ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.26 09:09

Хээрийн хууль (II)

Түрүүч нь №186(6552) дугаарт

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.



ГУРАВ. ПҮРЭВДОРЖИЙН АРГУМЕНТ

1962 онд Чингис хааны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад Москвагийн шахалтаар зогсож, удирдан зохион байгуулсан хүмүүс, дэмжсэн уран бүтээлчид буруутаж, зарим нь шийтгэгджээ. (Монгол Улсын ямар ч хуулинд Чингисийг магтах хийгээд буруушаахтай холбоотой зүйл анги байхгүй гэдгийг дурдаад цаашаа явцгаая) Буруутсан хүмүүсийн дотор “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгээрээ алдаршсан, нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж багтжээ. Монголчуудын аугаа өвөг-Чингис хааныхаа ойг тэмдэглэх сургаар, онгод нь бадарсан найрагч “Чингис” шүлгээ туурвиад эх орондоо ч хэвлүүлж амжилгүй байтал Чингис хааны ой цуцлагдаж. Гэтэл шүлгийг Зөвлөлт Буриадад хэвлэчихсэн байжээ.

Д.Пүрэвдоржийг Намын хянан шалгах хорооны дарга Лувсанравдан биечлэн дуудаж, улс төрийн алдаатай бүтээлээ гадаадад хэвлүүлсэн ял тулгав. Яг ийм зүйл заалт хуулинд байхгүй ч гэсэн зохих ялыг эхэлж төлөвлөөд, түүнийгээ батлах маягтайгаар шүүхээр оруулан ямар нэг зүйл ангийг төлөөлүүлэн хэрэглэдэг дэглэм байлаа.

Процедур нь ийм. Бүхний дээр байсан Нам ба Намын шүүх болсон Хянан шалгах хорооноос хэн нэгнийг буруутгаад, түүнийгээ шийтгүүлэхээр хууль хэрэгжүүлэгчдэд шилжүүлнэ. Тохирох зүйл анги олох нь шүүх, цагдан сэргийлэхийнхний үүрэг. Тэдний дунд “жижиг хулгай болгоод зохих зүйл анги олох уу”, “Үгүй ээ. Намаас үүрэг болгосон 10 жил хорих чиглэлд тохирох зүйл анги наана чинь алга. Танхайн хэрэг төлөвлөчихөөд нэг юм сэтгэе. Харин та нар танхайрсан болгочихмоор нэг үйлдэл олдог ч юмуу, сэддэг ч юмуу, өөрснөө мэд” гэх маягийн яриа болохнээ дээ, логикоор нь хөөвөл.

Жишээлэхэд, нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг шүүмжлээд нутаг заан цөлөгдсөн Ц.Лоохууз сүйхээтэй нэгэн байсан тул жижиг хөдөлмөр эрхлэн хөөрхөн хөлжижээ. БНМАУ-ын ямар ч хуулинд “МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргыг шүүмжилбэл цөлнө” гэсэн заалт байхгүй ч Төрийн шийдвэрийг хэн ч гайхширсангүй хүлээж авсан юм.

Тэрчлэн, цөллөгийн нөхцөлийг хуульчилсан зүйл үгүй, “цөлөгдөгч этгээд хоёр хоногт нэг удаа хооллож, арваас доошгүй нөхөөстэй гадуур хувцас хэрэглэнэ” гэхчлэнгийн зохицуулалт ч үгүй. Гэтэл ажилсаг, сүйхээтэй Ц.Лоохууз нам төрийн удирдагчдын итгэлийг хугалан, дажгүй сайн амьдраад болсонгүй.

Түүнийг шийтгэх үүрэг авсан хууль сахиулагчдад аанай л “Цөлөгдчихөөд тэндээ сайхан амьдарсан”, “зовлон эдлүүлж, үйлийг нь үзэх гэсэн Цэдэнбал даргын урмыг хугалсан” гэх зүйл анги олдохгүй. Иймээс, хайсаар байгаад “Улсын худалдаанд гараагүй хар цаас, хадаас олж байшин барьсан нь гэмт хэрэг” болохыг тогтоон яллажээ. Ийм тогтолцоотой нийгэмд Д.Пүрэвдорж найрагчид ямар аюул нүүрлэж байгааг таашгүй.

