Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn
2022.08.31 09:08

Ш.Гүрбазар: Ажлын гараагаа зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн DNN.mn

Нийтлэлч: Цогтжаргалын Уянга


Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.


-Гурван сайхан бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн талаар тань ярилцлагаа эхэлье...

-Монгол хүний бэлгэшээл юм, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор миний бүтээлүүдэд Монгол Улсын төрийн шагнал хүртээсэнд үнэхээр их баярлаж, догдолж байгаа. Уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан хүндлэл. Монголоо, эх орноо гэсэн шүлгүүдэд минь өгсөнд их баяртай байгаа. Төр түмний буяндаа, түмэн олондоо их баярлаж талархаж байгаа. “Би Монголоороо гоёдог” 16 бадаг урт найраг. “Би Монголтойгоо адилхан” ч бас л бэсрэг найраг, тэдгээрийг Болор цомд уншиж байлаа. Харин “Монголын үнэртэй салхи” бол шүлэг л дээ. Энд нэг л юм бий. Ерөөсөө манай алдартай эх орны шүлгүүд голдуу нийтлэлийн аястай байдаг. Тэгэхээр би ер нь эх орныг иргэний уянгын хийсвэрлэл маягаар туурвиж үзье гэж л энэ гурван бүтээлээ хийсэн юм. Энэ нь сэтгэл, сэтгэмж хоёр л гэсэн үг шүү дээ. Тэгэхээс улстайгаа адилхан, улсаараа гоёно, эсвэл нэг улсын үнэртэй салхи гэж байдаггүй байх. Шүлгүүдийг маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Д.Отгонбаяр, Т.Сэр-Од нар бага хэсгээс нь дуу хийж хүмүүст хүргэж олонд танил болгосон. Эх орны шүлгийг бусдаас онцлогоор гаргаж ирнэ гэсэн бодол байсан. Бодол минь төр түмний хайр, хүндэтгэлд хүрлээ дээ. Уран бүтээлийн тухай ярихад, намайг уран бүтээлч болгож энэ онгодыг хөтөлсөн хүмүүсийг их боддог. Нэгдүгээрт, миний өсөж төрсөн говь нутаг, ижий аав минь намайг их уяхан болгосон юм. Үүнээсээ шүлэг бичих санаа төрж зургадугаар ангидаа шүлэг бичиж эхэлсэн. Долдугаар ангид Боржигоны яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Батжаргал багштай учирч, наймдугаар ангиасаа домогт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай танилцаж 2019 он хүртэл ах дүүс шиг хамт явлаа. Оюутан байхдаа 1974 онд Д.Намдаг гуайтай гэрт нь танилцаж багш шавийн барилдлагатай болж хичээлд нь сууж байсан. Энэ сайхан хүмүүсийг бараадсаны буян, утга зохиолын их буян надад ирсэн гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Хайрын тухай шүлэглэсэн роман бичээд дуусч байгаа гэсэн үү?

-Тийм. Би 2018 онд “Бодь гөрөөсний зүүд” гээд эхийн сэтгэлийн тухай өгүүлсэн шүлэглэсэн роман бичсэн. “Бодь гөрөөсний зүүд” роман надад их том урам өгсөн. Романыг уншсан, үзсэн, судалсан судлаачид их сайн шүлэглэсэн роман болсон гэсэн. Үүнээсээ урамшин хайрын тухай шүлэглэсэн роман бичээд бараг дуусч байна. Хайр сэтгэл мөнхийн сэдэв учраас энэ оны сүүл гэхэд гаргачих болов уу гэсэн бодолтой байна даа.

Мөн төр түмэн минь үнэлж Монгол Улсын төрийн соёрхол гэх сайхан шагналаа хүртээсэн учраас энэ оны аравдугаар сард төр түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлэн талархлын тоглолт хийх гэж байгаа. Найр наадам гэхээс илүүтэй талархлын тоглолт зохион байгуулах нь хүнд хүртээлтэй, надад бахдалтай юм даа. Талархлын тоглолтыг “Hero” энтертайнмент зохион байгуулна. Үүнийг ажил, бүтээл болгон явж байна. Миний үеийн зохиолч хүн дээд тал нь 30, 40 номтой байх юм. Би гэхэд жүжиг, яруу найргийн шүлэглэсэн роман зэрэг зургаан номтой. Надад өөрийн бүх шүлгүүдээ буцаж түүвэрлэн тав зургаан номоосоо өөрийнхөө хураангуйлсан шүлгийн ном гаргах бодол ч байна. Миний шүлгүүд миний л бодол, надтай л адилхан. Би ч эх оронтойгоо адилхан шүү дээ. Миний түүвэрлэсэн шүлгээс нэг хүн ч гэсэн мэддэг байгаасай гээд түүвэрлэсэн зохиол дээрээ ажиллаж байна. Уран бүтээлч, сэтгүүлч хүний хувьд хөтлөх урлагт 50 жил, шүлэг бичихэд 50 гаруй жил, жүжиг зохиоход 40 жил, Монголын сэтгүүл зүйн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөн ажиллаж, тус дөрвөн ажлыг өөрийн чадлын хэмжээнд хийгээд зорьж яваа хүн. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд “Гүрбазар” академи үүсгэн байгуулсан. Залуучуудыг соён гэгээрүүлэх, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээ Академийнхаа хүрээнд зааж, сургалтдаа шинэ хөтөлбөрүүдийг нэмэх зэрэг ажлуудтай байна. Үүний зэрэгцээ хоёр, гурван хүний кино зохиол дээр сууж зүгээр суухгүй л байна, ах нь.


-Хүний сэтгэлд хоногшиж үлдсэн, ямар ч хүнд уудалмаар дурсамж бий шүү дээ. Тийм дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ер нь маш олон дурсамж бий. Хүн дурдатгал, дурсамж хоёр дээрээ амьдарч, өөрийн бодлынхоо талыг дурдатгалаараа бүтэн болгож байдаг юм гэсэн. Хүн заавал өөр рүүгээ нүүж байдаг амьтан. Өдий настай хүн бага нас, 15, 16 настай үеэ бодож, тэр дурдатгалаараа эргэж, хөглөгдөж явдаг. Хүний амьдралын тал нь дурсамж байдаг. Юу мөрөөднө тэр хэмжээндээ сайхан явна, сайхан зүйлсийг мөрөөдөж түүнийгээ бүтээхийг зорих гэдэг шиг мөрөөдөл, дурсамж хоёр хүнийг авч явдаг гэж боддог. Эргээд бодоход ямар нэгэн юм хийж бүтээн хүнд харуулах гэдэг их сайхан. Би долдугаар ангидаа шүлэг уншин урлагийн үзлэгтээ алтан медаль авч, намар нь аймгийнхаа тоглолтод оролцсон. Тэр үед ижий аав хоёрыгоо суулгаад, ээж аавдаа харуулах нь хамгийн сайхан байсан. Ижий ааваараа магтуулна гэдэг их сайхан. Одоо бодоход уран бүтээлч болж байгаагаа ээж аавдаа харуулсан байх нь. Манай аав над руу нэг хараад, нэг эргэж хараад суугаад байж билээ. Одоо эргээд бодох нь ээ нэгдүгээрт, энэ чинь миний хүү шүү гэсэн байртай, хоёрдугаарт хүмүүс хүүг минь хэрхэн хүлээж авч байна вэ гэсэн байдалтай байсан. Тэр нь л их сайхан, гоё дурсамж байдаг даа.

-Та зохиолчдын хороонд С.Эрдэнэ, Д.Мягмар, Д.Пүрэвдорж зэрэг зохиолчидтой хамт ажиллаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-1977 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангийг төгсөн шууд Монголын зохиолчдын хороонд хуваарилагдсан. Тэр үед Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Д.Мягмар, Н.Банзрагч зэрэг дандаа алдартай зохиолчидтой нэг коридорт явж, нэг сонин уншиж, нэг цайны газарт хоол иднэ гэдэг надад их хувь тохиосон. Зохиолчдын хороонд хоёр жил ажилласан минь надад А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хоёр жил сурсантай адил тийм их өглөг, буянаа өгсөн. Анхныхаа ажлын гарааг зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн.

-50 гаруй жилийг утга уран зохиолын салбарт зориулсан хүний хувьд залуу үеийн төлөөлөлдөө юуг захиж, зөвлөх вэ?

-Би тийм сэдвээр бичвэл зохиолч болно, энийг бич тэрийг бич гэж сэдэв заахгүй. Сүүлийн үед манай залуучууд их сайн бичиж байгаа. Яруу найрагчдын шүлэг өөрийнх нь үзэл бодолтой л адилхан байдаг юм. Тиймээс тэр яруу найрагч сайн, тийм шүлэг хамгийн мундаг шүлэг гэж түвшин тогтоож болохгүй. Миний шүлгүүд надтай л адил миний л үзэл бодол, таалагдах хүн, таалагдахгүй хүн ч байж болно. Залуучуудыг, ялангуяа зохиолчдыг харахад утга зохиол сурталчилгаа их муудаад байна даа гэж харагдаж байна. Утга зохиолыг ямар зохиол, ямар бүтээл юу гарч ирсэн талаар ерөөсөө сурталчлахгүй байна. “Болор цом” бол утга зохиол сурталчилгаа биш шүү дээ. Хүмүүсийг уран зохиолд хайртай болгох баяр. 1970-1980-аад онд утга зохиол сурталчилгаа маш өндөр хөгжсөн, нэг шүлэг гарахад улсаараа хоорондоо ярилцаж, судалж шүүмжилдэг байсан. Утга зохиол сурталчилгаа, судлал муудсан учраас энэ салбар хөгжөөгүй юм шиг харагдаж байгаа юм. Залуучууд суугаад сүүлийн үеийн дууг гоё дуу гэж байгаа ч хамтдаа сууж тэр яруу найрагчийн шүлэг тийм гэж ярилцаж байхыг хараагүй. Залуучууд өөр өөрийнхөө мэддэг, мэдэрдэг, өмгөөлдгөө л бичдэг.

-Та утга уран зохиол, яруу найраг ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Хатуухан хэлэхэд, би өнөөдөр манай урлаг ямар хэмжээнд явж буй гэдгийг хоёр талтай хардаг. Нэгдүгээрт, жаахан урагшилмаар байна. Өнөөдөр Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав гуай шиг хөгжмийн зохиолч төрөх ёстой шүү дээ. Дараагийн үе ийм хүмүүсийг бий болгох ёстой. Тэр хэмжээний томоохон бүтээлүүд гарч байна уу гэдэгт анхаарч ийм уран бүтээлчдийг төрүүлэх ёстой. Одоо хүртэл сайхан симфони гарч ирэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, XXI зууны монголчууд мөртлөө урлагийн салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхэд их муу байна. 1970-аад оны сүүл гэхэд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 90 хувийг ОХУ-д консерватор төгссөн хүмүүс хөгжимдөж байсан. XXI зуун бол Англид, АНУ-д хөгжмийн сургуульд хүүхдүүдийг сургаж гадны соёлыг дотогшоо оруулж ирэхгүй дотроо бие биедээ дарлаад байж болохгүй шүү дээ. Монголын бүх хөгжмийн зохиолчид дандаа хойно ОХУ-д төгссөн. Тухайлбал, СУИС төгссөн залуучуудаас Соёлын яам конкурс аван улс мөнгийг нь төлөөд гадагшаа сургах хэрэгтэй. Зураач, хөгжмийн зохиолч, найруулагч, удирдаач зэрэг урлагийн бүх төрөлд 10 хүүхдийг сургахад таван жилийн дараа Монголын урлаг хөгжинө. Манай урлаг өөрийгөө тойрч эргэлдээд байж болохгүй. Боловсон хүчнийг бэлтгэж, бодохгүй бол урлаг өөрөө унана. Хүн уншиж, бодохгүйгээр хөгжиж явахгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд Монгол Улсын Консерватори, СУИС өөрсдийн чадлынхаа хэрээр боловсон хүчнийг бэлдэж байгаа.

Би Монгол Улсын боловсролын яамны сайдад өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн. “Гүрбазар” академи байгуулж байна, би 300 хүнээс шалган 10 хүүхдийг сонгон шалгаруулж авъя. Тэгээд гурван сар тэр хүүхдүүдэд хичээл заая, ганцхан энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төр дааж хүүхдүүдээс төлбөр авахгүй байх гэсэн саналыг тавьсан. Сургалтын талаар зарлах үед зурагтаар од болох, хурдан нэрд гарах гэсэн сургалт юм гэж зарим залуус ойлгож ирэх нь ч бий. Би 300 хүүхдээс 10 хүүхдийг шалгаруулаад гурван сар бэлтгэж телевизийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нарын дараагийн халааг бэлдэх хүсэлтэй байна.

Төгсгөлд нь хэлэхэд түмэн олон, төрдөө их баярлаж байгаа. Би ганцхан зүйлийг сэтгүүлч хүний хувьд их бодсон. Долдугаар сарын 6-ны өдөр төрийн шагналаа аваад үдээс хойш, маргааш нь цахим хуудсаар олон хүн нийгмийн сүлжээнд их хүндэтгэлтэй хандаж нүдээ олсон шагнал байна гэж хүндэтгэсэн. Ард түмэн минь намайг ямар их хүндлэв ээ, үүний хариуд нэг зүйл хийх юмсан гэдэг бодол төрсөн. Олон түмэндээ маш их баярласан учраас талархлын тоглолт хийх төлөвлөгөөтэй байна даа.