Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно
Улс төр
2021.12.04 09:12

Ч.Өнөрбаяр: Монголын эрх ашигтай холбоотой олон асуудлын хажууд намын хагарал жижиг асуудал

- “ЯС ГОРЬДСОН НОХОЙ ШИГ” ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛЬ НЭГ ТАЛД НЬ ГАРСНААР АСУУДАЛ ШИЙДЭГДЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ-

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байгаа вэ. Цаашдын гарц гаргалгаа нь шүүхийн бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудалд байна уу, том зургаараа өөр асуудалд байгаа юм уу?

-Монголд ардчилал бий болоод 30 жил боллоо. 1992 онд Үндсэн хуулиа батлаад ирэх онд 30 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацааг хүний амьдралтай зүйрлээд үзвэл 30 нас хүрсэн хүний амьдарлд алдсан, оносон, бүдэрсэн олон асуудал байдаг шүү дээ. Үүнтэй нэгэн адил Монголын ардчилалд тулгарч байгаа нэг сорилт, бэрхшээл гэж би харж байгаа. Үүнийг давж чадах уу, үгүй юү гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. Энэ асуудал явж явж нам дотроо хамгийн их ардчилалтай Ардчилсан намд илрээд байгаа юм. Хэрэв МАН шиг хагас комминуст, хатуу зохион байгуулалттай, даргынхаа үгээр ая тоглодог, жинхэнэ лидер, манлайлагч бус ямар ч сул дорой нэгэн дарга болоход ч даргаа дагадаг нам. Гэтэл Ардчилсан нам тийм биш л дээ. Жинхэнэ ард түмэн дотроос төрсөн лидерийг дагадаг болохоос даргаа дагаж далдганадаг нам

биш. Тийм учраас өнгөрсөн 30 жил Монголын ардчилалд тулгарсан сорилт бэрхшээлийн шинж тэмдэг нь Ардчилсан намд одоо илэрчихээд байна. Өөр зүйл байхгүй.

-Тулгараад байгаа асуудлыг давж гарах эсэхэд асуудлын гол нь бий гэж хэллээ. Давж гарч чадах итгэл, урам зориг байна уу?

-Асуудлыг давж гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ асуудал анх удаа тулгарч байгаа юм биш. Ардчилсан намд салж,нийлж байсан түүх бий. Эцсийн бүлэгтээ эв зүйгээ олоод явж байсан. Ер нь Ардчилсан намыг хүчгүйдүүлнэ, сулруулна гэдэг эрх баригчдад ч халтай. Та нар ууртай, өлссөн, бизнесээ булаалгасан, эрх чөлөөгөө хумиулсан иргэдтэй нүүр тулна гэсэн үг. Энэ бол том зургаараа тийм сайн зүйл биш. Ер нь улс төрийн намууд гудамжнаас асуудал ярьдаг биш парламентын тогоонд ороод асуудлаа ярьдаг жишиг рүү орох ёстой.

-Одоо хоёр хуваагдчихаад байгаа талууд гэрээ хэлэлцээрийн ширээнд суугаад эв зүйгээ олчихож болдоггүй юм уу?

-Талууд аль аль нь эвлэж нийлэхгүй гээд байгаа зүйл байхгүй. Бүгд л Ардчилсан нам эвлэж нэгдэж, хүчирхэг сөрөг хүчин байх ёстой гэдэг дээр санал нэг байгаа.

Ганцхан Ардчилсан нам нийлж нэгдэх бус ардчилал, хүний эрх, Монголын ирээдүйн төлөө санаа зовнидог улс төрийн хүчнүүд нэг талдаа гарах ёстой гэсэн зарчмын байр суурь бидэнд бий. Энэ асуудал гарт орсон өргөс авахтай адил амархан асуудал биш. Тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Улс төрийн асуудал учраас яриа хэлэлцээр хийнэ, хаа хаанаа үл ойголцоод байгаа асуудлаа уулзаж ярилцаад шийдэлд хүрэх, зөвшилцөх алхамууд хийгдэх ёстой. Энэ алхмуудын эхлэл тавигдчихсан боловч бүрэн ойлголцолд хүрэх хараахан болоогүй байна гэж харж байна.

