ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.15 05:05

Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.15/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д. Тэрбишдагва танилцууллаа.
Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтуудыг тодорхой шалгуурын дагуу шүүж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг шинээр боловсруулжээ. Хуулийн төсөлд ТББ, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр зарим өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, хяналтын байгууллага эрсдлийг тодорхойлох, эрсдлийн дүн шинжилгээ хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ мэргэжлийн ТББ, шинжээч, мэргэжилтнийг оролцуулахаар тусгасан байна. Улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд тодорхой заалтуудыг оруулсан аж. Шалгуулагч этгээдийн зардлаар аялах, жуулчлах зэрэг аливаа хэлбэрээр шан харамж авах, шалгуулагч этгээдтэй үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлах, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагч этгээдийг буруутгах, дарам шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргахыг улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглохоор тусгажээ.


Хуулийн төсөлд төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулиар шинэ хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохоор тусгажээ. Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр мөн оруулсан байна. Хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх зорилгоор нэг жилд тухайн аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас хийх хяналтын үргэлжлэх хугацааг тогтоожээ. Ингэснээр аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас олон чиглэлийн хяналтыг давхардаж болон дараалан хийх, хяналтын нэг байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид олон хоногоор үргэлжилсэн, сунжирсан шалгалт хийхийг хязгаарлаж, хяналтыг үр ашигтай, эрсдэлд суурилан төлөвлөх шаардлага хяналтын байгууллагад тавигдана хэмээн Шадар сайд танилцуулгадаа дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хуулийн төслийн болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учир төслийг санаачлагчид нь буцаалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд