ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.26 09:11

Химийн шинжлэх ухааны салбарт хийсэн бүтээл арвинтай эрдэмтэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Салбарынхандаа нэр хүндтэй, нүүрсний химич гэсэн тодотголтой буурал эрдэмтэн Жигжидсүрэнгийн Дугаржав гуайнд өнжлөө. Өнөө жил 74 насыг шүргэж яваа энэ эрхэм хөгшинтэйгөө хоёул арваннэгдүгээр хороолол дахь гурван өрөө байрандаа ажин түжин амьдардаг юм билээ.

“Алив хүүхдүүд минь ороорой, дээшээ сууцгаа” хэмээн биднийг хүндэтгэн урих хоёр буурлын хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Гадуур хувцсаа тайлах зуур гэрийн эзэгтэй Г.Баасанхүү гуай “Өглөөгүүр ах чинь гэнэтхэн Барилга хот, байгуулалтын яам руу ажлаар явчихаад, ашгүй та нараас өмнө амжиж ирлээ шүү” гэж ирээд л хуучлах нь эртний танилууд шиг дотно сайхан сонсогдов. Энэ үед чихэнд хоногшиж үлдсэн дуу хоолой хананд өлгөөтэй радиогоос сонсогдоход хүүхэд насны минь дурсамж тэрхэн зуур зурсхийв. Өвөө мань радиогоо чангалж аваад орчлон хорвоогийн хамаг сонин хачины тухай анхааралтай гэгч нь чих тавингаа мод толгой нэрээд суучихдаг байсан сан. “Орчин цагт, тэр дундаа хот газарт ч ийм радиотой айл ховор доо, аргагүй л хуучны хөгшчүүл мөн дөө” гэсэн бодолдоо хөтлөгдөн зочны өрөө рүү орлоо.

Хойморь хэсэгтээ Далай ламын хөрөг бүхий сургаалуудыг залсан нь нүдэнд тусав. Бас Архангай аймгийн төвийн ард дүнхийх сүрлэг Булган уул болон Тамирын голын хөндийн үзэсгэлэнт байгалийн зургуудаар ханаа чимжээ. Ж.Дугаржав гуай Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1945 онд төрж өссөн хүн юм байна. Тэрбээр “Манай нутаг уул ус, тэгширсэн сайхан байгальтай. Аав маань холбоочин, харин ижий минь сувилагч хүн байлаа. Тэд шинэ, хуучин бичиг үсгийг гаргууд сайн мэддэг байсан даа” гээд товчхон танилцуулав. Энэ үед түүний гэргий “Манай хадмууд маш сайхан хүмүүс байлаа. Би яг л хадам ээж шигээ хадам болно доо гэж боддог байв” гэж хэлээд инээмсэглэв.

СӨГНӨГӨРИЙН ГОЛЫН ХӨВӨӨНД УЧИРЧ, АМЬДРАЛАА ХОЛБОСОН ХОЁР

Архангай аймгийн I арван жилийн сургуулиа дүүргээд МУИС-ийн химийн ангид орсон гэнэ. Тухайн үед энэ мэргэжлээр төгссөн хүмүүст ажил олдох нь ховор байж. Тэглээ гээд Ж.Дугаржав гуай сонгосон мэргэжилдээ хэзээ ч сэтгэл дундуур байгаагүй ажээ. Тэрбээр “Хими бол төвлөх шинжлэх ухаан. Түүнчлэн аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны технологийн төвд нь химийн процесс байдаг. Жишээлбэл, хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэлийн цөм нь химийн асуудлууд болж шийдэгддэг. Тиймээс химич бол аливаад хөрвөх чадвартай мэргэжил гэж боддог доо. Би 1968 онд их сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгаас ажлынхаа гарааг эхлүүлсэн юм. Тэнд ажилласан гурван жил миний амьдаралын чухал үе байлаа. Ажлынхаа гарааг эхлүүлж, анх удаа биеэ дааж амьдарч эхэлсэн. Хөгшин бид хоёр гурван сайхан хүүтэй хүн дээ. Хоёр том хүү маань Говь-Алтай аймагт төрсөн юм. Манайх Улаанбаатар хотод шилжиж ирсний дараа хэсэгхэн хугацаанд би армийн химийн албанд ажиллаж байлаа. Монгол Улсад 1970-аад оны үед эрдэм шинжилгээний олон хүрээлэн байгуулагдсан, тэдгээрт ажиллах шинжилгээний ажилтнуудыг уралдаант шалгаруулалтаар авдаг байв. 1975 онд шалгаруулалтад тэнцэж ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд ажилласан. Хэдэн жилийн дараа МУИС-ийн аспирантурт элсэн суралцаж төгсөөд, 1984 оноос хойш өнөөдрийг хүртэл Хими, химийн технологийн хүрээлэндээ ажиллаж байна даа” гэж хуучиллаа.

Ж.Дугаржав гуай ханьтайгаа Сөгнөрийн амралтад төгсөх ангийн оюутан байхдаа танилцаж байсан гэнэ. Зочны өрөөний хананд өлгөсөн залуугийнх нь хөргийг харахад ёстой л зураг шиг сайхан бүсгүй гэдэг шиг тун ч үзэсгэлэнтэй байжээ. Дээрээс нь гайхалтай өөдрөг гэгээн үзэл бодолтой нэгэн юм билээ. Өнгөрсөн болоод ирээдүй хойчийн талаар түүний амнаас гарах үгс бүр дандаа сайн сайхан, хайр, хүндлэл, бахархал, талархлыг илэрхийлнэ. Тэрбээр 1945 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Баян хөндий хэмээх газарт малчин Галсандоржийн дөрөв дэх хүүхэд болж мэндэлжээ. 1949 онд эднийх хотын айл болж ирсэн гэнэ. Г.Баасанхүү гуай цаг уурын салбар дахь түүхэн хүний нэг. Монголын анхны аэрологичдын нэг юм байна. Энэ тухай өөрөө ам нээгээгүй ч их сургуулийнх нь төгсөлтийн 50 жилийн ойн номд онцолжээ. Монголын цаг уурын салбартай амьдралынхаа 44 жилийг холбосон Г.Баасанхүү гуай хамт ажиллаж байсан нөхөд, удирдлагууд, одоогийн залуусаараа хүртэл бахархаж сууна лээ. Тэр дундаа хэлтсийн дарга нь байсан Авирмэд гуайд ихэд баярлаж, талархаж явдгаа ярив. Оюутан ахуйдаа номын дууг нь сонсч, төгсч гараад түүний удирдлаган дор ажиллаж, цаг уурын инженер болсондоо сэтгэл дүүрэн явдаг гэсэн. Г.Баасанхүү гуай хуульч болох туйлын мөрөөдөлтэй байж. Гэвч түүний суралцаж төгссөн сургууль болох Төв аймгийн арван жилд хуульчийн нэг хуваарь ирсэнийг Жаргалант сум руу явуулж таарчээ. МУИС-аас гадна Анагаах, Багшийн дээд, Хөдөө аж ахуй гээд улсын сургуулиудын хуваарь бүгд байсан гэнэ. Ингээд ангийн багш Дамдинсүрэнгийнхээ зөвлөснөөр цаг уурч мэргэжлийг сонгож байжээ. Тэрбээр “1960-аад оны үед хүмүүс хамгийн худал хэлдэг нь хэн бэ гэхээр цаг уур гэж хошигнодог байсан. Харин одоо цагт хамгийн үнэн хэлдэг нь цаг уур гэж судалгаагаар гарч ирдэг болсон” хэмээн инээмсэглэв. Тэгэхэд хөгшин нь нэмээд “Дээр үед эдний байгууллага стандартчилал хэмжил зүйн газартай хамт нэг байранд байдаг байсан юм. Тэр үед хумсалдаг, худалч хоёр нэг байранд орсон гэж хүмүүс явуулдаг байлаа” гэж хэлээд хөхрөлдөцгөөлөө.

