ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.10.24 03:10

Ц.Одбаатар: Айрагийн гозгороос олдсон булшнууд Хүннүгийн үеийн хэв шинжийг агуулдаг


Монголын үндэсний музейд “Айрагийн гозгор археологийн дурсгалууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтийн дараа 2014-2018 онд Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газраас археологийн малтлага, судалгаа хийсэн судлаачид эрдэм шинжилгээний хурал хийв. Тус судалгааны багийнхан 110 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, 16-г нь малтан судалжээ. Мөн археологийн нарийвчилсан хайгуул явуулж, Хүннүгийн үед холбогдох таван оршуулгын газрыг нээн илрүүлсэн байна. Малтлагаас гарсан олдворуудыг Соёлын өвийн үндэсний төв, Японы Нара их сургууль, Осакагийн хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нагасаки мужийн соёлын өвийн төв, Кьюшюгийн музейн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлаж, Монголын үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгт хадгалуулжээ. Үзэсгэлэн 2018 оны аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 3-ны хооронд гарна.

Монголын үндэсний музейн археологи, антропологийн секторын эрхлэгч Ц.Одбаатартай ярилцлаа.

-Ямар он цагт хамаарагдах олдворууд вэ?

-Сяньбичуудын оршуулгын зан үйлийн үеийн судалгаанд хэд хэдэн эх сурвалжийг ашигласан. Сурвалж бичгийн мэдээ, судалгааны аман зохиолууд, археологийн биет дурсгалууд, музейд буй Сяньбийн үед хамаарах цуглуулгуудыг ашиглан Айргийн гозгорын дурсгалыг дэлгэрэнгүй судаллаа. Яагаад Айргийн гозгорыг сонгон судалсан гэхээр таван жилийн судалгаанд үндэслэн сяньбичуудтай холбогдох хэд хэдэн он цагийн дарааллыг эхний ээлжинд гаргасан. Одоогийн байдлаар гурван булшинд баттай он цагийг тогтоолоо. Эхнийх нь Хүннүгийн сүүл үед холбогдох, нийтийн тооллын 88-90 оны хоорондох нэгдүгээр зууны сүүл үе, дараагийнх нь нийтийн тооллын 208-332 он гэсэн хугацаа гарсан. Айрагийн гозгороос олдсон булшнууд Хүннүгийн үеийн хэв шинжийг агуулдаг. Бид судалгааны дээжийг Герман, Хятад, Япон улс руу шинжлүүлэхээр явуулсан. Шинжилгээний хариу бүрэн байдлаар удахгүй гарна. Он цагаас гадна булшны зохион байгуулалт, булшнаас гарах олдворууд, хүний төрхөнд хийсэн палеонтропологийн судалгаа зэргийн үр дүн нь сяньбичуудтай холбогдох бололцоотойг харуулж байгаа юм.

-Оршуулгын газар нь голдуу хаана байрласан юм бол?

-Хятадад байгаа Сяньбийн дурсгалууд олон хэв шинжтэй. Уулын аманд, гол усны ойр байрласан байдаг. Айргын гозгорын дурсгал гол уснаасаа зайтай, уулын зүүн урагш харсан жижиг аманд байрладаг. Айргын гозгорын дурсгал гурван бүлэгт хуваагдаж байгаа. Он цагийн хувьд хамгийн анх үйлдсэн байх боломжтой. Дандаа жижиг булшууд байгаа. Сүүлийн үеийн булшийг зүүн талын дэнж рүү байрлуулсан байх магадлалтай.

-Байгууламжийн хувьд Хятад, Монголоос олдсон булшнуудад ялгаа бий юу?

-Монголоос олдсон байгууламжийн хувьд хоёр төрөл мэдэгдээд байна. Нэгт томоохон чулуун дараастай овгор байгууламж, голдуу зүүн, зүүн урагш зүг рүү харсан үүдэвчтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөгтэй. Нөгөө хэв шинж нь цагариган голдуу дараастай булшууд байдаг. Хятадаас олдсон Сяньби үеийн булшнууд гадаад зохион байгуулалт нь маш бүдэг. Хятадад олдсон булшнууд санамсаргүй байдлаар уул уурхай, газар тариалангийн ажлын явцад илэрдэг. Хятадын булшнуудад гадаад зохион байгуулалтын хувьд тодорхой судалгаа бараг байдаггүй. Айргийн гозгорын дурсгал нь гадаад зохион байгуулалтын хувьд маш тодорхой. Гадуураа сувагтай. Өнгөрсөн жил бид Хүннүгийн үед үйлдэгддэг чулуун үүдэвчийг олсон.

-Булшны дотор талын хэсэгт ялгаа харагдсан уу?

-Томоохон булшны дотоод зохион байгуулалтын хувьд голдуу зүүн талаасаа ордог үүдэвчтэй. Булшны гүн 5-6 орчим метр. Бунхны үүд нь тоногдоогүй бүтэн булш нь дараас чулуунуудтай. Том хэмжээтэй хавтгай чулуугаар хаахаас гадна олон жижиг чулуугаар 2-3 үе давхар өрсөн байдаг. Хятадаас олдсон булшнууд адилхан үүдэвчтэй. Чулуун хаалтаар хаасан байсан. Бунхан дотроо том дөрвөлжин дүнз зангидан хөндий хийхээс гадна шууд байгалийнх нь байдлаар хөндийлж ухсан шинжтэй байсан. Жижиг булшны хэд хэдэн төрөл бий. Газрын хөрсийг доош ухаж нүх болгон хийсэн энгийн булш. Энэ нь Хүннүгийн үеийн булшнуудтай адил. Булшны хажуу ёроолыг сэндийлж тавьсан булшнууд илэрсэн. Тавихдаа хажуу талаар нь шургуулж хийсэн байдалтай, их бие талаар хөндлөн шургуулсан байх магадлалтай хэдэн янзаар хийсэн байна.

-Цугт нь оршуулсан тохиолдол байгаа болов уу?

-Талийгчийг оршуулахдаа авсанд тус тусад нь хийдэг. Хэд хэдэн цогцсыг нэг дор оршуулсан ч бүгдийг нь нэг нэг авсанд тус тусад нь хийж оршуулсан байна. Банзан авсанд хийж тусгаарладаг. Их бие, гарыг тэнэгэр байдалтай, хувцас эдлэлийг нь хийж оршуулжээ. Хос болон түүнээс дээш булшууд илэрч олддог. Бидний судалгаагаар хоёроороо, гурваараа булш илэрсэн. Гэхдээ бүгд тусдаа банзан австай.

-Эртний булшны олдворуудыг олоход хэр тоногдож эвдэрч сүйдсэн байдаг бол?

-Зарим булш маш их тоногдсон харамсалтай байдалтай олддог. Бид нэг хос булш олсон. Харамсалтай нь маш их тоногдож, сүйдсэн байдалтай олдсон. Магадгүй тэр хоёр хүнийг хоёр тийш нь зөрүүлж харуулсан байх магадлалтай гэж таамаглаж байгаа. Зарим нь эвдэрч сүйдээгүй, анхны булсан байдлаараа олддог.

-Онцлохоор сонин булш илэрсэн үү?

-Өнгөрсөн жил олсон нэг олдвор хэдийгээр хоёр авс мэт харагдах боловч нэгэнд нь хүнээ тавьсан. Нөгөөхөд нь хэдэн ваар, зуух тавьсан анхны байдлаараа олдсон. Банзан шалтай. Нэгээс нь хүн тавьсан гэх ул мөр илрээгүй.

-Авсны хийц нь өвөрмөц зүйл бий юу?

-Өмнөд Монголоос олдсон авснууд цээж буюу толгой тал нь өргөн. Толгой тал руугаа ялимгүй өндөрссөн, хөл рүүгээ намссан байдалтай авснууд ажигладдаг. Манайд бол энэ шинж тэмдэг тодорхой харагддаггүй. Гэхдээ дээр доороо нэг см-ийн зөрүү гардаг. Зарим авсыг бүхэлд нь торгоор бүрсэн шинж мэдэгддэг. Авсыг хэд хэдэн янзаар үйлддэг. Ихэвчлэн том зузаан банзаар шулуун углуурга гаргаж зангидаж, маш чадварлаг хийсэн байдаг. Зарим авсыг бүр тусгай дугуйтай хийгээд үүдэвчээр шургуулж оруулдаг байсан баримт олдсон.

-Тухайн үед эдэлж хэрэглэдэг байсан эд зүйлээс нь гадна унадаг морь малыг нь цуг оршуулах тохиолдол байдаг гэсэн?

-Тахилга зан үйлийн хувьд хонь ямааны толгой түгээмэл гарсан. Мөн адууны толгойг дагалдуулж их тавьдаг байжээ. Одоогийн байдлаар дөрвөн булшинд адууны толгой илэрсэн. Энгийн жижгэвтэр булшинд бог малын голдуу эвэртэй, нас бага, жижиг малын ясыг түлхүү дагалдуулж тавьсан байна. Зарим тохиолдолд үүдэвчний хэсэгт адууны толгойг шийрний хамтаар, арьстай нь тэлж тавьсан байх магадлалтайг илрүүлсэн. Хөндөгдөөгүй үед тэр байдлаа хадгалах боломж байдаг.


Онцлох нийтлэлүүд