Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ
Нийгэм
2021.10.10 09:10

“Хамгийн олон хүн идсэн араатны тоонд баавгай багтдаг” гэв

Сүүлийн үед суурьшлын бүсэд баавгай үзэгдэж, мал амьтан руу дайрах тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдлээ. Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт баавгай адуу идсэн тохиолдол гарчээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс 20 гаруй километрийн зайд намаржиж байсан айлын хоттой хонь руу оройн цагаар баавгай дайрсан байна. Энэ талаар тус аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга С.Гончигням хэлэхдээ “Манай аймгийн Цагаан-Уул суманд хорхойтсон баавгай айлын хашаа хороо руу орж, мал барьсан тохиолдол гарсан. Тодруулбал, сумын төвөөс 10 километрийн зайд орших малчин айлын хоттой хонь руу дайрсан байгаа юм. Улмаар дуудлага мэдээллийн дагуу биднийг очиход нэг хонь идэж байсан. Тиймээс баавгайг хоёр машинаар доод хөндий рүү бараг цаг гаруй хөөж, эцээгээд айлын хаваржааны хашаа руу оруулж, хашсан. Ингээд аймгийн мэргэжилтнүүд рүү залгаж нөхцөл байдлыг хэлэхэд “Алж, устгаж болохгүй. Эзгүй газар руу тууж явуул” гэж зөвлөсөн л дөө. Одоогийн байдлаар аймгийн ОБЕГ-ын зүгээс нутгийн иргэдэд анхаарал болгоомжтой байхыг үргэлж сэрэмжлүүлж байгаа” гэв.


БААВГАЙ ӨВЛИЙН УЛИРАЛД ИЧЭЭНДЭЭ ОРЖ ЧАДАХГҮЙ ЯВАХ НЬ МАШ АЮУЛТАЙ

Баавгай суурин бүсэд нэвтэрч, мал амьтан руу дайрсан үзэгдлийн талаар иргэн Г.Амарсанаагаас тодрууллаа.


-Баавгай айлын хот руу дайрч, хонь барьж идсэн тохиолдол цөөнгүй гараад байна. Хүний хөл хөдөлгөөнтэй газраас дайжин зугтаж явдаг энэ амьтан яагаад суурьшлын бүсэд нэвтрээд байна вэ?

-Манайхан үүнийг хорхойтсон баавгай гэдэг юм л даа. Ерөнхийдөө тарга тэвээргээ аваагүй учраас ичээндээ орж чадахгүй, улмаар хүн, мал руу дайраад эхэлдэг. Ингэж баавгай өвлийн улиралд ичээндээ орж чадахгүй явах нь маш аюултай. Нэг бол өлсөж үхнэ, эсвэл хүн амьтан барьж идэх ч аюул бий. Миний мэдэхийн 1980-аад оны идэш тэжээлийн дутагдалд орсон баавгай хүн, мал руу дайрсан айхавтар хэрэг болж байсан юм. Улмаар тухайн үед радиогоор “Шууд бууд” гэж зарласан байдаг. Ингээд анчдын отог улсын төлөвлөгөөг хэрэгжүүлдэг байлаа. Одоо болохоор манайхан үүнийгээ мэдэхгүй байна. Нэг ёсондоо Байгаль орчны яам ажлаа мэдэхгүй байна л даа.

-Нэгэнт хүн, мал руу дайрсан араатан дахин ийм үйлдэл гаргах эрсдэлтэй гэсэн үг үү. Тиймээс сэрэмжлэх нь чухал байх?

-Хүн, малд ойртсон махан идэшт амьтад ноцтой аюул учруулж мэднэ. Хамгийн олон хүн идсэн араатан амьтад дотор баавгай багтдаг. Жишээ нь: 187 хүн идсэн ирвэс байна. Мөн 100 гаруй хүн идсэн бар байна. Тэгээд чоно гуравт нь ордог. Үүний дараа хамгийн олон хүн идсэн араатны тоонд баавгай багтдаг. Тиймээс ч олон улсад эдгээр араатныг тэжээхийг хорьдог байхгүй юу. Тэгэхээр аюулт үзэгдлээс сэрэмжлэхийн тулд яаралтай буудаж л арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Энэ хорхойтсон баавгайн тухай “Ямбуя уулын догшин савдаг” гээд Оросын кино хүртэл байдаг. Сибирьт нефть, газрын уурхайг нээсэн геологичдыг иддэг байсан баавгайн тухай гардаг. Нөгөө л хорхойтсон баавгай байхгүй юу. Тэгэхээр энэ бол жинхэнэ аюултай байгалийн үзэгдэл юм.

-Хүнээс айхгүй байгаа учраас л баавгай хот айл руу дайрч байгаа болов уу. Тиймээс дахин суурьшлын бүсэд үзэгдэх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Угаас хүнд ойртсон амьтныг алахаас өөр арга байдаггүй эсвэл амьтны паркт өгдөг. Ерөөсөө буцааж тавьдаггүй учиртай. Яагаад гэвэл тэр араатан чинь буцаад хүнээс айхаа больчихдог юм. Тэгээд нэг л хүний мах идвэл, амтших аюултай. Тийм ч учраас олон улсын дүрэм журмаа баримтлах хэрэгтэй байна.

ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮСЭД ҮЗЭГДСЭН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН

Завхан аймгийн ОБГ-ын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Ганзоригоос тодрууллаа.


-Завхан аймгийн Баянтэс сумын Бужир баг, Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг дэсгэрт өнгөрсөн сарын 25-нд баавгай мал амьтан идсэн гэх мэдээлэл бий. Одоогийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ. Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол дахин гарсан уу?

-Манай аймгийн гурван суманд баавгай харагдсан. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 27-нд баавгай суурин бүсэд харагдсан байдаг. Завхан аймгийн Баянтэс суманд баавгай дөрвөн удаа үзэгдээд байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр Баянтэс сумын Бужир багийн малчин н.Даваадоржийн адуунаас идсэн байгаа юм. Ингээд есдүгээр сарын 27-нд малчин н.Пүрэвдоржийн хот руу орж ирсэн. Гэрийн хүн нь тугалаа гаргах гээд хашаа руугаа ороход хотонд баавгай байсан юм билээ. Тэгээд хажуу айлынх нь хүмүүс машинаа асааж, сигналь дуугарган байж үргээсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Завхан аймгийн Сонгино суманд хоёр бамбарууш орж ирсэн байгаа. Тухайн бамбарууш эхтэйгээ хамт явж байсан гэх мэдээллийг иргэд өгсөн. Гэхдээ одоогоор эх нь харагдахгүй байна гэсэн. Тиймээс эх, бамбарууш хоёр төөрсөн эсэхийг Сонгино сумын байгаль орчны мэргэжилтнүүд судалж байгаа. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд нэг баавгай үзэгдээд дахин харагдаагүй гэх мэдээлэл бий. Тосонцэнгэлд үзэгдсэн баавгай нь нэлээд том биетэй мөртлөө эцэж турсан байсан гэж байна лээ. Баавгайг харсан гэх малчин үргээгээд ой мод руу оруулсан гэсэн. Зайлуул идэш хоол эрж яваа баавгай болов уу. Одоогийн байдлаар баавгай хүн рүү халдсан зүйл байхгүй.

-Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх болсонтой холбоотойгоор аймгийн ОБГ-ын зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа болов уу?

-Аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд хүргэсээр байна. Хэрэв баавгайтай таарсан бол айлгаж цочоож болохгүй гэж малчдад анхааруулж байгаа. Түүнчлэн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настай хүмүүсийг малд битгий явуулаарай. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангаад модондоо явж байгаа хүмүүс ойд хонож өнжиж болохгүй гэх чиглэлийг өгч байна.

-Баянтэс сумын хоёр малчин айлын хот руу баавгай дайрсан гэж дээр дурдсан шүү дээ. Тэдгээр айл хэр хол зайтай намаржиж байсан юм бол?

-н.Даваадоржийн бэлчээрлэж явсан адуунаас бага насны адууг нь идсэн юм билээ. Харин н.Пүрэвдорж гэдэг айлд бас баавгай үзэгдсэн. Тэр хоёр айл 30-40 километрийн зайтай байдаг л даа. Ер нь баавгай идэш хоол эрж хайгаад л нэг бүсдээ суурьшихгүй яваад байна. ОХУ-д их хэмжээний түймэр гарсантай холбогдуулаад идэш тэжээл хайж яваа амьтан болов уу гэж бидний зүгээс үзэж байгаа. Улаан номонд орчихсон нэн ховор амьтны үр төл учраас иргэддээ алж айлгаж болохгүй шүү гэж хэлсэн. Ер нь бол ард иргэдийн амь насанд халдсан тохиолдол гараагүй. Гэхдээ аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэсээр байна.

-Энэ жил Завхан аймагт жимс ногоо, самар хэр элбэг ургасан бэ?

-Баавгай чинь дан ганц махаар хооллодоггүй, жимс жимсгэнэ, самар иддэг. Тэгэхээр тэр хоол хүнс нь дутагдаад хайж яваа болов уу. Завхан аймгийн хэмжээнд 16 ой бүхий сумтай. Энэ жилийн хувьд самар ховор ургасан.

П.САЙНЖАРГАЛ

Онцлох нийтлэлүүд