Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Нийгэм
2021.10.02 09:10

Ц.Санчир: Төр, түмнийхээ хүндэтгэлд талархан “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ барья гээд дахин хоёр жил судалгаа, зураг авалт хийсэн

-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН МИНЬ ХУВЬД МОНГОЛ МӨРӨӨДЛИЙН УЛС НЬ ЮМ ШҮҮ-


“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, соёл судлаач, Төрийн соёрхолт Ц.Санчиртай ярилцлаа. Тэрбээр аян замд явахдаа гэмтэл авч байсан гэдэг. Гэсэн ч өөрийнхөө тухай ярих дургүй нь анзаарагдсан. “Монголын Эзэнт гүрний түүх, соёлыг найман зууны дараа сурвалжлан олж, судлахад нэг хэсэг хүний хувийн амьдрал зориулагдаж байгаа. Үүнийгээ нэг их хэлдэггүй, бидний ажил, Монголын их түүх, соёл гэдэг сэдэвтэй зэрэгцүүлж ярьдаггүй юм” хэмээн тайлбарласан. Энэ эмэгтэй Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн бүх газар нутагт очсон соёл судлаач билээ.


-2021 оны шилдэг ном “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга Г.Занданшатар танд гардуулсан. “Эзэнт гүрний соёрхолт өв” гурамсан боть бүтээлээ бэлэн болгоход бүтэн 12 жил зарцуулсан гэсэн. Эзэнт гүрний өв гэж та юуг онцлох вэ?

-“Номын баяр”-ын хүрээнд Төрийн ордонд УИХ-ын даргын урилгаар очоод, шинэ гурамсан боть маань оны шилдэг “Мэргэн ном” хүртсэн мэдээтэй хамт цом гардан авсан. Энэ олон жилийн хичээл зүтгэл, эрэл хайгуулын үр дүн ном бүтээл минь төр түмэндээ ийн үнэлэгдэж, хүндлэгдэж байгаад туйлын баяртай байна.

Тун товчхондоо Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын анхны нийслэл Мараге хотноо Хүлэгү хааны байгуулсан одон орны туурь дээр 2009 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн энэхүү бүтээл маань Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан бүх улс, хот сууринд ажилласан судалгаа, зураг авалтын дээж юм. 2017 онд “Төрийн соёрхол” хүртсэнийхээ дараа төр, түмэндээ талархан, эзэнт гүрний уудам нутгаа туулж, дахин хоёр жил ажилласан юм. 2019 оны долдугаар сард гурамсан ботийн хэвлэлийн дизайн, орчуулга, хөрвүүлэг зэргийг бүрэн дуусгаж хэвлүүлэхэд бэлэн болсон. Хэвлэлийн зардал, сүйтгэл хайсаар дахиад хоёр оныг үдэхэд ч судалгааны ажил маань шинэ мэдээ сэлтээр сэлбэгдэж байлаа. Тэгээд саяхан 30 дахь “Номын баяр”-ын босгон дээр хэвлэгдэж дууслаа. Зөвхөн гүйцэтгэлийн шатанд хэвлэлийн дизайны ажил жил гаруй, хэвлэх үе шат гурван сар гэх мэт одоо тоочиход богино илэрхийлэгдэж байгаа ч бүтэн 12 жил зарцуулсан бүтээл юм аа.

Монголын эзэнт гүрний түүх, соёлын жимээр тухайлан ертөнцийг байлдан дагуулагч Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрхшээн захирсан, хураан нэгтгэсэн, сэргээн босгосон, бүтээн байгуулсан мянга гаруй газар очсон урлаг, соёл судлаачийн хувьд Эзэнт гүрний өв гэж асар өргөн талбарыг хамарч хариулах сэдэв. Нэгээхэн хэсэг нь энэ бүхий л бүс нутагт байгаа түүх соёл, төр нийгэм, шинжлэх ухааны бүтээн байгуулалт, баримтат өв билээ.

-“Шинжлэх ухаан, урлаг соёл, эрдэм боловсролыг тэтгэсэн үедээ монголчууд дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан” гэж та дүгнэсэн байна лээ. Их хаадын мөрөөр явсан таны хувьд монголчууд гэж хэн бэ?

- Мянга, түм, буман жилийн түүхт үндэстний зөвхөн найман зуун жилийн өмнөх байлдан дагууллын түүх, соёлыг манайх судалдаг. Түүнээс Монгол нутаг бол хүн төрөлхтний нэгэн өлгий, Монголын эзэнт гүрэн бол бүтээн байгуулалтын бахархалт түүх, монголчууд бид язгуураас удирдагч, тэргүүлэгч, асар үнэнч чанартай бүтээн байгуулагч, шинжлэх ухаанч, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой хөгжиж дэвжиж, үе үеийн эзэнт гүрнийг эрхшээн захирч явсан үндэстэн.

-800 жилийн өмнө Хүлэгү хааны зарлигаар байгуулагдсан одон орны оргилын туурь дээр гэхэд л 30 гаруй удаа очсон гэсэн. Энэ туурь нь Монголын эзэнт гүрний баруун хязгаар Ил хаант улс буюу өнөөгийн Иран улсад байдаг юм байна. Дэлхийн одон орон судлалын шинжлэх ухаанд монголчууд ямар хувь нэмэр оруулсан бол?

-1253 онд Мөнх хаанаас зарлиг аваад, Монголын эзэнт гүрний баруун жигүүрийг тохинуулахаар Хархорумаас цэрэглэн хөдөлсөн Хүлэгү хаан 1256 онд Хазарын тэнгист хүрсэн байдаг. Улмаар Монголын эзэнт гүрний Ил хаадын анхны нийслэл Мараге хотыг байгуулж, тэнд урлаг, соёл, уран барилга, шинжлэх ухааны асар их шинэчлэл хийсэн түүхтэй. Тэдний нэг бол өдгөө ч Мараге хотын Расадхан толгод дээр буурь, туурь нь байдаг “Хүлэгү хааны одон орны оргил” юм. Мөнөөх одон орны оргилын хүрээнд 400 номтой номын сан, одот тэнгэрийг судалдаг багаж хэрэгсэл хийдэг байсан урлан, олон улсаас ирсэн одон орончид, эрдэмтдийн орон сууц зэрэг шинжлэх ухааны бүхэл бүтэн хотын хэмжээнд бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Хүлэгү хааны одон орны оргилоос Монголын эзэнт гүрний Их Юань Улсын нийслэл Хаанбалгаст эрдэмтдийг урьж, Хубилай хааны одон орны хүрээлэнг өргөтгөж байсан зэрэг баримт сэлт нь манай дэд боть болох “Монголын эзэнт гүрний шинжлэх ухааны төв, одон орны оргилууд” астрономийн шинжлэх ухааны тухай нэг сэдэвт бүтээл болсон. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын түүхээр энэ олон жил аялан судалгаа хийхдээ бидний түүхийн бахархалт баримтыг илтгэсэн найман одон орны хүрээлэнгийн буурь тууринаа очиж байлаа. Төмөрийн Улс, Их Моголд ч энэ бүтээн байгуулалт залгамж чанартайгаар үргэлжилсэн байдаг. Тухайлбал, монгол хаадын байгуулсан одот тэнгэрийн орчил хөдөлгөөнийг судалдаг хүрээлэнгүүдийн барилга байгууламж бүгд монгол гэрийн загвараас авсан, дугуй хэлбэртэй, бөмбөгөр оройтой, нумыг бэлгэдсэн хаалга цонхтой, монгол хээн чимэглэлийг номин чулуугаар шигтгэж хийсэн байх жишээтэй. Уран барилга, хот байгуулалт, урлаг соёл, дүрслэх урлагийн бүхий л салбарт уялдаа холбоотой хөгжиж ирсэн. Энэ тухай мөн манай шинэ бүтээлийн тэргүүн боть “Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт” бүтээлд дэлгэрэнгүй бий.

-“Иракт нэг газар нь бөмбөг дэлбэрч байхад, нөгөө газар нь музей байгуулж байдаг” гэж та хэлсэн. Тэр үймээн самуунтай газарт ч манай өвөг дээдсийн ул мөр арилаагүй байв уу?

-Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын хязгаар буюу өнөөгийн Иран, Ирак зэрэг арав гаруй оронд монгол түүх, соёл, уран барилга, хот байгуулалт, одон орон, шинжлэх ухааны асар их дурсгал бий. 1256 оноос бүтэн зууныг Монгол тугийн дор өнгөрүүлсэн бүс нутаг шүү дээ. Энэ үеийг “Монголын үе”, “Ил хаадын үе” гэж нэрлэдэг. Энэ үед Монгол хаад “Мөнх тэнгэрийн хүчин” дор хэмээх монгол бичигтэй тамгаа дарж, зарлигаа айлдаж, зоосоо дэлдүүлж, орд өргөөгөө сүндэрлүүлж, одон орны оргилууд байгуулж, шинжлэх ухааныг сайшаан дэлгэрүүлж, эрхшээн захирсан бүс нутагтаа цаасан мөнгийг нэвтрүүлж, зоосон мөнгөний үйлдвэрлэлийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн. Цаашлаад шил, шаазан, шавар, үнэт эрдэнэсийн дурсгалуудад монгол хээ чимэг, хийц маяг нэвт шингэж урлаг, соёлын цоо шинэ түвшинд хүрсэн. Энэ бүх буурь, туурь, дурсгал өнөө ч энэ бүс нутагт бий. Гэхдээ энэ зуун бол мэдээллийн зуун, соёлын зуун. Найман зууныг мэнд түүчээлсэн монгол түүх соёлын дурсгалууд энэ зуунд устах эрсдэлд орж байгаа бүс нутаг. Тийм учраас бид устаж, сүйдэхээс нь урьтаж ядаж “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв”-д буулгах гэж цаг нартай уралдан ажиллаж ирсэн билээ.

-Цагаан монголчуудын тухай та номдоо оруулсан. “Тэнгэрийн монголчуудыг 800 жил хүлээлээ” гэж тэд хэлжээ. 1227 онд эх нутгаасаа гарсан тэд одоо хэдүүлээ болсон бэ, биднийг хэрхэн төсөөлдөг бол?

-1227 оны хавар буюу Чингис хааны сүүлчийн байлдан дагууллын үеэр Хөхнуур Төвөдийн өндөрлөгт тархан суурьшсан монголчуудын нэгээхэн хэсгийг өнөөдөр Цагаан монголчууд гэдэг. Өдгөө 241 мянгуулаа. Найман зууны тэртээд нүүдлийн соёлтой, мал аж ахуйтай байсан бол цаг нийгмийн эрхээр суурин соёлтой, газар тариалан эрхэлдэг болсон ч хувцас зүүсгэл, идээ шүүс, хэл ярианд нь бидний түүх тамгалагдан үлдсэн ард түмэн. Тэд биднийг “Тэнгэрийн монголчууд” өөрсдийгөө “Газрын Монголчууд” гэдэг. “Энэ амьдралдаа амжихгүй шиг байна ирэх амьдрал гэж байгаад өөрөө сонгож болдогсон бол гүрний голомт Монгол Улсдаа адуу ч болтугай болж төрөхсөн” гэж ярьдаг. Ерөөс дэлхийн монголчуудын минь хувьд Монгол мөрөөдлийн улс нь юм шүү.

-Сүүлийн 18 жил та суурин үедээ хоногт 20 цаг ажиллаж, аян замд өдөр бүр 15 кг аппарат камер, нөүтбүүк планшет, ном дэвтэр үүрч, өдөр бүр дунджаар 30-50 км алхаж "Устах эрсдэлд буй соёлын дурсгалууд"-аа дуу, дүрс бичлэгийн баримтат өвд буулгасан гэж саяхан нүүр номдоо бичсэн байна лээ. Танд хувийн амьдрал гэж байдаг уу?

-Номын багш минь хүн судлаач, шинжлэх ухааны доктор Ж.Батсуурь хэмээх нэрт эрдэмтэн байсан. Оюутан байхаас минь л эхэлж “Хүн өдөрт дөрвөн цаг унтахад бие физиологийн хувьд бүрэн сайн амралт болдог. 40 хувийн өлсгөлөн байхад тархи сайн ажилладаг гэж багш маань сургадаг байв. Тэр цагаас л өдөрт дөрвөн цаг амарч сурсан. Суурин үед өдөрт 20 цаг ном хэвлэл болон бусад ажлаа амжуулдаг. Аян замд бол нэг газраас нөгөөд хүрэх галт тэрэг, автобус, онгоцонд тэмдэглэл, судалгаагаа буулгаад яг зорилтот газраа очоод, дээр хэлсэн шиг аппарат камер, ном хэвлэл, нөүтбүүк төхөөрөмж зэрэг 15 кг орчим ажлын зэвсгээ бариад боломжтой бүхий л цагт ажилладаг даа. Хүн болгонд хувийн амьдрал бийн адил надад ч бас байлгүй л яах вэ. Миний хувьд ажилдаа бүх цаг хугацаа, анхаарал, боломжоо хандуулдаг.

-Та “Замд гарах зардал мөнгөө базаахаар урландаа ажилладаг” гэсэн. Урлах хобби, гарын ур тань хаанаас эхтэй вэ?

-Зурах, урлах минь ааваас эхтэй. Миний аав мутрын ур, ухааны ур, мэлмийн ур тэгш сайхан хүн байлаа. Ажлынхаа чөлөө заваар модны мужаан, төмрийн дархан хийдэг, үйл хүртэл урладаг байсан. Намайг оюутан болдог жил аав минь хоёр өрөө байрандаа өөрөө тавилга хийж байсан. Би загварыг нь гаргаад, аав минь гурвын банзыг нэг аравны тав болтол гараар харуулдаад, долоо хоног хатдаг ч маш гоё үнэт мебель шиг гүйцэтгэлтэй болдог тосон лакаар лакдаад хийж байв. Бага ах минь ч уран хүн байсан. Нисэх онгоц, усан онгоцны загвар хийдэг, би түүнээс нь суралцдаг байлаа. Сургууль төгссөн цагаас арьсан эдлэл оролдож, аян замынхаа зардал мөнгийг олж эхэлсэн. Зундаа суурин байж өөрөө тохижуулсан угсармал байрны зоорийн давхрын урландаа цөөн чанартай бүтээл хийгээд гадагшаа борлуулаад, мөнгөө дуустал замд явдаг байлаа.

-“Монгол Улсын Төлөө Зүтгэе!” тангарагтай офицерийн гэр бүлд төрж, эх оронч үзлээр хүмүүжсэн би хувьтай хүн” гэж та нэг удаа бичсэн. Гэр бүл, нутаг ус, аав, ээжийнхээ тухай яриач?

-Дорнод хилийн торгон заагаас Дархан хотын барилга гээд эх орныхоо энхийн манаа, их бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан эрхэм хүн миний аав Тогтохын Цэрэндорж. Цэргийн хүний тушаалыг түүний гэр бүл, үр хүүхдүүд хамтдаа биелүүлдэг гэж би боддог. Аавын минь алба, амьдралыг бүхий л цаг үед даруугаар үүрэлцэж явсан хүн миний ээж. Цэргийн хүн олон хүний үлгэр жишээ, загвар болж амьдардаг. Тушаал өгдөг шигээ үүрэг хүлээдэг хүн байдаг. Тийм болохоор хэлсэн бол гүйцэтгэдэг, эхэлсэн бол дуусгадаг, үнэнч тууштай, эх оронч эрхэм зан чанарууд аав, ээжээс минь бидэнд өвлөгдсөн.

Монголын Эзэнт гүрний түүх, соёлын жимээр тууштай зүтгэж буй минь аав, ээжийн ач гавьяа, өндөр дээдэс, өрлөг түүхийн буян заяа билээ.

-Та дэлхийн 50 гаруй улс орноор явж судалгаа хийсэн гэхээр амаараа дүүрэн хэлтэй хүн үү. Соёл судлаач гэдэг таны үндсэн мэргэжил үү?

-Миний үндсэн мэргэжил урлаг судлаач, уран зургийн багш. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд соёл судлалын салбарт ажиллаж байна. Монголын Эзэнт гүрнээс дэлхий даяар тархан суурьшсан монголчууд болон монгол өв соёлын дурсгалууд гэдэг асар өргөн салбарыг хамардаг. Эзэнт гүрний түүх соёлоос гадна хими, физик, газарзүй, эрдэс баялаг, эдийн засаг, инженер технологи, астрономи, анагаах ухаан, геометр, геологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт бүтээлчээр эрэл хайгуул хийх, судлах, суралцах шаардлагатай болдог. Жишээ нь “Төрийн Соёрхол” хүртсэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” хэмээх олон улсад анх удаа монгол бичиг, кирилл үсэг, англи, перс хэлнээ эрхлэн гаргасан номынхоо Монголын эзэнт гүрний шил, шаазан, шавар дурсгалууд гэсэн бүлгүүдэд хими, физикийн салбараас эрэл хайгуул хийх хэрэгтэй болсон. Монголын эзэнт гүрний үеийн дүрслэх урлагийн дэг сургуулийн тухай бүтээл хэдий ч жишээ нь шилэн урлалд шаардагддаг эрдэс бодисын шинж чанарыг судлах хэрэгтэй болдог. Энэ бүгдийг найман зууны тэртээд монголчууд урлагийн бүтээлдээ судлан ашиглаж эрхшээн захирч байсан бүс нутгийн урлаг, соёлд шинэчлэл хийсэн байдаг. Манай шинэ бүтээлийн гутгаар боть “Монголын Эзэнт гүрний урлаг, соёл” бүтээлд эдгээр баримтат өвүүдийг болон Монголын эзэнт гүрний дүрслэх урлагийн дэг сургуулийг баринтагласан.

-2017 онд "Төрийн соёрхол" хүртсэнийхээ дараа Төрийн ордноос гараад арай ч урлангийнхаа арьс, материалдаа явалгүй оффистоо очиж, ном бүтээлийн ажилтай өнжиж байлаа” гэж дурссан байна лээ. Хүмүүс шагналаа угаана гээд бөөн юм болдог. Харин та яаж “угааж” байв?

-2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шадар туслах Түвшин гэдэг хүн манай ажил руу залгаж маргааш Төрийн ордонд хуралтай гэсэн. Маргааш нь өнөө хуралд очсон хүн “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-нд Ерөнхийлөгчийн зарлиг айлдах үед л “Төрийн соёрхол” хүртэж байгаагаа мэдсэн. Шагнал авах гэж ямар ч өргөдөл, анкет, хүсэлт шат шатны байгууллагад илгээж үзээгүй, их тулгамдсан. Төрийн соёрхол хүртэх үе миний амьдралын маш үнэ цэнтэй мөч байсан. Тэнгэрт дэвшсэн аав, ээж, ах нар минь бодогдсон. Туулсан зам, үүрсэн зовлон, үзсэн дурсгал, уулзсан элэг нэгтнүүд минь бодогдсон. Тэр өдөр би мөнөөх дуудагдсан хуралд суучихаад, урлангийнхаа арьс, материалыг авах төлөвлөгөөтэй гарсан. Тэгээд “Төрийн Соёрхол” хүртсэн учраас шууд оффис руугаа буцсан. Утас, холбоогоо унтраагаад ажлаа хийгээд суулаа. Их зүйл бодогдсон. Хүмүүс төр засгийн өндөр шагнал хүндэтгэл хүртээд аав, ээж, гэр бүлдээ очдог байх. Тэр өдөр л би төдийгөөс өдий хүртэл юу туулснаа дахин тунгаасан. Тэгээд таны хэлсэнчлэн одонгоо “угаахгүй” гэж дотроо бодсон. Хоймортоо залах аав, ээж минь тэнгэрт дэвшсэн учраас найр хийхгүй л гэсэн юм. Би өөрөө ч найрлаж цэнгээд, идэж уугаад, баярлаж наадамлаад байдаг хүн биш. Ээжээсээ хойш баяр наадмын урилганд очилгүй, шинэ хувцас хийлгэлгүй дөрвөн жил болсон байсан.

Харин төр, түмнийхээ өндөр хүндэтгэлд “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ барья гэж шийдээд, дахин хоёр жил гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалтаар ажилласан даа. Төрийн өндөр цол шагналыг олонтойгоо ёслохгүй бол болохгүй гэж учир мэдэх улс хэлсээр, бас олны хүлээлт өндөр байсан тул Цагадайн улс, Төмөрийн улс, Алтан Ордын судалгаа зураг авалтаа амжилттай дуусгаад, ёслохоор шийдсэн юм. Гүйцэтгэх захирал, дүрслэлийн антропологич Б.Цэрэнтэйгээ зөвлөлдөж, салбар бүрийн эрхэм сайхан зочдыг урьсан үйл ажиллагааг номын анд Э.Цолмон найздаа даатгасан юм. "Монгол Улсын Төлөө" тангараг өргөж бүхий л амьдралаа зориулсан эгэл офицерийн охины “Төрийн соёрхолд хүндэтгэл үзүүлэх”-д Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам гүн хүндэтгэлтэй хандаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга 75 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн нь эх түүхийн мөрөөр эзэнт гүрнээ туулж яваа өчүүхэн бидэнд асар өндөр хүндэтгэл болж байлаа.

Найз нөхөд, ТАСАМ-ыг дэмжигчид гээд түмэн олныхоо хайр хүндлэлээр өдий зэрэгт хүрч тэр бүгдийн их ихдэхгүй бага багадахгүй дэм тусаар судалгааны гал тасраагүй тул хүн болгоныг уримаар байсан ч байр савны хүрэлцээ багтаамжаас хамааран 300 зочинтой хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон. Бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцсон. “Чингис хаан” зочид буудал гэхэд холоос ирсэн зочдыг маань байрлуулсан. “Хүннү айр” компани элэг нэгт монголчуудын маань төлөөллийг нислэгээрээ дэмжсэн. Энэ мэтээр олны олон таван цэн болж, төрийн өндөр дээд хишигтээ хүндэтгэл үзүүлсэн дээ.

-“Аян замын зардал сүйтгэл олно гэдэг Исламын дайнтай улсуудад ажиллахаас ч хэцүү асуудал байдаг” гэж та хэдэн жилийн өмнө хэлж байжээ. Одоо ч ийм хэвээрээ юү эсвэл өөрчлөгдсөн үү?

-Хэвээрээ шүү (инээв). Манайх төрийн бус, ашгийн бус байгууллага. Судлаач бид өөрсдийн зорилго тэмүүллээр өдий хүртэл судалгааны гал таслалгүй ажиллаж байна. Тун товчоор арьсан урлалынхаа ашиг тусаар, ном бүтээлийнхээ дэмээр өдий зэрэгтэй ажиллаж байгаа. Сүүлийн үед түүх, соёлдоо хүчээ өгөх, хандив дэм өргөх хүмүүс нэмэгдсээр байгаад талархдаг. Бид хэдийгээр төрийн бус байгууллага ч Монгол Улсын Төрөөс Соёлын талаар баримтлах бодлого, Монгол Судлалын талаар баримтлах бодлого, Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал зэрэг эрхзүйн олон чухал ач холбогдолтой үйл хэргийг хэрэгжүүлж яваа. Энэ чухал ажлыг төрийн бус байгууллагын хувиар л хийсээр ирсэн. Дээр хэлсэн зүйл бол төрөөс төсөв мөнгө хөөцөлдөх үед ийм, тийм бэрхшээл их гардаг гэсэн зүйрлэл гэх үү дээ. Энэ бол ес, арван жилийн өмнөх төрийн албаны хүнд суртал, уялдаа холбоогүй байдал, авлига хахууль, танилын нүүр, тал тохойн тухай бидний мэдэрсэн бэрхшээл. Зорилтот бүс нутаг, зорьсон түүх дурсгал, угсаатнуудаа устаж, сүйрэхээс нь өмнө гэсээр ажил төрөлдөө төрийнхөө дэмийг хүртэх боломж ховор л байна.

-Та дурсамжийн номоо бичих үү?

-Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн бүх газар нутагт очсон соёл судлаач хэдий ч, амьдралынхаа 18 жилийг энэ л алс хол, хэцүү бэрх аян замд өнгөрүүлсэн ч замын тэмдэглэл ердөө ганцыг хэвлүүлсэн. “Жахангүшейн замаар” буюу Ертөнцийг байлдан дагуулагчийн замаар гэж. Хувийн тэмдэглэл, дурсамжийн номоо бичиж хэвлүүлэхээс илүү тэр цаг хугацаа, зардал мөнгөөр ажил төрлөө амжуулж, аялан судалгаандаа зарцуулсан нь дээр гэж үздэг.

Онцлох нийтлэлүүд