Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Нийгэм
2021.08.08 09:08

Ч.Чимэдрагчаа: Хүдрийн заараас бактери, вирусийн эсрэг хүчтэй, үнэтэй түүхий эд гаргах ирээдүй бий


Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Ч.Чимэдрагчаатай Мана-4 тан болон хүдрийн заар агуулсан эм бэлдмэлүүдийн судалгааны талаар ярилцлаа.


Ч.Чимэдрагчаа-Та Мана-4 танг судалж (Ph.D) доктор хамгаалсан юм билээ. Манайхан ковидын үед Норов-7, Мана-4 танг ихээр хэрэглэж байна. Таныг орчин үеийн судалгааны аргуудаар уламжлалт танг судлаад, үр дүнтэйг нь тогтоосон гэж ойлгож болох уу?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлсэн 5000 жилийн түүхтэй. Мана-4, Норов-7 танг ямар найрлагатай, ямар өвчний үед хэрэглэх заалтыг бичиж үлдээсэн эх сурвалж, ном зохиол олон бий. Уламжилж хэрэглэж ирсэн үндэслэл, эх сурвалж материалууд байна. Эдгээрийг маш удаан хугацаанд хэрэглэж ирсэн байна шүү дээ.

-Тухайлбал Мана-4 танг хүмүүс хэр удаан хэрэглэж ирсэн бол?

-Жишээлбэл “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэдэг номонд тодорхой өвчнүүдийн үед Мана-4, Норов-7 танг хэрэглэнэ гэж бичсэн байдаг. Энэ нь манай эриний VII, VIII зууны үед зохиогдсон ном юм. Тэгэхээр үүнээс ч өмнө хэрэглэж байсан байж таарна. Монгол Улсад Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Энэ бодлогын хүрээнд өрнө, дорны анагаах ухааныг уялдуулж хөгжүүлнэ, зэрэгцүүлнэ. Энэ хоёр анагаах ухаанаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ гээд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухаан төрийн бодлоготой анагаах ухаан юм. Бүх эм, тангууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгддэг. Бүртгэхийн тулд чанар аюулгүй байдал, хор судлал бусад шинжилгээ, судалгаануудыг хийгээд, шаардлага хангасныг нь бүртгэдэг юм. Мана-4, Норов-7 тан өнөөдөр мөрдөгдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн бүх шаардлагыг хангаад, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд, албан ёсоор хэрэглэж байгаа эм. Зөвхөн ковид гарч ирээд хэрэглэж байгаа биш. Ковидоос өмнө ч уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд энэ хоёр эмийг зохих заалтынх нь дагуу хэрэглэж л байсан.

Хятадын уламжлалт анагаах ухаанд эм, эмчилгээг хэрэглэж ирсэн түүх нь хамгийн гол нотолгоо гэж үздэг. Орчин үеийн эмүүдийг зохион бүтээгээд, эмийн бүртгэлд бүртгээд, хэрэглэсэн хугацаа богино. Уламжлалт эмийг маш удаан хугацаанд хэрэглэж, амьдрал дээр үнэхээр болох, болохгүй нь шалгарсан юм. Тэр нь нэг үндэслэл болж байна. Хоёрдугаарт, өнөөдөр мөрдөгдөж байгаа эмийн хууль бүртгэл, бүх шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлтэй, шаардлагатай, зөвшөөрөлтэй гэсэн үг. Гуравт судалгаа, шинжилгээний асуудал яригдана. ДЭМБ ч ийм шаардлага тавьж байгаа. Манай улсын эрүүл мэндийн бодлого ч уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байгаа бүх засал, эм танг орчин үеийн судалгааны аргуудаар судлаад, нотолгоожуулна гэж байгаа юм. Энэ чиглэлээр судалгааны ажлууд маш өргөн хүрээнд хийгдэж байгаа. Анх 1959 онд академич Ц.Хайдав багш уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэстэй судлах эхлэлийг тавьсан. Өдгөө 62 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил эрчимтэй явж байна. Түүхий эд, эмүүд, засал, эмчилгээний аргууд, идээ ундаа, явдал мөрийг маш их судалжээ. Тэр дотор Мана-4, Норов-7-гийн судалгааны ажлууд бас хийгдсэн. Мана-4 дөрвөн найрлагатай, дотроо мана лидэр, гандигар, гажаа гээд ургамлын гаралтай, дөрвөн түүхий эд байгаа юм. Зарим түүхий эд нь халуун бүс нутагт ургадаг, импортоор авдаг. Гажаа гэдэг нь гадны түүхий эд. Хятад, Энэтхэг улсуудаас оруулж ирдэг. Мана гэдэг уг нь гадны түүхий эд байсан. Монголд үүнийг тарималжуулж, нутагшуулаад, үндсийг нь авч хэрэглэх жишээтэй. Лидэр, гандигар нь манай эх орны гаралтай түүхий эд. Түүхий эдийг нь эхлээд судалдаг. Мана ямар үйлчилгээтэй вэ, дотор нь ямар бодис агуулагддаг вэ гээд судалдаг юм. Үүнийг манай судалгааны баг судалсан.

-Та яагаад Мана-4 танг онцолж судлах болов?

-Мана-4 маш өргөн хэрэглэгддэг. Мөн Мана-4 олон найрлагатай жоруудын суурь болдог. Жишээлбэл, Норов-7 гэхэд үндсэн бүрэлдэхүүн нь Мана-4 байдаг. Үүн дээр гурван үр нэмээд, Норов-7 болдог. Тийм учраас гол судлагдахуун болгож авсан юм.

-Дээхнэ үед хүмүүс “ноёдын уудаг норов-7, маний уудаг Мана ши тан” гэж ярьдаг байсан гэдэг. Энэ Мана ши тан гэдэг нь Мана-4 мөн үү?

-Мөн мөн. Түвдээр ши гэдэг нь дөрөв гэсэн үг юм. Энэ нэр томьёо яагаад гарсан гэхээр их хэрэглээтэй гэдгээс л улбаатай. Маний уудаг Мана-4 гэхээр ард иргэд маш их хэрэглэж байсан гэсэн утга шүү дээ.

-Таримал эмийн ургамлын нөлөөлөх чадварыг судалдаг уу?

-Зэрлэгтэй нь харьцуулж судалдаг. Үйлчилгээ нь ижил байна уу, зөрүүтэй байна уу гэдгийг нарийн судалдаг. Ер нь манай ургамлын гаралтай уламжлалт эмүүдийн чанар, аюулгүй байдлын судалгаа дэлхийн түвшинд тавигдаж байгаа зохих шаардлагыг хангасан.

-Эмийн зохистой хэрэглээ уламжлалт эм тан дээр ч яригдах болов уу. Манайхан сайн гэгдсэн эм танг удаан хугацаагаар уух хандлагатай байдаг. Урьдчилан сэргийлэх үүднээс уух уу, эсвэл өвдсөн үед уух уу?

-Зохистой хэрэглээ гэж бий. Эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Эм учраас эмчийн заавраар тодорхой хугацаагаар, тодорхой тун хэмжээгээр хэрэглэнэ. Мана-4, Норов-7 танг өвчилсөн үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Ковидын үед эхэн үе шатанд нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Зааврыг нь гаргаж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлаад, мөрдөж яваа. Урьдчилан сэргийлэх зорилгоор бас хэрэглэж болно. Гэхдээ тодорхой хугацаатай. Эмчийн заавраар хэрэглэнэ. 14-21 хоногийн хугацаанд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

-Ковидын үед манайхан уламжлалт эм тангаа таньж мэдээд, өргөнөөр хэрэглэлээ. Та судлаачийн хувьд цар тахлын үед Мана-4, норов-7 үр дүнтэй байсан гэж дүгнэх үү?

-Мана-4, Норов-7 орчин үеийн судалгаагаар үрэвслийн эсрэг, эд эсийг хамгаалах, дархлааг сайжруулах, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх, хэт исэлдэлт гэдэг юмнаас эд эсийг хамгаалах гэх мэт нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц үйлчилгээнүүдтэй. "Ковид-19" -ийн халдвар туслаа гэхэд үрэвслийн процесс явагдана. Дархлаа суларсан хүмүүс хүндэрч, халдвар амархан авч байна. Манай энэ уламжлалт тангууд дархлааны хариу урвалыг сайжруулж байна. Үрэвслийн эсрэг нөлөөлж байна. Эд эсийг хамгаалж байна. Тэнд явж байгаа эмгэг процессуудыг дарангуйлж байна шүү дээ. Тийм учраас ковид туссан хүнд эмчилгээний нөлөө үзүүлж байна. Ялангуяа өвчний эхний үе шатанд уух заалттай. Уламжлалт анагаах ухаанд энэ хоёр танг халуун боловсруулдаг гэдэг. Вирусийн гаралтай ханиад томуу хүрсэн үед эхэн үед нь өгдөг. Үүсч байгаа халууныг боловсруулаад, сайхан хөлөргөөд, биеийг эрүүлжүүлнэ гэж үздэг.

-Эдгээр танг европ эмүүдтэй хольж ууж болох уу?

-Нэг нь нөгөөдөө харшлах зүйл одоогоор тогтоогдоогүй. Антибиотик хэрэглэхээр хүний дархлаа суларч байгаа. Норов-7, Мана-4 хэрэглэхээр дархлааг сайжруулна. Бие биенээ нөхөх, дэмжих үйлчилгээтэй учраас үр дүн сайтай байна.

-Та анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) цол хамгаалахдаа “Хүдрийн заар, заар агуулсан эм бэлдмэлийн туршилт, судалгааны үр дүн” сэдвийг сонгосон юм билээ. Амьтны гаралтай эм тан дээр арай өөр асуудал яригддаг болов уу?

-Хүдрийн заар гэдэг уламжлалт анагаах ухааны нян хижгийг дардаг гэсэн заалттай эмийн түүхий эд. Нян хижиг дарна гэдэг нь бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг. Сүүлийн үед бактери, вирусийн гаралтай халдварт өвчнүүд дийлдэхээ больж байна шүү дээ. Ийм үед өргөн хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны түүхий эд хүдрийн заар. Үүнийг зөвхөн Монголын уламжлалт анагаах ухаанд төдийгүй Дорно дахины уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж байна. Жишээлбэл, Хятадын уламжлалт анагаах ухаан, Солонгос, Япон, Азийн орнуудын уламжлалт анагаах ухаанд хүдрийн заарыг маш өргөн хэрэглэж байна. Хүдэр гэдэг амьтан ховордсон учраас заар нь үнэтэй. Миний шинжлэх ухааны доктор хамгаалсан сэдэв цэвэр туршилт судалгааны ажил юм. Би ганцаараа хийгээгүй, том баг ажилласан. Эрдэмтдийн олон жилийн судалгааны хамтарсан ажлын тодорхой үр дүнгээр хамгаалсан л даа. Хятадад хүдрийн аж ахуй олон. Гэрийн тэжээвэр амьтан шиг гаршуулж эр хүдрээс заарыг нь сааж авдаг. Сааж авсан заараа боловсруулаад, маш олон төрлийн эм тан хийж байна шүү дээ. Хятадууд хүдэр гаршуулж, аж ахуйн хэлбэрт оруулаад бараг 60 жил болсон. Хятадад ойн хүдэр байдаг. Манайд баданга хүдэр бий. Хоёр өөр зүйлийн хүдэр. Манайхан 1986 оноос хойш хүдрийн аж ахуй байгуулаад, хүдрийн чиглэлийн судалгаанууд хийж байна шүү дээ. Хүдрийг барьж гаршуулах, эвцэлдүүлэх, үр төлийг нь авах, өвс тэжээл, биологийн онцлогийг нь судлах ажил хийж байна. Сүүлийн үед хүдрээс заарыг нь сааж авах, заарын өвчин эмгэгт үзүүлэх нөлөөг судлах судалгаанууд хийж байгаа юм. Хүдрийн заарыг цаашид олон чиглэлээр судлах ёстой. Хүдрийн заараас бактер, вирусийн эсрэг хүчтэй, чухал, үнэтэй түүхий эд гарч ирэх ирээдүй бий. Манай уламжлалт анагаах ухаанд ковидын үед ч хэрэглэж байгаа Банзад-12, Чун-5, Чун-9 эмүүд бүгд хүдрийн заартай. Халдварт өвчинтэй газар хүдрийн заар хэрэглэж ирсэн уламжлалтай юм билээ. Бас хүдрийн заар үнэртүүлдэг байсан. Хурц үнэртэй л дээ.

-Хүдрийг Монголд үржүүлээд эмийн түүхий эд гаргаж, экспортлох боломжтой гэсэн үг үү?

-Яваандаа тийм зорилготой байгаа. Одоо бол судалгааны үе шатандаа яваа. Судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож байна. Дараа нь аж ахуйн юм уу үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжих боломжтой. Хятадын жишээгээр харахад аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөл аваад, хүдэр барьж гаршуулж, үржүүлээд саагаад, түүнийгээ шаардлагатай газруудад тохирсон үнээр нийлүүлдэг юм билээ. Үүнийг бол эрдэм шинжилгээний байгууллагууд хийхгүй шүү дээ.

-Гэхдээ таны судалгааны үр дүнг хэрэгжүүлэх компани гарч ирэх байлгүй дээ?

-Манай Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн хүдрийн туршилтын жижигхэн станцтай. Энд олон жилийн судалгаанууд хийгдэж байна. Цаашид судалгааны станцыг өргөтгөх, аж ахуйн хэлбэрт шилжүүлэх санал санаачилга гараад явж байна л даа. Манайх хүдрийн заар саах аргаар патент хамгаалсан хүрээлэн шүү дээ. Гарааны компани байгуулахад нэг талаас патент оюуны өмчийн эзэн, нөгөө талаас хөрөнгө оруулагч нийлээд, хамтарсан гарааны гэсэн тодотголтой аж ахуйн нэгж байгуулж байгаа юм шүү дээ. Ийм зохицуулалтаар цаашаа өргөжиж явах байх аа

Онцлох нийтлэлүүд