Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2014.11.22 12:11

Ц.Очирбат: Монгол хүнийг Тувад шатаасан хэргийг ОХУ илрүүлэх сонирхолгүй байх шиг

-ТУВАД МОНГОЛ БҮСГҮЙГ ШАТААСАН ХЭРГИЙН МӨРӨӨР...-

ОХУ-ын нутагт өнгөрсөн долдугаар сард монгол эмэгтэй сураггүй алга болсон юм. Сураггүй болсноос нь хойш 14 хоногийн дараа хохирогчийг машинд нь шатаасан байхыг олсон. "Өдрийн сонин"-ы сэтгүүлч энэ хэргийн мөрөөр Тува, Хакасын нутгаар явж "Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр..." цуврал сурвалжлага бэлтгэн уншигчдад хүргэсэн билээ. Хохирогч Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-нд бараа авахаар Хакасын нийслэл Абакан руу яваад сураггүй болсон. Ганцаараа наймаа хийхээр 20 орчим сая төгрөгтэй, шинэ "Toyota-Crown" автомашинтай явсан түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байсан ч сураг гаргаагүй. Харин эргүүлийн цагдаа нар Ак-Довурак хотоос 20 км орчим яваад төв замаас 300 метрийн зайд шатсан машин байхыг олсон нь монгол бүсгүйнх болж таарсан. Жолооны ард эмэгтэй хүн сууж байсан гэдгийг ОХУ-ын цагдаагийн байгууллага тогтоосон гэдэг. Тиймээс монгол эмэгтэйг Тувагийн нутаг дэвсгэр Ак-Довурак хотын ойролцоо хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. "Өдрийн сонин"-ы сурвалжлах баг хэргийн газарт очиход төв замаас салсан бүдэг шороон замаас 20-иод метрийн зайд шатсан машины үлдэгдэл болох төмөр, дугуйны тросс, хаймар зэргээс өөр зүйл байгаагүй. Мөн хэргийн газарт тосны бололтой толбо үлдсэн байсан. Бидэнтэй хамт явсан хүмүүс тэр тосыг машины бензин биш шатахуун гэж таамаглаж байсан юм. Мөн машин дэлбэрээгүй, шатсан байсан.

Тиймээс л шатахуун ачсан машинтай хүмүүс хамтран явсан, хохирогчийг машинтай нь шатаасан байж магадгүй гэх таамгийг цагдаагийнхан гаргасан бололтой байсан. Гэхдээ мөрдөн байцаалтын нууц учраас Тувагийн цагдаагийн байгууллагаас бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Харин машинд шатсан хүний цогцосноос үлдсэн чөмөгний ясыг хохирогчийн ээж, дүүгээс авсан дээжтэй харьцуулж шинжилнэ гэсэн мэдээллийг л өгсөн. Өөрөөр хэлбэл, машинд шатсан хүн яг Монголоос гараад сураггүй болсон Ц.Оюунгэрэл мөн эсэхийг генийн шинжилгээгээр тогтоосны дараа бусдын гарт амиа алдсан уу, золгүй байдал байсан уу гэдгээр нарийвчлан шалгана гэж байсан юм. Биднийг наймдугаар сарын дундуур Тувад очиход Монголыг төлөөлж байгаа Ерөнхий консул Д.Ганболд "Мөрдөн байцаагч шинжилгээний хариу удаан хугацаанд гарна гэдгийг хэлсэн. Шинжилгээг зөвхөн Москвад хийдэг юм байна. Бэлдэцийг Кызылээс Москва руу явуулахад шуудангийнхаа хуваарийг хүлээдэг юм байна. Мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт (Наймдугаар сарын 14-ний үеэр) шуудангаа хүлээж байна гэсэн. Тэгэхээр ямар ч байсан бэлдэцийг явуулсан гэж найдаж байна" гэсэн хариуг өгсөн. Хохирогчийн ар гэрийнхэн тухайн үед ярилцлага өгөхдөө "Түүнийгээ амиа алдсан гэдэгт одоо ч итгэхгүй байгаа. Барьцаалагдсан байгаасай гэж залбирч байна" гэж байсан билээ.

ОХУ-аас генийн шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр иржээ. Шинжилгээгээр машинд шатсан хүн нь Монголоос сураггүй болсон Ц.Оюунгэрэл мөн гэдэг нь тогтоогдсон аж. ОХУ-аас генийн шинжилгээний хариуг дөрвөн сарын дараа өгсөн ч дахиад өөр шинжилгээ хийх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн гэнэ.

Талийгаачийн дүү Ц.Очирбат манай сонинд хандаж ярилцлага өгөхийг хүссэн юм.

-ОХУ-аас генийн шинжилгээний хариу ирсэн байна. Тэгэхээр одоо талийгаачийг хэн хөнөөснийг шалгаж эхэлнэ гэсэн үг үү?

-Эгчийн минь машиныг олсны дараа ээж, бага дүү хоёрыг минь Тувад аваачиж генийн шинжилгээ хийсэн. Тэр шинжилгээний хариу дөрвөн сарын дараа л гарч байна. Тэр том гүрний шинжлэх ухаан хөгжсөн байдаг байх. Гэтэл талийгаачийг мөн эсэхийг тогтоохын тулд дөрвөн сарын хугацаа зарцуулсан нь сонин. Генийн шинжилгээгээр талийгаач манай эгч мөн болох нь 99.9 хувийн магадлалаар тогтоогдсон байна. Энэ тухай албан бичгийг Тувад суугаа Ерөнхий консулаар дамжуулж авсны дараа бид талийгаачийнхаа үлдсэн эд зүйлийг авах хүсэлт гаргасан. Шатсан машинаас талийгаачийн дунд чөмөгний яс төдий зүйл л үлдсэн гэж анхнаасаа бидэнд хэлсэн. Түүнийг нь ч гэсэн нутагт нь ёс төртэйгээр оршуулъя гэсэн юм. Гэтэл гэнэт дахиад гавлын ясны тухай яриад эхэлсэн. Гавлын ясыг нь шинжилж гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоох юм байх.

-Гавлын яс нь байгаа. Түүнийг нь шинжилнэ гэж танайханд мэдэгдээгүй байсан юм уу?

-Долдугаар сарын 21-нд талийгаачийн машиныг олсон гэж мэдэгдсэнээс хойш өдийг хүртэл ямар ч гавлын яс яригдаагүй. Манай ээж, дүү хоёр Тувад очиж шинжилгээ өгөхдөө нэг мэдүүлэг өгсөн. Дараа нь Тувагаас дөрвөн хүн ирж мэдүүлэг аваад гэр орных нь зургийг аваад явсан. Тэгж байхдаа ч гавлын яс гэж яриагүй. Үлдсэн эд зүйлийг нь нутагт нь авчирч оршуулъя гэтэл ийм шалтгаан хэлээд боломжгүй гэж байгаа нь хар төрүүлж байна.

-Анхнаасаа энэ хэргийг гадны нөлөөтэй гэж шалгаж эхэлсэн биз дээ?

-Бид ч тэгж л ойлгосон. Тувагаас мөрдөн байцаагчид ирэхдээ нэг нүдний шил харуулсан. Хэргийн газраас 50 метрийн зайд тэр шил байсан гэсэн. Тэр шилийг талийгаач Улаанбаатар хотоос худалдаж авч байсан юм. Тэгэхээр талийгаач машинаасаа буугаад зугтаж яваад шилээ унагаасан байх магадлалтай. Бас талийгаачийг тухайн үед нэг эмэгтэйтэй хамт явж байсныг гэрчүүд мэдүүлсэн. Энэ бүхнээс харахад гадны нөлөөтэй гэдэг нь баараггүй байгаа. Гэтэл ОХУ-ын хуулийн байгууллага өнөөг хүртэл хэргийг дорвитой шалгахгүй байгаа нь гавлын яс гэдэг шинэ зүйл гаргаж ирснээс харагдаж байна.

-Хамт явж байсан эмэгтэйг нь байцааж байгаа юм болов уу?

-Тэр эмэгтэй Улаангомд хоёр хоноод буцсан байдаг. Ямар зорилготой хэнийд ирснийг мэдэхгүй. Улаангомоос талийгаачтай хамт хилээр гарсан яриа ч бий. Тэр эмэгтэйг байцаасан байх гэж итгэж байна. Өөр улсын хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэндээ бидэнд мэдэх зүйл алга.

-Танайх өмгөөлөгчтэй юү?

-Өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн.

-Танайхнаас өөр Монгол Улсыг төлөөлж энэ хэргийн араас хэн хөөцөлдөж байгаа юм бол?

-Танай сонинд цуврал нийтлэл гарсны дараа Ерөнхий прокурор Д.Дорлигжав ээжтэй уулзахдаа прокурор гаргаж өгнө. Тэр хүн танайханд тусална гэж амласан. Тэр дагуу Увс аймгийн прокурор Т.Мөнхбаяр энэ хэрэг дээр анхаарал хандуулж байгаа гэж ойлгосон. Тувагаас мөрдөн байцаагчид ирэхэд тэр хүн уулзсан. Т.Мөнхбаяр прокурортой уулзахад "Манай байгууллага босоо удирдлагатай учраас Ерөнхий прокурор л ОХУ-ын Мөрдөн байцаах газрын даргад албан бичиг өгөх ёстой. Бид тэр дагуу Ерөнхий прокурорт хандсан" гэдэг. Увс аймгийн Засаг дарга бас Тувагийн Ерөнхийлөгчид захидал бичиж хэргийг хурдан хугацаанд шийдэхэд анхаарал хандуулахыг хүссэн гэсэн. Тувагийн Ерөнхийлөгчөөс "Энэ хэргийн мөрдөн байцаалтыг шамдуулж байгаа" гэсэн бичиг ирсэн байна лээ. Өнөөдөр би Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргатай уулзлаа. Бас л хил залгаа, харилцаатай байдгийн хувьд албан бичиг явуулъя гэсэн.

-Гадаад харилцааны яаманд хандсан уу?

-Хэрхэн яаж хандах учир зүйгээ үнэндээ мэдэхгүй байна. Тувад суугаа Ерөнхий консултай л холбогдож байгаа. Тэр хүн хуулийн байгууллагын бичгийг дамжуулах л үүрэгтэй бололтой юм. Түүнээс улсаа төлөөлөөд шаардлага тавих эрхтэй эсэхийг мэдэхгүй юм. Энэ хэрэг гараад дөрвөн сар өнгөрлөө. Гэтэл бид талийгаачтай салах ёс ч хийж чадаагүй байна. Монгол хүн байна оршуулаад салах ёс хийчихвэл ядаж тайван нойрсох байх гэж итгэх юм. Гэтэл өнөөдөр бидэнд оршуулах эд зүйл ч алга. Бидний хардаж байгаагаар ОХУ-ын хуулийн байгууллага энэ хэргийг шийдэх сонирхолгүй байх шиг байна. Тиймээс Монголын эрх бүхий байгууллагууд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

-Танай ээж "Охиныг минь барьцаалсан байгаасай" гэж байсан. Шинжилгээний хариу иртэл ийм найдвар тээж байсан байх.

-Хүний найдвар эцсийн мөч хүртэл байдаг юм байна. Аав минь хөгжлийн бэрхшээлтэй. Хоёр хөгшний даралт ихдэж айлгаад тун хэцүү байгаа. Хэрэг гарсны дараа хотоос ах дүү нь очсон ч салах ёс хийж чадаагүй. Сая шинжилгээний хариу гарлаа гэхээр нь ах дүү нь цуглаад Увсад ирчихсэн байна. Гэтэл Оросын тал эд зүйлийг нь өгөхгүй гэнэ. Одоо яахаа мэдэхээ байчихаад хүлээж л байна. Ерөнхий консулын мэдэгдсэнээр арванхоёрдугаар сарын 1-н гэхэд хариу өгнө л гэсэн.

Талийгаач маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Нэг дүү нь хотод хэвтэрт байдаг юм. Өөрөө Увсад бизнес эрхэлдэг, банкинд сар бүр 15 сая төгрөг төлдөг байсан. Компанийнх нь бүх бичиг баримт өөрийнх нь нэр дээр. Ядаж нас барсныг нь батлах баримт бичиг байхгүй болохоор ажлыг нь ч үргэлжлүүлэх боломжгүй болчихсон. Алдсан хүн арван тамтай гэдгээр яриад байвал зовлон их байна гэв.

Бид Увс аймгийн прокурор, Хууль цаазын зөвлөх Т.Мөнхбаяртай холбогдоход "Өөр улсад шалгаж байгаа учраас мөрдөн байцаалтад оролцох боломж байхгүй. Бид зохих ёсны дагуу шаардлага тавьж л байгаа" гэлээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд