ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.08.24 08:08

Хээрийн бэлтгэлд дөрвөн бүрэлдэхүүн сургуулийн 331 суралцагч бэлтгэгдлээ

Дотоод хэргийн их сургуулийн “Хээрийн сургалтын төв”-д шинээр элссэн сурагчдыг сарын хугацаанд анхан шатны сургалтад хамруулахаас гадна хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэдэг. Энэ жил хээрийн бэлтгэлд Цагдаагийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Онцгой байдлын нийт дөрвөн бүрэлдэхүүн сургуулийн 12 хөтөлбөрийн 331 суралцагчид бэлтгэгдэж байна.

Сургалтын төвийн дарга М.Мэнд-Амар “Суралцагчид нэг сарын хугацаанд хээрийн сургалтын төвд цэргийн анхан шатны мэдлэгээ сайн олж авах нь цаашид амжилттай суралцах суурь болдог. Энд өглөө босоод ороо хураахаас авахуулаад орой төрийн дууллаа дуулаад унтах хүртэл бүх юм практик сургалтаар явдаг. Манайд бэлтгэгдэж байгаа суралцагчид ирээдүйд хилийн цэрэг, цагдаа, онцгой , шүүхийн байгууллагуудад хамгийн хүнд хэцүү бүхэнтэй ажиллах учраас суурь олгох энэ сургалтаа хүндрүүлсэн нөхцөлөөр явуулдаг. Хээрийн сургалтын төвийн гол зорилго нь суралцагчдад ёс зүйтэй, зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, хүнлэг байх чадваруудыг эзэмшүүлэхээс гадна бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэхэд оршино” гэж онцоллоо.

Энэ жилийн хээрийн сургалтын хөтөлбөрт цэргийн дүрэм, галын бэлтгэл, жагсаалын бэлтгэл, үй олноос хамгаалах бэлтгэл, онол эрх зүй, сэтгэл зүйн бэлтгэл, биеийн тамир, гардан тулаан гэсэн хичээлүүд багтжээ. Энэ жилийн онцлог нь нэмэлтээр сэтгэл зүйчид болон мэргэжлийн биеийн тамирын багш, гардан тулааны мэргэжлийн багш нар, соёл хүмүүжлийн чиглэлийн ажилтнууд ажиллаж байна. Сургалтын төвд нийт 21 офицер, ахлагч, энгийн 9 албан хаагч ажиллаж байгаа аж.

Анх цэргийн казармыг майхнаар бэлтгэж гарч байсан бол 2015 оноос хойш жил бүр 2-3 контейнер шинээр хийж, одоогийн байдлаар 7 контейнертой үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг контейнерт 40 сонсогч буюу нэг салаа байрладаг байна. Мөн энэ жил клиник сургалтын төв ашиглалтад орсноор багш, ажилтан, албан хаагчдад гадаад хэлний вакуумжуулсан сургалтад хамрагдах нөхцөл бүрджээ.

“Хүчний байгууллагад ороод хамгийн түрүүнд захирах, захирагдах ёсонд суралцах ёстой. Бид үүнд суралцагчдаа бага багаар дасгаж сургадаг. Хүүхдүүдийн сэтгэл зүй эхний хэд хоногт дасан зохицоход хэцүү байдаг. Явцын дунд жигдрээд, бие хаа нь чангараад, хичээл сургалтдаа идэвх санаачилгатай болдог. Цэрэг хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн сэтгэл зүйн ямар бэлтгэлтэй байхыг энэ сургалтаар олж авдаг” хэмээн Дотоод хэргийн их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт, цэрэг хариуцсан ахлах офицер, ахмад Э.Хосбаяр хэллээ.

“Хээрийн бэлтгэлд гарснаар аливааг дэг жаягтай, яс хийж сурсан. Урьд нь эх орон гэж ярьдаг хирнээ юу болохыг нь мэдэрдэггүй байсан юм байна. Төрийн дуулал явж эхлэхэд хамаг шар үс босоод, огшоод, төрийн дууллын үг бүрийн утгыг мэдэрч, эргэн тойрноо хараад энэ эх орноо бид хамгаална гэж бодохоор улам их тэсвэр сууж, хатууждаг юм байна” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуульд суралцахаар Сүхбаатар аймгаас ирсэн суралцагч Э.Пүрэвжав ярилаа.

“Бид энэ сургалтын төвд ажиллаж байгаа албан хаагчид биеэр үлгэрлэх чадвартай байх ёстой гэж шаарддаг. Сүүлийн үед хүүхдүүд цэргийн сургуулийн сургалтын төвийг урьдчилан судлаад сэтгэл зүйгээ сайн бэлдэж орж ирж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өөрийн хүсэлтээр шантраад гарч байгаа хүүхдүүд бага байна. Хүчний байгууллагад алба хаана гэдэг сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэлтэй, бие бялдар өв тэгш, эрүүл мэнд цоо эрүүл байх ёстой” талаар Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан Хошууч Т.Ганпүрэв хэлсэн юм. Цэргийн хүн болж байгаа хүн бүр тангараг өргөх ёстой. Суралцагчид маргааш Тангараг өргөх ёслолын ажиллагааг гүйцэтгэнэ.


Н.Амартүвшин

Онцлох нийтлэлүүд