ТӨВДИЙН ЗАЛУУЖУУЛАХ АРГУУДЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР СУДАЛЖ БАЙГАА ЭРДЭМТЭН

Сониноос энэ хоёр хөгшний хөнгөн шингэн байдаг нууц нь сэтгэл санаа амар амгалангаас гадна ном, сонин уншихтай шууд холбоотой ажээ. Өдөр тутмын хэвлэл, уран зохиол, шинжлэх ухааны сонин, сэтгүүлүүдийн байнгын уншигч гэнэ. Тэд өглөө болгон шинэхэн сонингоо уншиж, улс оронд өрнөсөн үйл явдлуудыг мэдэж санаа бодлоо хуваалцдаг байна. Тэд байнга ном, сонин уншдаг, ялангуяа гэрийн эзэн бичиг цаастай зууралдаж ирсэн эрдэмтэн хүн хэрхнээ харааны шил зүүдэггүй нь анхаарал татав. Г.Баасанхүү гуай тээр хол бичсэн бичгийг нь торохгүй уншина лээ. “Хэзээнээсээ яс сайтай хүмүүс юм даа” гэх бодол төрж байв. Ж.Дугаржав гуай Төвдийн залуужуулах таван дасгалыг байнга хийдэг гэнэ. Тэрбээр энэ тухайгаа сонирхуулахаар зурагтын хажуугийн шүүгээнээсээ хоёр ном, нэг сэтгүүл гаргаж ирэв. Хоёр нь Төвдийн залуужуулах аргуудын талаар дасгал хөдөлгөөнүүд бүхий ном юм. Нөгөөх нь 1980 онд хэвлэгдсэн Хатха йогийн талаарх Оросын “Шинжлэх ухаан ба амьдрал” сэтгүүл байлаа. Ж.Дугаржав гуай эдгээр номуудыг байнга уншиж, судалдаг бөгөөд толгой дээрээ зогсох, дал нуруугаараа хэвтэж байгаад хөлөө толгой дээгүүрээ давуулаад газарт хүргэх гэх мэт хүнд дасгалуудыг түвэггүйхэн хийчихдэг гэнэ. Г.Баасанхүү гуай “Дугар ах чинь хүнд хэлэхээр дургүйлхээд байдаг нэг сонин бий. Хүрээлэн дээр нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болж л дээ. Тэгсэн манай хүн залуучуудаасаа ч илүү бараг ясны сийрэгжилтгүй гэж гарсан. Хөл сайтай. Хүүхэд байхаасаа цагаан идээ байнга хэрэглэдэг байсны ач тус болов уу” гэв.

Эдний цонхны тавцан дээр алаглах өнгө өнгийн цэцэгс гэрийн эзэгтэйн сонирхол бололтой. Г.Баасанхүү гуай “Миний хувьд цэцэгсээ арчилж, радиогоороо Түмэндэмбэрэл, ардын дууч Бурмаа нарын дууг сонсч, Чойном, Сүрэнжав, Лодойдамба гуайн зохиолуудыг уншиж суух нь ээ жаргал шүү дээ. Далай багшийн сургаалуудыг уншихаар нээх сайхан гэж ээ. Бас чөлөөт цагаараа үгийн сүлжээ бөглөнө. Шөнө оройтож унтдаг амьдралын хэмнэлтэй улс даа бид” гэлээ.

Гэрийн эзний ажлын өрөө наран тал руугаа харсан цонхтой ажээ. “Бичиг цаасанд хөглөрч, эмх замбараагүй л байдаг юм даа” гэж Ж.Дугаржав гуай инээмсэглэв. Тэрбээр “Манайх анх энэ байранд орохдоо л ийм номын тавиур хийсэн юм. Одоо ч хэвээрээ байгаа. Орчин үеийн хүмүүс хараад их бүдүүлэг санагдах байх даа” гээд модон тавиуруудыг заав. Энд уран зохиол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний гээд хуучны ховор номнуудаар баялаг юм билээ. Бас оросын хуучны шүүгээ нэг ханыг нь бүрхэх бөгөөд дүүрэн ном өрсөн байлаа. Харин бурхан тахил юугаа шилэн хоргонд залжээ.

БОРДОО, МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН БЭЛДМЭЛ ГАРГАЖ АВЧЭЭ

Ж.Дугаржав гуайн ажлын өрөөнд компьютер, өнгөт принтер цөм байна лээ. Тэрбээр компьютероо асаагаад өөрийн хийсэн бүтээлүүдийг бидэнд нэг бүрчлэн танилцуулав. “Би насаараа л нүүрсний судалгаа хийлээ дээ. Химийн хүрээлэнгийн нүүрсний хими технологийн лабораторид ажиллаж байв. Эрхлэгчээр нь арав гаруй жил ажилласан. Нүүрсийг боловсруулах технологи боловсрогдсон байдаг хэдий ч химийн бүтэц, байгуулалт бүрэн тогтоогдоогүй бодисын нэг. Тэгэхээр энэ чиглэлд ажиллаж, өөрийн орны нүүрсний химийн бүтэц, шинж чанарын онцлогийг нээж илүүлэх онолын судалгаануудыг хийсээр ирсэн. Сүүлийн үед нүүрснээс бүтээгдэхүүн гарган авах инновацийн судалгааны чиглэлд түлхүү ажиллаж байна.. Нүүрсийг коксжуулах шингэрүүлэх, хийжүүлэх, утаагүй түлш гаргах чиглэлд шавь нартайгаа, хамтрагчидтайгаа багагүй хугацааг зарцуулж эрдэм шинжилгээний олон өгүүлэл хэвлүүлж, патент, шинэ бүтээлийн эрх хамгаалсан. Өнгөрсөн зуунд социализмын үед хийгдсэн улс нийгмийг хөгжүүлэх зорилтод ба цогцолбор программууд дахь нүүрс боловсруулах аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэхтэй холбоотой ботиудыг боловсруулахад оролцож явлаа. Нүүрс, түүнтэй төстэй түүхий эдээс ялзмагийн буюу гумины бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр хийсэн ажлууд минь үйлдвэрлэлд нэвтэрч үр дүнгээ өгч байна. Гумины бордоо бол ургамлын өсөлт хөгжилтийг идэвхжүүлдэг, ургацыг нэмэгдүүлдэг, хөрсний бүтцийг сайжруулдаг, манай тариаланч, ногоочдын эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн. Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран олон жил туршилт, судалгаа хийж гарган авсан өөр нэг бүтээгдэхүүн бол малын тамир тэнхээ, хурд хүчийг сайжруулдаг “Хуматон” бэлдмэл. Саяхнаас үйлдвэрлэлд нэвтрээд байгаа, малын сүүний гарц, малын жинг нь нэмэгдүүлэх, дархлал идэвхжүүлж өвчнөөс сэргийлэх, муудаж, доройтсон малыг сэргээн засах төдийгүй антиоксидант үйлчлэлтэй бүтээгдэхүүн” гэв. Утаагүй түлшний тухай асуухад “Түлш шатаж байвал заавал утаа гардаг гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш л дээ. Аливаа түлшийг бол шатаахад хий гарна. Түлш цэвэр бол гарах хий бол цэвэр байна. Гарах хийн үндсэн хэсэг нь нүүрсхүчлийн хий, усны уур. Ундааг нүүрс хүчлийн хийгээр хийжүүлдэг шүү дээ. Гарах хийд тоос, үнс дутуу шатсан нүүрсний тортог, дэгдэмхий ба дэгдэмхий биш уур-хийн байдалтай органик бодисууд тархсан байвал утаа болно. Чингэхлээр цэвэр, сайн түлш утаагүй шатна, муу түлш утаатай шатна, сайжруулсан түлш хэрэгтэй гэж ойлгож болно. Түлш гүйцэд шатах нөхцөлийг хангаж чадахуйц сайн зуух бас хэрэгтэйг үгүйсгэж болохгүй гэж Ж.Дугаржав гуай хэллээ. Дээрх нээлтүүдээс гадна эрдэмтэн маань био түлшний талаар судалгаа хийж дөрвөн патент авчээ. Түүний тооцоолсноор манай улс жилд хурааж авдаг 400 мянган тонн үр тарианаас 300 гаруй мянган тонн сүрэл гарах юм байна. Үүний 100 мянган тонноор нь түлш хийхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах ажээ. Сүрлээр хийсэн түлш утаагүй байхаас гадна хүрэн нүүрсний дайтай илчтэй гэнэ.

