Хот, Засаг хоёр хоорондоо таарахаа больжээ

Хот, засаг хоёр үхрийн эвэр шиг хоёр тийшээ харчихаад шийдвэрүүд нь зүгээ олохгүй байна. Шөнө, оройгүй хуралдсаны эцэст Засаг нэг шийдвэр гаргадаг. Нөгөө талд Хот тэс хөндлөн шийдвэр гаргачихдаг. Хоорондын уялдаа холбоо байхгүйгээс болж шийдвэрүүд нь хоорондоо зөрчилддөг. Гарсан шийдвэрээ хамгаалаад хоорондоо үзэлцээд эхэлдэг, бараг л баруун зүүний манлайгаас босч ирэх л дутуу байна. Мөн тэдний шийдвэрүүдээс нь харахад Хот, Засаг хоёулаа амьдрал мэдэхгүй байна. Ухаандаа Хот болон Засгаас хэвлэл мэдээллийн салбарынханд хөл хорионы үед саадгүй зорчих тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Энэ нь иргэдийн мэдэх эрхийг зөрчихгүйн тулд хийж байгаа зөв арга хэмжээ байж болох. Гэтэл орчин үед хүн бүр хэвлэл мэдээллийн байгууллага болчихсоныг тэд тооцож үзсэнгүй. Энэ цагт үсэг, бичиг гадарладаг болгон нь сайт байгуулан эрхлэгч болж, хэвлэл мэдээллийн байгууллага удирдаад явж байгаа. Үүнийг Хотын захиргааны гадна үүссэн урт дараалал түвэггүй харчихаж болно. Зөвхөн Хот гэлтгүй адилхан автомашинаар зорчих зөвшөөрөл олгож байсан Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй сайтуудын эрхлэгчид олноор хандаж, ачааллыг нь хэд дахин нэмэгдүүлж орхисон байгаа юм. Эцэстээ энэ урт дараалал, ачаалал огт хэрэггүй болсон л доо. Хотоос хэвлэл мэдээллийнхнийг тусгай зөвшөөрөл авахгүйгээр нийслэлд зорчиж болно гэж мэдэгдсэн юм.