Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Нийгэм
2021.12.31 09:12

Ш.Гунгаадорж: Шинэ оноо урьдынхаараа угтана даа

Хөдөлмөрийн баатар цол саяхан хүртсэн Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.


- Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй-


-Та Атрын анхдугаар аяныг манлайлж явсан хүн шүү дээ. Атрын нэг, хоёрдугаар аяны онцлог юу байв?

-1959 он гэдэг Монгол Улс гаднаас гурил, ногоогоо зөөдөг, зөвхөн махаар л өөрийгөө хангадаг үе байлаа шүү дээ. Тэгэхэд газар тариаланг хөгжүүлэх зорилго тавиад, Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан юм.Төр засгаас том зорилт дэвшүүлсэн. Зорилт хэрэгжүүлэх их үйлс, миний хойноос сургууль төгсөж ирсэн үе (1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Академийг агрономич мэргэжлээр төгссөн) давхцаж, энэ ажил руу орсон юм. Сангийн аж ахуйг Удирдах газар гэж шинээр байгуулагдахад, тэнд ажиллаж, Атрын анхны аянд оролцсон юм.

Атрын анхны аян арав гаруй жил үргэлжилж амжилттай хэрэгжлээ. Тэгээд л дараа дараагийн аянууд өрнөөд явсан хэрэг.

-Монгол газар тариаланд тохиромжгүй уур амьсгалтай орон гэж зарим тариаланч, судлаач ярьж байсан. Цаашдаа хагалах талбайгаа нэмээд байх ёстой юм уу, байгаа газраа хөрсийг нь хамгаалж зөв арчлах ёстой юу?

-Тохиромжтой, тохиромжгүй гэдэг харьцангуй асуудал. Яаж шинжлэх ухааны үндэстэй, мэргэжлийн үүднээс газартай харьцахаас л шалтгаална. Эхлээд судалгаа явуулна. Тохиромжтой газар хаа байна. Хичнээн хэмжээний газар байна гээд Атрын аяныг анх эхлүүлсэн хэрэг. Монгол Улс газар тариалангийн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаж, ялангуяа гурилын хэрэгцээг өөрөө хангахын тулд гарцаагүй тариа тарих хэрэгтэй. Тариаланг хөгжүүлэх шаардлага байсан учраас атар газрыг эзэмших Атрын анхны аян амжилттай хэрэгжсэн юм. Гурилын үйлдвэрүүд байгуулаад, дотооддоо гурилаа үйлдвэрлэж, анхны зорилго хэрэгжсэн. Хүмүүсээ сургах хэрэгтэй байсан. 1959 онд өчигдөр морин дэл дээгүүр давхиж явсан малчин залуус 45 хоногийн курс хийгээд, трактор бариад, тариаланч болоод, ажилласан хэрэг шүү дээ. Зөвлөлтийн техник, эдийн засаг, мэргэжилтний туслалцаа тэр үед их тус болсон.

-1970-аад оноос хөрс хамгаалах талаар яригдаж эхэлсэн юм билээ. Та хөрс хамгаалах талаар Канадын туршлага судалж хэрэгжүүлж байсан гэл үү?

-Эхлээд газраа хагалаад, тариад явсан. Атар газар эхний арван жилдээ тариа ногоо сайн авсан. Сүүлдээ салхинд хөрс хийсээд, газрын үржил шим муудаж эхэлсэн. Тийм учраас хөрсөө хамгаалах асуудал гарцаагүй гарч ирээд, 1960-аад оны сүүлчээс хөрс хамгаалах том арга хэмжээ авч, хүмүүсээ Канад, Казахстанд явуулж, туршлага судлуулж байлаа. Тэгээд хөрсийг эргүүлэхгүй, хавж хагалах, зурваслан тариалах системийг Монгол Улс 1960-аад оны сүүлчээс эхлэн 1970-аад онд нэвтрүүлсэн юм. Технологийн шинэчлэл хийсэн хоёр дахь том Атрын аян байлаа.

-Манайхан энэ намар ургац арвин авсан гэсэн мөртлөө чанар сайнгүй талаар мэдээлж байсан. Бороо орохгүй бол үр тариа гандаж хорчийгоод, бороо ус ихтэй жил бас чанар нь мууддаг юм болов уу даа?

-Ер нь газар тариалан гэдэг зовлонтой л доо. Гол нь технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлж, явах ёстой. XXI зуунд бол бид тэнгэрийг нэг их царайчлахгүйгээр технологи, шинжлэх ухааны ололтоор газар тариалангаа хөгжүүлэх ёстой гэж би ойлгодог юм. Ер нь Монгол тариалалтад эрсдэлтэй бүс гэж тооцогддог. Ган болвол тариа ургахад хүндрэл учирна. Бороо хэдийд ороход бас учир бий. Цагаа олоогүй бороо бол бас хэцүү. Энэ жил бороо илүүдсэн, цаг үеэ олоогүй учраас тариа нэлээд нялхарч, болц оройтсон тал бий л дээ.

-Таныг До.Цэнджав гуай газар тариалангийн “сурах бичиг” гэж тодорхойлсон байдаг. Харин та газар тариалангийн түүхээс гадна өөрийнхөө дурсамжийн номыг бичсэн үү?

-Миний хоёр дахь ном гарсан л даа. Атрын анхны аян, хоёрдугаар аян яаж явсан талаар бичсэн юмнууд бий. Атрын 60 жилийн ойн үеэр дахиж хэвлэгдсэн юм. Сэтгүүлч Ш.Цэрэнпил агсны “Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж” гэж ном байдаг. Тэнд л миний тухай байж байгаа л даа.

-Та Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ өдрүүдэд юу захиж хэлмээр санагдаж байх юм бэ?

-Нас ч нэлээд явж байна. 80 гараад явж байна. Би зөвхөн газар тариалан ч биш, хөдөө аж ахуйн салбарын төлөө насаараа зүтгэж ирсэн хүн. Цаашдаа газар тариалангийн салбарт шинжлэх ухаанчаар хандах нь чухал байна. Техник технологийн дэвшлийг голлон анхаарч, газар тариалангаа хөгжүүлэх ёстой гэж үздэг. Тэрний төлөө залуу тариаланчид, яамныхаа нөхдөд чадах ядахаараа зөвлөж байгаа л даа.

-Ковидын үед хил хаагдаж, хүнсний хомсдолд орчих вий гэж хүмүүс эхэндээ санаа зовж байлаа. Гэтэл та нийгмийн шилжилтийн яг эхэнд 1990-ээд онд Засгийн газрыг тэргүүлж байсан шүү дээ. Тэр үед хүмүүс өлсөх вий гэж санаа зовж байв уу?

-Би айхавтар санаа зовоогүй. Яагаад гэвэл Монголд газар, мал, малчид нь байна. Гол нь бэлчээрийн мал аж ахуй маань байгаа цагт монголчууд өлсөх, цангахын зовлонг үзэхгүй гэж найдаж байгаа юм. 2008 онд эдийн засгийн хямралын үеэр ч дэлхий даяар хүнд болсон шүү дээ. Монгол Улс малынхаа буянаар тэр хүндрэлийг амсаагүй өнгөрсөн. Цаашдаа ч монголчууд ийм хүндрэлийг амсахгүй. Ганцхан “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Эрхэлдэг эзэд нь, төрийн ноёд, хөдөө аж ахуйгаа хамгаалдаг, хариуцдаг хүмүүс нь хариуцлагатай ажиллаасай. Малчид тариаланчидтайгаа ойр ажиллаж, контороос удирдах бус, тулж ажиллах, амьдрал дунд орох хэрэгтэй. Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй. Төр засаг нь түмэн олонтойгоо амьд холбоотой байсан цагт монголчууд өлсөхийн зовлон үзэхгүй ээ.

-80 гараад ирэхээр янз бүрийн л юм эргэцүүлж боддог байх даа?

-Насан туршдаа албаны хэнхэг залгасан хүн чинь салбар, ажил, улс орны тухай л бодож харж, санаа зовж байх юм даа. Тэр бодол санааг маань хүлээж авдаг ч юмуу асуудаг, сонсдог тал нь хэр байгаа юм гэдэг өөр асуудал. Ард түмнээ хүнсээр хангах тухай л бодож байх юм. Мал, газар хоёроо сайн ашиглаж байсан цагт монголчууд амгалан тайван амьдарна. Түүнд л залбирч, санаа зовж суух юм даа.

-Ингэхэд та ямар гурил сонгодог вэ?

-Би бол гайгүй гурил иддэг. “Алтан тариа”-гийн гурил л иддэг юм.

-Шинэ жил болох нь ээ. Та энэ шинэ жилийг яаж угтах вэ?

-Хүүхэд шуухад ирээд, орой шампанск задлаад, шинэ оноо урьдынхаараа угтана даа. Төр засгийн буянд баярлаж байна. Энэ жилийн шинэ жилийг шинэ нөхцөлд тэмдэглэх болж байна. Хөдөлмөрийн баатар боллоо. Тэглээ гээд сүржигнээд байх юм алга. Төрийн хайр хишгийг хамт олонтойгоо ёслох, баярлах үе гарах байх. Ковид, өвчин зовлон саараг, урин дулаан болог. Тэгж байгаад бас зүгээр байхгүй л дээ. Бид хоёр бас нэг сарын сүүлээр хүүхдүүд рүүгээ явах санаатай байгаа.

-Таныг бага байхад шинэ жилийг яаж тэмдэглэдэг байв даа?

-Намайг дунд сургуульд байх үеийн шинэ жилийг одоогийнхтой жиших юм байхгүй. Гэхдээ л хөөр хөгжөөнтэй байж дээ. Тэр үедээ маш их баярладаг, ногоон модоо чимчихнэ. Цаасаар гинж, чимэглэл хийдэг. Түүнийгээ янз бүрийн өнгөөр будаад, шинэ жилийг их л хүлээдэг байсан санагддаг юм. Өвлийн өвгөн, ан амьтадтайгаа ирдэг. Би чинь чоно болдог байлаа. Дах нөмрөөд чоно болоод улиад байна даа. (хөхрөв)

-Та багадаа Бага Ухна гэдэг өхөөрдсөн нэртэй байсан гэдэг байх аа?

-Тэр чинь нялхын нэр шүү дээ. Манай говийнхон Ухна гэсэн нэр их өгдөг заншилтай л даа. Ах надаас гурав ах. Түүнийг Их Ухна. Намайг Бага Ухна гэж нэрлэдэг байсан гэдэг. Би чамд өмнө нь ярьж байсан байх аа. Сэмбээ ринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч, буцаж явахдаа яагаад ч юм Мааньтын шанд гэж миний төрсөн газраар дайрч л дээ. Аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу, ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай гэсэн утгатай гэдэг. Түвдийн хувилгааны хайрласан нэр, буян хишиг нөлөөлсөн байлгүй. Ерөөлтэй л юм.



Онцлох нийтлэлүүд