ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.07.05 08:07

Цэрэнпилийн Гомбосүрэн: “Хаан загас” туужийн бүрэн эхийг орчуулж уншигчдадаа хүргэсэн

Түрүүч нь №130(5973)дугаарт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнгийн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.


-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар уулзаж аав, хүү шиг сайхан тэврэлдлээ. Дэлхий дахинд үндсэндээ хүйтэн дайн өндөрлөж, амар жимэр цаг ирж байх шиг. Харин Монголд маань л улс төрийн хүрээндээ ч, урлаг спорт, ус нутаг, бөхчүүд, бөө нар гээд нийгмийн бүхий л орчиндоо эвдрэлийн синдромтой байгаад байх шиг санагдах юм. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Дэлхийн байдлыг бол би чамаас шал эсрэгээр үнэлнэ. Өнөөдөр дэлхий дахиад хуваагдах маягтай болчихоод байгаа. Шинэ маягийн хүйтэн дайн эхлээд их эрчтэй явж байна. Хүйтэн дайныг Орос, Америк хоёр тэргүүлж байгаа. Түрүү нийгмийн үед ч тийм байсан. Яагаад хүйтэн дайны байдалтай болчихоод байна вэ гэхээр хоёр биенээ муулдаг. Сүрхий муулж байгаа. Хуучин онол, үзэл суртлаараа муулалцдаг байлаа. Одоо их үндэстний үзэл суртлаар биенээ муулж байгаа. Хамгийн ноцтой юм юу вэ гэвэл зэвсэглэлээр хөөцөлдөх. Одоо шинэ маягийн зэвсэглэлийн (технологийн түвшнээрээ) тавдугаар эрэмбэ рүү шилжээд орчихсон. Мөн үү?

-Цөмийн зэвсгээс ч аймшигтай зүйл бий болсон гэсэн үг үү?

-Зэвсгийн чинь тээх хэрэгслийг нь л улам нарийсгадаг юм шүү дээ. Пуужин харвана гээд байна шүү дээ. Пуужинг устгадаг системийг хоёр талдаа бий болгочихсон. Тэгсэн тэр гэрээнээсээ АНУ гараад явчихсан. Пуужингаас эсэргүүцэх гэдэг чинь хамгийн гол зүйл байхгүй юу. Сүнхийж очоод нөгөө атомын бөмбөгийг нь өвөртлөөд л жирийх эд шүү дээ. Тийм гэрээнээс америкчууд гарснаар Орос, Америк хоёул баригдахгүй довтлох пуужин хийж байгаа. Өөрөөр хэлбэл зэвсгээр хөөцөлдөх гэдэг ажил шинэ түвшинд гарчихлаа. Гуравдугаарт, нэгэндээ эдийн засгийн хориг гээч юм тавиад эхэлчихсэн. Үүний шалтгаан гэхээр биендээ итгэх итгэл эрс буурсан байгаа. Юу гэж биенээ буруутгаж байна гэхээр “Америк НАТО-той нийлээд Югославыг буталж хаясан. Дараагаар нь Ливи, Ирак, Сири зэрэг Арабын хэдэн орны цусыг холилоо. Афганистан гэж нэг наждын орон байна. Эдгээр улсын амгалан тайвныг алдагдуулж дайны байдалд оруулсан” гэж оросууд үздэг. Оросууд болохоор дайн дажин хийж улсыг задрааж байгаа, газар нутаг булааж авч байгааг чи харж байгаа. Крым гэдэг газрыг авчихсан шүү дээ. Хоёр мужийг нь цаана, наанаас янз бүрээр хатгаад Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс болгоод байгаа. Тэрнээс өмнө Гүржийг Абхаз, Осет, Гүрж гэсэн гурван улс болгоод хаячихсан. Энэ бүхний цаана дэлхийн дайн биш ч гэсэн мэр сэр халуун дайн яваад байгаа юм. Хүйтэн дайны нэг ноцтой шинж нь янз бүрийн цэг дээр халуун дайн болоод байна. Тэгээд худалдааны дайн гээч юм яваад эхэлсэн. Энэ чинь юу болж байна вэ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрриш ноднин “Хүйтэн дайн ноцтой явж байна” гэж хэлсэн. Хүйтэн дайны талаар Гомбосүрэн хэлээд байгаа ч юм биш. Тэгэхээр дэлхий хуваагдчихсан байгаа биз.

-Тийм л юм даа?

-Дэлхий хэрвээ хуваагдчихаад байгаа юм бол, эсвэл бүр ноцтой даамжирч хуваагдвал энэ жижигхэн Монгол хэний талд байх вэ гэдэг асуудал үүсдэг юм.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх ёстой, элсэх ёсгүй гээд сүүлийн үед талцдаг боллоо. Аль нь ч зөв юм?

-Би бол “Бид аль ч талд орох ёсгүй ээ” гэдэг байхгүй юу. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Оростой муудна, Америктай сайдна гэсэн үг биш. Аль алинтай нь мөрөөрөө байх тухай ярьж байна. Манайхан сая ШХАБ-д орно, орохгүй гэлцлээ. ШХАБ гэдэг нь Орос, Хятад хоёр давамгайлсан бүлэглэл. Манайхан юу гэж толгой түрийгээ цохьж авч байгаа вэ гэхээр “Энэтхэг, Пакистан орчихлоо, бид хоцорчихлоо” гээд байгаа. Бид энэнд ороогүйгээрээ хоцорч байгаа, хохирч байгаа юм ерөөсөө байхгүй. Ер нь Орос, Хятадын өвөр түрийд орж байгаа юм шиг үзэгдэл байхгүй юу. Манайд “Олон тулгуурт гадаад бодлого” гэсэн нэртэй юмны нэг мундаг тулгуур нь “Гурав дахь хөрш” гэж нэг улсыг хэлээгүй, нэг хэсэг улсыг хэлсэн ойлголт бий. Энэ хоёр улстай бид эвтэй найртай харьцана аа, энэнээс халиад биднийг харж үзэж байгаа дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай өв тэгш харилцаатай байх ёстой. Ялангуяа шилжилтийн зовлонт үед биднийг харж үзсэн Япон, Америк, Европын холбоо, Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг улс орон болон Америк, Япон давамгайлж байдаг санхүүгийн байгууллагуудтай яаж харьцах вэ гэдэг чухал. Бидний цахилгаан станцуудаа хөлдөөчихөөгүй, эсвэл өлсгөлөн гачланд нэрвэгдээгүй чинь тэд нарын тусалсан, харж үзсэнтэй холбоотой. Тиймээс энэ гурав дахь хөршийн бодлого гэдэг бол хоёр хөршөөсөө холдож зайлах гэсэн биш, хоёр хөрштэйгөө харилцахын хажуугаар хорвоо ертөнцтэй эвтэй найртай байх, тэднээс бага буурай улсын авч болох тусламж дэмжлэгийг авч байх бодлого байдаг юм. Их гүрнүүд биенээ муулаад, зэвсгээр хөөцөлдөөд, янз бүрийн хориг тавилцаад, худалдаа наймааны дайн зарлаад байгаа ийм нөхцөлд бид Орос, Хятад хоёрын давамгайлж буй юм руу орохоор гурав дахь хөршөөсөө хөндийрөөд явчихаж байгаа юм шиг тийм үзэгдэл болох гээд байгаа юм. Тийм учраас ШХАБ-д орохыг би эсэргүүцдэг. Эртэд би нэг том ярилцлага өгөхөд тэрийг тойрч шуугьцгаасан байна лээ. Сая тэгээд манай Ерөнхийлөгчийг элс гэхэд “Парламент мэднэ” гээд ирлээ. Хэрэг дээрээ элсэх зөвшөөрөл өгөөгүй гэж хэлж болно. Манайхан “Улс төрийн хүрээнд, нийгмийн хүрээнд элсэх, эсэх талаар хэлэлцүүлэг явж байгаа” гэсэн. Мөн үү?

-Мөн...

-Манайхан “ШХАБ байгуулагдаад арван хэдэн жил болчихлоо. Мануус хойно хоцорчихлоо. Манаас төө хойно бараа сураггүй байсан Энэтхэг, Пакистан орчихлоо” гээд байгаа юм. Тэр бидэнд ямар хамаатай юм бэ. Юу гэхээр энэ байгууллагад орохоор бидний тов тодорхой эрх ашиг, шууд хэрэгжээд эхлэх олз омог юу байна гэдэг хувилбарыг бодох ёстой. Энэ хоёртой гурван талаараа яриад хэрэгжүүлмээр зүйл маш олон байгаа. Тэрийг хэрэгжүүлэх арга механизм бол ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван Ерөнхийлөгчийн уулзалтыг манайх сэдэж гурав дөрвөн ч удаа хийчихэв үү дээ. Тэнд протокольдсон том том төслүүдийг хэрэгжүүлэх л хэрэгтэй болохоос ШХАБ-д элсэх асуудал ямар ч хамаагүй байхгүй юу. Тийм учраас “Михайльд нэг бодол бий” гэлээ гэх шиг бид цаадуулынхаа бодлого энэ тэрийг сайн бодолцож байх ёстой.

-Аливаа улсын хөрш улс нь “Мөнхийн нөхөр, мөнхийн дайсан байдаг” гэсэн үг байдаг байх аа?

-Дайсан гэдэг үгийг одоо бид хэрэглэхгүй, хэлэхгүй л дээ. “Мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэсэн үг байгаа. Английн нэг товарищ л хэлсэн гэдэг юм. Нөхөр мөнх л дөө. Гэхдээ нөхөр мөнх биш, танай улсын эрх ашиг чинь мөнх шүү гэсэн үг юм. Тэгэхээр бид мөнхийн эрх ашгаа бодолцож, тэрийгээ аль болохоор өргөн хүрээтэй дэвсгэр дээр тавьж байх ёстой. Бид чинь дэлхийн улс юм байгаа биз дээ. Үүх түүх гэхэд юун Америк л гэцгээдэг байх аа. Манайх дэлхийг эзэлж байхад Америк гэж улс байгаагүй. Тэр бөмбөрцгийн цаад руу эзгүй байсан байна. Дэлхийн явдлыг ярихад ийм хэцүү болчихоод байгаа юм. ШХАБ-д бид арваад жил ажиглагчаар оролцсон. Гэтэл дэлхий яг муудалцаж байгаа үед элсэх юм яриад байх юм. Тэрийг огт бодохгүй байна.

