Улс төр
2015.04.16 02:04

Эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг тэмцэхийг уриалж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг батлуулахын төлөө дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр эмэгтэй гишүүдийн хэлсэн үгийг хүргэе. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болоод арав гаруй жил болж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллээс болж 62 хүн амь насаа алдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн бариад байна. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг тус хуулийг байнгын хороогоор хэлэлцүүлэх, УИХ-аар батлуулах үүргийг хүлээж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар гэртээ агсам согтуу тавьсан тохиолдолд цагдаа эрүүлжүүлэхэд өгдөг, маргааш нь хохирогч өөрийнхөө мөнгөөр хүчирхийлэл үйлдсэн хүнээ авдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч дахин, дахин хохирсоор байгаа юм. Хохирогч гомдол гаргаад шүүхэд хандахад гэмтлийн зэргийг тогтоодог. Ингээд хөнгөн зэргийн гэмтэлтэй байвал ихэвчлэн эвлэрлээр шийддэг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чамбай хууль шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүсэлт тавьхад зөвшөөрсөн. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч заавал өөрөө гомдол гаргах биш, түүний дотны хамаатан садан, найз нөхөд гаргаж болох заалтыг тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эмэгтэй хүн нөхөр, найз залуугийнхаа хүчирхийлэлд өртөж байгаа хэрнээ, гомдол гаргахад хойрго ханддаг. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл болж байгааг айл хөршийнх нь заавал мэдээлдэг байх заалтыг хуульд тусгах ёстой гэж үзсэн

Энэ заалтыг хуулийн төсөлд суулгаж өгсөнд их талархалтай байна. Хамгийн сүүлд дөрвөн настай охин төрсөн аав, хойд ээждээ зодуулан аврал эрж байхад хөршийнх нь мэдэж байсан хэрнээ мэдээллээгүй. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг нэг тал руу нь авч давхихгүй. Хүүхдээ буруу зүрүү зүйл хийсний төлөө алгадасны төлөө хүчирхийлэл үйлдлээ гэж үзэх заалт орохгүй. Хайр нь дотроо хал нь гаднаа байдаг аавуудын талаар ярихгүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Өмнө нь хүний бие махбодид ноцтой гэмтэл учруулж, амь нас нь хохироогүй бол гэр бүлийн хүрээний асуудлыг дандаа иргэний журмаар шийддэг байсан. УИХ-д өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд хариуцлагын асуудал гурван хуулиар зохицуулагдана. Удаа дараа байнга хүчирхийлэл үйлдсэн бол эрүүгийн хуулиар, хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсээр байж мэдээлээгүй бол зөрчлийн тухай хуулиар, хөнгөн буюу нөлөөллийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар зохицуулсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд процессын ажиллагааг тодорхой тусгаагүй, хууль хоорондын уялдаа холбоог хангаагүйгээс хүний амь насанд хохирох хэмжэнд хүндэрч байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Гэр бүлийн хүчирхийлэл гэх чөтгөрийн тойргоос эхлээд гарах ёстой. Энэ чөтгөрийн тойргийг таслан зогсоох эхлэл нь хүчирхийллийг үл тэвчих соёл. Хүчирхийллийг үл тэвчинэ гэдэг нь гэр бүлийн хүрээнээс хальж, нийгэм тэр чигээрээ үл тэвчих соёлд суралцахыг хэлж байгаа юм. Бид ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш 25 жил хүчирхийлэл бол гэмт хэрэг биш гэж үзэн тэвчиж ирсэн байна л даа.Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг тэвчсэн, хүлээн зөвшөөрсөн энэ эрхзүйн орчноо яаралтай сольж, хүчирхийлэл бол гэмт хэрэг юм гэдэг нэг мөр ойлголттой болох ёстой. Хүчирхийллийн асуудалд эрүүгийн хэргийг авч хэлэлцдэг шиг хариуцлагатай хандах ёстой. Цагдаа, шүүгч, нийгмийн ажилтан гээд төрийн албан хаагчид хүртэл хүчирхийллийг байж болох, тэвчиж болох мэтээр хандаж ирсэн. Тиймээс хуулиар илүү хүчтэй болгох шаардлагын үндсэн дээр хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэн батлуулахаар зорьж байна. Анхнаасаа хүчирхийллийг үл тэвчих үзэл дээр суурилж боловсруулагдсан хууль. Нэг өдөр, нэг цаг ч болов хүчирхийллийг үл тэвчихийг уриалж байна.

Онцлох нийтлэлүүд