Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав
2021.07.07 10:07

Энэ жил "Жонон хонгор"-ын Л.Агваанжамбал агсны 100 жилийн ой тохиож байна

Нийтлэлч: Өдрийн сонин

Энэ жил "Жонон хонгор"-ын Л.Агваанжамбал агсны 100 жилийн ой тохиож буй юм.

Тэрээр 1923 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Ов товын тал хэмээх газар Номт боржигон овогт Халхын их найрагч, ардын билэг зүйч, ерөөлч, магтаалч, дууч Лувсангийн ууган хүү болон мэндэлжээ.

Эцэг Лувсан нь нутаг усандаа алдартай, тал дүүрэн малтай, зэл дүүрэн унагатай нударган баян Лувсан хэмээх хүн байж. Л.Агваанжамбал 1954-1964 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж, улмаар 1990 он хүртэл Хэнтий аймгийн соёлын ордон, "Хан Хэнтий" чуулгад ажиллан уран бүтээлээ туурвиж байв.


Түүний "Жонон хонгор морь минь ээ хө

Жолоо алдам тэлгүүлнэ дээ хө

Жаахан чинийхээ аашинд нь хө

Жаргахаар би чинь тэмүүлнэ дээ хө... хэмээх дуу дөнгөж гараад л олны аманд аялагдаж, одооныхоор бол хит болж байжээ.

Мөн "Дуртмал сайхан" "Баярын магнай" "Түмний минь алдар" "Цэнгэлийн дуу" "Нутгийнхандаа өргөх дуу" зэрэг нийгэм, улс төр, иргэний сэдэвт олон арван шүлэг, дуу зохиож байсны дээр хүлэг морьдоо магтан дуулсан "Жонон хонгор" "Хилэн хар" "Номин цэнхэр" "Дүүлэн хээр"" Үйзэн зээрд" зэрэг монгол түмний танил болсон олон дууг дэлгэрүүлэн зохиож байв.

бб

Хилийн чанадад ч олон улс оронд дуулагдаж, гадаадынхан энэ дууг сурч дуулдаг байсан тухай морины хэмээн алдаршсан УГЖ Ж.Нансалмаа "Монгол тулгатны 100 дуу" нэвтрүүлэгт орохдоо дурссан байдаг. Энэ дуу ардын билэг зүйч, ерөөлч магтаалч Лувсангийн Агваанжамбал, нэрт хөгжмийн зохиолч, УГЗ Лүндэгийн Дашням хоёрын дуудах овог, дуурсах алдар нь болж ард түмний дунд ардын дуу шиг дуулагдсаар байгаа билээ. Л.Агваанжамбал "Жонон хонгор"-оос гадна өөрөө үг, аяыг нь зохиож УГЖ Д.Банзрагчийн дуулсан "Алдрайхан чи минь", УГЖ Ц.Өлзий-Оршихийн дуулсан "Ханьдаа дуулах дуу", УГЖ Ж.Нансалмаагийн дуулж амьдруулсан "Хилэн хар", "Үйзэн зээрд" зэрэг олон арван дуу, ардын урлагийн наадам бүрт тэргүүн байр хүртэж байсан "Галшарын магтаал" тэргүүт магтаалууд зохиосон, Монгол Улсын анхны "Тэргүүний уран сайханч", МЗЭ-ийн гишүүн, ардын билэг авьяастан байв.

Түүний шавь УГЖ Л.Буянхишигтын багшийнхаа 95 насны ойд нь зориулж бичсэн дурсамжийг толилуулж байна.


001 дугаарын үнэмлэх буюу ардын билэг зүйч Лувсангийн Агваанжамбал

Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Зараа булан гэдэг газар эгэлхэн гэр бүл Лувсангийнд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь бидний бүтээл юугаар нь мэдэх авьяас билэгт ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал байсан ажгуу. Агваанжамбалын аав Лувсангийн гэр бүлд бага залуу насандаа амьдарч, цаашдын уран бүтээлийн замаа эхэлсэн хүн бол хожмын Монгол ардын уртын дууны нэрт төлөөлөгч, улсын алдарт гавьяат дуучин Сэсэржаагийн Дамчаа гуай юм. Тэрээр Лувсангийн адууг оторлон малладаг байсан бөгөөд гэрийн эзэнд ихэд үнэлэгддэг байв.

Лувсан гуай “Дамчаа хүүд хоол, унд сайн өгч байгаарай. Энэ их сайн хүү байгаа юм” гэж эхнэртээ захьдаг байсан гэдэг. Ийнхүү хүний сайн талыг олж хардаг, төрсөн тэлсэн хэнд ч гэсэн сайхан сэтгэлээр ханддаг буянтны гэр бүлд төрж өсөхдөө төлөв даруу, ухаалаг авьяастан болж төлөвшсөн Л.Агваанжамбал гуайг би 1957 оноос эхэлж зүс барааг нь харж, дуу хоолойг нь сонсч байсан хүн. 

Манайх Дархан уулын энгэр дэнж дээр гүүгээ барьж зусч, намарждаг байлаа. Айраг цагаа элбэгшиж найр үүсгэхэд Л.Агваанжамбал гуай болон Н.Гэлэгсодов, С.Шаравжамц, Онживын Шарав, Төмөрсүх гээд олон дуучин, хуурчин ах нар дуулж хуурдахыг үзэж, сонсч бас ч үгүй эгч Цогзолмаа бид хоёр “Цомбон туурайтай хүрэн”-ийг дуулдагсан.

Намайг урлагт оруулж, “хорхойтой” болгосон ачтан, анхны багш Н.Гэлэгсодов эрхлэгчтэй улаан булангийн уран сайханч байхдаа Л.Агваанжамбал гуайн зохиосон

"Гоёмсог наран цэцгүүд

Нарыг дагаад ганхдаг шиг

Хосгүй нандин хайрыг минь

Найз чи минь булаалаа"... гэсэн үгтэй, вальс хэмжээтэй хөөрхөн дууг уран сайханч хүүхэд залуус бид бүгдээрээ гадаа гэртгүй аялж, концертонд ч бас дуулцгаадаг байлаа.

Л.Агваанжамбал гуай өөрөө эвлэг сайхан дуулна. Бас аман хуурыг сайхан тоглодог байснаас гадна “Сэрэвгэр хадны зэрэглээ” гэдэг ардын дуугаар хөгжимгүй дан найрал дууг сонсголоороо хийж, уран сайханч бидэнд заагаад концертод дуулуулж байсан нь тэр үеийн сумын улаан буланд дуулсан, улсын хэмжээнд анхны дан найрал дуу ч байж мэдэх юм гэж санадаг. Тэр дан найрал дуу миний сонирхол, ажил, амьдралын чигийг заасан бүтээл байж дээ. Үүний учир Л.Агваанжамбал гуай бол миний уран бүтээл, урлагийн анхны багш юм даа. Багш маань 1952 онд Улаанбаатар хотын VIII хорооны клубт жүжигчин, дараа нь Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумын улаан булан, клубт эрхлэгч, сүүлд 1980 оны эцсээс Хэнтий аймгийн ахмадын хорооны дэргэдэх “Эгшиглэн” хамтлагт ажилласнаар урлаг, утга зохиолд бүхий л амьдралаа зориулсан авьяастан, эгэлгүй уран бүтээлч билээ.

1960-аад оны дунд үед “Жонон хонгор” дууны шүлгийг зохиож, аймгийн соёлын ордны найрал дууны багш, намайг дууны мэргэжлийн урлагт хөтөлсөн ачтан, урлагийн гавьяат зүтгэлтэн Лүндэгийн Дашням түүнд нь аялгуу хийснийг УАДБЧ-ын дуучин гавьяат жүжигчин, морины хэмээх Ж.Нансалмаа дуулж улс орон даяар түгсэн юм. Уг дуу дэлхийн сонорт хүрч Өвөрмонголын радиогоор “Монгол ардын дуу” хэмээн зарлагдаж байсныг би сонсч л байсан. Энэ бол үнэхээр ардын дуу болж жаран, зууныг дамжин үлдэхийн дохио буй заа" хэмээжээ.

Ийнхүү Л.Агваанжамбалын "Гал шарын магтаал"-ыг хүргэж байна.


Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтай
Норов Хүрэн Хонгор Зээрдийн угшилтай
Элбэг Хээрийн гайхам хурдыг дуурайсан
Идэр Хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовхист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан сольбуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага гал шард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг гал шард л байдаг юм
Зээ Гал Шарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гэдэг
Хоёр сугандаа гуурстай л гэдэг
Хонгор голдуу зүстэй л гэдэг
Хулан тахийн удамтай л гэдэг
Хурдан сонин домогтой л гэдэг
Зээ Гал Шарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн

Д.ОТГОНТУЯА