ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.02.17 02:02

Хүнсний зах болон олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхаарууллаа


БНХАУ болон дэлхийн зарим улс оронд “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо 70 мянга давсан тул иргэд анхаарлаа сулруулж болохгүйг ЭМЯ өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр санууллаа.

Мөн Цагаан сарын баяр тохиохтой холбоотойгоор хүнсний зах болон олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулсан юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “ХӨСҮТ-д энэ сарын 16-нд нэг хүн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Монгол Улсад шинэ коронавирусний халдвар илрээгүй ч иргэд дор бүрнээ өөрсдийгөө сайн хамгаалж, анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалт зүүх, гэртээ тогтмол агаар оруулах, тогтмол цагт унтах хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Засгийн газраас жил бүр сар шинийн баяраар Улсын сайн малчдыг тодруулдаг. Тэгвэл энэ жил Засгийн газрын гишүүд малчдад шагнал гардуулах ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн шийдвэр гарсан. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгсэл дайчилж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Мөн 21 аймгийн хэмжээнд 457, Улаанбаатар хотод 321 шашны байгууллагад олон нийтийг хамарсан хурал номын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн сар шинийн баяртай холбоотой сурталчилгааг бүрэн зогсоосон. Сурталчилгаа хийж байгаа талаар зарим гомдлыг шалгаж байна. Засгийн газар энэ сарын 13-нд хилийн боомт хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос ирсэн 104 иргэнийг Замын-Үүд суманд байрладаг гурван зочид буудалд тусгаарлаад байна. Сар шинийн баяраар орон нутгийн замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх шийдвэр хараахан гараагүй байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавирус өтгөнөөс илэрсэн боловч амьд вирус байгаагүй учир суултуур болон өтгөнөөр тус халдвар дамжина гэж үзэхгүй байгаа. Шинэ коронавирусний халдвар агаар дуслын замаар дамжиж байна. Нууц үе нь дунджаар 5-6 хоног гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний 70 635 тохиолдол, 1 773 нас барсан, БНХАУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол, нас барсан 3 иргэн бүртгэгдсэн.


Онцлох нийтлэлүүд