Ж.Дугаржав гуай компьютер дэх зургуудаа сонирхуулан ийн ярьж байх зуур Төв цэвэрлэх байгууламжийн зураг гараад ирэв. Түүний хийсэн бохирын үнэр дарах бэлдмэлээр 2016 онд АСЕМ-ийн өмнө төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгахад хэрэглэсэн байна. Энэ онд ч бас хавар, зуны аагим халууны үед эдний бэлдмэлээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг даржээ. Уг ажлынхаа хүрээнд гэр хорооллын жорлон, муу усны үнэрийг дарахад зориулсан бэлдмэл хүртэл хийсэн байна. Ийнхүү биднийг хуучлах зуур “Зочин ирлээ” гэж гэрийн эзэгтэй хэлэв. Энэ хүн бол Ж.Дугаржав гуайн танил газар тариалан эрхлэгч ажээ. “За ургац арвин хураасан уу” гэж Ж.Дугаржав гуайг мэнд мэдэхэд “Хангалттай сайхан” гэж зочин хариуллаа. Нүүрснээс гаргаж авман гумины бордоог газар тариалангийнхан сайн мэддэг болсон аж. Эднийд зочилсон эрхэм ч байнгын хэрэглэгч нь юм байна.

Эрдэмтэн Ж.Дугаржав гуай энэхүү бүтээлүүдийнхээ судалгааны ажлуудыг олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэгтэйгээр бий болсон гэж онцолж байлаа. Тэрбээр “Хүрээлэнгийн маань болон ШУА-ийн үе, үеийн удирдлагууд надад том тус хүргэсэн. Жишээлбэл, Химийн хүрээлэнгийн захирал Д. Бадгаа гэж мундаг хүн байлаа. Дараа нь Б.Пүрэвсүрэн, Д.Батсүрэн, Т.Ган-Эрдэнэ, Л.Жаргалсайхан гээд олон захиралтай ажиллаа. ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Чадраа, Б.Энхтүвшин, Д.Рэгдэл нарын хүмүүс үргэлж ажлыг миний дэмжиж, түшиж тулж явсан. Бас Боловсролын яам, Шинжлэх ухаан технологийн сан гээд надад нааштай хандаж, төслүүдийг минь дэмжсэний хүчинд миний судалгааны ажлууд амжилттай явж ирсэн” гэлээ. Мөн тэрбээр өөрийн шавь нараараа ч ихэд бахархаж байлаа. Мэдээж бакалавр, магистрын ажил удирдсан тоо яривал олон. Тэр дундаас гурван докторын ажлыг амжилттай удирдаж, хамгаалуулсан байна. Түүний нэг нь ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Б.Авид ажээ.

ӨВӨӨ, ЭМЭЭГИЙН БАХАРХЛУУД

Эдний хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийн өвлөж аваагүй ч инновацийн бүтээгдэхүүнийг түшиглэх үйлдвэр байгуулах чиглэлд тусалж, оролцож байгаад тун ч таатай хандаж байв. Том хүү Д.Алтанхуяг нь төмөр замын мэргэжилтэй гэнэ. Мэргэжлээрээ ажиллаж байгаад “Хийрэв” компанийг авч явна. Дунд хүү Д.Билэгсайхан нь эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Татварын албанд ажиллаж байгаад одоо Хими, хими технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Уужим булган” компанид ажиллаж туслаж байна. Бага хүү Д.Энхбат нь Хотын захиргааны Дотоод аудитын албанд ажилладаг байна. Г.Баасанхүү гуай “Би чинь гурван сайхан бэртэй. Өөрийн төрсөн охидоос дутахгүй сайхан охид доо. Бэрүүд маань химич, эдийн засагч мэргэжилтэй, Бага бэр Д.Номинтөгс МИАТ-д ажилладаг. Бэрүүд маань үр хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлж байгаад нь сэтгэл дүүрэн байдаг даа. Манайх зургаан ачтай. Том нь оюутан, бага нь цэцэрлэгт явдаг. Тэд маань өвөө, эмээгийнхээ бахархал юм. Улс, дүүргийн олимпиадад оролцож, дандаа тэргүүн, дэд байруудад шалгардаг, толгой сайтай хүүхдүүд дээ” гээд магтлаа.

Биднийг ийн хуучлан суух зуур хонх дуугарав. Г.Баасанхүү гуай ухасхийн босч хаалгаа нээгээд “Миний хүүхдүүд хүрээд ирэв үү” гэсээр бөөн дуу шуу боллоо. Оюутан байрын залуу, бага ангийн сурагч хоёр орж ирлээ. Том нь “Манайх зочинтой байгаа юм уу” гэж бидэн рүү харж мэндчилээд өвөөгийнхөө дэргэд тухлав. Өвөө нь тэдний духыг үнэрлээд “Энэ хоёр манай том хүүгийн хүүхдүүд. Гэр нь манайхтай ойрхон байдаг юм. Том ач маань Ананд. МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн III дамжааны оюутан. Шатарт тун ч сонирхолтой. Батсайхан дасгалжуулагчтай “Мон-Честь” клубт харьяалагддаг. 2011 онд Славианы Марибор хотод болсон дэлхийн идэрчүүдийн аваргад амжилттай оролцож байсан мундаг хүү дээ” гэж бидэнд танилцуулав. Харин балчир хүүг А.Авирмэд гэдэг байна. Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуулийн хоёрдугаар анги аж. Ахыгаа дагаад шатарт сайн бололтой. Бас Спортын төв ордонд Шийрэв дасгалжуулагчтай жудо бөхийн секцэнд суралцдаг гэнэ. Энэ хүүгийн нэр эдний гэр бүлийн хувьд тун ч учир утгатай юм байна. Олон жилийн өмнө Ж.Дугаржав гуай улаан хоолойгоо гэмтээж сандаргажээ. ЭХЭМТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч Монгол Улсын гавьяат эмч, төрийн шагналт Авирмэд, эмчлэгч эмч Ганхуяг нарын ачаар аврагдсан байна. Ингээд алтан гарт эмч Авирмэдийн нэрийг шинэ төрсөн ачдаа өгсөн аж. Г.Баасанхүү гуай ач хүүгийнхээ толгойг илэнгээ “Үр хүүхдүүдийн минь өмөг түшиг болсон ханийг минь хөл дээр нь босгож чадсан ЭХЭМТ-ийн эмч, ажилтнуудад хязгааргүй их баярлаж, үргэлж сайн сайхныг хүсч бурхандаа залбирдаг даа” гэж өгүүллээ.

“Сайхан амьдрал энгийн жор бол сайн хань юм шүү”.

Олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж улс орны эдийн засаг, мал аж ахуйд ашиг тусаа өгсөн бүтээгдэхүүнийг нээж илрүүлсэн буурал эрдэмтэн Ж.Дугаржав гуай тун ч энгийн даруу хүн юм. Салбарын тэргүүний ажилтан, хүндэт жуух бичгүүд хэд хэдээрээ давхарлаатай байна лээ. Гэргий нь бидэнд сонирхуулахдаа “Би нөхрийнхөө “Бүтээлийн алтан медаль” гээд энэ цагаан тэмдэгт их дуртай. Бас Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, алтан гадас, хөдөлмөрийн гавьяны улаан тугийн одон хүртэж байсан. Гэхдээ би жуухаараа илүү шүү” гээд инээв. Мэдээж салбартаа анхдагчдын нэг Г.Баасанхүү гуайн хөдөлмөрийг төр үнэлж Цаг уурын тэргүүний ажилтан, алтан гадас одон, медалиудаа хүртээжээ.

Ж.Дугаржав гуай дөрвөн сайхан эмэгтэй дүүтэй юм байна. Тэд эмч, эдийн засагч, барилгачин, санхүүгийн мэргэжилтэй гэнэ. Зарим нь тэтгэвэртээ гарч, зарим нь одоо ч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чухал алба хашиж байгаа аж. Тэдний эмээ ээж гэж мундаг хүн байжээ. Ж.Дугаржав гуай ярихдаа “Батын Наранжав гэж хүн байсан юм. Энэ хүн миний бага насны жаргалыг өгч байсан гэж бодогддог доо. Туйлын ухаантай, дандаа зүйр, цэцэн ярьдаг, цэцэн цэлмэг хүн байсан сан. Тэр хүний ухаан, хайр халамж намайг төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэж дурсав. Үргэлжлүүлээд “Харин миний хань бол надад түшиг тулгуур болж, өдий зэрэгтэй авч яваа хүн. Би гоё ганган хувцас өмсөнө, баян тансаг явна гээд надаас шахаж шаардаж байгаагүй. Өөрөө ч өвдөж зовоож байгаагүй. Одоо ч тэнхлүүн байгаа биз дээ” гээд эхнэрийгээ цаашлуулав. Ингэж хэлэхэд нь Г.Баасанхүү гуай “Хүн сайн, сайхан явна гэдэг бол хань ижлээ зөв сонгож, сайхан хамт олонтой байх ёстой юм байна. Сайн ханьтай учирсан азтай хүн дээ, би. Манай хөгшин хүн чанар сайтай, төлөв, үр хүүхдүүддээ хайртай, анд нөхдөдөө тусархуу, хосгүй сайхан хүн шүү дээ. Бид хоёрыг залуу сайхан насандаа ажлаа сэтгэл амар хийхэд ээж маань мөн ч их үүрэг гүйцэтгэсэн. Гурван хүүхдийг минь өсгөсөн юм. Хүүхдүүд маань ч биеэ дааж, ээж, аавыгаа зовоогоогүй дээ. Өөрсдөө ажил хөдөлмөр эрхлээд байр савтай болцгоосон. Харин хөгшин бид хоёр энэ байрандаа анх 1988 онд ашиглалтад ороход нь нүүж ирсэн юм. Өмнө Офицеруудын ордны хажууханд гэр хороололд хадмуудтайгаа амьдардаг байлаа. Нөхрийн маань ажлаас хоршооллын байр хуваарилж билээ” гэж хуучлав. Бидний яриа хуучин нийгмийн үеийн сонин хачин, орчин цагийн улс төр гээд л олон сэдвийг хамарч нэг мэдэх нь нар хэдийнэ хэлбийсэн байлаа. Хоёр хөгшин дахин, дахин зочлохын ерөөл тавьсаар биднийг үдэж, хоцров.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд