Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна
Онцлох нийтлэл
2020.08.19 09:08

Ц.Мөнхцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай


УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж байна. Ээлжит бусаар төсвийн тодотгол хэлэлцэгдэнэ. Ямар төсвүүдийг хумьж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан "КоВид-19" цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт саарч, дотоодын хэрэглээ, экспорт, импорт буурснаас 2020 оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр буурсан байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа тул эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс төсвийн тодотголын төсвийг Засгийн газраас өргөн бариад байна.

Төсвийн тодотголоор цар тахлын үеийг даван туулах нийгэм, эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын тодорхой ажлуудыг тэр дундаа гэрээ байгуулаагүй эсвэл ажлын удаашралтай байгаа төслүүдийг танана. Мөн дараа он руу үргэлжлэх төслүүдийн санхүүжилтыг бууруулах юмуу хойшлуулах байдлаар хөрөнгө оруулалтын тодотгол хийхээр Сангийн яамнаас санал болгоод байна. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэхийн тулд төсөвт байгууллагын тэвчиж болох зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар 118.2 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Тэвчиж болох зардал гэдэг нь бичиг хэрэг, тавилга эд хогшил, томилолтын зардал зэргийг хэлж байгаа юм.

Цаашид цахим системийг бүрэн нэвтрүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн зардлын өсөлтийг бууруулах зорилт тавьж байгаа.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цар тахлыг даван туулах чиглэлээр зорилт багтсан уу?

-Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо ард түмэндээ амласан Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрт суурилсан. Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөр Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс нутаг, орон нутаг хөгжлийн бодлого гэсэн таван бүлэгтэй тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ таван бүлэг орсон. Үүн дээр нэмэгдээд Цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого гэсэн зургаан бүлэг бүхий Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-д өргөн бариад байна.

-Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогод юу юуг хамруулж байгаа юм бол?

-Цар тахлын хүндрэлийг даван туулахад хамгийн эхэнд иргэн, ААН-үүдээ дэмжих арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, НДШ-ийн хөнгөлөлт, жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой ААН-ийг ААНОАТ-аас чөлөөлөх, түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-д үзүүлэх татварын хөнгөлөлт үргэлжилнэ. Хоёрдугаарт, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахын тулд цар тахалтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмж байгаа. Үүнд, Засгийн газрын нөөц хөрөнгийн санхүүжилтийг нэмэх, галын шугаманд ажиллаж буй ХӨСҮТ болон эмч эмнэлгийн ажилчдад цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд зориулсан импортын бараа бүтээгдэхүүн эмийн хэрэгслүүдийг гаалийн болон НӨАТ-аас он дуустал чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд орж байгаа. Мөн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд хамруулах зорилт тавьж байна. Цар тахлын үеийн эрүүл мэнд бэлэн байдлыг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллагууд аймгууд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус оруулсан байна.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэлээ. Цар тахлын энэ үед боловсролын тэгш хүртээмж голчилж ярих сэдэв. Энэ тухайд?

-УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран "Боловсролын салбар дахь цахим шинэчлэл"-ийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Цар тахлын улмаас дэлхий даяар боловсролын салбарт цахим болон зайны сургалтын тогтолцоонд шилжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Цахим шилжилт гэдэг бол цахим сургалтын контент, нэгдмэл платформ, тэгш хамруулах боломж гэх мэт олон зүйлийг дэлхийн стандартын дагуу нэвтрүүлэх явдал юм. Цахим сургалт хэдий давуу талтай ч нийгмийн тэгш бус байдлын улмаас боломжтой хэсэгт илүү давуу тал олгох, боломжгүй хэсгийг улам бүр ялгаварлалд хүргэх магадлалтай учраас хүүхэд бүрийг тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд Econtent.mn зэрэг цахим сургалтад шаардлагатай контент, сайт, аппликэйшнүүдийг дата төлбөрөөс чөлөөлөх, сургуулийн орчинд 4G сүлжээний аксесс пойнт суурилуулах зэргээр тэгш хамруулах боломжийг бүрдүүлэх ажлыг хийх нь чухал байна. Мөн цахим сургалтын үр дүнг үнэлэх, багшийг урамшуулах, цахим контент бэлдсэн багшийн ажлын цагийг хэрхэн тооцоолох гэх мэт нэгдсэн стандарт, бодлогын ажлууд хийгдэх шаардлагатай байна.

Монгол Ардын Нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Удахгүй эхлэх ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэ хүрээнд шинээр байгуулагдсан Цахим бодлого, инновацийн дэд хороо боловсролын салбарын цахим шилжилтийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно.

-Та Хууль зүйн байнгын хороонд харьяалагдаж байгаа. Нэн тэргүүнд ямар хуулийн төслүүд дээр ажиллах шаардлага үүсч байна вэ?

-Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллаж байна. Шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн намын тогтолцоог төлөвшүүлэх, улс төр дэх бизнесийн нөлөөг хязгаарлах, хүний эрхтэй холбоотой шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгоход голлон анхаарч ажиллана. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын сонгон шалгаруулалт ба томилгоо нь мэргэжлийн, хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тал дээр Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд анхаарч ажиллана. Тухайлбал, Хүний эрхийн комисс шинээр бүрэлдэж байгаа, өмнөх УИХ дээр эхний сонгон шалгаруулалт нь хийгдсэн. Хүний эрхийн комиссын гишүүд улс төрөөс ангид, хүний эрхийн салбарт мэргэшсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, жендерийн мэдрэмжтэй байх ёстой гэж үзэж байна. Хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрхийн зөрчилд хяналт тавих гол байгууллага. Гэтэл энэ байгууллагын бүрэлдэхүүнд прокурор, шүүх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс томилогдож ирсэн уламжлал байдаг. Хүний эрхийг хамгийн зөрчдөг гэж тооцогддог хүчний байгууллагын хүмүүсийг хүний эрхийн үндэсний комисст оруулахгүй байх нь зөв гэх хатуу байр суурьтай байгаа. Мөн иргэдээс эрүүдэн шүүх асуудлыг эсрэг санал гомдол өргөдөл нэлээд ирж байгаа. Тиймээс эрүүдэн шүүх ажлын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон шалгаруулах тогтолцоонд шилжинэ.

Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

-Та цахим аюулгүй байдлын талаарх хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Хүний эрхийн дэд хорооны анхаарал тавих нэгэн чухал асуудал бол цахим орчинд хүний эрхийг хангах, цахим орчны аюулгүй байдлыг хангах асуудал болоод байна. Цахим аюулгүй байдал тэр дундаа цахимаар эдийн засгийн болон бусад нэр төрд нь халдах, цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд "23 насандаа дөрвөн хүүхэд гаргалаа" хэмээн нэгэн бүсгүйн зургийг нь тавин сошиал орчинд шүүмжилсэн, гутаан доромжилсон ташаа мэдээлэл нэлээдгүй явлаа. Дуртай нэг нь хүний зургийг тавиад худал мэдээлэл тарааж, сэтгэл санааны болон нэр төрд хохирол учруулж байхад нийтээр хараад сууж байдгийг өөрчлөх ёстой. Энэ бол цахим орчинд хүний нэр төр, нандин байдлыг гутаан доромжилсон, цахим гадуурхал, цахим гэмт хэрэг юм. Фэйсбүүк, твиттер, гар утас зэргийг ашиглан хэн нэгнийг гүтгэх, гутаан доромжлох, дарамтлах, сүрдүүлэх үйлдэл байнга гарч байгаа ч үүнтэй эвлэрэх, байдаг л зүйл гэж үзэх хандлага түгээмэл байгаа нь харамсалтай. Ийм учраас цахим орчинд хүний эрхийг хангах асуудлыг бид шинээр харж, өсвөр үеийнхэн болон олон нийтэд цахим мэдээллийн хэрэгслийн боловсрол олгох, цахим орчинд хувь хүний аюулгүй байдал, хүний эрхийг хангах, хуурамч мэдээнээс хамгаалахад шаардлагатай хууль тогтоомжийг гаргах хэрэгтэй болоод байна. Мөн цахим сүлжээгээр үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, аймаг нутгаар ялгаварлан гадуурхсан, садар самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан монгол үндэстнийг хагалан бутаргасан мэдээлэл түгээж буй пэйж хуудас, группүүд зөндөө байсаар байна. Олон улсын практикаас үзэхээр Герман улс анх удаа цахим орчны зохицуулалтын хууль баталсан. Бусад улс орнууд ч энэ хүрээнд зохицуулалтаа хийж байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд энэ асуудлаар бусад гишүүдийн хамт ажиллана. Гэхдээ цахим сүлжээнд хүний эрхийг хангах, цахим орчны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн УИХ-ын гишүүдийн эрх мэдэл нэлээд танагдаж байгаа болов уу?

-2019 оны 11 дүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын болон УИХ-ын гишүүдийн эрх мэдэл хязгаарлагдаж, хариуцлагыг чангатгасан. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах болж байгаа. Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож 1992 оны Үндсэн хуулийн анхны заалтыг сэргээснээр УИХ-ын хууль батлах бүтээмж сайжрах болно. Мөн хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг батлахаар босгыг өндөрсгөсөн. Мөн УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож өгсөн. УИХ-ын тухайн хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан. Мөн ТББ-ууд, нутгийн зөвлөл гэх мэтийн удирдлагад орж бодлогод нөлөөлөх байдлыг хуулиар хориглолоо.

Онцлох нийтлэлүүд