Гэвч тэрээр сүрхий хэрсүүгээс гадна дэглэмийнхээ тоглоомын дүрмийг сайн анзаарсан нэгэн байж. Д.Пүрэвдоржтой нэг үед гарч ирсэн Р.Чойном найрагч эр зориг, авьяас хоёртоо найдан үзэж тарсаар шоронд орж дууссан байдаг. Харин нөгөөх нь дэглэмийнхээ дүрмийг өөртөө ашигтайгаар эргүүлэн тоглолт хийсээр эрх чөлөөт цагтай золгож, алдар хүндийн оргилдоо гарч чадсан нэгэн, энд жишээлэн буй түүхийг ч дурсах боломж олсон хувьтан.

Яруу найрагчийн өөрийнх нь дурссанаар бол, Намын хянан шалгахын даргад хэлэх үгээ сайн бодож, урьдчилан цэгцэлжээ. Яг л төсөөлж байсанчлан түүнд улс төрийн алдаатай зүйл бичсэнээ гадаадад гаргасан ял тулгав гэнэ.

Д.Пүрэвдорж гуай, За дарга минь, та бид хоёр нэг юмтай хамтарч тэмцэхгүй бол болшгүй нь. Зөвлөлт орныг би гадаад харь орон гэж бодохгүй байна. Зөвлөлт бол бидний ах дүүгийн найрамдалт их өмөг түшиг болсон орон. Зөвлөлтөд бүх хэвлэл ЗХУКН(Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам)-ын удирдлагад байдгийг та бид мэднэ. Гэтэл, Зөвлөлт холбоот улсын коммунист намын шийдвэрээр хэвлэгдсэн бүтээлээс өө сэв эрж байгаа хүмүүс мэр сэр байна. Тэд МАХН, ЗХУКН-ын хооронд яс хаях оролдлого хийж байгаатай та бид хамтдаа тэмцэх үүрэгтэй гэсэн юм яриад хаяжээ. Намын хянангийн айхавтар дарга царай нь хүрлийж байснаа “Гар, чи” хэмээн хөөгөөд, дахин дуудсангүй. Ийм айхавтар гаргалгаа сонссон Лувсанравдан дарга бээр Д.Пүрэвдоржийг шийтгэчихээр Зөвлөлтийн коммунист намын эсрэг үйлдэлд холбогдчих гээд хулчийсан хэрэг.

Зөвхөн улстөрийн шинжтэй үйлдэл дээр л нам оролцож байсан юм биш. Хүний биед мэс хэрэглэн, хөнгөн гэмтэл учруулсан “Чонон” Борис гэгчийг Нам төрийн дээд удирдлагаас нийгэмд санамж болгон чанга шийтгэх үүрэг өгснөөс үүдэн цаазалсан гэдэг. Борис хумсны хутгаар хүний гуяыг эсгэснээс гадна, өөрөө насанд хүрээгүй байжээ. ХХ зууны дундуур болсон явдал.

Эндээс ямар ойлголт гарах вэ? Хууль бол нийтэд тэгш үйлчилдэг зүйл биш. Яах вэ, мод түлдэггүй, мужаан хийдэггүй ч малчин айлд нэг хөрөө байхад зүгээр гэдэг шиг ,улс юм чинь БНМАУ нэг Үндсэн хуультай байхад зүгээр. Хөрөөтэй айлыг хараад, гэрийн эзнийг гарын дүйтэй хүн байхнээ хэмээн тоож болох шиг улсыг маань хөндлөнгөөс хараад “улс шиг улс” байна гэж бодог, хөөрхий.

