ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.28 09:10

Хайр дурлал нь бүтэлгүйтсэн сурагч хүү энэ хорвоогоос өөрөө оджээ

Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно. Өсвөр насны охид хөвгүүдийн гол асуудлуудын нэг нь мөнөөх хайр дурлал. Ямар нэгэн хүндрэлтэй асуудал тулгармагц сэтгэлээр хэт унаж, амиа хорлохыг сонгодог. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт хамгаас чухал юм. Мөн найз нөхдийн хүрээлэл ч нэн чухал. Ер нь хүүхдээ хэнтэй нөхөрлөж, ямар зүйл сонирхоод байгааг сайтар анхаарч байх цаг нэгэнт болсныг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчиддээ анхааруулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

-АМИА ХОРЛОХ ҮЕД НАЙЗУУД НЬ ХАМТ БАЙЖЭЭ-

Өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах хоёрдугаар сургуулийн хашаанд хүүхэд нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус сургуулийн хойно байдаг хашаанд байх модноос эрэгтэй хүүхэд дүүжлэгдэн амиа алдсан байсан аж. Талийгаач нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 12 настай эрэгтэй Х гэгч байсан бөгөөд найз нөхөд, сургуулийн хүүхдүүдийнх нь хэлж буйгаар хайр дурлал, үерхэл нь бүтэлгүйтсэнээс ийм золгүй, харамсалтай байдлаар амиа егүүтгэжээ.

Яг юу болсон талаар бид олж мэдэхээр тус сургуулийг зорьсон боловч багш нар, сургалтын менежерүүд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж "Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул бид мэдээлэл өгөх боломжгүй. Шалгаж дуусаад, яг юу болсон талаар тодорхой болсны дараа мэдээлэл өгнө. Нас барсан сурагчийн ар гэрийнхэн нэлээд гомдолтой байгаа" гэх хариулт өглөө. Харин тус сургуулийн сурагчдаас зарим зүйлийг тодуулахад "Ангийнхаа нэг охинд сайн болоод, тэр охин нь өөрийг нь тоогоогүй юм гэсэн. Тэгээд амиа хорлоно гээд орой хичээл тарсаны дараа, нэлээд харанхуй болсон байхад (19:30 цагийн үед) сургуулийн арын хашаанд модноос цамцаараа хүзүүгээ ороож байгаад хөл алдаад дүүжлэгдчихсэн юм шиг байсан." хэмээн ярьлаа. Тэр үед хажууд нь найз нар нь зогсож байсан ч, нэг найзыгаа амь насаа дээсэн дөрөөн дээр байхад нь болиулахыг оронд харин ч өөгшүүлэн дэвэргэж, "Чи чадахгүй" гэх мэтчилэн хорон үгээр "идэж" байсан гэх мэдээллийг ч бидэнд зарим сурагч хэлсэн юм. Улмаар хөл алдан дүүжлэгдсэн найзыгаа буулгах гэж хичээсэн ч чадаагүй найзууд нь сургууль руугаа гүйн орж багш нар, жижүүрээсээ тусламж гуйн хүүг буулгасан байна. Тэрүүхэн үедээ хүү амьсгалтай байсан ч тун удалгүй амьсгал хураасан аж.

-ЭЭЖ ААВДАА ГЭРЭЭСЛЭЛ ОРХИН ХОРВООГООС ОДЖЭЭ-

Энэ золгүй явдлаас гадна мөн л өнгөрсөн долоо хоногт 12-хон настай охин өрөөнийхөө цонхоор үсрэн амиа хорлосон хэрэг цагдаагийн байгуулагад бүртгэгдсэн байна. БЗД-ийн 26 хороонд оршин суух 12 настай Ц гэх охин аав ээж хоёртоо гэрээслэл бичиж үлдээгээд, цонхоороо үсэрсэн байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийнхан шалгаж байгаа юм билээ. 90-ээд оны дундуур охид өндөр байшин дээрээс үсэрч амиа хорлох нь бараг л үзэгдэл шахуу зүйл болоод байсан нь эргээд ирсэн мэт. Сансар, 3, 4-р хороолол гээд аль л өндөр барилгатай газраас охид үсэрч байсан. Голдуу бүтэлгүй хайр дурлалаас болдог байсан гэдэг. Гэтэл тэр үе одоо дахин ирж байгаа бололтой. Энэ олон солонгос кино бидний залуу үеийг хааш нь татна вэ. Бүтэлгүй хайр сэтгэл, эд хөрөнгө, хэцүү амьдралыг сөрж гарахыг үзүүлэхийн оронд түүний өмнө сөхөрч, амиа хорлохыг уриалсан кинонууд нэг биш нэлээд хэд гарах болов. Олон давхар байшингийн дээр үсрэх гэж байхад нь хайртай залуу нь "битгий үсрээч" хэмээн гуйх юм шиг санан гэрээслэл орхин одох болов. Үнэхээр харамсалтай.

Онцлох нийтлэлүүд