-Ардчилсан намынхан хамтдаа Онц их хурлаа зарлахдаа ойлголцолд хүрчихсэн байсан. Гэтэл яагаад дундаас нь дахиад салчихсан юм бол?

-Үгүй яах вэ. Энд олон шалтгаан бий. Нэг шалтгаантай, хоёр шалтгаантай асуудал байдаггүй. Гэхдээ миний хувьд Ардчилсан нам дотооддоо учраа олчихно гэж бодож байгаа. Энэ асуудалд цэг тавихын тулд цаанаасаа тодорхой хэмжээний цаг хугацаа орох учиртай юм байлгүй дээ. Яарвал даарна, Бушуу туулай борвиндоо баастай ч гэдэг. Яаран, сандарч асуудалд хандвал заримдаа тооцоолоогүй үр дүнгүүд гарах гээд байдаг. Энэ утгаараа бид дахиад асуудлаа шийдээд, ойлголцолд хүрэх цаг хугацаа, орон зайн хувьд боломж байгаа гэж харж байна. Миний хувьд болоод манай баг хамт олны хувьд намаа эвлүүлээд авчих юмсан гэсэн байр суурьтай байгаа. О.Цогтгэрэл, Л.Гантөмөр ч бас л ийм байр суурьтай байгаа. Ардчилсан намын хувь заяанд санаа зовж байгаа бүх хүний хувьд бушуухан эвлэж нийлээд хүчтэй сөрөг хүчин болж, ирэх сонгуулиа амжилттай явуулж, Монголын хувь заяаг шийдэлцэх асуудалдаа анхаарах юмсан. Эрх баригчид арай хэтэрлээ гэдэг уур амьсгал үүсчихсэн байгаа.

-Иргэдийн үзэж байгаагаар хоёр хуваагдчихсан байгаа, өөрсдийнх нь хэлж байгаагаар нэг Ардчилсан нам гэж яриад байгаа бүлгүүдийн аль алиных нь төлөөлөлтэй ярилцлаа. Эвлэлдэн нэгдэж, хүчтэй сөрөг хүчин болно гэдэгтэй итгэлтэй байгаа гэх юм.Хамгийн гол нь юун дээр ойлголцохгүй байна вэ гэдэг асуудлаа нэг тийш болгох алхам хэн хэн нь хийхгүй байх шиг санагдаж байна. Та бүхэн ямар нэг алхам хийсэн үү?

- Миний хувьд ингэж харж байна л даа. Хоёр талаасаа тэнцүү тооны төлөөлөлтэй ажлын хэсэг гаргаад асуудлуудаа ярих ёстой. Юун дээр бид ойлголцож байна,юун дээр ойлголцохгүй байна гэдгээ жагсаачих ёстой юм. Ингээд үл ойлголцоод байгаа асуудлуудаа жагсааж байгаа хоёр ажлын хэсэг ярилцаад асуудлаа шийдээд явбал хамгийн зөв шийдэл,алхам юм болов уу гэж бодож байна.

-Саяхан болсон Онц их хурлаар 21 аймаг, 330 сумын 1300 орчим төлөөлөгчид цугларч О.Цогтгэрэлийг АН-ын албан ёсны даргаар батламжилж байгаагаа зарласан. Танай талаас арванхоёрдугаар сарын 6-нд мөн чуулган зохион байгуулахаа зарласан. Уг чуулган ямар учиртай юм бол?

-Үнэндээ манайх, танайх гэж яримааргүй байна. Өнгөрсөн жил Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон. Цар тахлаас улбаалаад 30 жилийн ойгоо тэмдэглэж чадаагүй. Тиймээс энэ жил 30 жилийн ойгоо нөхөн тэмдэглээд Үндэсний хэмжээний чуулганаа хийхээр зорьж байна. Энэ бол намын их хурал биш. Уг чуулганы үеэр ямар нэг дарга, албан тушаалын томилгоо хийгдэхгүй. Ер нь өнгөрсөн 30 жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, цаашид Монголын ардчилал байх юм уу, үгүй юм уу гэдгээ ярилцъя гэж байгаа юм. Монгол Улс өөрөө өөрийнхөө асуудлыг бие даан шийдвэрлэдэг улс байх уу, үгүй юү. Нэг нам сонгууль хийсэн дүр үзүүлээд үнэмлэхүй ялж байдаг, бусад намууд сонгуульд оролцсон нэр зүүгээд концерт дуусдаг сонгуулийн системтэй байх юм уу. Улс төрийн намын тухай хуульд зааснаар хэмээн Дээд шүүх нь орж ирээд бүртгэлийн ажил хийгээд үймүүлээд байх юм уу, улс төрийн намууд нь цаашаа арай өөр замаар хөгжих юм уу. Биднийг хүссэн ч, эс хүссэн ч хаалга тогшоод байгаа технологийн дэвшилтэй улс төрийн намууд хэрхэн яаж хөл нийлүүлэх юм бэ гэх мэт асуудлаа ярья гэж байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн Үндэсний чуулган хийхээр төлөвлөсөн. Энэ жил хамгийн ихээр хүний эрх зөрчигдсөн жил боллоо. Шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчүүллээ, олон иргэн үзэл санааны хоригдол болсон. Үүнийг засах ёстой. Иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, засаг төрийг шүүмжилсний төлөө хоригдсон нь үнэн шүү дээ. Энэ асуудлыг ярих ёстой.Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэх үг бий. Харин ч шүүмжлэх иргэд байгаад засаг төр, сайд дарга нар баярлах ёстой. Ингэж байж дарга нарын ажил сайжирна, Засгийн газрын ажил чамбайрна. Өмнөөс дуугарсан болгоныг шорон гяндангаар айлгаж, барьж хорьж болдоггүй юм. Ардчилсан чөлөөт нийгмийг ардчилсан маягаар засагладаг болохоос дарангуйлагчийн сэтгэлгээгээр засаглаж болдоггүй юм. Энэ мэтчилэн бидэнд ярих асуудал олон байна. Намын хагарал хажууд нь жижигхэн асуудал. Түүнийг бүр хойш тавья л даа. Ардчилсан нам хүний эрх,эрх чөлөө, иргэдийхээ эрх ашгийн талд зогсдог, шударгаар бизнес эрхэлж байгаа иргэдийнхээ талд зогсдог. Одоо үүнийгээ батлан харуулах цаг болсон. Энэ бодлого руугаа явах ёстой. Түүнээс биш гарч ирээд энэ манайх, танайх, чинийх, минийх, буруу, зөв, энэ жинхэнэ Дамбийжаа, энэ хуурамч Дамбийжаа гэх нь эцсийн эцэст юу юм. Монголын эрх ашигтай холбоотой асуудлын хажууд жижиг асуудал. Үнэнийг хэлэхэд, энэ талаар дахиж дуугармааргүй байна. Монгол Улс буруу зам руу яваад байгааг та нар харж байгаа биз дээ.

-Танай нам доторх шинэчлэлийн асуудал хурцдаж өнөөдрийн асуудлыг бий болгосон гэж хардах ч хүмүүс байна?

