ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.02.17 09:02

​ЦАГААН САР ба ХАР ЗУРХАЙ


НЭГ. ХАР ЦАГААНХЭЛ АМНЫ ШАЛТАГ

Бид өнөөдөр хоёр “цагаан сарын шинийн нэгэн”-ний хооронд түр оршиж байна. Хятадынх (буюу Япон, Солонгос гэхчлэн Хятадын соёлын нөлөөний бүсийн) болоод өнгөрсөн, Төгс буянтынх (буюу Монгол, Түвд, Балбад хэрэглэдэг) сарын дараа гэдэг утгаар ч тэр, энэ хоёр тооллын алин нь зөв бол гэдэг эргэлзээгээрээ ч тэр.

Сүүлийн хориод жилд буюу иргэд өөрийн бодолтой байх эрхтэй болсон цагаас хойш энэ эргэлзээ бий болсон. Үнэн хэрэгтээ, хамаг зовлон цаг тоололд байгаа юм биш. Хэн нэг нь зөв тоолоод, нөгөөх нь алдаад байгаа ч юм бүр биш. Цагаан сарын зөв буруу, золголтын оносон оноогүйн тухай маргаан нь огт өөр зүйлээс шалтгаантай.

Юуны өмнө, бусдаас өөр саналтай байж харагдах хөдөлгөөн, монгол ардчиллын анхан шатны үзэгдэл гэж харууштай. Энэ үзэгдэл хоёр шалтгаантай. Нэг талаас зөвхөн нам засгийн саналтай байхаас өөр эрхгүй нийгэмд залхсаных, өөрийн гэсэн байр суурь гээч юмаар нэгэн жарны турш цангасных.

Нөгөө талаасаа, дөнгөж хотшиж иргэншиж байгаа нүүдэлчин хүнд илэрч байгаа нийгмийн айдас. Хээр талдаа, уул уулын аманд зожигрон оршиж,” бор гэртээ богд” болж явсан малчин нүүдэлчид хотшиход үүссэн айдас. Юунаасаа гэж үү? Хотшил хэмээх хүмүүн далай дунд дусал төдий болон шингэж байгаагаа мэдэрснээс үүдсэн айдас. Хотшилын далайд “би”-гээ авч үлдэх зөнтэй холбоотой ч гэмээр юм уу. Ямар нэгэн юмны эсрэг байж, тэр утгаараа өөрийн бодолтойгоо харуулж, өөрийгөө болон өөрийн бодлоо зөвшөөрүүлэх, ийм аргаар “би”-гээ хамгаалах зөн ч гэмээр юм уу.

Хотшил, иргэншлийн далайд цүлхийн унасан, өөрийгөө сэлж чадахгүй гэж айсан малчны, сарвалзаан, ус үсчүүлсэн самралт, нүүдэлчний мэгдэл сандралаас улбаатай. Нийтийн санаа бодлыг дэмжээд явчих гэхээр өөрөө бүдгэрээд, бусдад уусаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бололтой. Хамаг малаа айлын сүрэгт нийлүүлчихсэн хоньчин, эсвэл айлын хонь хариулж, тогоо руу нь өнгийн амьдарч яваа буурай нүүдэлчнийх шиг гутрал төрөөд, тэр нь хатгаад байдаг болтой.

Мэдээж энэ “дажин” дунд олны дундаас товойх гэсэн популистуудын хөдөлгөөнөөс эхлээд манай ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэх байртай “Малчны” гэгдэх календарийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн ч зохих байраа эзэлж л яваа.

Үнэн хэрэгтээ байдал огт өөр. Харин ч “Ганц дусал тэр дороо л ширгэнэ, харин далайд нийлсэн дусал нь далай ширгэтэл оршино” гэж дорнын мэргэн ухаан сургадаг. Өрнөдийн иргэншил, ардчиллын философи ч тэр. Бид өөрийнхөө “би”-г зөвшөөрүүлэхийн тулд бусдыг буюу яг л чам шиг өөрийгөө зөвшөөрүүлэх хүсэлтэй “Чи”-г хүлээн зөвшөөрөхөөс эхлэх ёстой. Зөвхөн “Чи”-г хүлээн зөвшөөрсөн “би” л хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг номтой. Даанч , мэдэхгүйн зовлон гэдэг бол үнэнийг халхалсан “цагаан хэрэм” байдаг хойно яалтай ч билээ.

Бид, энэ дүрмийг яс махаараа мэдрэх анхан шатны курстээ л явж байгаа. Дараагийн курсээр “Чи”-гийн юуг зөвшөөрөх, “Би”-гээс юугаа зөвшөөрүүлэх гэж оролдохгүй байхыг сурна. Энэ мэт цаашаа явна.

Цагаан сарын маргаан улангассан шинжтэй байхаа нэгэнт больжээ. Тэрч байтугай, шарын зурхайг сурталдагч заримууд хүртэл чив чимээгүй төгсбуянтын тооллоор золгодог, тэрийгээ нуудаг болсон гэж дуулдсан. Үнэн байх аа. Ямар ч шашинтай байлаа гээд монгол анимист (бурхны хөргөөс эхлээд хад чулуу, мод овоо, юунд л бол юунд мөргөх ёсон) л болсон хойно “нээрээ буруу өдөр золгоод хамаг юм буруугаар эргэх юм биш байгаа” гэж айж л таарна. Угаасаа ч “би” гээ илэрхийлж, өөрийгөө олон түмний хөлгүй далайд живүүлэхгүй гэж л самарсан болохоос биш, зөв буруу шинэлэх нь тэртэй тэргүй хоёрдугаар асуудал.

Тэгж ярих юм бол, Төгс буянтын зурхайгаар сүүлийн 300-гаад жил энгийн ард, сүм хийд нь шинэлж ёсолсон. Болоод ирсэн. Сайн саар бүгдийгээ түүнтэй холбовол ч холбохоор. Хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтаас эхлээд, хотын утааг хүртэл тэрнээс болсон гэж чихэж болохоор. Бас сайн бүхнээ тэрэнтэйгээ уяж, хоёр хэт гүрний завсарт аваад үлдсэн тусгаар тогтнол, эрх чөлөө, өнөөгийн соёл боловсрол, ололт бүхнээ зөв шинэлсний буян гэж магтаж ч болохоор, ийм л юм.

ХОЁР. ЭРТНЭЭС УЛБААТАЙ “ХОС ШИНЭ ЖИЛ”

Монголчууд сүүлийн 300-гаад жил хос шинэ жил, тэмдэглэсээр иржээ. Чин гүрний вассаль байсан Гадаад монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ. Гэхдээ төрийн ажил албаны хүрээнд. Гадаад Монгол, автономит Монгол, Ардын засаг гээд гурван төрд албан хаагч явсан Г.Наваанамжил гуайн тэмдэглэн үлдээснээр “...хар зурхай бол Төвд ёсны зурхай, шар зурхай хэмээгч Хятадын цаг улирлын тооны бичгийг өгүүлнэ... шар зурхайн шинийн нэгэнд төр талын манж Хятадын яамууд, ба Монголын хот хөдөөгийн аймгийн чуулганы дарга, жанжны жасаад, олон хушуу тамгын газар шинэлнэ. Дараахь хар зурхайн шинийн нэгэнд шашны талын хүрээ хийгээд сүм дуган бүр шинэлнэ...1” гэнэ. Шар зурхайн календарийг Бээжинд зохиогоод өөрийн дотооддоо болон Гадаад монголд зохих шугамаар хүргүүлдэг байжээ.

Хүн ам нь бүхлээрээ шарын шашинтай, Оройн дээд Богд ламыгаа нийтээрээ дээдлэн шүтсэн монголчуудын хувьд Сүм хийдийнх нь дагадаг хар зурхай бүх нийтийн шинэ жил болж таарна. Төрийн зүтгэлтэн, ихэс дээдэс, сайд түшмэд гэхээр эцсийн дүндээ, шарын шашинтан, хуврагууд, үнэнч сүсэгтнүүд л байгаа.

Харин 1911 онд Манжийн нөлөөг халан улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаар энэ заншил өөрчлөгдөж “...Монголын тусгаар тогтносон, автономитын засгийн үед хүрээний зурхайч дацангийн дан зурхайч нар зохиож (тэр жилийн хуанлигаа.зох) тогтоолгон дотоод Яамнаас модоор сийлж хэвлэн нийтэлдэг2” болсон аж.

Манжийн үеийн Гадаад Монголын төрийн албан хаагчид шар зурхайн шинэ жилээр бүтэн сар амардаг байжээ. Төрийн ажил алба амрах энэ үеийг “Тамга битүүмжлэх” хэмээн нэрлэнэ. “Аймаг хошууд ба бүх албан газрууд нь цөм нэгэн зэргээр өвлийн сүүл сарын хорьдын үеэс дараа жилийн цагаан сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаагаар тамга битүүмжилдэг хуультай байв. Тамга битүүмжлэх ёслол хийнэ. Төрийн албан хаагчид амарна...энэ завсар хэрэг байцааж, эрүү шүүлт үл явуулна...Энэ зуур бичиг явуулахад хүрвэл тамга дарах учиртай зай дээр улаан бийрээр “тамга битүүмжилсэн” гэсэн цохолт хийдэг3” байжээ.

Гадаад Монголын үеийн шар зурхайн цагаан сар нь Манжийн төрөөс хараат байгаагаа хүлээн зөвшөөрөх ёслолын чанартай үйл явдал байсан аж. Монголд суугаа амбан, жанжинд очиж хүндэтгэл илэрхийлэхээс эхлээд өндөр дээдэс ихэс ноёд Бээжин орж Манжийн хаантай мэндлэх дүрэмтэй байв. “Энэхүү шинэ жилийн баярыг Манжийн хаан ба улс даяар нэгэн адил явуулдаг учраас Монголын феодалууд Манж Хятадтай зууралдсан ёслол хүндэтгэлийн ажил ихээр гарна. Олон ван гүнгийн зэрэг засаг ноёд тамга бүхий хутагт нарыг Бээжингээс ээлж дараалан дуудуулж Манжийн хааны амгаланг эрэх жасаанд оруулдаг байсан4” ажээ. Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод арваннэгдүгээр сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь Монгол даяараа сурталчилдаг байсантай агаар нэг зүйл. Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал ба түүний гэргий Анастасия Ивановна нар их төлөв Москвад шинэ жилээ угтах тул Улаанбаатарын “Төв хорооны ёолк” нэг бус удаа “генсек”-гүй зохиогдож байжээ.

Наадам наргианд дуртай, нийлж цэнгэх боломжийг алддаггүй нүүдэлчид эдгээр Зөвлөлт маягийн баяруудыг халуун дотноор хүлээн авч өөриймшүүлсэн бөгөөд өнөөдөр ч Халловены, Валентины гэх мэт шинэ шинэ баярууд нэмэгдсээр байна.

Бас нэг сонирхолтой зүйл бол бөө мөргөл, тэнгэрийг тахих ёсноос үүдэлтэй галын тахилга хэмээх зан үйлийг Богд гэгээнтэн хүртэл үйлддэг байсан явдал юм. “Богдоос эхлэн олон ноёд ардууд хааныг тахина хэмээн Чингисийн үеэс улбаатай гэх галын тахилгыг өвлийн сүүл сарын 23-24-нд хийж байсан5” ажээ. Гэхдээ ёслол нэлээн өвөрмөц, шарын шашны гэхээсээ илүү уламжлалт мөргөлийн шинжтэй байжээ. Богд Жавзандамба хутагт ёслолыг сүм хийдэд үйлддэггүй, харин ордны хашаанд байх “Тосны” гэр гэдэгтээ гурван чулуу тулан гал асааж үйлдэнэ. Үүнийг ноёд ба ардууд ч бас үйлдэх ба Чингис хааны үед зохиогдсон гэх монгол үсгээр бичсэн судрыг зэрэг жинс бүхий төрийн хар хүнээр барин сууж галаа тахидаг6 байсан байна.

Өнөөгийн монголчууд ч гэсэн хоёр тоололтой. Григори папын шинэчилсэн тооллоор манай төрийн он тоолол явдаг. Бидний төрсөн он сарыг энэхүү Загалмайн мяндагтны нэртэй хуанлигаар бүртгэсэн тул, Христос мэндэлсний 1952 онд төрсөн гэх байдлаар тэмдэглэгдэнэ. Хэрвээ та, ажилд орох маягтыг “цагаан морин жилийн хаврын дунд сарын шинийн найманд төрсөн” гэхчлэн бөглөвөл хүчингүйд тооцогдоно.

