Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn НОБГ: Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn НОБГ: Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ DNN.mn
Цаг үе
2015.11.01 12:11

Хорьдугаар зууны шилдэг романуудыг дахин хэвлэж уншигчдын хүртээл болгож эхэллээ

Түүхийн дэнсэн дээр тавиад үзвэл өнгөрөн одсон хорьдугаар зуун Монголын улс төрийн амьдралд хар цагаанаар ээлжилсэн агшин хормуудыг үлдээсэн ч харин урлаг, утга зохиолын түүхэнд алтан үсгээр бичигдэх олон гайхамшгийг үлдээсэн. Цөөхөн хүн амынх нь багаахан хэсэг л бичиг үсэгтэй байсан, олонхи нь гарын үсэг зурахдаа хурууны хээгээ л дардаг харанхуй балар тэр цагийн үүлийг сэмлэн ард түмэн кирилжин монгол үсэгт бүрэн тайлагдсанаар Монголын утга зохиолд ч гэрэл гэгээг авчирсан юм. Үлгэр туулиа цээжээрээ голдуу өгүүлэн хайлдаг байсан уламжлалт монголчуудаас бичгийн мэргэд, их зохиолчид олноор төрөн гарч, улмаар улс түмнийхээ түүхэн хувь заяа, ард түмний аж амьдралыг цаг хугацаа-орон зайн өргөн дэвсгэр дээр дүрслэн дүржүүлж, туурвилчийнхаа хувьд романч хэмээн алдар­шиж ирсэн байдаг. Монголын их утга зохиолын хорьдугаар зууны амьдралыг томоохон хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн бичгийн их зохиолчдын бүтээлүүдийг өнөө ч уншигч олон хүсэн хүлээж, уншин шимтсээр байна.


Номын хямдрал зарлаж шуугиулаад байсан “Аз хур” номын их дэлгүүрт өчигдөр “XX зууны шилдэг роман” цуврал номын нээлт болж, зохиолч, яруу найрагч, уншигчид олноор хүрэлцэн ирсэн байв. “XX зууны шил­дэг роман” цувралын эхний ээлжинд төрийн хошой шагналт зохиолч Донровын Нам­дагийн “Цаг төрийн үймээн”, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын “Их хувь заяа”, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэвийн “Усны гудамж” зэрэг романууд өнгө, чанарын өндөр түвшинд хэвлэгджээ. “Их хувь заяа” романы зохиогч С.Удвалын хүү Өнөбаатар номын баярт хүрэлцэн ирж ээжийнхээ романыг хэвлэсэн “Мөнхийн үсэг” группийн хамт олонд талархсанаа илэрхийлж “Монголын ард түмэн бол их хувь заяатай ард түмэн. Тэр их хувь заяаг ардын Хатан­баатар Магсаржав нарын эрэлхэг зоригтнууд дархалсан түүхтэй. Ээж маань Монголын ард түмний тэр л түүхэн үйл явдлыг уран сайхны дүрээр Монголын их утга зохиолд мөнхлөх хувьтай байж” хэмээсэн юм. С.Удвал бол гадаадад Монголын амьд нэрийн хуудас болж, ХХ зууны дунд болон сүүл үеийн дэлхийн олон алдартай хүмүүс, тухайлбал, Бразилийн зохиолч Ж.Амаду, Кубын яруу найрагч Николос Гильен, Чилийн яруу найрагч Пабло Неруда, ЗХУ-ын зохиолч Константин Симонов, сансрын анхны нисгэгч эмэгтэй В.Терешкова, Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов, Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны ерөнхийлөгч Эжени Коттон нартай нэгэн зиндаанд үерхэж нөхөрлөж явсан их хувь заяатай уран туурвилч юм. “Их хувь заяа” романы хэсгээс Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Болормаа уран яруу уншиж, хурсан олонд толилууллаа.


“Манан будан”, “Зүрхний хилэн” зэрэг түүхэн их хөлгөн туульсуудыг туурвигч Жамбын Пүрэв агсны хүү П.Эрдэнэбат “Миний аав үнэхээр их хөдөлмөрч, авьяастай зохиолч байсныг түүний бүтээлүүд бэлээхэн гэрчилнэ. Бид ах дүү тавуул. Өнөөдөр энэ сайхан үйл явдалд Жамбын Пүрэвийн үр хүүхдүүд бид оролцож байгаадаа баяртай байна. Аавын минь “Хөгжмийн эгшиг” романыг хүмүүс их асууж сурагладаг байсан. Уншигч олных нь хайртай роман дахин хэвлэгдэж байгаа нь сайхан байна” гэж байлаа. “Хөгжмийн эгшиг” романаас Монгол Улсын ардын жүжигчин Цэрэндагвыг уншихад номын дэлгүүрт ялаа ниссэн ч сонсдом аниргүй болж, гагцхүү хийлч бүсгүйн тоглосон намуухан аялгуу л зохиолын яруу утгыг хүмүүний сэтгэлд уусган эгшиглэж, эх нутгаасаа алсад хувь заяаны эрхээр цөлөгдсөн романы гол баатрын уй гунигийг илтгэх аж. “Болор судар” газраас эрхлэн гаргасан цуврал романуудын дээжийг “Аз хур” номын их дэлгүүрийнхэн Монгол Улсын Үндэсний номын санд хандивласан.

Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг энэ үеэр “Хүрэн хаалгатай дэлгүүр” ардын дууг эвлэг намуухан хоолойгоор аялж, “Цаг төрийн үймээн” романыг зохиосон их зохиолч Д.Намдагийн хүү Н.Төгөлдөрийн гэргий Баясгалан хүрэлцэн ирж уншигчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч, судлаач эрдэмтэн Үржингийн Хүрэлбаатар “Намдаг багш маань “Цаг төрийн үймээн” романаа бичиж байхдаа бие тэнхээрхүү байсан ч авьяас билгээ шавхан, ядрал зүдрэлийг умартан ажиллаж байсан нь өнөөгийн бичиг номын хүмүүст үлгэр дуурайл болох нь дамжиггүй” гэж байлаа. “Цаг төрийн үймээн” романы хэсгээс БСШУЯ-ны мэргэжилтэн Баянзул уншиж сонирхуулав. Монголын шилдэг роман цувралын нээлтэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач эрдэмтэн Пүрэвхүүгийн Батхуяг, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ, Цүрэмийн Мухар нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.


Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв шилдэг роман цувралд багтсан бүтээлийнхээ тухай “Усны гудамж” роман маань 1990 онд дөчин мянган хувь хэвлэгдэж байсан, гучаад оны их хэлмэгдүүлэлтийн тухай роман юм. Эднийх сая арван мянган хувь хэвлэсэн гэж бодвол миний бүтээл тавин мянган хувиар уншигчдад хүрчээ гэсэн үг. Энэ бол Монголдоо л том тоо учраас зохиолчийн хувьд их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний “Усны гудамж” романы гол дүрийн монологийг жүжигчин Б.Эрдэнэцэцэг уншсан юм. Санжийн Пүрэв зохиолч бас “Би зохиолч Жамбын Пүрэв гуайтай нэр нэгтийн хувьд ч, авьяас хөдөлмөрийг нь хүндэлдгийн хувьд ч “Үлгэрийн танхим”-д ажиллаж байх үеэс нь сайн танина. Сономын Удвал даргатай утга зохиол сурталчлах ажлаар хөдөө орон нутагт олон удаа хамт явж байсан сайхан дурсамж үлдсэн. Донровын Намдаг гуайг 1950-иад оны эхээр гудамжинд цагаан малгайтай явж байхыг манай ангийн Гончиг хэмээх хүү зааж өгч, алсаас бишрэн дагаж явсан минь илхэн байна. Ийм гайхамшигтай зохиолчдын романтай миний бүтээл зэрэгцэж гарсан нь цаанаасаа их хувь учрал байжээ” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тэрээр хөлөө бэртээгээд гэмтэлтэй байсан ч суга таяг тулан хүрч ирсэн байлаа.


“Аз хур” дэлгүүрээс Монголын шилдэг романы цувралуудын нээлтийн баярт ирсэн уншигч, худалдан авагчдад үнийн дүнгээс гучин хувийн хөнгөлөлттэй борлуулалт хийх эрхээр урамшуулсан аж. Эднийхэн цаашид Монголын зохиолчдын шилдэг тууж, өгүүллэгүүдээс бүтсэн ботиудыг цувралаар хэвлүүлэх болсноо мэдэгдэж байсан. Номын баяр нээлтийн үйл ажиллагааг ардын жүжигчин Цэрэндагва

“Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солонго татлаа...” хэмээсэн билэгт сайхан үгийг хүнгэнүүлэн уншсанаар “Аз хур” номын их дэлгүүрт зочилсон номын гэгээн садангуудаа үдсэн билээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Онцлох нийтлэлүүд