Тодорхой албан тушаалтан төдийгүй, зөв гаргалгаа харуулж чадсан жирийн хүн ч хууль, дүрмийг хүссэнээрээ тайлбарлан өөрчилж болно. Бас чадал чинь хүрвэл, хамгаалалт чинь байвал хууль цаазын нэрээр тэнд огоот байхгүй зүйлийг хэрэгжүүлэхээс гадна байгаа зүйлийг нь ч хэрэгсэхгүй орхиж болно. Ямар чадал, юу яасны хамгаалалт яриад унав аа гэж үү?

Өнгөрөгч далаад оны дундуур юм даа. Малаа сайн өсгөөд МАХН-ын гишүүн болсон нэг залуу айлын найран дээр агсам тавьж байхыг харсан юм. Хэнхдэгээ ярьж, хүрэн цээжээ гаргасан тэрээр, морины наймаанаас бол муудалцсан нэгэндээ,

-Чи мууг бялба нүдээд хаячихад би шоронд орохгүй, намын арга хэмжээ авахуулаад л үлдэнэ мэдэв үү? Харин чи муу гөлөг, над руу сарвайх л юм бол намын гишүүн, тэргүүний малчинд халдсан хэргээр, маргааш л ачигдах юм чинь хэмээн сүгсэгнэнэ. Үнэхээр ч тийм. Намын гишүүн хүн хэрэг үйлдвэл эхний ээлжинд намын дүрмээр арга хэмжээ аваад орхидог байсан.

Гэхдээ, намын гишүүд дандаа ч жаргаагүй л дээ. Жишээлэхэд, албан хаагч этгээд эхнэрээсээ салбал албан тушаалаа өгөх энүүхэнд. Ямар сайндаа л намын ажилтны эхнэр нь нууц амрагтайгаа хонож байгаад нөхөртөө гардуулсан тухай онигоо гарах вэ? Чемоданаа чирээд гарах гэж байсан нөхрөө “Хотын намын хороо байхад, чи муу хаашаа зайлах билээ” хэмээн дарамталсан гэх. Үнэний ортой онигоо.

Харин, 1990 оны эхээр, голдуу нам эвлэлийн шугамаар дэвшиж явсан олон ажилтан эхнэрээ сольж билээ. Улсынх нь хууль Намын дүрмийн дээр нь гарч ирснийг ашигласан хэрэг.

ДӨРӨВ. ХУУЛИЙГДАГАХУУ, ДАГУУЛАХУУ?

Хууль зөрчихгүй амьдарсан нь дээр үү, хуулийн дээр гарсан нь өлзийтэй юү гэсэн асуулт эндээс гарна.

Бичигдсэн үг үсэг, биелэлт хоёр нь зөрдөг хуулийг дагаж амьдрах хэцүү. Санаандгүйгээр буруутах аюул алхам бүрт отоостой. Харин хуулийн дээр суувал хууль зөрчсөн ч түүнийгээ зөрчөөгүй дагасан болгож чадна. Энэ уламжлал өөр өөрийн дүрмийг бие биедээ ээлжлэн тулгадаг дайнч нүүдэлчдийн амьдралын хэвшлээс эхтэй байж мэднэ. Тэдний хэн ялсан нь өөрийн дүрмээ тулгана. Дүрмээ тулгаж чадаж байгаа бол ялагч. Чухам эндээс л нүүдэлчдийн дунд байсан хууль үл хэрэгсэх, эсвэл дээр нь гарч зогсох замаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, престижээ бататгадаг хандлага үүсссэн бололтой.

Ийм хандлагыг өөгшүүлэгч нь Чингис хаан өөрөө байлаа. Дэлхий дахиныг нэгэн тугийн дор журамласан, Монголчуудыгаа “Их засаг” хэмээх алдарт хуулинд захируулсан тэр хүн. Ер нь бол Монголын анхны Үндсэн хуулийн эцэг юм даа.

Хэрвээ таны дэргэд “Монголын нууц товчоо” байгаа бол 205 дугаар зүйлд Боорчийг “есөн удаа гэмт хэрэг хийхэд нь шийтгэхгүй байх”-аар урамшуулсан тухай өгүүлнэ. Хааныхаа шагналыг хүртэж, дээдэст хайрлагдсан хүн гэдгээ харуулахын тулд иргэн Боорчи есөн удаа гэмт хэрэг үйлдэх учиртай. Ингэж гэмээнэ түүнийг олон нийтээрээ хүндэлж, хүлээн зөвшөөрнө өө дөө.

Эндээс, нүүдэлчин баатар өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хуулиас дээгүүр байгаагаа л харуулах учиртай. Эсвэл хуулин дээгүүр алхах эрхийг жолоодогчоосоо авах хэмжээний гавьяа байгуулах шаардлагатайг харна. Хэрвээ хуулиас дээгүүр л байгаа бол чи ялагч, бусдыгаа дагуулагч, за даа ер нь хүний дайтай яваа л гэсэн үг.

Хубилай хаан Хятадыг байлдан дагуулж, Их Юань гүрэн байгуулаад монголчуудыг хууль бараг үйлчилдэггүй шахам давхраа болгон хуульчилсан нь мөн л үндэстнийхээ престижийг нотолсон явдал байлаа.

Монголын эзэнт гүрэн, Юань, Гадаад монгол, тэр ч байтугай феодалын дэг ёс арилан оджээ. Хүмүүс хүчирхэг удирдагч, сайн хаанд найдахын оронд бүгдэд тэгш үйлчилдэг хуулийн засаглал руу дараалан шилжлээ. Монголчууд ч Халх журам, Гадаад Монголын хууль зүйл, Тангаргийн гэрээ, 1924 оны Анхдугаар үндсэн хуулиар дамжин өгсөөд л явлаа.

Гэвч хуулийг үзэх үзэл нь бараг л хэвээрээ шахуу ХХ зууныг тууллаа. Өөрөөр хэлбэл, хуулийг дагаж амьдарсанд орвол, түүнийг мөрдөх дүрэм хэнд байгааг зөв харах, хэн дүрэм зохиогчийн талд байгааг анзаарах, дүрэм зохиогчид олсон нүүр тал зэрэг нь чухал байсан нь байсаар л байгаа гэсэн үг.

Энэ үзэгдлийг Баабар тайлбарлахдаа, өнгөн талаасаа тусгаар мэт засаглал хуультай мэт боловч Манжийн вассаль, Зөвлөлтийн дагуул байдлаар 300 жил явсны ул мөр гэж үздэг. Гадаад Монголд Чин династийн хууль үйлчлэхгүй, БНМАУ-д Зөвлөлтийн Үндсэн хууль албан ёсоор хамаагүй байсан. Гэхдээ, Манжийн эсрэг боссон Чингүнжавыг Бээжинд цаазалж, БНМАУ-ын нам төрийн удирдагчдийн Зөвлөлтийн эрүүгийн хуулиар зүйлчлэн яллаад Москвад буудан хороожээ. Эндээс үүдээд, харийн гүрний эрхшээлд байгаа улсынхаа хууль цаазыг гаднаас тулгасан хүчирхийлэл хэмээн харж, аль болох зөрчих, давах эрмэлзэлтэй байсан байж болох юм хэмээн тэр үздэг. Хуулийг эсэргүүцэх нь эзлэн түрэмгийллийг эсэргүүцэх хэлбэр болсон гэсэн үг.

Үнэхээр, 1921 онд Хятадын гамин цэргээс салах гэж хувьсгал хийсэн боловч Зөвлөлтийн улаан армийн гарт орсон монголчууд Үндсэн хуульт хаант улс, эсвэл Швейцарь лугаа адил төвийг сахисан Бүгд найрамдах улс болох гэж хэд хэд оролдоод, түүндээ таарах Үндсэн хууль зохиогоод бараагүй юм.

Коминтернийхэн Зөвлөлт маягийн, шашингүй, бас хувийн өмчгүй БНУ байгуулах бэлэн төсөл авчраад, түүнийгээ орчуулаад батлахыг тулгажээ. Ингээд бодохоор 1924 оны үндсэн хууль нь зууны тэртээд Бээжин дэх Монгол журганаас гаргасан Гадаад Монголын хууль зүйлийн бичгээс юуны ялгаа, айн?

Гүй ээ яах вэ, “оргүйд орвол охинтой” гэгчээр, Бээжинд ч биш, Москвад ч биш, төрөлх Монголдоо, хүний эрхэнд ч гэсэн өөрснөө гар өргөх байдлаар баталсан аж, 1924 оны Үндсэн хуулийг.

Хууль батлах яах вэ, тал нутагт, хуулиас дээгүүр гарах замаар өөрийгөө нотолдог уламжлал хаачих билээ? Эрх мэдэлтэн, ихэс дээдэс, дарга удирдагч хэмээх элит хэсэгт ороогүй үлдэгсэд хэрхэн өөрийгөө харуулж, дайчин мөн чанараа илэрхийлэх билээ? Арга байж л таарна.

Сайн эрс хэмээх малын хулгайч нар баригдсан ч хэрэг хүлээдэггүй, нутаг усаа зааж өгдөггүйгээрээ алдартай. Хэргээ үл хүлээх нь нэг талаасаа хилс ялыг эсэргүүцэх хэлбэр мөн. Түүнээс гадна хуулийг үл хүндэтгэх, үл зөвшөөрөх байр суурь юм. Шилийн сайн эрчүүдийн заримыг нь “Есөн эрүү давсан” хэмээн бахдан хүндэлсээр ирсэн нь 9 зүйлийн эрүү шүүлтээр залхаасан ч, улайм цайм үйлдэл дээрээ баригдсан хэргээ хүлээгээгүй гэсэн үг. (Тэднийг ядаж л эрэн сурвалжлах хүрээнд баривчилна уу гэхээс, зүгээр явахад нь саатуулаад “Харах царайнаасаа хулгайч байна” хэмээн эрүүдээгүй л болов уу)

Шилийн сайн эр гэдэг бол бие махбод, сэтгэл санааны ер бусын тэнхээгээр хуулийн дээр гарч чадсан нэгэн сайн эр ажгуу. Хэрвээ тэр, хууль цаазыг хүндэтгэн, нэрээ болон нутаг усаа үнэн зөв мэдүүлбэл хэрэг явдал өөрөөр эргэнэ. Хулгайчийн учруулсан хохирлыг нь төрөлх нутаг хошуу нь гаргаж барагдуулах болдог байна. Иймээс, хийсэн хэргээ хүлээх байтугай ч өөрийгөө ч “тэр мөн” гэж хүлээн зөвшөөрөлгүй хуулийн дээгүүр туучин гарагсад нь нутаг хошуугаа, хүн ардаа ч хамгаалан баатарлагчид болж хувирна.

Харин ХХ зуунд сайн эрсийн явдал түүх болж, мал хулгайлах нь социалист өмчийг шамшигдуулсан хүнд ноцтой гэмт хэрэгт тоологдов. Өмчийн хэрэгт заримдаа цаазын ял оноох. Малыг өөрийг нь алга болгох байтугай, түүнээс гарах учиртай үс ноосыг дутаавал шоронд явна. Ийм учраас, сайн эр төрөхөө болив.

Хүн гэдэг амьтан өөрийгөө л илэрхийлэх, боломжтой хүрээндээ хүлээн зөвшөөрүүлэх гэж л оршин тогтнодог хойно. Нэг арга олдож л таарна. ХХ зууны монгол хэлнээ “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг хэллэг шинээр орж ирлээ. Харахад гэм зэмгүй энэ үг дүрэм журмын дээгүүр алхахыг зааж байгаа юм. Дээгүүр өгүүлсэн “Чадаж байх” гэдэг ойлголт ч бас энэ.

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд