Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
Цаг үе
2014.06.23 10:06

Хаолянь Шу: Бид энэ дэлхий ертөнцийг илүү сайхан болгохоор зорьж байгаа юм шүү

Дарга нарын амны уншлага болсон Мянганы хөгжлийн зорилтууд үүргээ гүйцэтгэж, 2015 оноос хойшхи хөгжлийн бодлого НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхний гол сэдэв болоод байна. Тэд Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх шинэ нэр томъёог санал болгож байгаа. Энэ өдрүүдэд Монголд айлчилж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Хаолянь Шугийн ярианд ч энэ сэдэв олонтаа дурдагдсан билээ.  Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд болон УИХ-ын эмэгтэй гишүүдтэй  уулзсан юм.  2015 оноос хойшхи хөгжлийн  сэдвээр үндэсний зөвлөлдөх уулзалт Монгол дахь  НҮБ-ын төв байранд болсон. “Тогтвортой хөгжилд жижиг дунд бизнесийнхний оруулах хувь нэмэр” хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсний дараа нь  ноён Хаолянь Шутай цөөн хором уулзах боломж олдлоо.  

-НҮБ-ын гишүүн орнууд 2015 оноос цааш юу хийхээ төлөвлөж байна.  Тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлж эхэлжээ. НҮБ-ын  Нээлттэй ажлын хэсгээс гаргасан 17 зорилгыг харахад ерөөсөө манай дэлхийг диваажин болгохыг хүсч байгаа юм шиг санагдлаа. Ядуурлыг бүх төрлөөр арилгана. Хүн бүр эрүүл байна л  гэнэ.  Үнэхээр энэ бүхнийг хэрэгжүүлж чадна гэж та бодож байна уу?

-Миний мэдэж байгаагаар 2015 оноос хойшхи бодлого боловсруулах баримт бичиг эхний хувилбараараа яваа.  Нэлээд зоримог зорилтууд дэвшүүлсэн шиг байгаа юм.  Ямар үзүүлэлтээр гүйцэтгэлээ дүгнэх талаар ажлын хэсгийнхэн ярьж байгаа. (Энэ үеэр түүний гар утас дуугарав. “Уучлаарай утсаар яриадхая. Эхнэр, хүү хоёр  энд байгаа юм” гэж тайлбарлав. Аль хэдийнэ ажлын цаг дуусах гэж байсан учраас бяцхан хүү нь түүнийг асууж сурч байгаа бололтой.сурв)

 Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг томъёолохдоо  Мянганы хөгжлийн зорил­туудын үргэлжлэл болгон дэвшүүлж байгаа юм. Бүх орнууд Мянганы хөгжлийн зорилтуудаа арай л хэрэг­жүүлж дуусахгүй болов уу. Зарим орнууд ихэнхийг нь биелүүлэх байх. Зарим орон арай л гүйцэтгэж амжихгүй. Монгол орны хувьд Мянганы хөгжлийн зорилтоо 70 хувь биелүүлэх төлөв харагдаж байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Бид Мянганы хөгжлийн зорилтдоо  орхиг­дуулсан салбараа Тогтвортой хөгжлийн зорилгодоо хам­руулна гэсэн үг юм. Аливаа юм төгс төгөлдөр биш байдаг. Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудынхаа хүрээнд энэ дэлхий ертөнцийг илүү сайхан болгох, хүн амьдрах илүү сайхан орчин бүр­дүүлэх зорилт тавьж байгаа юм. Жишээлбэл энд Хүний аж төрөх аюулгүй орчин болоод амьдралын нөхцөлийг нь сайжруулна гэсэн байна. Энэ бол МХЗ-тод томъёолоогүй. Монголд  маш их хамааралтай  байгаа биз. Хоёр дахь жишээ дурдахад МХЗ-тод томъёолоогүй мөрт­лөө Тогтвортой хөгжлийн зорилтын  хүрээнд хүртээмжтэй хөгжлийг  нөхцөлдүүлэхийн зэрэгцээ хүн болгонд амьжиргаагаа авч явах хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангана гэж байна. Өчигдөр Ерөнхий сайдын ярьсан зүйлтэй яг нийцэж байгаа юм.  

-Сэтгүүлч хүний хувьд харахад Мянганы хөгжлийн зорилт ч тэр олон улсын байгууллагуудаас санал болгож байгаа хөгж­лийн бодлогууд дээрээсээ тулгадаг болохоор төдийлөн амжилтад хүрдэггүй санагд­даг. Харин одоо гишүүн орнуудын иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байгаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөл­бөр энэ байдалдаа дүгнэлт хийж байна гэж ойлгож болох уу?

-Өөрийн чинь ойлголт буруу гэж бодож байна. Учир нь юу гэвэл  МХЗ нь Мянганы хөгжлийн тунхаглалаас үүдэлтэй баримт бичиг юм шүү дээ. Мянганы хөгжлийн тунхаглалыг 1992 онд Рио-д гишүүн орнууд нэгдсэн дуу хоолойгоор баталсан. Мянганы хөгжлийн зорилт гэдэг бол гишүүн орнуудын өөрсдийн баталсан бичиг баримт юм шүү. Олон улсын байгууллагуудын хувьд али­ваа гишүүн орнуудын санал санаачилгыг дэмждэг болохоос биш ямар нэг бодлого стратегийг тулгана гэж байхгүй. Жишээ дурдъя. МХЗ-ын хувьд 9 дүгээр зорилтыг Монгол Улс өөрөө санаачилж, түүндээ эзэн болсон. 

Гэхдээ Тогтвортой хөгж­лийн зорилтыг тодорхойлох үйл явц гишүүн орнуудын иргэдэд илүү хүртээмжтэй байгаа гэдэг өөрийн чинь ойлголт зөв байна. Хөг­жиж байгаа олон оронд ту­хайн Засгийн газрын хүчин чармайлт дангаараа хангалтгүй. Засгийн газрын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгуул­лагууд, хувийн хэвшил бүгд хамтрах нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маш чухал үүрэгтэй. 

Эцсийн дүнд энэ бүх хамтарсан хүчин чармайлт ядуурлыг бууруулахад чиг­лэгддэг юм. Дээр дурдсан оролцогч талууд ирээдүйн хөгжлийг томъёолж тодор­хойлоход өөрийн үгээ хэлж байгаа нь олон улсын байгууллагуудын анхааралд байж, хамтын ажиллагааны үндэс суурь болдог юм. 

-Та хэлэлцүүлгийн үеэр хотын ядуурлын тухай дурдсан. Гэр хороололтой танилцахаар явсан гэсэн. Монголын  ядуусын нөх­цөлийг бусад орныхтой харьцуулав уу?

-Ядуурал болоод тэгш байдал өөр хоорондоо маш холбоотой ухагдахуун юм. Ядуурал нь орлогын эх үүсвэртэй байж болно. Өөр бусад хэлбэрээр ч илэрч байдаг зүйл. Үндсэндээ ядуурал нь аливаа нэг үйлчилгээг хүртэж чадахгүй алслагдсан, орхигдсон тэр нөхцөл байдлыг хэлээд байгаа юм. Санхүүгийн эх үүсвэр, амьдрах орон сууц, боловсролын үйлчилгээнээс хүртэж чадахгүй байх нь ядуурлын үзүүлэлт мөн л дөө. Ядуурал өөрөө олон хэмжүүртэй. Тэгш бус байдал гэдэг ядуурлын хэмжүүрүүдийн нэг юм. Энэ хүндрэлтэй асуудлуудын зарим нь танай гэр хороололд ажиглагдаж байна л даа. Үндэсний Засгийн газраас ядуурлыг анхааралдаа авч, тодорхой арга хэмжээ авч байгаа гэж бид ойлгож байгаа.   Хү­мүүс юуг эрэлхийлж Улаанбаатарт нүүж ирдэг гэвэл  ажил эрхлэлтийн  илүү боломж,  хүүхдүүдийнхээ сургууль, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх гэж ирдэг нь Азийн бусад хотуудын ядуурлын өнгө төрхтэй ижил. Мөн түүнчлэн төлөвлөөгүй шилжилт хөдөлгөөн олон хүндрэлтэй асуудлыг бий болгодог нь ч бусад хоттой ижил байна. Зас­гийн газраас явуулж бай­гаа хот төлөвлөлтийн бодло­год сөргөөр нөлөөлөх, зөвшөө­рөлгүй газар суурьших гэх зэрэг асуудал байна.  Хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүс өөрсдийн хүсэн хүлээсэн боломжоо эдэлж чадахгүй бол сэтгэл зүйн хүндрэлтэй тулгардаг. Гэр хороололд амьдарч байгаа иргэд наад зах нь уул уурхайн компанийн усанд төлдөг үнээс илүү төлбөр төлж усаа авч байна шүү дээ. Азийн бусад орны хотуудтай харьцуулбал хэт их төвлөрлөөс ангид, тархай бутархай суурьшсан юм байна. Бангладеш улсад гэхэд хотын ядуу хороололд суудаг есөн сая хүн байна. Миний Улаанбаатарт харсан зүйлтэй Бангладешийг харьцуулбал тэр их давчуу орон зайд эрүүл ахуйн хүндрэлтэй нөхцөл илүү хурц нийгмийн асуудал үүсгэдэг. Гэхдээ  хүнд асуудлын шийдлийг олно гэдэг хаана ч ярвигтай. 

-Та манай хөрш орны хүн. Монголын талаар ямар төсөөлөлтэй ирэв?

-Монголын тухайд анхны ойлголт өргөн уудам тал нутаг, хөх тэнгэр болоод  Чингэс хааны өлгий нутаг. Эрийн гурван наадмын орон. Маш их хүчтэй соёлын өв уламжлалтай орон гэж ойлгож байсан. Миний хувьд Монголд анх удаа ирж байгаа. Сонирхол татах олон зүйлүүд байна. Үүний зэрэгцээ 20 жилийн турш хөгжлийн асуудлаар ажиллаж байгаа хүний хувьд тархай бутар­хай оршин сууж байгаа ард иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлэхэд ямар хүндрэлтэй байгааг ойлгож байна. Монгол дахь хотжилтын үйл явц миний гайхлыг үнэхээр төрүүлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын хүрсэн ололт амжилт, бичиг үсэгт тайлагдсан байдал, эхийн болон нярайн эндэгдлийг шийдвэрлэсэн байдал, олон улсын байгууллагуудтай харилцах түвшин хэрхэн ахиж байгаа  зэрэг нь надад бахдам сэтгэл төрүүлж байна. УИХ-д 11 эмэгтэй гишүүн байгаа нь бас л их том амжилт. Миний ойлгож байгаагаар эмэгтэй гишүүдийн тоог улам нэмж, тэдний байр суурийг бэхжүүлэх юм бол Монголын гэр бүлийн нөхцөл үлэмж сайжирна. 

-Гэр бүлийнхэн тань Монголд байгаа гэсэн. Эцэг хүний хувьд хүүхдэдээ Монголоос юу үзүүлэхийг хүсч байна?

-Эхнэр, хүү хоёр маань надтай хамт ирсэн л дээ. Тэд маань Монголд надтай хамт ирэхийг маш их хүсч байсан. Соёл уламжлалтай танилцах, хүмүүсийн аж байдалтай танилцах маш их эрмэлзэлтэй ирсэн. Миний хүү есөн настай. Хүүдээ дэлхий ертөнц ямар олон өнгө аястайг харуулахыг хүссэн. Олон төрлийн соёл, өөр  хүмүүсийг  хүүдээ танилцуулмаар байна.  Ажлын онцлогоос болоод олон орноор явж, гэрээсээ удаан хугацаагаар хол байдаг учраас энэ удаа гэрийнхнээ миний ажлыг нүдээрээ хараасай гэж хүссэн.

Б.ЯНЖМАА


Онцлох нийтлэлүүд