-Эгзэгтэй үед л эмзэг сэдвээр оролдоод байгаа юм байна шүү дээ?

-Эд нар буцаад хэл амаа ололцоод улс төрийн уур амьсгал гайгүй болно л доо. Миний яриад байгаа хүйтэн дайн гэдэг юм багасна, бүдгэрнэ. Трамп бол түүхэнд орохын тулд л БНАСАУ-ын удирдагчтай уулзлаа гэхэд болно. Өөрөө ч “Би ер нь Солонгосын хойгийн асуудлын үндсийг шийдчихлээ шүү. Гэхдээ шахсаар байгаад гүйцээнэ” гээд байгаа шүү дээ. Тэр тэгэх байх. Яагаад вэ гэхээр энэ хөөрхөн хүү их ухаантай хүн юм. “Хорвоогоос зожигроод хол явахгүй юм байна, сүрэгтээ нийлэх ёстой юм байна. Цөмийн зэвсэг гээч юмыг бид хийж чадсанаа харуулчихлаа. Тэрийгээ зөөдөг пуужин, 13 мянган км нисэж чаддаг ийм юм хийж чаддагаа харуулчихлаа. Одоо бол устгасан ч болно” гэж л бодож байгаа шүү дээ. Эд нар ч их ухаантай л даа.

-Оросын сонгодог зохиолч Виктор Астафьевын “Хаан загас”-ыг та монгол хэлнээ яруу сайхан орчуулсан. Өнгөрөгч онд дутуу бүлгүүдийг нь гүйцээж орчуулан шинээр хэвлүүллээ гэсэн үү?

-Өмнө орчуулсан И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал” хоймсон роман, В.Астафьевын “Хаан загас” туужаа бүрэн бүтэн болгоно гэж бодож явснаа биелүүллээ. Эдгээр бүтээл ЗХУ-ын үед цензурт өртөж, хорь гучин хувь нь хасагдчихсан байсан юм. “Хаан загас”-ыг бичигч В.Астафьев Красноярск орчмын хүн. В.Астафьев “Хаан загас” туужаараа ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн, Зөвлөлтийн алдартай зохиолч хэдий ч манайхан түүнийг Эрхүүгийн Распутины дайтай мэдэхгүй. В.Астафьев жинхэнэ Сибирь нутгийн хэлээр бичдэг учраас мосвагийнханд адлуулдаг, нутгийнхнаасаа талархал сонсдог хүн байсан. Түүний бүтээлийг орчуулахад амаргүй. “Хаан загас”-т л гэхэд үй олон загас, ургамлын нэр бий. Түүнийг оноохоос гадна, хэл найруулгыг нь монгол руу буулгах амаргүй. “Хаан загас”-т холбогдох мэдээ сэлтийг хайсаар, уг зохиолын бүрэн эхээс гадна зохиогчийн өөрийнх нь бичсэн тодорхой тайлбарыг олсон. Тэр олз маань уг ном ямар зовлон туулж, эрэмдэглүүлж байсныг илэрхий гэрчилж байсан учраас хоёр дахь хэвлэлд оршил болгон орууллаа. В.Астафьев гуай 1986 онд манай оронд зочилж, энгүй уудам Сибирь нутгийн хүн атлаа манай элчилгүй их говийг үзээд бас ч гэж гайхалзан, эх дэлхийн маань өөрийнх нь үзээгүй нэгээхэн хэсэг хэмээн баясаж, хөдөөний малчдын аж байдал, байгальтайгаа хүйн холбоотой амьдарч байгааг мэдрэн бахдаж байсан гэдэг юм.

-“Хаан загас”-ын бүрэн эх хэдэн онд эх орондоо хэвлэгдсэн байх юм?

-Зохиогчийн нотлон өгүүлснээр “Хаан загас”-ыг хамгийн бүрэн хэлбэрээр нь анх удаа 1993 онд Красноярскийн “Гротеск” хэвлэлийн газар нийтэлснийг орчуулгын хэвлэлийн эх болгон барилаа. В.Астафьев гуай 2001 онд өөд болсон. Түүнийг Орос-Зөвлөлтийн өнгөрсөн зууны сонгодог зохиолч гэдгийг эдүгээ уншигчдын болон мэргэжилтний хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Үүнийг Зөвлөлтийн хоёр удаагийн төрийн шагнал, Оросын гурван удаагийн төрийн шагнал, утга зохиолын гадаад дотоодын бас бус шагнал, түүнчлэн олон саяар хэвлэгдсэн зохиол бүтээл нь бэлээхэн гэрчилнэ.


Онцлох нийтлэлүүд