Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Улс төр
2021.06.18 09:06

Элчин сайд Ё.ОТГОНБАЯР: Миний ажиллаж байх хугацаанд Монгол-Америкийн харилцаа стратеги түншлэлиийн түвшинд хүрсэнд баяртай байна

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.


-Монголд саяхан Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АНУ-д оршин суугаа монгол иргэд энэ сонгуульд хэрхэн оролцов?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль АНУ-д аливаа зөрчил, маргаангүй, ирц сайтай болж өнгөрлөө. АНУ-ын хувьд Вашингтон дахь ЭСЯ, НҮБ-ын дэргэд суугаа БТГ, Сан Франциско дахь ЕКГ-т салбар комиссууд байгуулагдаж, санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгуульд манай ЭСЯ-нд нийт 613 хүн бүртгүүлснээс 467 хүн саналаа өгч, ирц 76.2 хувьтай байлаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Вашингтон дахь ЭСЯ-нд бүртгүүлсэн иргэдийн 54 хувь нь саналаа өгч байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд сонгогчдын ирц өмнөх сонгуультай харьцуулахад 20 хувь орчим илүү байлаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен саяхан гаргасан мэдэгдэлдээ Ардчилсан хувьсгалаас хойших найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд манай гуравдагч хөрш, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахын төлөө шинэ Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах болно гэсэн байна лээ.

-Энэ мэдэгдлийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-АНУ нь дэлхий дахинд ардчилсан үнэт зүйлсийг өргөжүүлэн хамгаалахад байнга чухал ач холбогдол өгч ирсэн. Ялангуяа, Ерөнхийлөгч Ж.Байдены хувьд ардчилал, хүний эрх зэрэг асуудлыг АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон зарласан. Энэ хүрээнд АНУ нь дэлхийн улс орнуудад болж буй сонгууль зэрэг үйл явцыг тогтмол ажиглаж ирснийг бид бүгд сайн мэдэх билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн бэлтгэл, сонгуулийн үйл явц зэргийг АНУ нь Монгол Улсад суугаа Элчин сайд, ЭСЯ-аараа дамжуулан албан ёсоор ажиглах хүсэлт ирүүлж, ажиглалт хийсэн. Бид үүгээр ч сонгуулийн бэлтгэл ажил, үйл явц, дүн зэргийн талаар Төрийн департамент, Цагаан ордны ҮАБЗ зэрэг байгууллагад тогтмол мэдээлж ажиллалаа.

Манай энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен энэ зургадугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл хийж, Монгол Улсыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа амжилттай зохион байгуулсанд манай ард түмэн болон төр, засагт баяр хүргэсэн. АНУ-ын энэхүү мэдэгдлийг Америкийн засаг захиргааны албан ёсны байр суурь, манай Ерөнхийлөгчийн сонгууль ардчилсан, нээлттэй, хууль ёсны дагуу амжилттай зохион байгуулагдсаны илэрхийлэл гэж монголчууд бид ойлгож, хүлээн авах ёстой юм.

Энэ нь мөн хоёр улсын Стратегийн түншлэлийн хүрээнд АНУ-ын өнөөгийн Засаг захиргааны зүгээс Монгол Улсын сонгууль, ардчилсан үнэт зүйлсийг онцлон тэмдэглэж, сайшаан мэдэгдэж буй хамгийн анхны мэдэгдэл гэдгээрээ мөн чухал юм.

-Монгол, Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол Конгрессоор батлагдсан. Ингэснээр гуравдагч хөршийн харилцаа нэг шат ахилаа гэж үзэж байгаа. Үүний үр дүн, одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилга гаргаж, тус бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүд Д.Тайтус, Д.Янг нар болон бүлгийн гишүүн Т.Ёохо нар доод танхимд, Сенатч Д.Салливан, Б.Кардин нар Сенатад буюу дээд танхимд “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ын төслийг өргөн барьсан юм. Тогтоолын төсөл доод танхимд өнгөрсөн 2020 оны арванхоёдугаар сард, Дээд танхимд энэ оны дөрөвдүгээр сард тус тус батлагдсан. Энэхүү тогтоол хоёр Засаг захиргаа, хоёр Конгресс дамжиж батлагдсан нь АНУ-ын улс төрийн гол хоёр хүчин болох АН болон БНН-ын зүгээс Монгол, Америкийн стратегийн түншлэлийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагийн бодит илэрхийлэл бүхий мессэж гэж хэлж болно. Манай УИХ-ын Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо 2020 оны хоёрдугаар сард Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг дэмжиж тогтоол баталсан. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд ийм баримт бичгүүд баталж гаргасан нь манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа аливаа Засгийн газраас үл хамааран улам өргөжин хөгжихийн баталгаа болж буйгаараа чухал ач холбогдолтой хэмээн үнэлэх нь зүйтэй.

-Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг өргөн барьсан байна лээ. Энэ хууль батлагдсанаар манайд ямар үр дүн өгөх вэ?

-“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг шинэ Конгресст дахин өргөн бариулсан нь бидний хувьд ач холбогдолтой үйл явдал боллоо. Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж буй хоёр дахь чухал салбар юм. Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн 87 хувийг эзэлж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын гуравны нэг нь энэ салбарт ажиллаж байна.Энэ хууль батлагдсанаар манай хүн амын гуравны нэг нь хөдөлмөр эрхэлдэг салбарт малчдын ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө манай улс АНУ-ын зах зээлд оёмол бүтээгдэхүүн нийлүүлж байхад 30 гаруй мянган эмэгтэйчүүд эдгээр үйлдвэрүүдэд ажиллаж байсан.

Одоо энэ бололцоо эргэн нээгдвэл мөн тийм хэмжээний эмэгтэйчүүдийн ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Монгол Улс дэлхийн ноолуурын бараг тал хувийг үйлдвэрлэж байгаа боловч ноолуурынхаа ихэнх хэсгийг БНХАУ руу экспортолдог. Гэтэл АНУ бараг бүх ноолууран бүтээгдэхүүнээ БНХАУ-аас худалдаж авдаг. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх замаар АНУ-д мөн ашиг тусаа өгөх юм. Бидний хувьд эх орондоо эцсийн боловсруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү орлого шингэсэн бүтээгдэхүүн экспортлох явдал Засгийн газрын үйл ажиллагааны зорилттой нийцсэн хэрэг болно.

-Монголд АНУ-аас хөрөнгө оруулах боломжийн талаар таны бодол?

-Бид Монголд Америкийн хөрөнгө оруулалт харьцангуй бага байгаа тухай ярьдаг. Гэтэл манай улсын Өрнөдийн хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл болох Оюу толгойн ордын төслийн гол санхүүжүүлэгчид нь АНУ-ын банк, санхүүгийн байгууллагууд байдгийг энд зориуд тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс гадна АНУ нь хөгжингүй болон буурай хөгжилтэй орнуудад OPIC, USAID, IFC зэрэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийж, хоёр орны худалдааг нэмэгдүүлэх бодлого баримталдаг.

Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай хуулийн хүрээнд АНУ-ын Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци буюу USDFC нь орчин үеийн, нэгдсэн агентлаг болж, санхүүжилт нь нэмэгдэн 60 тэрбум ам.доллар хүрээд байна. USDFC нь зөвхөн хөгжингүй орнуудын хувийн хэвшлийн төслүүдийг төрөөс санхүүжүүлж, дэмжих зорилготой учраас манай хувийн хэвшлийнхэн ихээхэн идэвхтэй ажиллах шаардлагатай болж байгаа юм. Энэ байгууллага 1997 оноос хойш Монгол Улсад нийт 44 төсөл хөтөлбөрт 2.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Одоогийнхоос 20 дахин бага төсөвтэй үед ийм санхүүжилт олгосон гэхээр одоо ямар өргөн боломж нээгдсэн байгааг манайхан ойлгож буй биз ээ. Гол нь энд манайхны идэвх, санаачилгаас л хамаарах болоод байна даа. Мөнгө нь бол байна.

-АНУ-аас вакцин хандивлах улсын тоонд Монгол Улс багтсан байна лээ. Энэ вакцин хэзээ ирэх вэ. Хэдий хэмжээний вакцин нийлүүлэх боломжтой вэ?

-“Ковид-19” дэлхий нийтэд тархсан цагаас эхлэн хоёр улс хамтран ажиллаж харилцан туслалцаж ирсэн. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” тусламж үзүүлэх арга хэмжээний хүрээнд хандивласан нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг бэлэг болгон илгээсэн. Эдгээр өмсгөл Монгол-АНУ-ын хооронд хийгдсэн анхны шууд нислэгээр хүргэгдэн ирж, Аризона, Невада зэрэг мужид хуваарилагдсан. АНУ Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (USAID)-ийн шугамаар Монгол Улсад 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламж, 2 сая орчим ам.долларын өртөг бүхий 50 ширхэг амьсгал дэмжих аппаратыг буцалтгүй тусламжаар хүргэн өгсөн.

Сүүлийн үед АНУ дахь вакцины олдоц сайжирч, дархлаажуулалтын түвшин хангалттай болж эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн бусад улсад вакцин нийлүүлэх, хандивлах боломжтойгоо зарлаж, Ерөнхийлөгч Ж.Байден 500 сая тун Пфайзерын вакциныг дэлхийн улс орнуудад хандивлахаар худалдан авч буйгаа мэдэгдсэн. Эхний 200 сая тунг энэ онд багтааж, дараагийн 300 сая тунг ирэх оны эхний хагаст багтааж улс орнуудад өгнө. Энэхүү тусламжийг Вакцины олон улсын эвсэл GAVI-ийн шугамаар COVAX эвслээр дамжуулан өгөх юм. Өөрөөр хэлбэл, АНУ манайд вакцины тусламж олгохоор шийдвэрээ гаргасан, тусламжийг COVAX эвслээр олгоно гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс шууд ачиж авчирч өгөхгүй болохоор АНУ-аас вакцин тусламжаар ирэхгүй байна гэж бодоод байх шиг байна. COVAX эвслийн шугамаар Пфайзер вакцин ирээд манайхан тариулаад яваад байгаа шүү дээ. Өмнө нь АНУ 2 тэрбум ам.доллар энэ эвсэлд өгч байсан бол одоо тусламжийн вакцинаа шилжүүлэн, улс орнуудад хүргүүлж байна гэж ойлгох хэрэгтэй.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Монгол Улсад айлчлах гэж байгаад хойшилсон. Өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монголд айлчлах уу. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Монголд айлчлах боломж бий юү?

-Ж.Байкер, М.Олбрайт, К.Райс, Х.Клинтон, Ж.Кэрри зэрэг АНУ-ын үе үеийн Төрийн нарийн бичгийн дарга (ТНБД) нар Монголд айлчилж ирсэн уламжлалтай. ТНБД М.Помпео-гийн Монголд хийх айлчлал өнгөрсөн 2020 оны аравдугаар сард төлөвлөгдөж байсан боловч тухайн үед ерөнхийлөгч Д.Трамп “КОВИД-19” вирусийн халдвар авсны улмаас хойшлогдсон. Гэвч бид АНУ-ын ТНБД-ын айлчлал буюу дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний идэвхтэй хэмнэлийг үргэлжлүүлэх асуудлыг ярилцсаар ирсэн бөгөөд ТНБД Э.Блинкений айлчлалын товын тухайд санал солилцож байгаа. Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан утсаар ярих үеэрээ Монголд очно гэдгээ хэлсэн. Мөн ТНБД Э.Блинкенийн орлогч ойрын хугацаанд Монголд айлчлах төлөвтэй байгаа. АНУ-ын өөр өндөр түвшний хүмүүсийн айлчлал ч ид яригдаж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч Ж.Байден дэд ерөнхийлөгчийн хувиар Монголд 2011 онд айлчилж байсан. Түүнийг ерөнхийлөгчийн хувиар монголчууд халуун дотноор хүлээн авах болно гэдгийг Америкийн талд бид хэлдэг. Дипломат үйл ажиллагаа дэс дараалалтай явдгийг ойлгоорой. АНУ-ын Засаг захиргаанаас манай руу дээд, өндөр түвшний айлчлалууд үргэлжлүүлэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Америкийн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, монгол оюутнуудыг тэтгэлгээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах талаар та нэлээд ажил хийх шиг боллоо. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Америкийн их, дээд сургуулиудад манай улсаас 3000 гаруй оюутан суралцдаг гэсэн статистик байдаг. Харин монгол оюутнуудад олдож буй тэтгэлэг, хөнгөлөлтийн хувьд тун чамлалттай байдаг нь нууц биш. Тухайлбал, АНУ-ын Фулбрайт /Ful­bright/ хөтөлбөрөөр жилдээ 20-25 оюутан, Hubert Hum­prey хөтөлбөрөөр жилд 10 хүрэхгүй тооны оюутан бүрэн тэтгэлэгтэйгээр ирж суралцдаг. Үүнээс гадна манай цөөнгүй тооны оюутан өөрийн амжилт, ур чадвараараа шалгарч суралцаж буй сургуулиасаа тодорхой хэмжээний тэтгэлэг, хөнгөлөлт авч буй ч энэ нь бидэнд хангалтгүй юм. Сурч буй оюутнуудын үнэмлэхүй олонх хувийн зардлаар суралцаж байна гэсэн үг.

Иймд бид оюутнуудынхаа сурах нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс “2+2 хөтөлбөр” болон дотоодын оюутны төлбөрөөр суралцах гэрээг байгуулах чиглэлээр ажиллаж, зарим гэрээг байгуулж эхлээд байна. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Жорж Мейсоны их сургуулийн хооронд 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хоёр жил Монголдоо сураад, сүүлийн хоёр жилээ АНУ-д хөнгөлөлттэй үнээр сураад, хоёр сургуулийн дипломтой төгсөнө гэсэн үг. Энэ гэрээний дагуу ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг Жорж Мэйсон их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж, улмаар монгол оюутан залуус АНУ-ын их сургуульд дотоодын иргэний адил хөнгөлөлттэй зардлаар боловсрол эзэмших боломж бүрдэж байна. Канзас хотын Миссуригийн их сургуультай байгуулсан санамж бичгийн дагуу монгол оюутан дунджаар жилд 8.500 ам.долларын төлбөртэй суралцах боломж бүрдлээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам болон Флоридагийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгийг байгуулж, Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Цаашид мөн олон сургуультай ийм анхны гэрээ, баримт бичиг байгуулах боломжтой гэж харж байна. Харин энд нэг зүйлийг онцолмоор байна. Одоо БШУЯ-тай байгуулсан ерөнхий баримт бичгийн хүрээнд манай их, дээд сургуулиуд эдгээр сургуулиудтай нарийвчилсан гэрээгээ байгуулах хэрэгтэй байгаа юм. Одоогоор ганц нэгхэн Монголын сургууль бидэнд хандсаныг эс тооцвол идэвх сулавтар л байна. ШУТИС хоёр жилийн турш тасралтгүй ажиллаж байж нээсэн энэ замыг манайхан идэвхтэй ажиллаж, улам өргөжүүлж, олон олон оюутан Америкт сургаасай гэж хүсч байна даа.

-Та нутаг буцах хүсэлт гаргасан. Тэр юу болсон бэ?

-Ер нь бол би өнгөрсөн сард буцахаар төлөвлөөд, бэлтгэлээ хангачихсан байсан. Гэвч төвөөс вакцины тусламж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал гээд тодорхой асуудлуудын хариуг авч байж буцах нь зүйтэй гээд богино хугацаагаар сунгасан. Одоо гол асуудлуудын хариу гарч гүйцэж байгаа болохоор энэ сардаа эх орондоо бүрмөсөн буцна. Гурван жил ажиллах хугацаанд хоёр талын харилцааны түвшинг эрс дээшлүүлэх, Мянганы Сорилтын сангийн буцалтгүй тусламжийн 350 сая ам.долларын тусламжийг бүтээх, шууд нислэг эхлүүлэх гээд дурдвал чамгүй хэдэн хуудас дүүргэчихээр олон ажилд хувь нэмрээ оруулсандаа сэтгэл ханамжтай байгаа. Ялангуяа намайг ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэнд их баяртай байна. Миний оронд томилогдож ирэх хүнд хангалттай сайхан ажлын суурь, өргөн фронт үлдээгээд явж байгаа. Одоо бидний идэвх зүтгэл гарган ажиллах л үлдсэн гэж хэлж болно доо.

Онцлох нийтлэлүүд