Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Нийгэм
2021.05.31 09:05

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатар: Шүүгч хүн зөвхөн мэдлэг, чадвартай байхаас илүү ёс зүйтэй байх нь чухал

Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, Д.Болдбаатар нарт сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ. Тэгвэл тавдугаар сарын 25-нд Шүүхийн ёс зүйн хороо хуралдаж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, З.Болдбаатарын цалингийн 30 хувийг зургаан сараар хасах шийтгэл ногдуулсан юм. Энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатараас тодрууллаа.


-Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгчдэд авлига өгсөн байж болзошгүй асуудлаар “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Нэхүүл” хөдөлгөөн Шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан. Үүний дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Асуудал хэлэлцэх хугацааг удаа дараа хойшлуулсаар байсан шалтгаан нь юу юм бэ?

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдуулан “Зохисгүй байдал гаргасан” гэсэн гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “Нэхүүл” Нам бус залуусын хөдөлгөөн ТББ, “Дархан Монгол ногоон нэгдэл” ирүүлсэн. Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд зааснаар Ёс зүйн хорооны гишүүн гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгана. Энэ хугацаандаа багтаан шалгасан. Шалгалтын дараа Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар дээр дурдсан нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэсэн.

Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор албажуулах, түүнийг гардан авсан этгээд эс зөвшөөрвөл арав хоногийн дотор Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргах эрхтэй байдаг. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн зургаан цагаас тавдугаар сарын 8-ны өдрийн зургаан цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнээс дараагийн долоон хоногт Шүүхийн ёс зүйн хорооны ажилтнуудыг шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон.

Ингээд Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр хийсэн бөгөөд шүүгчээс гаргасан хуралдаан хойшлуулах хүсэлтийн дагуу нэг удаа хуралдааныг хойшлуулах зохицуулалт ёсоор Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан тавдугаар сарын 25-ны өдөр болж холбогдох шийдвэр гаргалаа. Тодруулбал, Шүүхийн ёс зүйн хорооноос хуралдааныг хууль, дүрэмд заасан хугацаанд хийж ирсэн.

-Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас нь огцруулах, З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Олон нийтэд ил болсон бичлэгт гурван шүүгч хамт байсан. Ямар учраас ондоо шийтгэл өгч байгаа вэ?

-Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн хоёрт “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгч З.Болдбаатарын хувьд цахилгаан шатны болон үүдний хонгилд болсон үйл явдалд байгаагүй. Энэ нь нөгөө хоёр шүүгчид хүлээлгэх сахилгын шийтгэлээс өөр шийтгэл хүлээлгэх нөхцөл болсон.

-Энэ шийдвэрийг өмгөөлөгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар хүлээн зөвшөөрч байгаа юу. Хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

-Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаас гаргасан магадлалыг хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор бичгээр албажуулна. Нэр бүхий шүүгчид тус магадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

-Шүүхийн ёс зүйн хорооноос эдгээр шүүгчдийг ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа вэ?

-Нэр бүхий гурван шүүгчийн хувьд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн нэгт “Шүүгч нь ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн нэгт “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн нэгт “...хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна гэж Шүүхийн ёс зүйн хорооноос дүгнэсэн.

-Эдгээр шүүгчид олны анхааралд байдаг том хэргүүд дээр ажиллаж байсан шүү дээ. Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар шүүх байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

-Шүүгч Д.Отгонбаатарын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тангараг өргөж, шүүгчээр ажиллаж байна. Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нарын хувьд 2006 оноос хойш шүүгчээр ажиллаж байна. Дээрх гурван шүүгчийн хувьд шүүгч болохоос өмнө шүүхэд шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнаар ажиллаж байсан.

-“Шүүгч байхын урьд эхлээд хүн байх ёстой” гэж ахмад шүүгч, салбарын хүмүүс ярьдаг. Иргэд ч шүүгч болох босгыг чангатгах хэрэгтэй байна уу даа гэж шүүмжилж байна. Энэ тал дээр салбарын хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-Шүүгч зөвхөн мэдлэг, чадвартай байх хангалтгүй, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхүйцээр албандаа болон хувийн амьдралдаа хандах шаардлагатай байдаг. Хуульчдын дундаас шүүгчийг сонгох үйл явцын алдаа дутагдал нь хожим ёс зүйн зөрчил гаргах шүүгчийг бий болгох байдал ажиглагддаг. Тэгэхээр ёс зүйтэй шүүгч байх нь ёс зүйтэй эрх зүйч, хуульч болохоос эхлэлтэй, хуульчдаас шүүгчийг шилж сонгох зэрэг цогц үйл ажиллагаанаас хамаардаг болохыг онцгой анхаарах шаардлага бий.

Онцлох нийтлэлүүд