Нийгэм
2015.06.24 11:06

Хүй долоон худаг явах замын нөхөөсийг хийнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын явцаа танилцуулж, санал солилцов.
Нийслэлийн төвийн 6 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэлсэн.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК өндрийн кабелийн холболт, нэмэлт шугам сүлжээ, Замын цагдаагийн газар зогсоолын ажлыг төлөвлөж, хөдөлгөөн зохицуулах тэмдэг тэмдэглэгээг байршуулж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худгуудаас дээж авч шинжилгээ хийж байна.
Баяр наадмаар үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 200 улсын байцаагч худалдаа үйлчилгээний эрүүл ахуйд хяналт тавьж байгаа бол Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 2015 оны 07 дугаар сарын 5-наас 15-ныг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 45 мэргэжилтэн тохижилт, засвар, худалдаа үйлчилгээ, цэвэрлэгээний чиглэлээр хяналт тавьж ажиллах юм.
Хурлаас усны машины жолооч, худгийн ус түгээгч, цахилгаан хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын үндсэн байцаагч, бохир, цэвэр ус хариуцсан ажилтнуудын утас, ажлын хуваарийг графикаар гарган дараагийн хуралд оруулж холбогдох байгууллагууд танилцуулахаар боллоо.
Тус салбар хорооны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Монгол наадам цогцолбор”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдэд баяр наадмын талбайд усалгааны хуваарь, схем зураг гаргаж, хэдэн усны машин ажиллахыг тодорхой болгон усалгаа тогтмол хийх үүрэг өглөө.
Мөн нийслэлийн авто замын газарт Хүй долоон худаг явах замын нөхөөсийг хийх, Ус сувгийг удирдах газарт худгуудын ажиллагааг бүрэн хангах, “Гэрэлтүүлэг чимэглэл” компанид Чингисийн талбайн гэрэлтүүлгийг сайжруулах гэх мэт олон байгууллагад цаашид хийж гүйцэтгэх ажлын ерөнхий чиглэлийг өгөв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд