ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.06.11 03:06

Ц.Нямдорж: Ёсзүйгээ зөрчдөг өмгөөлөгчдөд хариуцлага тооцдог асуудлыг өөрийнх нь байгууллагад шилжүүлнэ


Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ гүйцэтгэх ажиллагаа явуулсныг юу гэж харж байна вэ?

-Мөрдөж байгаа хуулиа зөрчсөн. УИХ болон Засгийн газрын гишүүн шүүгч, прокурорыг гүйцэтгэх ажлаар томилохыг хориглосон.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Сүүлийн үеийн залуу өмгөөлөгч нар нууц хадгалж чадахгүй байна. Энэ асуудалд яаж хандаж байна вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Өмгөөллийн нууцыг ямар ч тохиолдолд хугацаагүй хадгална. Өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын хооронд ярьсан зүйлийг өмгөөллийн нууц гэнэ. Өмгөөлөгчийн хориглох, ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалсан 16 зүйл байгаа. Өмгөөлөгчийн эсрэг байр суурь илэрхийлэх, нөгөө талтай тохиролцох, баримт бичиг солилцож болохгүй. Хэрвээ энэ зүйлийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хэрэг гэж үзэхгүй бол өмгөөлөгчийн ёсзүйн хариуцлага тооцно.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Өмгөөлөгчдийн ёс зүйн асуудал хүнд сэдэв. Хуулийн төсөлд ёсзүйн хороо байгуулна гэж байгаа. Ёсзүйгээ зөрчдөг өмгөөлөгчдөд хариуцлага тооцдог асуудлыг өөрийнх нь байгууллагад шилжүүлнэ. Улс төрийн зорилгоор өмгөөллийн үйл ажиллагааг ашигладаг цадиггүй юм болж байна. Өмгөөллийн ажиллагааг улс төрийн гишгүүр болгодог тодорхой хэсэг гарч ирсэн нь нууц биш.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Онцлох нийтлэлүүд