Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Замын-Үүдэд чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол хоол, буудлынхаа 1.3 тэрбумыг төлөөч ээ" гэв DNN.mn Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn "Замын-Үүдэд чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол хоол, буудлынхаа 1.3 тэрбумыг төлөөч ээ" гэв DNN.mn Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn
Нийгэм
2015.12.25 08:12

Хүүхдийн мөнгө танах сургаар хорооны даргын өрөө иргэдийн хөлд дарагдаж байна

Хүүхдийн мөнгөнөөс хасагдах нь гэж эмээсэн хүмүүс хорооны засаг даргадаа хандах нь ихэсчээ. Бид байдал газар дээрээ ямар байгааг сурвалжлахаар Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороог зорилоо. Хорооны засаг дарга Д.Эрдэнэтуяа “Хүүхдийн мөнгөнөөс хасагдах нь гэж сандарцгаасан хүмүүс их ирж байна. Та нарыг ирэхээс өмнө гэхэд л группт байдаг нэг иргэн уйлах шахам орж ирлээ. Зургуулаа амьдардаг юм байна. Хүүхдийн мөнгө авах боломжтой 15 дугаар бүлэгт байгаагаа мэдээд баярлаад гарлаа. Ер нь амьдрал хэцүүдлээ гэсэн гомдол хэлж орж ирдэг хүмүүсийн тоо өнгөрсөн оныхоос эрс нэмэгдсэн шүү. Хүмүүсийн сэтгэл гундуу байна. Би заримд нь өөдрөг бай л даа, ядаж л махны үнэ хямдарчихлаа шүү дээ гэж хэлдэг юм. Ноднин 2500-3000 төгрөг байсан шуудай нүүрс энэ жил 1500-1800 төгрөг болж хямдарсан гээд бага сага ч гэсэн сайн зүйл байна. Хувийн компаниуд ажилгүй иргэдийг ажилд авч байна л даа. Гэхдээ цалингаа өгөхгүй болохоор иргэдийн амьжиргаа хэцүүдээд байх шиг байна” гэж ярилаа.

Зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдардаг хэчнээн өрх байгааг сонирхоход “Амьжиргааныхаа дал, наян хувийг хүүхдийн мөнгөөрөө болгодог айл зөндөө. Манай хороонд зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдардаг нэг айл бий” гэж байна. Хорооны засаг дарга “Сүүлийн үед зурагт, хөргөгчтэй л бол хүүхдийн мөнгө авахгүй гэж шуугихаар иргэд их бужигнаж байна. Уг нь тийм биш шүү дээ. Ам бүл гурвуулаа хоёр нь ажил хийдэг айл байлаа гэж бодъё. Тэдний олж байгаа орлогыг гурван хүнд хуваахаар амьжиргааны түвшин нь дээгүүр гарч ирэх нь тодорхой. Зургаан ам бүлтэй айлын хоёр нь ажиллаад сард нийлээд 600 мянган төгрөгийн цалин авдаг гэвэл өөр. 600 мянган төгрөгийг зургаан хүнд хуваахаар сарын 100 мянга болж байгаа биз. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгт хүрэхгүй учраас энэ айл амьжиргааны түвшин доогуур өрхөд орно гэсэн үг” гэсэн тайлбар өгөв. Айлуудын амьжиргааны түвшинг дүүргийн Халамжийн хэлтэст нэгтгээд яам руу явуулах юм байна. Тэгэхээр яаман дээр гол мэдээ нэгтгэгдэж, хүүхдийн мөнгө хэнд өгөх өгөхгүй эцсийн шийдэл гарах аж. Амьжиргааны түвшнээ сонирхъё гэвэл хороон дээрээ очоод мэдчих бололцоотой юм билээ. Амьжиргааны түвшингийн үзүүлэлттэй санал нийлэхгүй бол дүүргийнхээ халамжийн хэлтэст хандаад түвшинг шинэчлэн тогтоолгох боломж иргэдэд нээлттэй гэнэ.