-Нам шинэчлэгдэж байгаа үйл явцын нэг илрэл нь мөн шүү дээ. Ардчилсан намын дараагийн манайлагч залуус намаа аваад явахыг эрмэлзэж байгаа нь юу нь буруу байгаа юм. Гэнэтхэн тоосоо гөвж байгаа юм шиг, хувцсаа сольж байгаа юм шиг шинэчлэгдээд явдаг юм уу. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Энэ чинь гучин жилийн түүхтэй нам. Энд чинь нэг амьд процесс явагдаад байна шүү дээ.Хүн ч бас бага багаар л шинэчлэгдэж, өөрчлөгддөг, ахиж, дэвшдэг биз дээ. Хүн унаж босоод хөлд ордогтой яг ижил шүү дээ. Хөгжих, шинэчлэгдэх процесс гэдэг нүүрээ угаах шиг, унаж босоод хувцсаа гөвөх шиг амархан зүйл биш. Одоо өрнөж байгаа үйл явц Ардчилсан намын шинэчлэлтийн процесс мөн шүү дээ. Яагаад шинэчлэл гэхээр дарга нарыг нь солиод дөрвөн хүн шинээр томилогдчихвол шинэчлэл гэж харах ёстой гэж. Энэ дотор амьд организм, үзэл санааны зөрчил тэмцэл, үнэт зүйлийн зөрчил, аль байр суурин дээр байх вэ гэдэг тэмцэл эрүүл саруул өрнөж байна гэж харж байна. Энэ юу нь буруу байгаа юм. Эсрэгээрээ МАН-д ийм эрүүл үзэгдэл байхгүй байна. Хэн ч МАН-ын дарга болсон, хүчээр лидер болгодог нам. МАН дарга дагаж лидер төрүүлдэг бол, АН үзэл санаа, үнэт зүйл, зарчим, тэмцэл дундаас лидерээ төрүүлдэг нам. Тийм учраас дараагийн шинэ үеийн лидерээ төрүүлэхийн тулд процесс өрнөж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ АН нэг, хоёр лидертэй байж болохгүй.Хамтын зарчмаар багийн лидерүүдийг олноор нь төрүүлж, тэд хамтдаа үзэл санааны тээгч болж болохгүй гэж. Би ингэж л харж байгаа. Заавал ёолкны мод шиг нэг дарга дээрээ залаад түүнийгээ энд тэндээс нь очиж чимдэг нам байгаад яах юм. Энэ бидний зарчим биш.

-Эсвэл сөрөг хүчнээ хүчгүйдүүлж,үгийг нь үнэгүйдүүлэх сонирхол эрх барьж байгаа намынханд байгаад байна уу?

-Ардчилсан намыг байхгүй болгосноороо МАН-д сайн зүйл болохгүй. Эрүүл саруул өрсөлдөөн, бодлогын уралдааан байж байж аливаа намууд оршин тогтнодог. Нэг тал нь хүч түрээд байхаар “Бүүвэйлж байгаад маанийг нь уншина” гэдэг шиг төр хариуцлагагүй, цалгар назгай байдал бий болж төр эзэнгүйддэг. Баталсан төсвийг нь л харчих. Үнэхээр улсын төсөв уйлдаг бол уйлахаар л төсөв баталлаа. Хүчтэй сөрөг хүчин байхгүй болохоор эрх барьж байгаа намд өөрийн мэдэлгүй хариуцлагагүй байдал бий болж төрийн нэр хүнд унаад байдаг. Парламентад улс төрийн намуудын тэнцвэр хадгалагдаж байж Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдэл хуваарилагдсан, харилцан хяналт тэнцвэртэй байж монгол иргэний эрх, эрх чөлөө хамгаалагддаг зарчмууд сая амилдаг болохоос биш зүгээр цагаан цаасан дээр хараар бичих төдийд биелчихдэг зүйл биш. Ингэж том зургаар нь хараасай гэж хүсээд байгаа юм.

