Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ
Цаг үе
2016.03.31 08:03

Ц.Гомбосүрэн: Миний орчуулгууд ард түмний ходоодны талх биш бөндгөрийнх нь талх болоосой

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнгийн хөөрөлдөөнийг хүргэж байна.

-Инженер, техникийн мэргэжилтэн маань яаж яваад гадаад харилцааны ажилтан болчихов?

-Хэвлэлийн комбинатад найман жил ажиллаад инженер, техникийн ажилтнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх болж ЗХУ-ын Намын дээд сургуульд гурван инженер явуулсан. Улс төрийн сургууль гээчийг хийгээд ирсэн чинь л намайг Гадаад яаманд томилчихсон. Ингэж уугуул мэргэжлээсээ сох хөндийрөөд явчихаж байгаа юм. Хориод жил энэ салбартаа ажилласан.

-Та Оросын их зохиолч Ф.М.ДостоевскийнГэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиотзэрэг сонгодог бүтээлүүдийг эх хэлэндээ хөрвүүлсэн соён гэгээрүүлэгч хүн. Достоевский зохиолоо бичиж байхдаа гэнэт унаж татдаг, амьдрал нь зөрчил ихтэй, сэтгэцийн гажигтай ч гэмээр хүн байсан гэдэг. Ер нь түүний эх зохиолыг ойлгоход бэрх гэлцэх нь бий. Таны хувьд бол инженерээс эхлээд Гадаад яамны орлогч сайд, сайд гээд харьцангуй жаргалтай аж төрлөөр амьдарсан хүн. Их сэтгэгчийн бүтээлүүдийг орчуулахад тэр их шаналанг бие сэтгэлээрээ мэдэрч байв уу?

-Би бол дүрд хувирдаг хүн биш. Чинийхээр бол орчуулга хийж байхдаа зохиолын баатрынхаа шаналан зовлонг яс махаараа туулах нь ээ дээ. Тийм юм надад огт байхгүй. Орчуулна гэдэг маань тэр хүний бичсэнийг орос хэлнийх нь утгаар л мэдрэх юм даа. Хүнийх нь талаас ойлгох нэг хэрэг. Тэр хүний цаасан дээр буулгасныг амттай шүлттэй нь мэдрэх л чухал юм. Түүнээс биеэрээ халуурч, хөлөрч шаналаад байхгүй л дээ. Зарим уншигч “Тэр романыг уншаад халуураад эмнэлэгт хэвтсэн” гэх ухааны юм ярьж л байдаг юм. Би чиний хэлдэг шиг жаргалтай аж төрлөөр амьдарсан уу гэвэл амьдарсан. Ерэн зургаан онд сонгуульд бут ялагдсаныг эс тооцвол зовлон үзээгүй амьтан шүү дээ. Энийг би зовлон гэж үзэхгүй л дээ. Зүгээр, энэ хүний зохиолыг ойлгох хэмжээний хүн мөн үү, биш үү гэдгээ би мэдэх хэмжээний хүн л дээ.

-Та хэдхэн хоногийн өмнө Юрий ТрифоновынҮйлтэй байшин”, ДостоевскийнХөвүүн заяахэмээх хоёр ланжгар романы номын хуримаа хийж, Ерөнхий сайд асан С.Баяр, “Голомтбанкны захирал Баясгалан нарын нэр хүнд бүхий зочид хүрэлцэн ирсэн байсан. Энэ талаар яриач?

-Энэ хоёр номын нээлтийг зэрэг хийсэн учир нь Юрий Трифонов хэмээх Зөвлөлтийн зохиолчийг “Хорьдугаар зууны Достоевский” гэж утга зохиол судлаачид нэрлэдэг байсан. Достоевский, Юрий Трифонов хоёрыг нэгтгэж байгаа зүйл нь сэтгэл зүй, ёс суртахууны сэдвээр амьдралын нарийн нандин зүйлийг философийн хэмжээнд хүртэл зохиолдоо тусгасан байдал нь юм. Ф.М.Достоевскийн зохиолын үйл явдал нь жигтэйхэн бужигнаад дуусдаг. Харин цаад нарийн зүйл нь хүний ёс жудаг, нарийн нандин харилцаа байдаг. Достоевский 1840-өөд оны сүүлээр социалист үзэл санааг дэмжиж байсан. Тэгээд нууц бүлгэмд явж байгаад баригдан, алах ял заагдаад, сүүлдээ цөлөгдөж байсан хүн. Хамгийн сүүлд бурханы сургаалгүйгээр явахгүй юм байна гэдгийг ойлгосон. С.Баяр бол маш өндөр боловсролтой залуу. Энэ хүн надад Трифоновыг монгол хэлнээ буулгаач гэж хандаж байсан хэрэг. “Үйлтэй байшин”-г Баяр редакторлосон. Д.Баясгалан хүү болохоор “Хөвүүн заяа”-г редакторлосон юм. Тиймээс тэд миний орчуулсан номын баярын хүндэт зочид болсон.

-Та Достоевскийн агуу таван романы дөрөв дэхийг сая монголчууддаа эх хэлээр нь өргөн барилаа. “Хөвүүн заяароманд ер нь юуны тухай гардаг бол?

-За яахав, номын нэрийн тухайд эхлээд ярья л даа. Романы гол баатар Аркадий Долгорукий насны цээнд хүрч хорь гармагц, энэ хорвоод туулсан амьдралаа 19-тэй үеийнхээ хэдхэн сарын явдлаас ургуулан тэмдэглэн үлдээж байгаа хэдий ч энэ залууг “өсвөр хөвгүүн” гэхэд болохгүй гэхийн газаргүй. Энэ насан дээр залуу хүн бие бялдрын хувьд төдийгүй үзэл санаа, зан суртахууны хувьд бойжин төлөвших явц нь үргэлжлэх учиртай гэж үзээд, романыхаа нэрийг “Подросток” хэмээсэн гэж их зохиолч тайлбарласан байдаг. Уул нь подросток буюу өсвөр настан гэж арван наймаас дооших арван хэдтэнг хэлдэг нас судлалын түгээмэл ойлголт байдаг юм байна. Би романы нэрийг монголоор юу гэхийг элдвээр үзэж, учир мэдэх зарим нэг хүнтэй санал солилцсоны эцэст “Хөвүүн заяа” гэж нэрлэсэн. Энэ нэр бол “подросток” гэдэг орос үгийн орчуулга биш гэдэг нь мэдээж. Гэхдээ романы гол баатрын заяа төөрөг хийгээд зохиолчийн өгүүлэх гэсэн гол санаанд гайгүй дүйцэх мэт санагдсан. Энэ роман Достоевскийн “Великое пятикнижие” буюу “Агуу таван ном” гэгдсэн таван романы сүүлээсээ хоёр дахь нь юм. Би бол дээрх таван номыг “Таван тансаг судар” гээд хөрвүүлчмээр санагдаад байгаа юм. Энэ романы дараа зохиогч “Карамазовын хөвүүд”-ээ туурвиад тэнгэрт хальсан байгаа юм. Энэ романд ариун гэр бүл, тохиолдлын гэр бүл гэдэг хоёр ойлголтыг Аркадийн хувь тавилантай сүлжин, Оросын тэр үеийн язгууртны ёс суртахууны ялзралтай холбон, нийгмийн ямархан ноцтой асуудал болсныг томьёолсон. Бараг бүтэн хагас зууны тэртээх Оросын нийгмийн энэ үзэгдэл өнөөгийн манай нийгэмд яггүй тулгамдсан асуудал болоод байгааг юу гэлтэй ч билээ дээ.

-Энэ романтайГоломт”-ын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан холбогддог нь ямар учиртай билээ?

-Монгол хүн эртнээс нааш бурхан, ном бүтээх, сүм дуган барих зэрэгт хөрөнгө чинээ, хөлс хүчээ өргөж, оюуны соёлын нандин өвийг цогцлоож ирсэн байдаг. Баясгалан энэ романыг редакторлохоос гадна ивээн тэтгэсэн. Ийм номын цагаан буяны үйлстэнүүд дэлхий дахинд ч их түгсэн бөгөөд соёл-шинжлэх ухааны үйлсийг ивээн тэтгэгчдийг мисенасчууд, оросоор меценат гэж тусгайлан нэрлэдэг. Манай тооллын өмнөх нэгдүгээр зуунд аж төрж асан Ромын эзэнт гүрний улс төрийн зүтгэлтэн, дипломатч Мисенасын алдраар ингэж нэрийдсэн юм билээ. Энэ эрхэмтэн Хораций, Вергилий зэрэг тухайн үеийн сэцэн билигтнүүдийн бүтээл туурвилуудыг ивээн тэтгэдэг байж. Хоёр жилийн өмнө, миний тэргүүлдэг “Дэндэвийн Пүрэвдорж сан” санаачлан их найрагчийн сэрэг хөшөөг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болдын урласнаар төрөлх Өвөрхангай аймгийнх нь төвд залсан юм. Чамгүй өртөгтэй энэхүү төслийн зардлын ноён нурууг бизнесч Да.Баясгалан даасан. Ийм л гэгээн сэтгэлтэй хүү номын барилдлагаар Монголынхоо уншигчдад ивээлээ хайрласан хэрэг.

-Та анх ямар номоор орчуулгын ажлаа эхэлж байв?

-1972 онд “Гайхамшигт эгшин” хэмээх уулынхны номыг анх орчуулж байлаа. Манай “Тунгалаг Тамир”-архуу хувьсгалын тухай роман юм. Тавиад жил ном орчуулж байгаа гэхэд болно. 1980 онд Виктор Астафаевын “Хаан загас” хэмээх бэрх номыг орчуулсан. Энэ романыг одоо орхигдсон гурван бүлгийг нь оруулж, хуу нөхөн орчуулж уншигчдын гарт хүргэе гэж зүтгэж байна. Миний орчуулгууд яахав, ард түмний ходоодны талханд нь нэмэргүй юм аа гэхэд бөндгөрийн талх нь болоосой гэж бодох юм. Михаил Булгаковын “Мастер, Маргарита”-г монгол хэлнээ буулгасан. Энэ бүхэн надад жаахан туршлага болсон юм уу даа. Түүнээс хойш манай Хужиртын Баасанжав гэдэг нөхөр “Достоевскийг орчуул, тэр дундаа “Гэм зэм”-ээс эхэл” гэсэн юм. Би бол орчуулахдаа нэг их зүдрээд байдаггүй, зөөлөн хөрстэй газрыг хурц хүрзээр гишгэж байгаа юм шиг л шударчихдаг нөхөр байгаа юм. Чулуу мулуу таарвал хар хурхийлгээд л явчихна. (инээв)

-Романуудын ариутган шүүгчид чинь найман сар гаруй хугацаанд ноцолдсон гэж байсан. Та хэдүй хугацаанд орчуулав?

-Цаадуул чинь худлаа хэлж байгаа юм. Редакторлоход юу боллоо гэж долоо, найман сар хараад суугаад байхав. Би орчуулахдаа л зургаан сарын дотор шударчихаж байгаа юм чинь. Календарийн хугацаагаар долоо, найман сар суугаа байлгүй, юу боллоо гээд ганц номтой зууралдаад суугаад байх вэ дээ. Цаадуул чинь “Энэ Гомбосүрэн юу гэж худлаа шааж вэ” гээд нарийн тулгаад хараад суугаад байхгүй шүү дээ. Найруулга гайгүй шиг юм чинь аяндаа уншигдаад явчихна. С.Баяр бол бичиг цаасанд жигтэйхэн зүгширчихсэн хүн шүү дээ. Баясааг түг таг газар нь будаж тэмдэглээрэй гэсэн. Тэдний хэлсэн зөвлөгөө маш их хэрэг болсон.

-Тэр хоёр тэгээд аль хэр зурж тэмдэглэсэн байх юм?

-Би бол өөрийгөө шүүмжлэх дургүй хүн учраас “Гайгүй дээ” л гэж хэлнэ. (инээв) Баяр миний орчуулгыг тоож байгаа зураг зурдаг хүн л дээ. Тиймээс Трифоновыг буулгахыг санал болгож байлаа.

Онцлох нийтлэлүүд