2021.04.26 09:04

Ц.Буянзаяа: Хүн сэтгэлийн амьтан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн амьтан л даа

Нийтлэлч: Давхардаваагийн Гансаруул

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай шинээр гаргасанСэтгэл зүйн тууриудномынх нь талаар ярилцлаа.


-Өнөө цагт Монголын зохиолчид роман, өгүүллэг гэсэн хоёр төрлөөр голдуу туурвиад байх шиг. Туурь бичиж буй нь бараг харагддаггүй юм?

-Роман, өгүүллэг бол хүүрнэл зохиолын нийтлэг, үндсэн төрөл зүйлүүд л дээ. Туурь ч гэсэн өгүүллэгийн төрөл зүйлд хамаарагдана. Гэхдээ өөрийн гэсэн бага зэрэг онцлогтой. Өгүүллэгийн зохиолд зохиолын үйл явдал, дүрийн онцлогийг голлон анхаардаг бол туурьд зохиогчийн дэвшүүлж буй санаа гол цөм нь болж илэрхийлэгддэг. Жишээлбэл, Б.Ринчений “Шүхэрч Буниа” туурьт монголчууд шүхэр хийж нисэхийг эрт цагт зорьж байсан юм шүү гэсэн санаа зохиолын гол цөм нь болсон байдаг. Бусад өгүүлэмж, үйл явдал нь уг санааг тодруулж гаргахад чиглэсэн гэж үзэж болно. Гэтэл Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгт Лодон гэвшийн ертөнцийн хар нулимс унагах болсон шалтгааныг үйл явдлын учир шалтгаан, дүрийн дотоод ертөнцийн хувиралтай холбон бичсэн байдаг. Энэ нь зохиолч санаагаа илэрхийлэхээс илүүтэйгээр уран сайхны дүрийн ертөнцийг нээн дүрсэлсэн гэж ойлгож болно. Тийм учраас Лодон гэвш зарим хүнд эмгэнэлтэй, зарим хүнд инээдтэй дүр болон уншигддаг. Иймэрхүү онцлогтой холбоотойгоор туурь-өгүүллэг, өгүүллэгийн хооронд багахан ялгаа гардаг. Туурь бичих нь өгүүллэг бичихээс илүү ч юм биш, дутуу ч юм биш. Хамгийн гол нь яаж бичих нь, уран сайхны боловсруулалт хэрхэн хийх нь л чухал юм.

-Зохиолчид тогтсон ганц нэг төрлөөр дагнаж бичих нь яваандаа, том утгаараа тухайн орны уран зохиол, утга зохиол ядуурахад хүргэх тал бий юү. Тийм учраас зохиолчид уран зохиол аль болох олон төрөл зүйлээр оролдож байгууштай юу?

-Төрөл зүйл бол нэг их чухал биш, хүн ямар ч төрлөөр бичиж, авьяас билгээ сорьж болно. Зөвхөн нэг төрлөөр бичээд байсан ч болно. Төрөл зүйлээс илүүтэйгээр туурвил зүйн хэв маягийг анхаарах нь илүү чухал юм. Туурвил зүйн хэв маягт зохиомжийн боловсруулалт, хүүрнэх арга барил, дүрийн дүрслэл, зохиолын хэл, үйл явдлын өгүүлэмж зэрэг тогтсон элементүүд хамаарагддаг. Эдгээр элементүүдийг ашиглахдаа зохиолчид өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягийг бүтээхийн төлөө байнгын эрэлхийлэлд автаж байх ёстой юм. Хэрвээ хэн нэгний бүтээсэн туурвилын хэв маягуудыг хуулбарлах, даган дуурайх байдлаар бичээд байвал ёстой үндэсний уран зохиолд ядуурал газар авна гэсэн үг л дээ.

Манай уран зохиолд туурвил зүйн хэв маягийн давтамжит хандлага түгээмэл байдаг нь анзаарагддаг Ганцхан жишээ хэлэхэд Д.Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” өгүүллэгийн Болдыг гадаад харагдах байдлаас нь “...Хөх даалимбан дээлийг өмсөж, шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ...” гэх зэргээр дүрсэлсэн байдаг. Гэтэл үүнээс хойш нэлээд олон зохиол дээр хөх дээл өмсөж, шар дурдан бүс ороож, малгай хэлтгий тавьсан дүрслэл давтагдан гардаг. Энэ бол туурвил зүйн хэв маяг дахь буруу хандлага юм. Үүнээс гадна сүүлийн үеийн романуудад цуваа цагийн нийтлэг зохиомж газар авчхаад байгаа. Энэ бол бас л буруу хандлага. Зохиомж маш чөлөөтэй, баялаг байх ёстой. Зохиолчийн хэлний ижилсэл гээч юм манайд хэтэрхий нийтлэг байдаг. Энэ ч бас хортой. Тийм болохоор ямар төрлөөр бичихээсээ илүүтэйгээр яаж үгийн урлагийн уран сайхны ертөнц бүтээх вэ гэдэг нь уран зохиолын хөгжлийн асуудал л юм даа.

-Та энэ номныхоо тууриудыг арваад жилийн өмнөөс бичиж эхэлжээ?

-Тэгсэн. Сүүлийн арваад жилийн зохиолуудаас ном минь бүрдэж байгаа. Гэхдээ сүүлийн гурван жилийн бүтээлүүд түлхүү байгаа. Яагаад гэвэл энэ номыг бичих, бүтээх тал руугаа голлон анхаарсан юм.

-“Сэтгэл зүйн тууриудгэж нэрлэснээс нь үзвэл хүний сэтгэл зүйг илэрхийлсэн тууриуд байх нь гэж таамаглалаа. Тэгтэл тийм болж таарав?

-Анх номоо аль нэг тууриар нь нэрлэдэг юм уу гэж бодож байсан юм. Тэгтэл мэргэжил нэгт нөхдүүд маань бүгдээрээ туурь юм чинь бүгдийг нь хамруулсан нэр өгвөл зохимжтой болно гэж зөвлөсөн юм. Тэгээд тууриудад маань нийтлэг зүйл юу байна вэ гэж нэлээн анзаарч харсан. Зохиол бүхэнд маань дүрийн сэтгэл зүйгээс урган гарсан үйл явдал ч юм уу, үйл явдлын нөлөөлөөс улбаалан бий болсон дүрийн сэтгэл зүйн онцлог ч юм уу, эсгэвээс хүн гээч амьтны сэтгэл зүйн ертөнцөд байдаг нийтлэг хандлага ч юм уу, тиймэрхүү сэтгэл зүйн элементүүд байгаад байсан учраас “Сэтгэл зүйн тууриуд” гэж нэг нийтлэг шинжээр нь нэрлэсэн юм.

-Хүмүүс нэгэн үеэ бодвол материаллагаас хагацаж, дотоод руугаа тэмүүлэх хандлагатай болсон. Сэтгэл зүйн талаар их, багагүй ярьдаг болж. Уг нь монголчууд юмыг хийхээсээ урьтаж бодож, бясалгадаг, тунгаадаг, өөрөө өөртэйгөө ярьдаг, өвөрмөц сэтгэл зүйтэй хүмүүс байсан шүү дээ?

-Хүн гээч амьтан үнэн чанартаа сэтгэлийн амьтан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн амьтан л даа. Бид сэтгэл зүйдээ ямар төсөөлөл бий болгосон байна тэр төсөөллөөрөө юманд хандаж, юмыг үнэлж, үйлдэж амьдардаг. Хүмүүс сэтгэхүй нь тийм, ийм гэж их ярьдаг. Тэр яриад байгаа сэтгэхүй ч гэсэн уг чанартаа сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл зүйд нь ямар нөлөөлөл тогтсон байна, тэр байдлаараа л юм бүхэнд хандана гэсэн үг. Улаанбаатарын машины түгжрэл нэг талаасаа хотын зохион байгуулалт, автомашины ачаалалтай гарцаагүй холбоотой. Гэхдээ нөгөө талаасаа бидний сэтгэл зүйд аль хэдийнэ тогтчихсон нэг нэгнээсээ өрсөх гэсэн, хэт амиа хичээсэн байдалтай яалт ч үгүй хамаатай. Нийгмийн сэтгэл зүйн түгээмэл хандлагын нэг илрэл ч гэж үзэж болно. Хамгийн гол авууштай нь юу вэ гэхээр сэтгэл зүйн хандлагууд өөрчлөгддөг, тогтоод нэг газраа гацчихдаг зүйл биш юм. Зөв хандлага, зөв нөлөөллөөр сэтгэл зүйн хандлагуудад өөрчлөлт орж болно. Тийм учраас л өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн сэтгэл зүйн эерэг хандлагууд бий болгох тал дээр анхаарч ажилладаг гэж ойлгож болох юм.

-Таны энэ шинэ номонд орсонХүн чулууны туурьгэх туурийн гол дүрийн эр бол маш бэртэгчин. Манай нийгэмд, ялангуяа нам, улс төр дагасан эрчүүдийн дунд яг тийм хүмүүс элбэг байдаг юм. Энэ туурийг уншихадНээрэн ийм хүмүүс мэр сэр байдаг шүүгээд дотор муухайрсан шүү?

-Тийм үү? Би хувьдаа хэн нэгнийг ч юм уу, хэсэг бүлэг хүмүүсийг шүүмжлэх санаагаар “Хүн чулууны туурь”-аа бичээгүй. Тухайн зохиолын баатрынхаа сэтгэл зүй дэх хандлагаар дамжуулан зарим нэг хүмүүсийн ухамсар, сэтгэхүйд байдаг түгээмэл хандлагыг илэрхийлэхийг зорьсон. Үүнээс цааш яривал уншигчийн өөрийнх нь таашаалын эрхэд халдсан явдал болчих байх.

-“Жаргаж буй нарны туурь”. Гол дүрийн эр нь мөн л манай нийгэмд түгээмэл байдаг. Сэтгэл санаа нь тогтворгүй, ямар нэгэн юманд хэн нэгнийг буруутгаж, үзэн ядаж түүнээсээ таашаал ч авч чаддаггүй. Сэтгэлд нь нийцэх юм гэж огт үгүй. Тийм хүмүүс ч төвөгтэй шүү?

-Жак Дерридагийн деконструктивизмийн тухай үзэл санаанд зохиолч номоо бичиж дуусна гэдэг тухайн зохиолынхоо хувьд үхсэн хүнтэй адил болж байгаа зүйл гэж өгүүлсэн байдаг. Энэ бол зохиолч, зохиол, уншигч гурвын харилцан хамаарлыг гайхалтай илэрхийлсэн илэрхийлэл юм. Мэдээж зохиолч ямар нэгэн үзэл санаа дэвшүүлэн зохиолоо бичсэн л байж таарна. Гэхдээ уншигчдад өөрийнхөө тэр үзэл санааг хэрхэвч тулгаж болохгүй гэсэн санаа юм. Уншигч тэр зохиолыг өөрийнхөөрөө тайлж, өөрийнхөөрөө нээж, өөрийнхөөрөө эвдэж ойлгоно гэдэг үнэхээр гайхалтай явдал.

Нэг ёсондоо уншигч тэр зохиолыг шинээр дахин төрүүлж байна гэсэн үг. Уншигч бүхэнтэй цуг шинэ ном, шинэ ойлголт, шинэ санаа, шинэ өгүүлэмж төрнө гэдэг уран зохиолын хөгжил, хэрэглээнд ололт, дэвшилт бий болж байна гэсэн үг. Тэгэхлээр зохиолч өөрийнхөө санааг зарлаад, тунхаглаад явахаас илүүтэй уншигчид зохиолыг нь өөр өөрийнхөөрөө тайлан унших бүрд талархан, өөрөө ч мэдэхгүй байгаа шинэ зүйлүүдийг нээж харах, хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй болж байгаа юм. “Жаргаж буй нарны туурь”-ийг би өөрийн чинь ажигласнаас өөр санааг дэвшүүлэн бичсэн. Гэвч өөрийн чинь ажиглалтыг анзаараад яалт ч үгүй бас нэгэн шинэ хандлага юм даа гэж ойлгож байна.

-“Сэтгэл зүйн тууриуд”-ыг эхнээс нь дуустал уншлаа, хаалаа. Их л юм бодлоо?

-Баярлалаа. Эрнест Хемингуэй уран зохиолын дотоод ертөнцийг мөсөн уултай зүйрлэн хэлсэн байдаг юм. Зохиолын уншигчдад хүрч байгаа үйл явдал нь мөсөн уулын оройн хэсэг, харин уншсаныхаа дараа төрсөн бодол эргэцүүлэл нь мөсөн уулын үл харагдах гол хэсэг нь юм гэсэн байдаг. Тиймээс хүнд юм бодуулах зохиол бичнэ гэдэг зохиолчийн туйлын зорилго юм даа.

-Энэ номыг бичихдээ та бас маш их бодолд орсон байх, бодохын тулд нам гүмийг эрэлхийлсэн байх. Бусдаас, нийгмээс өөрийгөө тасалж суусан байх. Тэгж байж л бичигдсэн тууриуд болов уу гэж анзаарлаа?

-Бодолгүй яахав. Бичиж буй зохиолынхоо ертөнцөд амьдрахыг хичээсэн. 2017 оноос хойш би уран бүтээлээ голлон анхаарч байгаа. Нэг ёсондоо бодит болон хийсвэр ертөнцийн амьдралаар зэрэгцэн амьдарч эхэлсэн гэж хэлж болно. “Сэтгэл зүйн тууриуд”-аасаа гадна бас нэг шинэ роман бичиж байсан учир маш их цагийг бүтээл туурвилдаа зориулсан. Томоохон хэмжээний бүтээл туурвихад мэдээж орчноо бүрдүүлэх, аль болох цаг хугацаагаа зориулах гээд зайлшгүй зүйлүүд байдаг. Тэгэхдээ нэг их өөрийгөө тусгаарлаад, нийгэм, хүмүүсээс зайгаа бариад байсангүй. Ганц нэг цагийн хичээл зааж, уран зохиолын хүрээнд болж буй арга хэмжээнүүдэд оролцох зэргээр бас ч гэж нийгмийн идэвхтэй байсан шүү. Гэхдээ л ихэнх цагаа бүтээл туурвилдаа зориулсан.

-Монголчууд ёс зүйгүй болжээ, хүн чанаргүй болчихож. Дээр үед ийм байгаагүй юм гэдэг. Энэ бүх буруушаалын үндэс нь хүний сэтгэл, сэтгэл зүйтэй холбоотой болоод явчихдаг. Сэтгэлээ чагнахаа байснаас, сэтгэлдээ оршиж чадахгүй болсноор өнөөдрийн энэ хар бараан бүгд урган гарч байна гэж заримдаа дүгнэж болохоор?

-Өөрийн чинь дүгнэлттэй зарим зүйл дээр санал нийлэхгүй байна.Яагаад гэвэл хүмүүс угаасаа ийм л байсан, ийм л байгаа, ийм л байх болно гэж хувьдаа боддог юм. Түүнээс биш өнөө цагт л муу муухай юм үүрлэчихээд байгаа юм биш. Хүн гээч амьтан байгаа цагт сайн, муу юм цуг байх нь зүйн хэрэг биз. Харин ч сүүлийн үед хүний хөгжил, хандлагад эерэг зүйлүүд бий болж байна. Нийтээрээ биш юм аа гэхэд нэлээд хүмүүсийн хандлага, ойлголт өөрчлөгдөж байна. Хүн ёс, хууль ёсыг шаарддаг шаардлагууд бий болж байна гээд яриад байвал сайн зүйлс их байна. Нөгөө талд нь саар муу зүйлс хаа сайгүй л байна. Тэр тухай яриад ч яахав дээ.

-Бид жамаараа яваа юу...?

-Үгүй. Бид хандлагаараа яваа. Хувь хүн бүхэн өөрийн хандлагаар нийгэм нийтийн хандлагаар явж байна.Гол нь хувь хүний хандлага нийгмийн хандлагатай зөрчилддөг учраас, ялангуяа нийтийн түгээмэл хандлага нийгмийн хандлагыг тодорхойлдог болохоор хувь хүний хандлагад төвөгтэй байдлыг үүсгэдэг. Энэ л төвөгтэй. Тэгэхлээр олон нийтийн эерэг хандлагын төлөвшил чухал юм даа. Хувь хүн бол яахав хувь хүнээрээ л дуусна.

-Гүн ухаанчид, бас сэтгэл зүйчидтэй уулзаадБид жамаараа яваа юугэж асуухаар дийлэнх ньЖамаараа яваа. Бидний туулж байгаа, үзэж харж байгаа энэ бүх муу муухай юм байх ёстой, эдлэх ёстой зүйл. Бүү сандаргэдэг. Тийм бол тэмцэж, зүтгээд хэрэг юун. Бүгдийг сул хаячихмаар юм биш үү, хувь заяандаа даатгаад?

-Хувь хүн жам ёсонд найдахаас илүүтэйгээр, хэн нэгний тусламжид найдахаас илүүтэйгээр өөрийнхөө оршин байх хувь тавиланг өөртөө бүтээхээс өөр гарц байхгүй байх. Энэ тал дээр би эксистенциалистуудын үзэл санаанд автадмал байдаг юм. Ингээд үзэхээр хүн нийгмийн эд, эс учраас өөрийнхөө оршин байх хувь тавиланг нийгмээс гадуур бүтээж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас нийгмийнхээ сайн сайхны төлөө ямар нэгэн оролцоог өөрийнхөө хэмжээнд бий болгож байх нь л зөв байх. Манайхан нийгмийн оролцоо гэхээр ядарсан зүдэрсэн хэн нэгэнд туслах, улс төрд оролцох гэх зэргээр нийтлэг хандлага илэрхийлээд байдаг. Ядарсан хүнд туслах нь, үзэл бодлоо илэрхийлэх нь юу нь буруу байхав. Гэхдээ хүн өөрөө нийтийн дүрэм журмыг мөрдөх, өөрийн хүчээр баялаг бүтээж амьдрахыг хичээх нь улстөржихөөс илүүтэйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа явдал гэж би хувьдаа бодож явдаг юм. Түүнээс биш жамаараа яваа юм яасан ч яахав гээд бүхнийг зоргонд нь орхино гэдэг лав зөв хандлага биш байх.

-“Сэтгэл зүйн тууриуд”-ыг хаанаас худалдан авч болох вэ?

-“Интерном”, “Аз хур”, “Анар” гэсэн номын дэлгүүрүүдээр борлогдож байгаа. Мөн “Bookking” хүргэлтээр худалдаалж байгаа.

-Номын хавтас шар. Энэ бол нар, гэрэл гэгээг илэрхийлдэг өнгө. Харин хүмүүсийг та саарлаар дүрсэлжээ. Та хүмүүсийг, хүмүүсийн сэтгэл зүйг саарал байна гэх гээд байна уу. Эсвэл та өөрөө хүмүүсийг саарлаар харж байна уу?

-Номын маань хавтасны зургийг яруу найрагч, зураач М.Амархүү зурсан, номын эх бэлтгэлийг дизайнер, гэрэл зурагчин Э.Цэрэнбаяр хийсэн. Бид гурав ярилцаж байгаад л ийм нэг хавтас бүтээсэн. Зураачийн дүрслэл, дизайнерийн зохиомжоос л ийм дүр төрх бий болсон. Хавтасныхаа зурагт ямар нэгэн зориудын бэлгэдэл хийгээгүй. Зургийн санаа номонд байгаа зарим нэг зохиолын үйл явдлаас сэдэвлэн гарсан. Ердөө л ийм юм.