-Ер нь парламентын засаглалтай байснаас үүдэн улс орон доройтлоо. Сөрөг хүчний байр суурь ч гэх юм алга. Нэртэйгээр нь Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол яадаг юм бол гэх хүмүүс ч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Монгол Улс парламентын засаглалаа цаашид хадгалж үлдэх ёстой. Учир нь томоохон хоёр гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд праламент дээрээ олонхоороо асуудлаа ярьдаг, шийддэг байх нь Монгол Улсын хувь заяатай шууд холбоотой. Хөрш гүрнүүдээс бусад улсуудтай манай улс хамтын ажиллагаагаа хөгжүүлж Чингисийн Монгол Хятад юм уу, Оросын “Монгол” болчихоогүй, бие даасан улс хэвээр байгаа гэдгээ дэлхийн улс орнуудад батлан харуулах нь чухал. Үүнийг батлан харуулах гол зүйл нь парламентын засаглалтай байх явдал. Парламентын засаглалын талаар ҮАБ-ын үзэл баримтлалд нэлээд тусгаж өгсөн. Гэхдээ энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичихээр биеллээ олчихдог зүйл биш л дээ. Бодитоор амьдруулдаг, хэрэгжүүлдэг зүйл нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн тэнцвэр байдаг. Нэг нам руу хэт их савлаж, хазайгаад ирэхээр хагас ардчилалтай улс орнуудын дунд байгаа Монгол Улсын хувьд нэлээд түвэгтэй байдлыг бий болгодог. Ямар нэгэн байдлаар гадна, дотны шахалтад ордог. Монгол Улс бие даасан бодлого явуулахад хүчгүйддэг хандлага руу ордог.

-Тэгвэл парламентын засаглалаа бэхжүүлэх нь хөрш орнуудын нөлөөнөөс ангид байхад чухал нөлөөтэй байж таарлаа.Тийм үү?

-Парламентын засаглалаа бэхжүүлэх нь манай улсын Тусгаар тогтнол, Монгол хэмээх үндэстэн цаашид оршин тогтнох эсэх баталгаа мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол бид юун түрүүнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх намын бүртгэлийн асуудлыг шийддэг болтлоо доройтчихсон байна.

Шүүх эрх мэдлийн байгууллага Улсын бүртгэлийн байгууллагын ажлыг хийдэг байж болохгүй л дээ. Ийм тогтолцоо дэлхийн аль ч улс оронд байдаггүй. Дийлэнх орнуудад Сонгуулийн ерөнхий хороо ч юмуу өөр эрх бүхий байгууллага нь намын бүртгэлийн асуудлыг хариуцдаг. Түүнээс биш шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, хэрэг маргаан шийдвэрлэдэг шүүх байгууллага бүртгэгчийн ажил хийдэг тогтолцоо манайд л байна. Энэ бол маш буруу тогтолцоо. Тиймээс Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх улс төрийн намуудыг бүртгэдэг тогтолцоог нэн түрүүнд халах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан Дээд шүүхийн бүрэн эрх дотор Улс төрийн намыг бүртгэх талаар заасан нэг үсэг ч байхгүй. Энэ мэтчилэн зарчмын өөрчлөлтөөсөө бид эхлэх ёстой.

-Улс төрийн намуудын нэр хүнд гэж авах юм алга. Аль нам төрийн эрх барьсан ч ялгарах зүйл алга гэх иргэд олон боллоо. Энэ сайны дохио биш шиг л санагдах юм?

-Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй өөрчлөхгүй бол улс төрийн намуудын нэр хүнд “Шалан дээр унасан”. Тэр дундаа парламентад суудалтай улс төрийн намуудыг иргэдийн олонх нь таалахаа болилоо. Аль ч нам төрийн эрх барьсан ямар ч нэмэр, ялгаа алга гэдэг ухагдахуун руу явж байна. Энэ үйл явц том зургаараа маш буруу зүй тогтол. Европт ХХ зууны эхэн үед яг ийм үйл явц өрнөсөн. Парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд байж болох хамгийн доод хэмжээндээ хүрсэн. Нийтээрээ улс төрийн намуудаа нулимдаг, туригдаг болсон. Нам ямар ч хэрэгггүй гэсэн үзэл суртал бий болсон. Яг энэ орон зайн дээр популист улс төр амилдаг. Энэ орон зайн дээр нэг дүр амилсан нь Герман улсын хувьд Адольф Гитлер байсан. Тэрээр Үндэсний ажилчдын нам гэх социалист нам байгуулж, ардчилал, хүний эрхийг устгаж, дэлхийн дайныг өдүүлж, улс үндэстнээ шившигт байдалд оруулсан. Үнэндээ өнгөрсөнд өрнөсөн үйл явц, түүх бидэнд маш олон сургамж үлдээсэн. Гэтэл бид энэ түүхийн бас нэг өөр хэлбэр рүү л яваад байгаа юм. Та нар бод доо. Парламентын нэр хүнд унаад, төрдөө итгэх иргэдийн итгэл багасч, УИХ-ыг бүрдүүлдэг намуудын нэр хүнд унасаар байвал иргэд юу хүсэмжилдэг вэ гэхээр “Хэн нэгэн чанга гар гарч ирээсэй” гэж боддог. Гэтэл тэр чанга гарын дүрд тоглохыг хүссэн нэг солиотой нөхөр “Би Монгол Улсаа аварна. Өөр хэн ч биш”хэмээн гарч ирнэ. Энэ галзуурал, солиорол Үндсэн хууль, ардчилал, парламентын засаглалыг үгүй хийдэг. Ямар ч шилдэг удирдагч байсан хоёр том хөршөө дангаараа сөрж, босч чаддаггүй юм. Бидний өнгөрсөнд туулсан гашуун түүхээс ч үүнийг харж болно. Бид улсынхаа зургаан Ерөнхий сайдыг Москвад аваачиж буудуулсан биз дээ. ЗХУ-ын бодлогын дагуу явахгүй байсан учраас тэднийг ямар нэгэн аргаар зайлуулж байсан. Яг л ийм бодлого руу явж байна. Одоо улайм цайм буудчихгүй л байх л даа. Гэхдээ л улс төрийн дарамт шахалтад орсон хэвээр л байна.Тэгэхээр монгол төр өөрөө өөрийгөө мэддэг. Монголын ард түмэн төрөө сонгодог энэ зарчмаа 1992 оны Үндсэн хуулиар бий болгочихсон юм бол цаашаа хадгалж үлдэх ёстой. Өнөөдөр хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхаас, аль нам УИХ-д олон суудалтай байхаас үл хамаарч Монгол төрийн алтан аргамжааны бодлого гэж байх ёстой. Үүний гол тулгуур нь парламентын засаглал. Гэтэл парламентын засаглал улс төрийн намуудгүйгээр утга учиргүй. Багана байхгүйгээр монгол гэрийг босгох арга байдаггүйтэй л ижил. Тиймээс улс төрийн намын хуулийг сууриар нь өөрчлөх ёстой. Улс төрийн намууд бодлогын нам болох ёстой. Хоосон гишүүнчлэлээр уралддагаа зогсоо.Манай нам 200 мянган гишүүнтэй, нөгөө нам 150 мянган гишүүнтэй гэх мэт бодит бус тоогоор өрсөлддөг хоосон сүржигнэлийг болих ёстой. Намын гишүүн элсүүүлж байгаа нэрээр улаан, цэнхэр,ногоон батлах өгдөг энэ арга барил үеэ өнгөрөөсөн. Одоо арай өөр арга барилаар улс төрийн намууд ажиллах ёстой гэж харж байгаа. Гэтэл Улс төрийн намуудын тухай хууль шинэчлэгдэхгүй байгаа нь намуудыг хүчээр буруу бодлого, хэлбэр рүү аяндаа түлхээд байгаа юм. Энэ асуудалд парламент хариуцлагатай хандах ёстой. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувьд нам бус. Тэрээр намаасаа түдгэлздэг албан тушаалтан. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулна хэмээн найдаж байгаа. Парламентад суудалтай болон парламентын гадна байгаа бүхий л улс төрийн намуудын оролцоог хангасны үндсэн дээр уг хуулийг цогцоор нь шинэчлэх юм бол улс төрийн намыг дагасан завхрал, хэл ам, бүртгэлийн асуудал, хагарал тэмцэл гэх мэт бүхий л асуудал шийдэгдэнэ. Бид өвчнөө зөв оношлохгүй бол зөвхөн гадна талаас ил харагдаж байгаа шарханд лент наагаад эдгэхгүй шүү дээ. Тиймээс уг сууриар нь эмчлэх ёстой. Ардчилсан намд үүссэн асуудал тамга тэмдгээ булаацалдаад М.Тулгат, О.Цогтгэрэл дарга уу гэдэгт асуудлын гол нь байхгүй. Энэ бол Монголын Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхгүй л бол болохоо больчихсоныг, уг хууль цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй байгаа нь Монголын ардчилалд ямар их гай тарьж байгаагийн нэг илрэл. Ардчилсан нам дээр уг асуудал илэрсэн болохоос биш.

