Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
Нийгэм
2022.07.03 11:07

Хятад иргэн: Эрээнд өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хоёр жил өсөөгүй, хэвээрээ байгаа DNN.mn


Өргөн хэрэглээний барааны үнэ Эрээн хотод ямар байгаа талаар мэдээлэл авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Эрээн хотын Консулын газартай холбогдлоо. Тус Консулын газрын орчуулагч н.Билигбадар ярихдаа “Манайх улсаа төлөөлөн ирж суурьшсан Консулын газар. Энд суурьшаад удаж байна. Тиймээс бид Эрээн хот дахь өргөн хэрэглээний бараа материалын үнэ ямар байгааг мэдэхгүй. Та бүхэн Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газартай холбогдсон нь зөв байх” гэв. Ингээд түүний зөвлөснөөр Эрээн хот дахь Монгол Улсын консулын газартай холбогдож дараах хариултыг авлаа. “Эрээн хот нь боомт хот учраас бараа материал энд үйлдвэрлэдэггүй, худалдаалдаггүй. Ковид гарснаас хойш Эрээнд худалдаа бизнес хийж байсан хятад иргэд бүгд нутаг буцсан. Одоо зөвхөн БНХАУ-ын өнцөг булан бүрээс иргэдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг Эрээн боомтод төвлөрүүлж Замын-Үүд рүү гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Эрээн боомтоор дамжин өнгөрч байна. Тухайн барааг ямар үнээр худалдан авсныг мэдэхгүй учраас Монголд ороод хэд дахин нэмэгдэж буйг хэлэхэд хэцүү. Хятадаас бараа худалдан авсан иргэн бараагаа хэдэн төгрөгөөр үнэлж зарах асуудлыг эндээс тайлбарлах боломжгүй байна” гэв.


Харин Замын-Үүд боомтын нөхцөл байдал ямар байгаа талаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбатаас тодрууллаа.


-Замын-Үүд дэх ачаа тээврийн асуудалд өөрчлөлт гарсан зүйл бий юү?

-Хуучин хэвэндээ байна. Хилийн цэргийн 30, авто тээвэрчдийн 30 машин өдөрт ачаа бараа зөөвөрлөж байгаа.

-Чингэлэг нь 45000 юаниас 15000 мянга болж хямдарсан гэсэн мэдээлэл яваад байна лээ. Энэ үнэн болов уу?

-Худлаа. Харин ч нэмэгдээд байгаа шүү дээ. Тэр Хилийн цэргийн дугаартай 30 машин чинь төсвийн мөнгөөр авсан. Түүгээрээ иргэдийн ажлын байрыг булааж зарим нэг эрх мэдэлтнүүд мөнгө угааж байна. Жишээ нь, нэгдүгээр сард анх чингэлэг тээвэр оруулж эхлэхэд би 50000 ам.долларт ачаа бараа чингэлэг тээврээр авчрахад ачааны 10 хувь 5000 ам.доллар дээрээс нь чингэлгийн үнэ, нэмээд гаалийн татвар тэгээд дахиад чингэлгийн түрээс нэмж төлдөг байсан. Тэр чингэлэг чинь Хятадынх. Бид түрээсэлж байгаа. 45000 юань буюу 20 сая төгрөгөөр нэг чингэлэг ачаа бараа орж ирэхэд чингэлгийн түрээс дахин хоногийн мөнгө нэмж авна. Ийм л байдлаар юмны үнэ хэд дахин өссөн.

-Чингэлгүүдээ буцааж татаж авч байгаа гэсэн. Хэзээ авч дуусах бол?

-Монголд 10 мянган чингэлэг орж ирсэн. Түүний нийт түрээсийн төлбөрт бид 500 мянган ам.доллар төлсөн. Чингэлэг түрээсээс гадна энд хадгалагдаж байгаа хоногийн мөнгө гүйсээр л байгаа. Одоо дахиад урд талд 20 мянган чингэлэг бэлдчихсэн. Түүнийгээ оруулж ирээд энд байснаа буцааж авна. Эндээс чингэлгүүдээ авах нь авч байна. Гэхдээ цөөхнөөр. 100 чингэлэг ачаа бараа оруулж ирсэн бол 30 чингэлэг л буцааж авч байна. Саяхан манай суманд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ирсэн. Аргаа барсандаа бид гишүүнд хандаж хүсэлт гаргасан. Чингэлэг хадгалалтын терминалууд бүгд дүүрсэн. Одоо хадгалах газар алга. Тусгай газар агуулах гаргаж өгөөд чингэлгүүдээ хадгалъя. Та нар хадгалалтын үнэ тогтоож өг. Төрийн хамгаалалтын бүстэй чингэлэг хадгалдаг газар гаргаад өгвөл үнэ тогтоогоод буцаагаад хоногийн түрээсийн мөнгөө нөхөж олно. Ингэж хариу арга хэмжээ авахгүй бол энд байгаа чингэлгүүдээ Хятадын тал мөд авахгүй. Мөнгө гүйсээр л байна.

-Тэгэхээр иргэд чингэлгийн түрээс, өөрийн үнэ, хоногийн мөнгө шингээсэн өндөр өртгөөр ачаа бараагаа авч байгаа гэсэн үг байх нь ээ?

-Тэр бүх зардал иргэдийн нуруун дээр очиж байна. Урьд нь төр орж ирээгүй ачаа бараа задгайгаар орж ирдэг байхад бид Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хамгийн өндөр өртгөөр тооцоход дөрвөн сая төгрөгөөр тээврийн зардал хийгээд ачаа бараагаа оруулдаг байсан. Үүнийг кг-аар нь тооцвол нэг кг ачаа бараа тухайн үед 200 төгрөгөөр ордог байлаа. Харин одоо чингэлэг тээвэр 20 сая төгрөг болсон. Нэг кг ачаанд чингэлэг түрээсийн үнэ нэмэгдээд 1000 төгрөг болсон. Хэд дахин өссөн байна. Нэг кг тутамд тав дахин өссөн байгаа биз дээ. Дээрээс нь гаалийн татвар маш өндөр тогтоодог. Ийм л системээр иргэдийн халаасыг сэгсэрч байна.

-Гаалийн ерөнхий газраас тодруулахад тухайн барааны үнийн дүнгийн 15.5 хувиар тооцож татвар авдаг гэсэн. Тэгэхээр хүмүүс татвар тэгж өндөр төлдөггүй гэсэн ойлголттой байгаа л даа?

-Мэдээж тэгж хариулна. Наадуул чинь нэгдүгээрт, Хилийн цэргийн дугаартай 30 машинаар гарахдаа нүүрс, орж ирэхдээ ачаа бараа оруулж ирж хоёр талдаа ашиг олдог. Дээрээс нь ачаа бараа гаалиар ороход барааны үнэлгээг өндөр тавьдаг. Жишээ нь, 10 тн цемент 13 мянган ам.доллараар оруулж ирэхэд 13000 ам.долларыг өнөөдрийн үнэлгээ буюу 3150 төгрөгөөр үржүүлээд түүнийхээ 15.5 хувийг татварт тооцож аваад байгаа. Тэгээд л хүмүүсийн тархийг угаах зорилгоор барааны үнийн 15.5 хувьд л татвар ноогдуулдаг гэдэг байхгүй юу. Үнэлгээг өндөр тавиад долларын ханшаар үржүүлэхээр замбараагүй их татвар авч байгаа биз дээ. Түүнээс Эрээнээс орж ирж байгаа бодит үнэ огт өөр шүү дээ гэлээ.


Жолооч Ч.Эрдэнэбатаас тодруулга аваад түүний Хятад талын түнштэй онлайнаар холбогдон Эрээн талд өргөн хэрэглээний бараа материалын үнэ ямар байгаа талаар тодрууллаа.


-Эрээнд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үү?

-Өсөөгүй, хоёр жилийн өмнөх үнээрээ байгаа. Цар тахлын үед үнэ нэмж болохгүй журам гаргаж тэр журмаа мөрдөөд явж байгаа.

-Тэгэхээр өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгаа талаар мэдээлэл өгч болох уу?

-Би голдуу хилийн тэг цэг рүү барилгын материал зөөдөг. Өөрийн мэддэг хэдэн барааны талаар үнэ ханшийг хэлж өгье. Цемент 1 тн нь чанараасаа хамаараад 350-450 юань, муу марк нь 350 юань байгаа гэсэн үг. Тоосго-78 мо, плита-20-30 мо, арматур эндээс монгол руу 1 тн нь 500 доллараар ордог. Одоогоор миний мэдэж байгаа үнэ энэ л байна.

-Эрээн хотод нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор зарим нэг газрын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар эхлүүлж байгаа. Хил гааль хэзээнээс хэвийн үйл ажиллагаандаа орохыг мэдэхгүй байна. Манай монгол түншүүд чингэлэг тээвэр явж эхэлснээс хойш өргөн хэрэглээний барааны үнэ ихээр нэмэгдэж байгаа гэсэн. Манай улсад үнийн нэг стандарттай. Түүнийгээ баримталж үнэ нэмнэ гэсэн ойлголт байдаггүй. Харин бие биенээсээ өрсөлдөх чадвараар илүү гарах гэж үнээ унагах тохиолдол байдаг. Монголд харин эсрэгээрээ нэмээд л байдаг гэнэ лээ. Үнийн нэг стандарт тогтоож түүнийгээ мөрдөж ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг гэв.

Энэ мэдээллээс харахад Эрээнд юмны үнэ өсөөгүй. Хоёр жилийн өмнөх үнээрээ байгаа аж. Харин түүний хэлсэн барааны үнэ ханш Монголд ямар байгаа талаар судаллаа. Арматур 1 тн нь 3.150.000-3.450.000, цемент МАК ХХК-ийнх 1 тн нь 325.600, барилгын материалын 44 төв дээр 400-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Плита 100 айл барилгын материалын төвд 1 ширхэг нь 5000-7000 төгрөг. Тоосго (шинэ) 1 ширхэг нь 420-650 төгрөг, хуучин 1 ширхэг нь 300-350 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин гаалийн татварын талаар Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газраас тодруулахад “Бид ямар нэгэн гаалийн татварын үнийг нэмсэн зүйл байхгүй. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний үнийн 15.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт ногдуулан авдаг. Үүний 10 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар, таван хувь нь гаалийн татвар нийлээд 15.5 хувь болдог” хэмээв.

Онцлох нийтлэлүүд