ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.06.01 03:06

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид нэмэгдэл хөлс олгох боллоо


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газраа цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт ахиц гарах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хүүхэд бүрийн суралцах, хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд