2021.05.30 11:05

Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдов

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хурал өчигдөр/2021.05.29/ болж, бөхийн ертөнцийн өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Асуудлууд дотроос ганц шийдэлд хүрсэн нь холбооны шинэ тэргүүнийг сонгосон явдал гэж хэлж болно. Тэргүүний сонгуульд зургаан хүн нэр дэвшсэн боловч О.Балжинням аварга, Г.Өсөхбаяр аварга, С.Мөнхбат аварга нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан. Ийнхүү тэргүүний төлөө улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдөж, улсын заан Ц.Магалжав ялалт байгуулан, шинэ тэргүүнээр сонгогдов.

2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII Их Эе хуралдаж, Ц.Магалжав дэд тэргүүнээр сонгогдож, түүнтэй сая тэргүүний сонгуульд өрсөлдсөн Б.Сайнбаяр гүйцэтгэх захирлаар сонгогдож байв. Гэвч Б.Сайнбаяр заан өнгөрсөн 2020 онд гүйцэтгэх захирлын ажлаа улсын гарьд И.Доржсамбууд хүлээлгэн өгсөн.

2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр МҮБХ-ны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болоод байв.

Өдгөө 44 настай Ц.Магалжав нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөгөөд МУБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн нэгэн. Түүний хувьд 1996 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан П.Мөнхбатаар долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Харин 2001 оны улсын их баяр наадмаар улсын начин Ж.Чулуунаар дөрөв, улсын начин Б.Адъяахүүгээр тав давж улсын цолтнуудын эгнээнд нэгдэж байв. Хожим нь 2006 он улсын их баяр наадмаар улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Д.Лхагвадоржоор тав, улсын харцага Т.Мөнгөнцоожоор зургаа давж, долоогийн даваанд улсын гарьд Д.Рагчаад өвдөг шороодон шөвгөрч Монгол улсын харцага цолыг хүртсэн. Гэвч улсын гарьд Д.Рагчаагаас допинг илэрч, Ц.Магалжавт Монгол Улсын заан цолыг нь 2016 онд нөхөн олгосон юм.

Мөн тэрбээр барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлийн АМЭ Трейд компанийн захирал ажээ.