Б.Оюунбаяр: САРДАА НЭГ УДАА Л “ТАНСАГЛАДАГ

Арваннэгдүгээр хорооноос гараад тус хорооны хэд хэдэн айлаар орлоо. Зургадугаар бичил хорооллын хойд талын уулан дээрх гэр хороолол энэ хороонд багтдаг юм. Эхний орсон айл маань Ц.Батзаяагийнх. Хадмынхаа хашаанд гэр бариад амьдардаг залуу гэр бүл аж. Эднийх 2-13 насны дөрвөн хүүхэдтэй юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй Б.Оюунбаяр нэлээд бухимдалтай сууж байв. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэрээгээр асрагч хийдэг энэ бүсгүй “Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэсэн сураг сонсогдоод байх юм. Өнөөдөр халамж орж магадлах санаатай сууж байна. Манайх боломжийн амьдралтай айлд тооцогдоод байгаа бололтой. LCD зурагттай, хөргөгчтэй бол хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэж манай ажлынхан ярьцгааж байна. Ийм зурагт айл болгонд байдаг. Үнэндээ нөхөр бид хоёр цалингаас цалингийн хооронд амьдардаг улс. Гэтэл хоёулаа ажил хийдэг, нийгмийн даатгал төлдөг гээд хүүхдийн мөнгөнөөс хасч байгаа гэх юм. Нөхөр маань надтай хамт ажилладаг. Бид хоёрын цалин нийлээд 360-370 мянган төгрөг болдог. Татвар энэ тэрээ төлөөд ийм хэмжээний мөнгө л гар дээр ирдэг. Дээр нь цалингийн зээлтэй. Хоногийн хоолоо болгоод л амьдарч байна. Гэтэл хүүхдийн мөнгө хасна гээд байхаар бид яах болж байна аа. Манайх сардаа хүүхдийн мөнгө гэж 80 мянган төгрөг авдаг. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хоол унд, сургуулиас нь нэхдэг мөнгө төгрөгөнд зарцуулдаг. Манай гэр бүлийн хувьд хүүхдийн мөнгө амин чухал хэрэгцээ болсон ” гэж ярив. Эхнэр, нөхөр хоёр сарын цалингаа аваад нэг удаа “тансагладаг” гэнэ. Сард ганц удаа хүүхдүүддээ ундаа, чихэр зэрэг бага сага амттан авч өгдөг аж.

Б.Болд-Эрдэнэ: ХООЛОО ХАСААД НҮҮРСЭЭ АВАХААС АРГАГГҮЙ ӨДРҮҮД ОЛОН БАЙНА

Дараагийн орсон айл маань хоёр хүүхэдтэйгээ амьдардаг Б.Болд-Эрдэнийнх. Хоёр өрөө шавар байшин нь нэлээд жихүүн юм. Хана нь нимгэн учраас хичнээн галлаад ч иймэрхүү зэвэргэн байдаг аж. Биднийг очиход Б.Болд-Эрдэнэ бага ангид сурдаг охинтойгоо сууж байв. Хүү нь хичээлдээ явжээ. Хувийн тэргээрээ халтуур хийж хэдэн төгрөг олдог залуу охиноо сургуульд орсноос хойш хүргэж өгдөг том ажилтай болжээ. Ийм шалтгаанаар ажилгүй байгаа гэнэ. Эгшиглэн охин “Би уг нь ёолконд дуртай. Даанч аав энэ жил засч өгөхгүй гэсэн. Шинэ жилээ эгчийндээ очиж тэмдэглэх байх” гэж ирээд ярьж гарав. Аав нь охиныхоо ярианд санаа нь зовсон бололтой “Хүүхдүүд л болсон хойно ёолкоо засахаар баярлана гэж жигтэйхэн л дээ. Харж баярлахаас гадна гацуур дээр нь хэн төгрөг тавих бол гэж битүүхэн хүлээгээд байдаг юм. Хэн орж ирж мөнгө тавих вэ дээ. Охиноо дэмий горьдоогоод яахав гээд засахгүй байхаар шийдсэн. Харин бэлэг авч өгнөө” гэсэн тайлбар хэлэв. Сүүлийн нэг, хоёр жилээс эднийх голдуу гурилтай шөл хийдэг болжээ. Хоол хийхгүйгээр нүүрсээ аваад дулаан хонох өдөр ч олон гэнэ.

Гэрийн эзэн биднийг гарахад “Жирийн иргэдийн амьдрал өдөр ирэх тусам л муудаж байна шүү дээ. Мөнгө мөнгө биш болчихоод байна. Дэлгүүрээс хэрэгтэй үедээ зээлээр юм авчихаад мөнгөтэй болохоороо буцаагаад өгчихдөг юм. Хүнсээ гэхэд л өдөр өдөрт нь бэлдэж байна. Манай гэр бүлийн хувьд хүүхдийн мөнгө шиг хэрэгтэй зүйл алга. Ер нь над мэтийн ийм ядарсан хүмүүс ч биш, жирийн иргэд бүгдээрээ л авдаг цалингаа зээлэнд өгөөд, арай ядан амьжиргаагаа залгуулж байгаа. Иргэдийнх нь амьдрал хэцүү ийм үед хүүхдийн мөнгийг танана гэдэг нь хэр зөв шийдвэр юм бол доо” гэж хэлсээр үлдэв.

