ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.27 08:05

Хурдны морийг жин багатай залуусаар унуулахыг шаардав

"Энэрэл хайр хүүхдийн төлөө" төрийн бус байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт болон Монголын морин спорт уяачдын холбоонд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Хүүхдээр хурдны морь унуулах нь, Монгол Улсын үндсэн хуулийн 2-ын 16-1-д заасан амьд явах эрх, 4 дэх хэсгийн хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй, 11 дэх хэсэгт заасан гэр бүл, эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа мөн Хүүхдийн эрхийг хамгаалах Монгол Улсын хуулийн 12-т заасан Хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцийн 3-д заасан заалтууд, Хүүхдийн эрхийн конвенцийн 32-д заасан хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт аюул учруулж болох ажил эрхлэхээс хамгаалах, 39-д заасан хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглахыг хориглох гэсэн заалтуудыг Монгол Улсын төр засаг бүхэлдээ, уяачдын холбоо тэр чигээрээ зөрчиж байна.
Хурдан морины уралдаанаар ашиг хонжоо ологсод, алдар гавьяа хүртэгчид уламжлал нэрийн дор хүүхдийг хайрлахгүй гарсан хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгааг олон нийт, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, хүүхэд нь амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон гэр бүлүүд хүчтэй шүүмжилж, хуулиа биелүүлэхийг шаардаж байна. Энэ зун болох олон уралдаанд маш олон энхрий бяцхан үрс маань амь насаараа хохирох, бэртэж гэмтэх учиргүй гэж үзэж байна” гэжээ.
"Энэрэл хайр хүүхдийн төлөө" төрийн бус байгууллагыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэргүүлдэг бөгөөд тэдний зүгээс өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хурдан морийг жин багатай залуучуудаар унуулдаг болохыг шаарджээ.

Онцлох нийтлэлүүд