Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn
Нийгэм
2022.01.23 10:01

Ц.Батсугар: Монголоос явъя, гадагшаа л гаръя гэсэн хандлага давамгайлж байгаа бол нийгмийн сэтгэл зүй хүнд талдаа орж байна гэсэн үг

Нийгмийн сэтгэл зүйн асуудлаар судлаач Ц.Батсугартай ярилцлаа.


-Ковид үргэлжилсэн хүнд нөхцөл байдал дээр утааны асуудал хөндөгдөж, олон нийтийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ үеийн нийгмийн сэтгэл зүй ямар болоод байна вэ?

-Манай улсын хувьд нийгмийн бухимдлын түвшин харьцангуй өндөр байсаар ирсэн. Учир нь манайх улс төрийн болон нийгэм, эдийн засгийн шилжилт үргэлжилж байгаа улс шүү дээ. Түүнээс хамаарсан асуудлуудаас үүдсэн нийгмийн сэтгэл зүйн суурь онцлогууд байна. Нэгдүгээрт, мэдээллийн технологи, хотжилт, шилжилттэй уялдан нийгэмд үзэл санаа үнэт зүйлийн хувьд ялгарлууд бий болж эхэлсэн. Хоёрдугаарт, бидний ялгаатай санаа бодлууд хоорондоо зөрчилдөх асуудлууд байдаг. Ялангуяа пост социалист орнуудад ажиглагддаг нэг асуудал бол улс төрийн эрх нь бэхжээгүйгээс болоод төрийн хариуцлага сул байдаг. Төрийн байгууллагууд чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаггүйгээс хамаарсан асуудлүүд үүсдэг. Мөн эдийн засгийн шилжилтийн явцад тэгш бус байдалд ихэнх пост социалист орнуудад байна. Манайд ч ялгаагүй, эдийн засгийн шилжилтээс улбаатай нийгмийн ялгарлууд бий.

Энэ ялгаатай байдал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд, дээрээс нь төр засгийн үйл ажиллагааны хариуцлагагүй байдал, үр дүн гэх мэт асуудлууд нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа үндсэн хүчин зүйлүүд юм. Өнгөрсөн 10, 15 жилийн судалгаануудад иргэдийн хамгийн сэтгэл дундуур байдаг асуудлуудын нэгдүгээрт өрхийн болон хувь хүний эдийн засгийн байдал байсан. Үүний дараа улс төрийн асуудал орж ирдэг. Олон нийтийн төрд итгэх итгэл муу, авлига, шударга ёс хангалтгүй байна гэсэн хандлага. Тухайлбал, 2016 онд иргэдийн 70 орчим хувь нь нийгмийн нөхцөл байдалд бухимдалтай байна гэдэг байр суурьтай байсан.

-Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдалд?

-Сүүлийн үед гарч байгаа цар тахалтай холбоотой эдийн засаг, олон улсын худалдааны тээвэр, ложистик, дэд бүтцийн хүндрэлээс хамаарсан хэрэглээний үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч байгаа. Энэ нь эргээд өрхийн амьжиргаанд нөлөөлж байдаг. Үүнээс гадна цар тахалтай холбоотой ажлын байрууд маш олноор хумигдаж байгаа. Энэ бол өрхийн тогтмол орлогод нөлөөлнө. Мэдээж эрүүл мэндийн асуудал байна. Ялангуяа өндөр настай, нялх хүүхэдтэй, эсвэл суурь өвчтэй хүмүүстэй гэр бүлд эрүүл мэндийн хүндрэлүүд нэмэгдээд сэтгэл санааны дарамтыг бий болгож байна. Үүнээс гадна улирлын шинж чанартай боловч сүүлийн 20 орчим жил тасралтгүй яригдаж ирсэн агаар, орчны бохирдлын асуудал бий. Үүн дээр түгжрэл нэмэгдэнэ. Ийм асуудлууд олон нийтийн бухимдал дарамтыг улам л нэмэгдүүлж байна гэсэн үг.

-Зургаан жилийн өмнөх судалгаа гэхэд нийгмийн сэтгэл зүй багагүй хугацаанд бухимдал өндөр байсан юм болох нь. Өнөөдөр хүндэрч үү, эсвэл өөр нөхцөл байдалтай байна уу?

-Зургаан жилийн өмнө тухайн үед улс төрийн тогтворгүй байдалтай байсан. Түүнтэй холбоотой нийгмийн бухимдал нэмэгдсэн байх талтай байж болно. Одоо бол улс төр харьцангуй тогтвортой байгаа. Ийм үед бухимдлыг дэвэргэж байгаа хүчин зүйл буурах боломжтой. Яг өнөөдрийн байдлаар бухимдлын түвшин нэмэгдсэн, буурсан талаарх тодорхой тооцоо судалгаа байхгүй. Гэхдээ цар тахлын энэ асуудлууд эдийн засгийн хүндрэлүүд болон утаатай холбогдож байгаа асуудлууд суурь хүчин зүйлүүдийг илүү өсгөх, нийгэмд байгаа суурь бухимдлын асуудлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Ялангуяа ялгаварлал, эдийн засгийн ялгаатай байдал, баян хоосны ялгаа нийгэмд бухимдлыг нэмж байгаа. Нийгмийн хэт ялгарал тэгш бус байдлын илэрхийлэл болж байдаг. Нийгмийн ялгаврлал нэмэгдэх тусам зөрчил тэмцэл нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. Жишээ нь, үндэсний үзэлтэй хүмүүс байж болно, ардчилал хүний эрх, хүн төрөлхтний нийтлэг ололт амжилтын чиг баримжаатай хүмүүс байж болно. Магадгүй шашны зөрчил ч байж болно. Үүнд л хэтэрхий ялгаа зааг гараад ирэхээр л зөрчилд орох эрсдэл байна гэж үзээд байгаа юм.

-Тэгвэл утааны эсрэг олон жил тэмцсэн ч үр дүнгүй байгаа болохоор төр, олон нийтийн дундах зөрчил нэмэгдэж байна гэж ойлгогдох нь ээ?

-Утаа бол байнгын бухимдал дагуулж ирсэн асуудал. Утаатай байсаар байна, өчнөөн олон тэрбум төгрөг зараад шийдэгдсэнгүй гэдэг нь төр засаг ажлаа хийхгүй байна гэдэг сэтгэгдлийг төрүүлж байгаа. Энэ эргээд төрд итгэх итгэлд нөлөөлнө. Тийм учраас болж бүтэхгүй байгаа юм чинь төрийн буруу гэж бухимдлыг төр рүү чиглүүлэх, нэмэгдүүлэх шалтгаан болчихож байгаа юм. Дээр нь саяхан айлд явж ороод ороолт түлж байна гэж олон нийтэд зарлалаа шүү дээ. Түүний өмнөхөн иргэд хямд түлшийг илүү түлээд байна, зуухаа хянаж чадахгүй байна гэсэн албаны зүгээс хийж байгаа тайлбар иргэдийг буруутгасан хандлагатай байсан. Харин иргэд өөрсдөө бол төр ажлаа хийж чадахгүй байгаа учраас утаа буурахгүй байна. Өчнөөн хөрөнгө зарцууллаа, авлига шударга бус асуудал байна гэж бодоод байдаг. Төрийн зүгээс нийгмийн хэлцлийн орон зай үлдээхгүй, шууд мөргөлдсөн нөхцөл байдал үүсгэж байгаа нь бухимдлыг улам дэвэргэсэн.

-Сүүлийн үед Монголоос явмаар байна, гадаадад л гарч амьдаръя гэсэн хандлага нэмэгдэж байна. Эх орноосоо явах замыг сонгох хүртэлх нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж байна гэж үзэж болох уу?

-Үүн дээр хоёр зүйлийг тодотгож ярья. Нэгдүгээрт, сошиал медиа цахим орчин гэдэг харьцангуй параллель маягийн ертөнц болчихсон. Тэнд иргэд өөрийгөө илэрхийлэх, бухимдлаа гаргах, сонирхож байгаа зүйлээ үзэж хардаг, чөлөөт цагаа өнгөрөөх нэг том талбар болчихлоо. Гадагшаа явмаар байна, Монголд амьдрах арга алга гэж байгаа нь магадгүй бухимдлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр.

Хоёрдугаарт, иргэдийн ирээдүйд итгэх итгэл, ирээдүйн талаарх төсөөлөл буурч байна гэсэн үг. Өмнөх судалгаануудаас харахад монголчууд уг нь ирээдүйдээ илүү өөдрөг ханддаг. “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг шүү дээ. Тэр утгаараа ирээдүйд итгэх итгэл нь харьцангуй өөдрөг байдаг онцлогтой ард түмэн. Тодруулбал, хувь хүний түвшинд ирээдүй маш сайн байх байх аа гэсэн итгэл үнэмшил өндөр байдаг. Яг бодит хүрээлэн буй орчин буюу нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны асуудал дээр сөрөг. Энэ нь хүрээлэн буй орчинд итгэх итгэл нь буурч байгаа гэсэн үг. Эдийн засаг, санхүү, улс төр, нийгмийн хувьд Монгол Улс хүнд байна. Тэгэхээр өөртөө гэхээс илүү амьдарч байгаа орчиндоо сэтгэл дундуур байдал нэмэгдэж байна. Түүнийгээ илэрхийлж, илүү сайн орчинд ажиллаж амьдрах сонирхолтой болж байна гэсэн үг. Хэрэв хоёр дахь байдал нь давамгайлж байгаа бол нийгмийн сэтгэл зүй нэлээд хүнд талдаа орж байна гэсэн үг.

Ер нь ямар газраас хүмүүс дүрвэдэг гэхээр байнгын тогтворгүй байдалтай, дайн тулаантай, эсвэл байнгын хавчлага, дарамттай газраас хүмүүс дүрвэдэг. Тэр бол хэрэгцээн дээр гэхээс илүү сэтгэл зүй дээр тулгуурласан шийдвэр байдаг.

-Бидний өдөр тутамд авч байгаа мэдээллүүд сөрөг, бараан талдаа дийлэнх байна. Шалтгаан нь юу байна. Үр дагаврын хувьд та хэлээч?

-Мэдээж нийгмийн давамгайлах харилцаа ямар байна, тэр нь тухайн хүний зан үйл, бие хүний хувьд нөлөөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, байнга сөрөг харилцаанд ороод байвал эерэг байхад хэцүү. Байнга сөрөг мэдээлэлд автаад байх нь сөрөг санаа бодлыг бий болгоод байна. Ер нь болохгүй байна, асуудалтай байна гэсэн санаа бодлыг бататгана. Нөгөө талаасаа сөрөг мэдээлэл илүү хүчтэй тархаад байна гэдэг олон нийтийн сэтгэл санааны тогтворгүй байдлын илэрхийлэл.

Хэрэв бүх юм нь болж бүтээд байвал сөрөг мэдээлэлд ач холбогдол өгөхгүй шүү дээ. Гэтэл иргэд өөрсдөө бухимдалтай байх тусам сөрөг мэдээлэлд илүү их ач холбогдол өгдөг. Тэр нь эргээд өргөн хүрээнд цацагдаад байгаа юм. Сөрөг мэдээлэл илүү их түгээгдэж, хэлэлцүүлэгдэж, олон нийтэд хүрээд байна гэдэг тэр асуудалд бухимдаж байгаа хүмүүсийн тоо их байна гэсэн үг.

-Тэгвэл нийгмийн сэтгэл зүйд эерэг зүйл юу байна вэ?

-Мэдээж хүмүүс шүүмжлэх ёстой гэж бодож байгаагаа шүүмжлэх эрхтэй. Гэхдээ хэдий бухимдалтай байгаа ч манай нийгэм харьцангуй тогтвортой нийгэм. Хэт олон янзын хагарлууд байдаггүй, шашин хоорондын зөрчилдөөн байхгүй. Эдийн засгийн өсөлтийн хувьд ч харьцангуй тогтвортой. Яах вэ, хүчтэй донсолгоо нийгэмд үүсвэл нөхцөл байдал эргэж магадгүй.

Түүнээс манай нийгэм харьцангуй нээлттэй. Олон талын мэдээллийг авах боломжтой, хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байна. Ийм байдалд иргэд бухимдлаа илэрхийлэх, гаргах, нөгөө талаас хэрхэн яаж шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдэх боломжийг нээлттэй орхиж байна гэсэн үг.

Гуравдугаарт, нийгмийн санаа бодол, хүний эрхийг хүндлэх, хүн өөрөө нэр төртэй байх, үнэт чанарыг дээдлэх, хүндлэх чиглэл рүү явж байгаа. Залуус өөрчлөгдөж, дэвшингүй нийгмээс суралцаж байгаа хандлагууд ч байна.

Онцлох нийтлэлүүд