Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn
Цаг үе
2017.07.12 09:07

Хөх ногооны орон буюу дэлхийн хурдан морины нийслэлээр

Бид Апачийн нуруу давж явна. Яг үнэндээ бол Апачийн өргөн их нурууг туулж явна. Атлантын далайн эргээс өгсөн өгссөөр, Америк тивийн уугуул иргэд буюу индианчуудын унаган нутаг, хөвч ногоон ойгоор битүү хучаастай энэ их уулсын чуулганыг хөндлөн гэтлэж явна. Хад асга, ой хөвч, цавчим өндөр хавцал байцыг сүлжилдүүлэн тавьсан хэд хэдэн урсгалт, олон эгнээт засмал замаар хурд нэмэн давхих жолооч өөрөө тун ч итгэлтэй. АНУ-д ирээд төрсөн хамгийн хүчтэй сэтгэгдэл бол эндэхийн зам, гүүрийн сүлжээний талаарх бодол минь юмуу даа.

Дэлхийн II дайнд АНУ-ын Европ дахь цэргийг командлаж явсан генерал Эйзенхауэр Европын тэр дундаа Герман орны замын сүлжээний давуу талыг тэр цагт өөрийн нүдээр харж мэдээд хожим Ерөнхийлөгч болсон хойноо эх орондоо ийм бүтээн байгуулалт өрнүүлж, аугаа өргөн нутагтай АНУ-ыг автозам, гүүрэн замын аварга сүлжээтэй болгосон гэнэм.

Америкийн автозамын сүлжээ бол хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшгуудын нэг гэж залуу цагтаа хаа нэгтээ уншсан санагдана. Тэр яриангүй үнэн бололтой. Апачийн нурууг 4-5 цаг давхин туулаад Охайо мужийн захаар шүргэн, Кентаки мужийн хил рүү орж ирлээ. Өндөр уулсын дундуур гүн хавцал үүсгэн тавьсан замын хоёр хажуугаар тэв тэгшхэн цэнхэр хадан хананууд олон давхар барилга мэт үргэлжилнэ. Цэнхэрдүү өнгөтэй ханан хад хаа сайгүй л үргэлжилнэ.

1920-иад оны эхээр Монголын говьд судалгааны ажил хийсэн эрдэмтэн Р.Ч.Эндрюсийн “Эртний хүний мөрөөр” номонд “Говь цөлийн дерби” гэсэн бүлэг байдаг. Тэнд хулан тахийг машинаар хөөж зугаацсан тухайгаа бичсэн юм билээ. Тэгвэл жинхэнэ дерби буюу хурдан морины уралдаан болдог газар нь Кентаки муж ажээ. Энд болдог уралдааныг үзсэн тэр эрдэмтэн Монголын говьд хулан тахь хөөснийгөө уралдаантай зүйрлэн бичиж л дээ. Кентакид энэ жил 143 дахь удаагийн дэлхийн нэр хүндтэй уралдааны нэг Кентаки Дерби болох гэж байгаа юм. Кентаки мужийн Лексингтон хотод том уралдаанууд болохоос гадна энд цэвэр цусны англи адууны хамгийн олон фермүүд үйл ажиллагаа явуулж, дэлхийн хамгийн том адууны дуудлага худалдаанууд зохион байгуулагддаг. Энэ үеэр даян дэлхийн өнцөг бүрээс зузаан түрийвчээ өвөртөлсөн морины хорхойтнууд,арабын баян шейхуудын агентуудаар дүүрдэг учраас Кентакийн Лексингтон “Дэлхийн хурдан морины нийслэл” гэдэг алдар хүндийг хүртжээ. Бараг л бүтэн хагас зууны турш энд адууны аж ахуй эрчимтэй хөгжиж, тэр дундаа хурдан адуу үржүүлгийн ажил дэлхийд өөр хаа ч байхгүйгээр давамгай. Энэ газар орныг тэр цагийн ухаалаг эрчүүд их л оновчтой сонгосон бололтой. Энд төрсөн унага өсөлт сайтай, хөл чангатай байдаг гэнэ. Тийм ч учраас олон зуун фермерийн аж ахуй энд төвлөрч үржүүлгийн ажил эрхэлж, чөлөөт зах зээлийн дүрмээр өрсөлдөж эхэлжээ. Үүнд чухам юу нөлөөлөв гэхээр, эндэхийн ургамал гэж тэд нэгэн дуугаар хариулах аж. Эндхийн хөрс шороо, ус ургамал, хад чулуу нь кальци зэрэг эрдэс бодис ихтэй, тэр нь адуу малын ясны бэхжилт, өсөлт суналтад их нөлөөлдөг гэж тэд үздэг ажээ. Ирэх замдаа бидний өөрийн эрхгүй ажигласан цэнхэр туяатай ханан хаднуудад их учир бий. Хад чулуу тийм өнгөтэй байдаг нь кальци голлосон эрдэс бодис их, тэр нь хөрс ургамалд их нөлөөтэй гэнэ. Ийм ч учраас энэ орчмын газар нутаг “Хөх ногооны орон” гэдэг нэртэй болжээ.

Лексингтон, Парис, Версел, Жоржтаун зэрэг жижиг хотуудыг багтаасан “Блюграсс” буюу “Хөх ногооны оронд” л дээрх өдий төдий олон хурдан адуу үржүүлгийн фермерүүд багтаж байрлаж байна. Байгалийн ийм таатай нөхцөл дээр хүний оюун ухааны хүчин зүйлийг нэмээд буюу шинжлэх ухааны арга зүйгээр л хурдан хурц адуу гарган авч, өсгөн үржүүлж байна даа гэж тэд ярих юм. 140 гаруй жилд хурдан морины уралдааныг тасралтгүй хийгээд ирсэн болохоор эндхийн ажил амьдрал бүх зүйл түүнд зохицож, тогтмолжиж, цэгцэрчээ. Энд “Кентаки дерби”, “Брийдерс кап”, “Блюграсс” зэрэг дэлхийд нэрд гарсан уралдаанууд тогтмол зохиогддог, дэлхийн цуут хурдан азарганууд үржилд ордог. Жишээ дурдахад ”Тапит(Tapit)” гэдэг азарга 300 мянган доллараар гүү гишгэж байна. Хавар болгон 150 гүү гишгэдэг гэж бодоход энэ азарга эзэндээ жилдээ 30 орчим сая доллар олж өгч байна. Эндхийн бүхий л ажил, амьдралын хэмнэл, мөн чанар нь хурдан адуу үржүүлэг, хурдан морины уралдаанд зохицсон, зохицуулсан байх юм. Тиймдээ ч “Дэлхийн хурдан морины нийслэл” гэх эрхэм нэрийг хүлээжээ.

* * *

Энэхүү дэлхийн хурдан морины нийслэлд монголчууд аль хэдийн нэвтэрч, энд ажиллаж амьдарч, адуу үржүүлж өсгөж, уралдуулж бас түрүүлж байгааг та бүхэнд дуулгахад нэн таатай. 90-ээд оны сүүлээр олон арван залуус Монголын хурдан морины ертөнцөд орж ирсний нэг нь Дагвадоржийн Ганбаатар, Цэрэнжигмид гэдэг ах, дүү хоёр бизнесмен залуу билээ. Тэд нэг удаа:

-Магнай ахаа! Монгол уяачийн эрдмийг дэлхийд таниулах хэрэгтэй байна. Үүний тулд юу юу, ямар алхам хийх хэрэгтэй вэ? гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр тэд анхны алхамаа хийчихсэн, дэлхийн хурдан морины уралдааны нийслэлд өөрийн фермтэй, адуутай, хурдан морьтой, “Mоngolian Saturday” гэдэг морь нь дэлхийд түрүүлчихсэн, бас хэд хэдэн морь нь том бага уралдаанд түрүүлчихсэн байна

Энэ бол хэн дуртай бүхний хийчихдэг ажил, хүрчихдэг амжилт биш юмаа. Гадаадын өндөр хөгжилтэй, эдийн засгаар дэлхийд тэргүүлэх хэмжээний орнуудаас, бизнесийн нэртэй том корпорац, группүүдээс дэлхийн хурдан морины ертөнцөд хүч үзэхээр орж ирээд тэр бүр амжилт олж чаддаггүй юм байна. Нэлээд хэдэн жилийн өмнө бразилчууд олон сая доллартай бөөнөөрөө ирж, ферм, тойруулга түрээслээд их л хөлтэй хөдөлж “үзүүлээд өгье” гэж ирсэн бол хэсэг хугацааны дараа зорьсондоо хүрч чадалгүй сэтгэл гонсойн буцаж байжээ. Ийм жишээ нэг бус гэнэ. Монголчууд ч бас 1990-ээд оны эхээр Японд “том ярьж” очоод тэгсгээд замхарч байсныг бид мэднэ. Тэгвэл Монголын “Макс” группийн баг энэ талаар амжилттай ажиллаж байна. “Locust Grove” фермд тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тэндээ тодорхой тооны үржлийн адуутай, түүндээ тулгуурлан үржил зохион байгуулж, өсвөр насны адуунаасаа шилэн сонгож том бага уралдаанд амжилттай уралдаж, дуудлага худалдаанд оролцож байна.

Өөрөөр хэлбэл монголчуудын энэ баг орчин цагийн дэлхийн хурдан морины уралдааны соёлд идэвхийлэн суралцаж, нэгэнт өөрийн байр суурийг олж авчээ.

Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат морио уяж, адуучин залуу П.Даваадорж үржлийн ажлыг хариуцаж, нарийн дэг журамтай буюу өнөөгийн дэлхийн хурдан морины соёлын түвшинд ажиллаж байна. П.Даваадорж нь үржлийн ажилаа хариуцахаас гадна бага насны адуунуудаа дааганаас нь эхлэн сургаж шүдлэн насанд нь унаж эдлэн номхроогоод уяхад бэлэн болгоод уяачдаа хүлээлгэн өгдөг юм байна. Уяач Э.Ганбат морьдоо уяхаас гадна үржлийн ажилдаа анхаарч өөрсдийн гүүнүүдийнхээ 5 үеийн удмын бичгийг сайн азаргануудын удмын бичигтэй тулган 4-5 дугаар үе дээр нь цусыг нь эргэн татаж хурдан сайн адуу гаргаж авах генетикийн тохиргоо хийж суугаа нь нэн сонирхолтой. Энд бүх ажлыг шинжлэх ухааны түвшинд хийж байна гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөв.

Унага эхийн гэдсэнд бүрэлдэхээсээ эхлээд л эмнэлгийн хяналтанд байдаг юм байна. Бидний очсон шөнө нэг гүү унагалав. Унагыг яг төрөх хугацаандаа төрлөө гэлцэж байна. Бид түүнд “Монголын салхи” гэдэг нэр өгөв. Энэ үеэр малын эмч ойр ойрхон ирж, эх, унага хоёрын эрүүл мэндийг хянаж байх юм. Энд малын эмч чухал хэрэгцээтэй, хариуцлагатай, бас нэр хүндтэй нь илт мэдэгдэх юм. Ер нь уралдааны морины арчилгаа, эмчилгээ гэж маш чухал ухагдахуун байнаа. Манайд бол арчилгааг нь л анхаардагаас биш, эмчилгээг бараг мэддэггүй шүү дээ! Бид хамтдаа хэд хэдэн фермээр орлоо. Шилдэг азаргануудтай “Adena springs”, “Spendtrift, Орос уяач Геннадий Дорошенкогийн “Raut”, Америк уяач Маrk Ricer-ийн “Ashwood trinity” түүний ээжийн “San Oak” болон мал эмнэлгийн “Roo­dridge” зэрэг газраар орлоо.

Азарга, гүүнүүдээ арчлах бага адууг сургах, эмнэлгийн хяналтанд хэрхэн хамруулах, үржил хээлтүүлгийн ажлыг хэрхэн хийх, уяа морьдоо эмчид тогтмол үзүүлэх, нарийн шинжилгээ хийлгэх, тэр ч байтугай моринд мэс засал хийж байгааг бидэнд найр тавин үзүүлж байнаа.

Манайд адууг нэгбүрчлэн нарийн эмнэдэггүй, уясан морио эмчилж байгаа уяачийг “морио тарилаа” гэж буруушаан харилцдаг нь хоцрогдол байна даа. Уяачид морио эмчлэх нь манайд дөнгөж эхэлж байна. Тэд морьдоо наад захын тосон түрхлэг, төрөл бүрийн витамин хэрэглэх, шингэн тарихаас цааш хэтрээгүй байна. Энд бол морьдынхоо цусыг нарийн шинжилгээнд өгөөд, гарсан хариуных нь дагуу эмчээр эм бичүүлээд, эмийн санд очиж жороор эм аваад мориндоо өгдөг юм байна. Ингэж байж л морио эв эрүүл байлгадаг, эрүүл морьд сайн хурдлах нь мэдээж юм байна. Манайх хөгжлийн ийм шатанд хүрэх цаг холгүй дээ!

Малын эмч Батболд, Наранбаатар, М.Адилбиш, Ө.Нурбол зэрэг залуучууд өөрсдийн санаачилгаар энэ ажлыг эхлүүлээд байгаа нь сайшаалтай.

* * *

“Дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зай монголчууд биднийг хүлээж байна” гэж би хэлэх дуртай. Миний үеийнхэн болохоор “тэр болтол ч өдийдөө” гэцгээж үл тоох байртай. Харин манай залуучууд үүнийг нэлээн дэмждэг. Өнөөдөр дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зайд манай залуучууд анхны алхмаа нэгэнт хийсэн байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 8. АНУ, Кентаки муж улсын Лексингтоны Кеениланд морин тойруулгад хурдан морины уралдаан болж байна. Энэ мужид 3 морин тойруулга байдаг юм байна. Өнөөдөр хаврын уралдааны нээлт болж байна. Үүнд”Макс” Д.Ганбаатарын “Моngolian Sat­urday” гэдэг нэртэй хурдан морь уралдах юм. Яг энэ нутгийн унаган энэ хурдан хүлэг 2015 оны намар энд болсон “Breed­ers Cup” уралдаанд түрүүлэн “Дэлхийн аварга” цолыг хүртсэн. Түүнээс хойш олон улсад ихээхэн нэрд гарч Хонконгийн уралдаан, Арабын Дубайн цом мөн Английн хатан хааны нэрэмжит уралдаанд уригдан уралджээ. Ингэж уригдан оролцоход урьж байгаа тал бүх зардлыг даадаг юм байна. Английн хатан хаан II Элизабет морины эзэн Д.Ганбаатар, уяач Э.Ганбат нарыг хүлээн авч уулзан баяр хүргэж, эелдэгээр ярилцсан байна. Моринд дуртай өөрөө олон хурдан морьдтой эрхэмсэг Хатан хаан дэлхийн хурдан морины уралдаанд эртний түүхт морьтон монголчууд оролцож эхэлсэнд маш баяртай байгаагаа илэрхийлжээ. Хээр морь энэ удаа төрсөн нутагтаа уригдан иржээ. Кентаки, Лексингтон нь дэлхийн хурдан морь уяачдын их хөлийн газар гэдэг нь мэдэгдэж байна. Жишээ нь Оросын тэрбумтан Владимир Казаков энд явж байх юм. Тэр хүн АНУ-д хурдан үүлдрийн 200 гаруй адуутай, тэдний 27 нь энд тогтмол байдаг гэнэ. Энд цугларсан уяачид, үзэгчдээс “Mongolian Saturday”-г үзэх харах гэсэн хүн нэн олон. Мөн эх орондоо болон АНУ-д байгаа монголчууд утсаар, интернетээр их сураглах юм. “Mongolian Saturday” Флорида мужаас Кентакид онгоц хөлөглөн ирээд маргааш өглөө нь эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэхэд цусны улаан бөөм өөрчлөлттэй гарсан байлаа. Уяач нь манай хээр морь хавар цагт бие махбодийн өөрчлөлт ихтэй эмзэг болдог гэж ярьж байна. Шинжилгээний хариуг Чикаго, Флоридад байдаг эмч нарлуугаа илгээж, тэдний саналын талаар энд үзсэн эмчтэйгээ зөвлөлдөөд, их л чухал яриа өрнүүлж байх юм. Тэд зөвлөлдөөд “Mongo­lian Saturday-г” мордуулахаар шийдлээ. Ажиглахад хээр морь сайхан л байлаа. Мордлоо, уралдлаа. Хээр морь эхний хоёр морьтой зуузай холбон гарлаа. Газрын дунд өнгөртөл өнгөнд явав. Гэвч тойрог зам дуусаад шулуун замд ормогцоо хөл нь жаахан суларч, зэрэгцэж явсан морьдоосоо ялимгүй хоцормоор болж ирлээ. Араас нь хоёр ч морь нэхэж ирэв. Барианд орохын өмнө хээр морь ялимгүй ахиж байна. Гэтэл барианы цагаан зурхайд тулаад ирлээ. Ингээд хээр морь гурав, дөрвөөр орчихлоо. Ирсэн хойноо цовоо сэргэлэн, амьсгаа ч багатай сайхан л байна. Бид ч тэгсгээд дараагийн уралдааныг сонирхлоо. “Блю грасс” уралдаанд “Mongolian Saturday”-гийн дүү нь аман хүзүүлж байна. Ер нь аргагүй л сайн угшилтай морьд юм гэж Э.Ганбат уяач ярьж байна. “Манай хээр морины өндөр амжилт үзүүлсэн нь дандаа намар цагт юм. Брийдерс кап чинь намар буюу арваннэгдүгээр сард болдог уралдаан юм шүү дээ!” гэнэ. Тэгтэл Флоридад болсон уралдаанд “Mongol G” гэдэг зээрд халзан үрээ түрүүлсэн мэдээ ирж биднийг баярлуулав. Мөн хэд хоногийн дараа тэнд “Gulfstream” морин тойруулгад болсон уралдаанд зээрд халзан бас дахин түрүүлсэн. Энэ мэтээр монголчууд сонгомол морин уралдаанд оролцож, чамгүй амжилт олж, дэлхийн хурдан морины соёлыг танин мэдэж, хичээнгүйлэн суралцаж байна.

Монголын бизнесмен уяачдын морьд өөр газар ч сайн давхиж байна. Тухайлбал, сүүлийн үед Чарльстаун хотын морин тойруулгад У.Буяндэлгэр, Ц.Цэнгэл, Х.Бат-Эрдэнэ, мөн Баатар нарын морьд бас түрүүлсэн байна. Тэдгээрийг монгол залуу Г.Баттулга уяжээ. Бас Улаанбаатар хотын МСУХолбооны залуучууд хоёр ч удаа АНУ-ын баруун эрэгт ирж уралдаан үзэж орчин үеийн хурдан морины соёлтой танилцсан байна. Биднээс хэдхэн хоногийн дараа уяач Ц.Мөнхбат, Эрболд, малын эмч Наранбаатар нар мөн энд ирж танилцаж туршлага судлаад явсан. Мөн Ирланд, ХБНГУ зэрэг газарт монгол залуучууд хурдан морины уралдаанаар дагнан ажиллаж байна.

Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат маань “Морь уях, уралдуулахын зэрэгцээ, цаашид үржлийн ажилд сайн анхаарах хэрэгтэй юм байна. “Mongo­lian Saturday”-г 2011 онд 4000 дааганы дуудлага худалдаанаас Д.Онон гавьяат бид шинжиж авсан, дараа жил нь С.Ганхуяг тод манлай бид бас нэг даага шинжээд авах гэсэн чинь үнэ нь өсөөд 2,5 сая ам.доллар хүрээд авч чадаагүй. Тэгэхээр ер нь өөрсдөө л үржилдээ анхаарах хэрэгтэй болж байна” хэмээн ярив. Тэгээд ч “Кентаки дерби”-д түрүүлж, Дубайн цомд түрүүлсэн “Animal Kingdом” гэдэг нэрд гарсан хурдан азарганд өөрийн “Есения” гэдэг гүүг хураалгажээ.

Мөн маргааш өглөө нь мөнөөх “Есения” гүү унагалж, томоо сайхан эр хээр унага гаргасан байв. Хайрлахгүй байхын аргагүй энэ бяцхан амьтныг өхөөрдөн Вашингтон руу мордоход Лексингтон орчны нутагт хөх ногооны униар цэнхэртэн байлаа.

А.БАЯРМАГНАЙ

(Хурдан морь судлаач, Доктор Ph)

Онцлох нийтлэлүүд