1930-аад оноос өрнөдөд буюу Орос, франц, Германд боловсрол эзэмшсэн залуусын нөлөөгөөр Загалмайн тооллын шинэ оныг тэмдэглэх ёслох соёл нэвтэрчээ. Д.Нацагдорж, Н.Наваан- Юндэн, Д.Намдаг нарын сэхээтнүүд ХХ зууны гучаад онд “Ёлк” тэмдэглэж буй зураг олонд түгсэн байдаг. Харин дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Монгол Улс Григорион тоолол болон кирилл-монгол үсгээр төрийн хэргийг хөтлөх болжээ.

Гэхдээ л монголчуудын сэтгэл оюуны гүнд үл ажиглагдам тодотгол, зааг ялгаагаар уламжлалт тооллын мэдрэмж нь шингэн үлдсэн байдаг. Жишээлэхэд, хоёр хүн “он гараад уулзъя” гэвэл Григорион тооллын утгатай, харин “жил гартал хүлээе” гэвэл Төгс буянтын зурхайн агуулгатай ойлгогдоно.

ГУРАВ. ЦАГААНСАР БА ХАР ЗУРХАЙ

Үнэндээ бол зурхайг хар цагаанаар нь дуудах гэсэн юм бол биш. Угаасаа бидний ёслон дагадаг зурхайг хар зурхай гэдэг аж. Хар гэдэг үг падан хараас гадна олон утгатайг судлаачид хэлдэг. Хар кидан гэхээр афро-монгол үндэстний улс байгаагүй шиг, төрийн хар хүн гэхээр Монголын төрд зүтгэхээр Африкаас ирсэн хүмүүс гэж ойлгодоггүй, хар феодал гэхээр нүүрээ угаадаггүй алтан ургийнхан гэж тайлбарладаггүй шиг.

Судлаачдын хэлж байгаагаар “Хар” гэдэг “умард” буюу “хойд зүгийн” гэсэн бас нэг утгатай. Хууччуул, “хар хятад” ба “цагаан хятад” хэмээн хэлцдэг нь одоогийн хятад ба вьетнамчуудыг умард ба өмнөдийн хятад хэмээн авч үздэг байсантай холбоотой аж.

Бас хар гэдэг үгэнд энгийн, жирийн гэсэн утга ч буй. Хар ухаан, хар аяандаа, хар ажил гэхчлэн. ХХ зууны эхэн үед Японыг “хар орос” гэдэг байсан нь сонин. Орос гэдэг нь өрнө зүгийн соёлтны нэр7 ба япончууд нь жирийн ангиллын (цагаан арьстан биш) орос буюу өрнөдийн жишгээр хөгжигч шар арьстны улс гэсэн утгатай байх магадгүй.

Энэ утгаараа, хар зурхай нь умард зүгийн одон зурхай гэсэн утгатай ч байж мэднэ. (Умар зүгийн Жавзандамбын шашинтан гэж өөрсдийгөө авч үздэг Богдын шавь нар хийгээд, Бурхан багшийн “Миний шашин умраас умар зүгт дэлгэрнэ” гэх лүндэнг бодолцсон ч тэр) Бас дэлхийн умард хагасын хойд хэсэгт тодорхой үзэгдэх од эрхсийн байршлыг ашигласан гэдэг утга ч байж магадгүй. Ямар ч байсан падан хар зурхай гэсэн өнгөний утга л лав үгүй байх.

Цагаан сарын түүх ч гэсэн үргэлж дардан цагаан явсангүй. ХХ зууны гучаад онд нугалаа завхралын давлагаан дор “феодалын баяр” хэмээн хоригдож, хүрээнийхэн нууж хааж шинэлэхдээ тулж байснаа “Шинэ эргэлтийн бодлого”-оор түрхэн зуур өөрчлөгджээ. Удалгүй, 1952 онд маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барсан тул цагаан сарыг нийтийн гашуудлын өдөр болгосон төдийгүй, цаашид тэмдэг-лэхийг нь хорьж байжээ.

Өөрийн орны төрийн тэргүүн болон эрхшээлд нь явдаг улс орны удирдагч таалал төгсөхөд зарласан гашуудал нь үндэсний баяртай давхацсан учраас “алгасах” тохиолдол угаасаа байжээ. Манжийн эрхшээлийн үед ч ийм явдал тохиолдсан удаатай аж. Г.Навааннамжилын “Өвгөн бичээчийн өгүүлэл” (Улаанбаатар.1956) хэмээх дурсамжид “... гэтэл Бадруулт төрийн 34 дүгээр онд Бадруулт төр хаан, эх Хуан тайхугийн хамт нас барав гэж зарлал ирж, Монгол нийтээр бэлэвсэрч... баяр ёслол үйлдэхгүй...аливаа хүн үс гэзгээ самнуулахгүй 100 хоног болов...тэр жилийн хаврын тэргүүн сар шинэлж цагаалалгүй өнгөрч дараа жил шинэлж байхыг үзсэн болно8” хэмээн бичсэн байдаг. 1952 оны “хориг”-оос ялгаатай нь тэр жилийнхээ цагаан сарыг хориод, дараа жилээс нь хэвийн цагаалах болсон аж. Харин 1959 онд амины малыг албадан нийгэмчилснээр иргэний бүхий л хувийн өмчийг хурааж дууссан ба энэ ажлаа дахин нийгэмчилгээгээр (1962) баталгаажуулжээ. Социалист үйлдвэрлэлийн харилцаа нэгэнт ялсныг (Хувийн өмчгүй нийгэм байгуулсан) тохиолдуулан нэгдлийн мал маллаж буй иргэдэд “Нэгдэлчдийн баяр” нэрийн дор цагаан сар тэмдэглэхийг зөвшөөрчээ, 196О-аад оны эхээр.

Чухам энэ үеэс нэгдэлчдийн баярын бөх буюу ардын хэллэгээр “цагаан сарын бөх” хэмээх хамгийн нэр хүндтэй барилдааны түүх эхэлжээ. Цагаан сарын барилдаан нь хэдийгээр цол олгодоггүй боловч хамгийн хүндтэй, хамгийн шударга үнэнч барилдаан хэмээн үнэлэгдсэн хэвээр байна. Харин шинэлж цагаалах ёсон нь огт тасраагүй бөгөөд зарим хэсэг нь Григориан тооллын нэгдүгээр сарын 1-нд хамтатган тэмдэглэж, нөгөө хэсэг нь нууц байдлаар орой үдэш гэртээ ёслох зэргээр үйлдэнэ. Үзэл суртлын томоохон байгууллагууд ч сүүлдээ өнгөн дээрээ цагаан сарыг буруушаах маягтай боловч цаанаа “нам тэмдэглэж, сэм золгодог9” болжээ. Нийслэлийн албан хаагчид, нутгийн хотын иргэд ёолкноор таваг засан золгож байсан байна. Тун боломж муутай зарим нь ахмад настандаа “айл хэсэх” дүрээр очиж золгон ёс гүйцэлдүүлнэ. Харин хөдөө сумдын төрийн байгууллага, сургууль соёлын газар шинийн нэгэнд амарч “Нэгдэлчдийн баяр” тэмдэглэнэ.

Алив улс үндэстэнд үл тасалдах уламжлал, нандин зүйлс байдаг. Тэрний нэг нь шинэ жилээ тэмдэглэх ёсон. Бусдаараа бол өнөөгийн хүмүүс ижилсэж, дэлхийн иргэн болцгоож, түүнийгээ даяаршил, хавтгай болсон дэлхий гэж томьёолж байна.

Харын зурхайн Цагаан сар бол хаалттай битүү социалист лагерт ч, даяаршиж нээгдсэн өнөөгийн нийгэмд ч биднийг монгол болгодог, монгол байлгадаг эрхэм ёсны нэгэн. Бид бүгдийг монгол харагдуулдаг, цагаан сар мину.

Даяаршсан ертөнцийн их далайд бид өөрийн цагаан сар, ёс заншлаар далбаа хийж, монгол гэдгээ тунхагладаг. Иргэншил даяаршлын их далайд нийлэхгүй бол оршихгүй, өөрийн гэсэн далбаатай хөвөхгүй бол тогтнохгүй, ийм л юм.

2017.02.01

Онцлох нийтлэлүүд