ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.03.13 08:03

Ч.Ганбилэг: Насанд хүрэгчдийн дунд ч хэл ярианы бэрхшээлтэй хүн олон байгаа

Нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн захирал, хэл засалч Ч.Ганбилэгтэй ярилцлаа.


-Зарим хүүхдүүд хэт оройтож хэлд орох болжээ. Энэ нь ямар шалтгаантай байна вэ?

-Жирэмсэн үеийн хүндрэлүүд, хүчилтөрөгчийн дутагдалтай төрөх, удамшил, хоол ундны зохисгүй хэрэглээ, ахуйн байдал зэрэг маш олон шалтгаантай. Хүүхэд 0-3 насанд бага багаар хэл ярианд сурч, ярьж дадсаар гурван насандаа монгол хэлний бүх авиаг сурсан байх ёстой. Гэтэл сүүлийн үед гурван насандаа бараг ярихгүй байх, хэл ярианы бэрхшээл үүсэх магадлал их болжээ. Үүнд удмын хүчин зүйл ч нөлөөлж байгаа. Мөн хэл ярианы хөгжлийн орчин гэж чухал зүйл бий. Орчин бүрдээгүй үед хэл яриа хөгжихгүй байх шалтгаан болдог. Ярианы бэрхшээлтэй хүүхдүүд бага ангид их бий. Дунд ангид орчихсон ч хэл яриа нь хөгжөөгүй хүүхдүүд ч олон байх болжээ. Бүр насанд хүрэгчдийн дунд ч гэсэн хэл ярианы бэрхшээлтэй хүн олон байгаа. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн ярихад бэлтгэж, сургах ёстой. Гурван нас хүрээд хүүхэд шууд зөв яриад эхлэхгүй шүү дээ. Бүр багаасаа хүний ярихыг нүдээрээ хардаг, дуурайхыг оролддог. Гэхдээ зарим хүүхдүүд үг хэлж чадахгүй, төрөлхийн эмгэгтэй төрсөн байх ч тохиолдол бий. Огт ярьдаггүй, ярьсан ч ганц хоёрхон үг хэлж, тав, зургаан нас хүрсэн хүүхэд ч олон байна. Эртхэн засаж, эмчлүүлж байх шаардлагатай. Хэдий эрт хэл засалчид хандана, төдий чинээ засрах магадлал өндөр. Хүүхдийн хэл яриа биеийн өсөлт хөгжилтөнд хүртэл нөлөөлдөг.

-Хэлний бэрхшээлтэй хүүхдүүдийг хаана хандаж эмчлүүлэх вэ?

-Хэл засалч гэдэг мэргэжилтэй хүн манайд бараг байхгүй болж байна. Маш цөөхөн хэдэн хүн байдаг нь тэтгэвэртээ гарсан. Социализмын үед Орос, Унгар зэрэг улсуудад хэл заслын мэргэжилтнүүдийг бодлогоор бэлддэг байсан юм. Би тэднийг нэг байгаа юм. 1990-ээд оноос хойш энэ бодлого алдагдаад, тухайн үед төгсөж ирсэн хүмүүс одоо тэтгэвэртээ гараад байгаа юм. Хүүхэд нь хэл ярианы бэрхшээлтэй үед эцэг эхчүүд нь хаана хандахаа мэдэхгүй байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлчих хүн маш ховор байна. Хэлний бэрхшээл унших бичихэд хүртэл нөлөөлнө. Үүнээс болоод үсэг сольж бичдэг, маш их үг үсгийн алдаа гаргадаг, буруу ярьдаг хүмүүс бий болж байна.

-Хүүхдүүд дэлгэцэнд хэт донтоод хүнтэй ярих дургүй болсон юм шиг байна. Эрүүл саруул хэрнээ ярих чадвар маш сул хүүхдүүд их байх юм?

-Сошиал орчин хүний амьд харилцааг хязгаарладаг. Энэ шалтгааныг л арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гар утастай л харьцуулахгүй л байх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ ярилцаж, аливааг тайлбарлахаасаа төвөгшөөгөөд, хүүхэлдэйн киноны сувгуудыг тавиад өгчихдөг. Ингээд гадаад хүүхэлдэй үзсээр байгаад, монгол хэлээрээ ярихгүй, монголоор ойлгодоггүй ч юм шиг. Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс бий болоод байна. Гадаад хэл дээрх сувгуудыг үзүүлчихдэг. Тэгчихээд манай хүүхэд хэлд ороогүй гэдэг. Гар утас, гадаад хэлтэй телевизийн кино сайн зүйл биш.

-Хэдэн наснаас хүүхдийн хэлний бэрхшээлийг засвал сайн засрах вэ?

- Гурван нас гэхэд хүүхэд төрөлх хэлнийхээ бүх авиаг хэлж сурсан байх ёстой. Эсрэгээрээ асуултанд цөөхөн үгээр хариулдаг. Үсэг сольж хэлдэг, зарим үгийг хэлдэггүй бол хэл ярианы бэрхшээлтэй гэж үзнэ. Аяндаа гайгүй болчихно гэж хүлээж ер болохгүй. Бага байх тусам засрах нь хурдан явагдана. Нас нэмэгдэх тусам ярианы бэрхшээл удаан засагдана. Цэцэрлэгийн насанд багш нар нь хэл яриаг нь бүрэн дүүрэн хөгжүүлж сургуульд оруулах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн багш нарт хэл яриа засах мэдлэгийг давхар олгодог болмоор байна. Гэтэл хэл нь зүгшрээгүй сургуульд орж байна. Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг бэлтгэх төрийн бус байгууллагыг бид ажиллуулдаг. Бидэнд хандаж буй хэлний бэрхшээлтэй хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байна.

-Хэрхэн яаж хэл яриа заслыг эмчилж байна вэ?

-Хэл ярианы гажигийг засаж байна. Гэхдээ ээрүү мэдрэлийн гаралтай байдаг учраас амархан засагдахгүй. Хэл яриаг засахад нарийн дүрэм, техниктэй. Нэг авиаг дангаар нь хэлүүлж сургана. Дараа нь үг, үе өгүүлбэр хэлүүлнэ гэх мэт. Мөн ямар авиаг хэзээ яаж хэлүүлэх гэх мэт дасгалууд бий. Авиагаа хэлж сураагүй байхад нь үг хэл гэж болохгүй. Сураагүй байхад нь дараалсан гийгүүлэгчтэй үг хэлүүлэхгүй, аажим аажмаар засна. Гэхдээ хүүхэд хүүхдийн онцлогоос шалтгаалж, яаж сургах арга барил нь өөр өөр байна. Хөдөө орон нутгаас хүүхдүүд их ирж байна. Гэртээ засах боломжтой байвал ямар авиаг яаж хэлүүлэх зэрэг дасгалууд зааж өгөөд буцаадаг.

-Хэл ярианы хөгжил ямар ямар сөрөг нөлөөтэй байна вэ?

-Нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Энд тэндгүй тультраа хүмүүс яваад байвал юу болох билээ. Үүнээсээ болоод сурагч, тэр байтугай багш нарын бичиг үсгийн алдаа их байна.

-Индиго хүүхэд оройтож хэлд ордог гэх яриа байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой. Зарим эрдэмтэд багадаа хэл ярианы бэрхшээлтэй байсан байдаг юм билээ. Тухайн хүүхдээс л шалтгаална. Ямартай ч аль болох эрт хэл засалчид хандах хэрэгтэй.

Э.БОЛОР

Онцлох нийтлэлүүд