-Үндсэн хуульд зааснаар Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх улс төрийн намыг бүртгэхээр тусгаснаас нь асуудал үүссэн. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та үзээд байгаа юм байна. Тийм үү?

- Үндсэн хуульд Дээд шүүх ямар бүрэн эрх, үүрэгтэй талаар заасан байдаг. Дээд шүүхийн бүрэн эрхийн хүрээнд намуудын бүртгэлийг хариуцах талаар нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй. Харин одоо мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуульд намын бүртгэлийг дээд шүүх хийхээр заасан. Уг заалтыг өөрчилж ядаад байх асуудалгүй. Ямар Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа биш. Улс төрийн намын тухай хуулиа сууриар нь өөрчлөөд, намыг дээд шүүх бүртгэнэ гэдэг асуудлаа л больчих л доо. Ардчилсан улсын шүүх гэдэг хүний эрх, эрх чөлөөний баталгаа байдаг. Шүүх улстөрчдийн дур зоргоороо авирлах явдлыг таслан зогсоодог. Шүүх төр засгийн буруутай шийдвэрийг хүчингүй болгодог ийм л чиг үүрэгтэй байгууллага болохоос биш нам бүртгээд суудаг газар биш шүү дээ. Энэ бол зөвхөн бүртгэлтэй холбоотой асуудал. Өөрөөр намын санхүүжилт, гишүүнчлэлтэй холбоотой олон асуудал бий. Асуудлыг том зургаар нь харж байж манай улс хөгжлийн зөв замдаа орно. Түүнээс биш “Яс горьдсон нохой шиг” Дээд шүүхийн шийдвэр аль нэг талд нь гарснаар асуудал шийдэгдчих гээд байгаа юм биш. Эрх баригчид Ардчилсан намд үүсээд байгаа одоогийн асуудлыг хараад бах таваа хангаад сууж байж магадгүй. Баясах хэрэггүй. Энэ зовлонг удахгүй та нар ч үүрнэ. Учир Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлтэй холбоотой асуудал сууриараа буруу байна. Тийм учраас энэ асуудал дараагийн улс төрийн хүчинд ч тулгарна. Монголчууд нэгнийгээ, Монголын улс төрийн намууд биенээ чадаад яах вэ. Хоёр том гүрний дунд яаж бие даасан бодлого баримталж, улс орноо хөгжүүлэх талаар л бодмоор байна. Үүнийгээ том зургаар нь харж хоорондоо тэмцэлдсэн байсан ч модон сэлмээр зодолдмоор байна. Төмөр сэлмээр тулалдаж, нэгнийгээ хөнөөчих гээд байгаа аятай загнамааргүй байна. Улс төрийн намууд биенээ нугачин дардаг,тоглоом хийдэг, УИХ-ын гишүүд нь хариуцлагагүй ийм тогтолцоо руу бид орох ёсгүй шүү дээ.Бодлогын маргаан өрнүүлдэг, төрийн явуулж байгаа бодлогыг шүүмжилдэг эрүүл үзэгдэл байх ёстой. Гэхдээ үүнээс цааш зодолдохоо больё гэсэн хэмжээ хязгаар тогтоох ёстой. Тийм учраас модон сэлмээр зодолддог байх ёстой талаар зүйрлэж хэлээд байгаа юм.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд