. Ээж нь цонхны наагуур татсан хөшигний хэдэн улаан цэцгийг тоолох мэт тийш удаан ширтээд “Өөрсдөө л мэд дээ. Муу аав чинь өлсөнө л биз” гээдбоодолтойгоо үүдний өлгүүрт тохчихоод гэрээсээ гараад явчихав. Бодвол зүүн хойдох баячуулын хороололд амьдардаг багын найзынхаа гэрийг хөлсөөр цэвэрлэхээр явсан бизээ. Тэд их л урамгүйхэн үлдэж, “алга тэнгэрээ үзээд”, ялагдсан туранхай шар бүр ч дургүйхэн боодолтойгоо санжгануулан барьсааргурвуул гэрээсээ гарлаа.

Гурван эгнээ гудамны үзүүрт аавынх нь ажлын газар байна. Том сайхан байшин, саруул тохилог өрөө танхимтай, шил толь болсон албан тасалгаа гэж битгий бодоорой. Ердөө ”Гуталчин” гээд томоор биччихсэн жижигхэн модон шовгор. Тэнд олон жил сууж, хүмүүсийн ханзарсан, хагарсан гутал уллаж, өсгий нааж, зан татаж тэднийгээ тэжээнэ. Тамхины утаа битүү суунагласан шовгор дотроо харагдахгүй шахуу униар дунд сууна.

-Эвий дээ, миний гурван өнгийн охин хүрээд ирлээ. Аавынхаа хоолыг авчрав уу?”гэсээр угтав. Хэдийгээр өдөр бүхэн л аавдаа хоолыг нь зөөж энэ шовгорыг зорин хойно урдаа орж гүйдэг ч заримдаа тийм зовмоор газар ажилладаг аавтайг нь мэдэх үеийн охидоос ичиж “чи яв, би яв. Ичиж байна” гэлцэж хэрэлдэж шуугилддаг байлаа. Туранхай шар хүзүү сунган байж “Май, аав таны өдрийн хоол”гээд боодолтой зүйлээ намхан ширээн дээр нь чангахан тавив. Бүдүүн бор нүүрээ үрчилзүүлж, хамраа чимхээд”Угаартаж үхлээ” гэсэнд аав нь инээд алдангаа шовгорынхоо үүдийг хөлөөрөө өшиглөн онгойлгов. Гаднаас агаар салхи урсан орж ирээд аавынх нь татсан тамхины утаатай зодолдох мэт дээр доороо орон бужигнав. Толгой нь шовгорынхоо таазанд тулах шахуу өндөр аав нь биеэ нужигнуулан босоод өврөөсөө хэдэн халтар төгрөг гаргаж, тэдэнд нэг нэгийг өгөөд ” За миний гурван охин харих замдаа дэлгүүр орж иштэй чихэр авч идээрэй” гэснээ боодолтой зүйлийг задалж элсэн чихэр жигдхэн түрхсэн талхнаас авч томоо гэгч нь үмхлэн идэв.

Цоохор нүүрт иштэй чихэр хүлхэн хацраа төмбийлгөснөө ” Би аавыгаа бас аваад явна. Энд шовгорт нь үлдээхгүй, ээ”. Хариуд нь “Би ч гэсэн аваад явна” гээд туранхай шар чихэрлэг хэлээрээ уруулаа долоож, байшингийн сүүдэрт суугаад ундаа усны савны төмөр бөглөө нүдэж байгаа банди нарын зүг зааж ”аргаа барсан юмнууд” хэмээн намжирдав. Бүдүүн бор дахиад л “бид гурав бас ганцхан аавтай. Гэтэл гурвуулаа эндээс аваад явна гэдэг. Хэн нь авч явахаа шийдэх хэрэгтэй дээ” гэв. Цоохор нүүртнүдээ онийлгон наран сөрөг харснаа”Аав, ээж хоёрыгоо хамт аваад явна. Мэдээж салгаж авч явахгүй нь тодорхой” гээд толгой бөнжигнүүлэв. Бүдүүн бор ”Тэр мэдээж” гээд иштэй чихрээ амнаасаа гаргаж “Харин яаж шийдэх вэ?” гэв. Туранхай шар нилээд уурлах янзтай”Ямар ядаргаатай юм. Ерөөсөө энд л шийдчихье. Алга тэнгэрээ үзье” гээд эрээн цамцныхаа ханцуйг хойш нь шумлаад гараа сунгав. Өнөө хоёр нь бас түүний өөдөөс харж зогсоод” алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” хэмээн тэд шодож эхэллээ.

Хачирхалтай нь өдрөөс, үдшийн бүрий унатал ”алга тэнгэрээ” үзээд хэн нь ч сондгойрсонгүй. Гурвуулаа залхталаа ” Алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” гэж хашгирсаар, гараа савчсаар байсан ч эцэстээ хоолой нь сөөжээ.

-Ямар сонин юм бэ? Гурвуулаа адилхан гаргаад байх юм.

-Харин тиймээ. Сонин юм даа?

-“Хүүе, ээ. Харанхуй болчихлоо. Аав ээжийн санаа зовчихно. Харьцгаая” гээд хэдий сөөсөн ч хоолой мэдэн дуулалдсаар гэрийнхээ зүг хойно урдаа орон гүйлджээ. Түүнээс хойш цөөнгүй удаа алга тэнгэрээ үзсэн ч урьдын адил хэн ч сондгойрсонгүй.

Цаггүй газарт гэвч цаг цохилсоор алгуурхан урагшилсаар, орой нар жаргаж өглөө мандсаар байлаа. Харин охид аав ээжийгээ өөр сайхан газарт авч явахад ердөө 3655 хоног буюу 87720 цаг үлдсэн байлаа. Тэд дуулалдан өссөөр билээ.

У.ЧИНЗОРИГ