Н.Дуня: ЯМАР САЙНДАА ЗЭЭ НАРЫНХАА ОЙМСЫГ НӨХӨЖ СУУХАВ

Бидний орсон сүүлийн айл товхийсэн амьжиргаатай гэдэг нь гаднаасаа л тодорхой байв. Саруулхан гурван өрөө амины сууцтай энэ айлын гэрийн эзэн ажилдаа явж, эзэгтэй ажил хөөцөлдөхөөр гарчээ. Эмээ нь зээ нараа хараад үлдсэн байв. Н.Дуня гуай “Хичээлийн хэрэгслийг нь авч өгөхөөс эхлээд хүүхдийн мөнгө их нэмэр болдог байлаа. Манай хүүхдүүд энэ мөнгөнөөс хасагдчихсан байгаа. Уг нь зургаан хүүхдийн 120 мянгөн төгрөг авдаг байсан юм. Манайх чинь ам бүл есүүлээ. Ганц хүргэн маань л ажилладаг. Би 223 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Хэрэг болоод байхаар нь зээлээд одоо зээлээ төлж байна. Сүүлийн үед ялангуяа энэ жилээс амьдрал үнэхээр хэцүүдэж эхэллээ. Өдөр аяга хоол хийгээд иддэг байсан бол одоо чадахаа байсан. Ер нь сард олсон мөнгө хоол унданд л зарцуулагдаж байна. Хувцас хунар авна гэсэн ойлголт бүр байхгүй. Ямар сайндаа зээ нарынхаа ул нь нимгэрсэн оймсыг нөхөж суухав. Өнөөдүүл маань биеийн тамирын хичээл дээр нөхөөстэй оймстой орвол шоолно гээд дургүйцнэ. Эмээ нь мэдэгдэхгүй нөхнөө гээд л учраа олцгоож байна. Хүүхдүүдийн сургуулиас мөнгө нэхэхгүй өдөр гэж байхгүй шүү” гэж ярив. Саяхан охинтойгоо Халамжийн төвөөр орж маягт бөглөжээ. Амьжиргааных нь түвшинг дахиж тодруулаад хариу өгье гэжээ. Дуня гуай мөнгөгүй үедээ хойд дэлгүүрээсээ хүнсээ зээлчихдэг гэнэ. Өмнө нь портероор нь авдаг байсан нүүрсээ хүчрэхээ байж шуудайгаар нь авч эхэлжээ. Өвөлдөө хаа нэг үхрийн хаа, гуя авчихдаг байсан бол энэ жил килограммаар нь авах болж. Дээд тал нь таван кг мах л авдаг гэнэ.

ИРГЭД ТАЛХ ХҮЧРЭХЭЭ БОЛЬЖЭЭ

Иргэдэд зээл өгөхдөө дургүйцээд байдаггүй гэх нэг дэлгүүрээр орлоо. Хүнсний дэлгүүр гэсэн цомхон хаягтай энэ дэлгүүрийн сарын орлогын 60-70 хувь нь зээл байдаг гэнэ. Сүүлийн нэг жил бараа таталт хийхдээ тансаг хэрэглээний зүйл авахаа больсон гэж худалдагч нь ярив. Хүмүүс хүнсний цөөхөн нэрийн бараа, хичээлийн хэрэглэл л авдаг юм байна. Гэхдээ голдуу зээлээр. Сард 100 мянга гаруй төгрөгийн хүнс зээлээд цалингаа буухаар авчирч тушаадаг хүмүүс олон аж. Түлээ нүүрсээ хүртэл зээлээр авдаг гэнэ. Худалдагч н. Наран “Иргэдийн гар дээр мөнгө бараг байхгүй нь мэдрэгдэж байна. Зээлээ төлөөд л дахиад зээл авдаг. Талх, гурил, будаа, ногоо төдийхөн л авна. Уржигдраас ургамлын тос граммаар авъя гэсэн санал орж ирж байна. Байцааг гэхэд л дөрөв хувааж зарж байгаа. Өчигдөр авсан 15 ширхэг талх хэвээрээ шахуу байна. Мөнгөгүй учраас талхаа ч авахаа больсон. 600 төгрөгийн жижиглэн буюу цувдайг зээлээр авч байгаа гээд төсөөл дөө” гэж ярилаа.

Ц.БААСАНСҮРЭН

С.АРИУНЖАРАГАЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд